Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/16

 

В.Бд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч, шүүгч                          Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин                               

                                

                            Оролцогчид

                               Прокурор                                       Б.Энхтулга

                               Шүүгдэгчийн  өмгөөлөгч            Р.Атарцэцэг

                               Хохирогч                                        Х.Долгосүрэн

                               Хохирогчийн өмгөөлөгч             Б.Чинбаатар

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт В-н Бхолбогдох эрүүгийн 1831002550170 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Өлөнтийн задгайд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт В-н Б /РД:МТ79081318/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч В.Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт төрсөн дүү В.Соёл-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан  шатны  шүүх  В.Бд  холбогдох  хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 21 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Х овогт В-н Бг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “Хүний биед хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х овогт В-н Б05 /тав/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Х овогт В-н Бн эдлэх 05 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан В.Б-н энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Ялтан В.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжпэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч 39,250 төгрөгийг хохирогч Х.Долгорсүрэнд төлсөн болохыг дурьдаж, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Ялтан В.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьсугай.” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомлол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч В.Бд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д заасны дагуу авч буй тэтгэмжийн дундаж хэмжээг, тогтоох боломжгүй байх тул хохирогчийн зүгээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрпэхжурмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав” гэжээ. Хохирогчийн зүгээс хавтас хэрэгт нотлох баримт болох тэжээгчээ алдсаны дэвтрийн хуулбарыг хавсаргуулсан ба уг дэвтэрт тэжээгчээ алдсан тэтгэврийн хэмжээг дунджаар 155,000 /нэг зуун тавин таван мянга/ гэж тодорхойлсон байгаа. Гэтэл анхан шатны шүүх хохирол нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэнгүй нь хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн явдал боллоо. Хохирогч нь бага насны хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдлыг анхааралгүй, хохирлыг эрүүгийн хэргийн хамт нэр мөр шийдвэрлээгүйд хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж тухаин үеийн хөдөлмөриин хөлсны доод хэмжээнээс тогтоосон тэтгэмжийг, хасаж, заалдах шатны шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх хугацааны нийт зөрүү үнийг гаргуулах, мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д зааснаар тухайн үеийн хөдөлмөрийн хөлсны доод хэмжээнээс тэтгэмжийн зөрүүг хассан хэмжээг гэм буруутай этгээдээссар бүр гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч В.Батэрдэнэ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “Хүний биед хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 05 жилийн хорин ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийг буруу тайлбарлаж, хэрэглэсэнгүй гэж гомдол бичиж байна. Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ...ялыг хөнгөлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж хуульчилсан байдаг. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын талаар гэсэн хэсэгт /16 талд/ ... эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад өмгөөлөгчийн зүгээс ...шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа тул хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, утга логикийн хувьд зөрчилдаөөнтэй, Эрүүгийн хуулийн агуулагыг буруу ойлгож тайлбарласан гэж үзэхээр байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүх хуралдааны гэм буруугийн завсарлага хийхээс өмнөх шатанд гэм буруугаа хүлээсэн нөхцөлд хэрэглэх боломжтой ойлголт гэж шүүх бүрэлдэхүүн тайлбарлав гэжээ. Энэ зүйл ангийг хэрхэн юу гэж ойлгох талаар одоогийн байдлаар тайлбар гаргаагүй. Тэгээд ч яма рч хууль эрхзүйн баримт бичигт заавал гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө гэм буруугаа хүлээсэн байхыг хуульчилаагүй. Шүүх өрөөсгөл байдлаар зүйл заалтыг тайлбарлаж хэрэглэж болохгүй. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдааны үед гэм буруугийн талаар маргаан үүсгэсэн ч давж заалдах шат хяналтын шатны шүүх хуралдааны үе шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ зүйл заалтыг шүүх хэрэглэж байгаа. Тиймээс В.Батэрдэнийн хувьд үнэндээ дүүгээ зодоод гэмтэл учруулаад амь насыг хохироочих санаа зорилго байгаагүй эцэг эхээс 2-лаа энэ хорвоод мэндлээд нэг нь тэнгэрт мордож нөгөө нь эрүүгийн хариуцлага хүлээж хорих ангид явж байгаа нь үнэхээр харамсалтай юм. Ийм зүйл болно гэж хэний ч санаанд багтахгүй зүйдлэгдэх ч үгүй шүү дээ. В.Батэрдэнэ-н холбогдсон гэмт үйлдэлд эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 заалтыг хэрэглэн хорих ялыг доош татаж оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би хүүхэддээ 16 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмж  гаргуулах, мөн тээврийн зардал гаргуулах саналтай байна. Ялын хувьд нэмэгдэл ял өгмөөр байна. Миний хүүхдийг хүн гэж тоохгүй, харж хандахгүй байгаад  гомдолтой байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн эрх ашгийг зөрчиж хууль зөрчсөн асуудал гарсан гэж үзэж байна. ... Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д заасан тэтгэмжийн мөнгийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч сая хэллээ. Бага насны хүүхдэд шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлэхгүй өдийг хүрсэн. Анхан шатны шүүх хурлаар хохирогч баримтуудаа гэртээ үлдээсэн байсан тул хавтаст хэрэгт байсан баримтуудын хэмжээгээр хохирлын төлбөр гарсан. Давж заалдах гомдлоо өгөхдөө тэжээгчээ алдсаны тэтгэмжийн нөхөн бичилт хийлгээд, хуулбаруудыг өгсөн. Энэ баримтыг үндэслээд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1, 508.1, 508.2 заалтуудыг тус тус үндэслэн, давж заалдах шатны шүүхэд гомдол өгөх хүртэл хугацаанд хүүхдийн тэтгэмжид авч байгаа мөнгөнөөс мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хасагдсан зөрүүг нэхэмжилж байгаа юм.

Нэгдүгээрт энэ зөрүү 2.092.000 /хоёр сая ерэн хоёр мянга/ төгрөгийг шүүхээр гаргуулахыг хүсэж байна.

Хоёрдугаарт шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч удаа дараа очсон байдаг. үүнтэй холбоотой тээврийн зардлын баримтууд болон түлшний болон бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Баримтын дүнгээр нэмж гаргуулах хүсэлттэй байдаг.

Гуравдугаарт хүүхдийг 16 нас хүртэл тэжээгээ алдсаны тэтгэмж авна. Энэ тэтгэмжийг мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс сар бүр зөрүүг гаргуулж авах хүсэлттэй байна. Энэхүү 3 хүсэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү. Ялын тал дээр тодорхой байр суурь алга. Хохирогчийн хувьд садан төрлийн холбоотой атлаа холбогдож, тусалж дэмждэггүйд маш их гомдолтой байгаа талаар өөрийн байр сууриа хэллээ гэж ойлголоо гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүхээс гаргасан шүүхийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт авагдсан материалын хэмжээнд үндэслэл бүхий гарсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ялыг хөнгөрүүлэх талаар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх талаар ярьж байгаа боловч өнөөдрийн байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, үүнд оногдуулах ялын хамгийн доод хэмжээг оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзэж байна.

Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчоос хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмжийн талаар ярьж байна. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэл болгон 39.250 /гучин есөн мянга хоёр зуун тавин/ төгрөг гарсныг дурдаад, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч В.Бд холбогдох “2018 оны 07 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт төрсөн дүү В.Соёл-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан” гэх хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “Хүний биед хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд 05 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу В.Бд холбогдох эрүүгийн 1831002550170 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

В.Б нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 17-18, 2-р хх-ийн 212-214-р ху/, гэрч Л.Оюунжаргал /1-р хх-ийн 29-р ху/, Б.Энхтөр /1-р хх-ийн 31-32-р ху/, Ц.Болор /1-р хх-ийн 33-34-р ху/, М.Галтаа /1-р хх-ийн 41-42-р ху/, Д.Анхбаяр /1-р хх-ийн 45-р ху/, Д.Төмөрбаатар /1-р хх-ийн 48-р ху/, Б.Оюун-Ундрах /1-р хх-ийн 51-р ху/, Д.Баянмөнх/1-р хх-ийн 52-53-р ху/, Г.Буян-Эрдэнэ /1-р хх-ийн 54-55-р ху/, Д.Бямбасүрэн /1-р хх-ийн 60-61-р ху/, Ц.Баясах /1-р хх-ийн 64-65-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээч нарын №62/18 тоот дүгнэлт /1-р хх-ийн 91-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №1768 тоот дүгнэлт /1-р хх-ийн 99-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №1083 тоот дүгнэлт /1-р хх-ийн 120-р ху/,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №57 тоот дүгнэлт /1-р хх-ийн 221-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №801 тоот дүгнэлт /2-р хх-ийн 64-65-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэх буруугийн асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн тул хэргийн оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулсан, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ял оногдуулахдаа  баримтлах эсэх нь  анхан шатны шүүхийн хуулиар тогтоосон эрх хэмжээний асуудал бөгөөд тухайн зүйл, хэсгийг баримтлаагүй үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой заасан байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Түүнчлэн тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү гаргуулахыг хүссэн хохирогч Х.Долгорсүрэнгийн нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримт болох тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоосон дэвтрийн хуулбар нь /1-р хх-ийн 199-р ху/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д ....Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэсэн хуулийн шаардлага хангаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хохирогч Х.Долгорсүрэн болон түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан  гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтууд нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 2-д ...Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй... гэж заасны  дагуу давж заалдах шатны шүүх тэдний гаргасан давж заалдах гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, хохирогч Х.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Б,түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, хохирогч Х.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ