Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00865

 


 

 

 

2020 оны  4 сарын 07 өдөр                        Дугаар 183/ШШ2020/00865                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Д.Сүхбаатарын талбай 11, АХХК /рд:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн тоотод оршин суух, Б /рд:......../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 674 007 671,24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Жиймэн овогтой Б нь Улаанбаатар хотын банктай 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр тоот Зээлийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан, барилгын санхүүжилт хийх зорилгоор 8 200 000 000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн тоот Зээлийн барьцааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1) тоот зээлийн барьцааны гэрээгээр ........ дүүргийн 26 дугаар хороо, ........ гудамж, 420/1 байр, 1 давхрын 1284,59 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, ........ дүүргийн 26 дугаар хороо, ........ гудамж, 420/1 байр, 14 давхрын 1259,56 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг тус тус барьцаалсан.  Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу авсан зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч 2019 оны 07-р сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хуваарьт төлбөрийн зөрчил үүсгэж, 2020 оны 01-р сарын 30-ны өдрийн байдлаар зээл нь 209 хоногийн хугацаа хэтэрсэн, нийт 1 574 007 671,24 төгрөгийн зээлийн зөрчил үүссэн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй ч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, банкнаас зээлсэн зээлийн хуваарьт төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй байгаа нь зээлийн гэрээний 5.7-д заасан зээлийг буцаан дуудах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 158 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 24.3 “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу болон зээлдэгч байгуулсан Зээлийн гэрээний 5.7, 6.4, 6.11 дах заалт, Зээлийн барьцааны гэрээний 3.7, 4.2 заалтуудыг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч иргэн Ж.Баас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрнйн байдлаар үндсэн зээл 4 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 571 798 356,17 төгрөг, зээлийн хүүд 2 209 315,07 төгрөг, нийт 4 674 007 671,24 төгрөгийг гаргуулах. Хариуцагч иргэн Ж.Б нь дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Зээлийн барьцааны гэрээнд дурдсан дараах барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нь АХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ........дугаартай Зээлийн гэрээ байгуулж сарын 1,4 хувийн хүүтэй, 8,200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ЗНГ9101/190430(1) дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж гэрээний хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаатай болгож өөрчлөлт оруулсан. Гэрээний хугацаанд нийт 5,404,683,396 төгрөгийг төлж барагдуулсан байдаг бөгөөд банк үүнийг үндсэн төлбөрт 4 100 000 000 төгрөг, зээлийн хүүнд 1 267 318 356 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 37 365 041 төгрөг гэж бүртгэсэн байна. Нэхэмжлэгчийн зээл нь 209 хоног хугацаа хэтэрсэн, зээлийн зөрчил үүссэн үндэслэлээр зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийг буцаан дуудаж байх бөгөөд Иргэний хуулийн 452 дугах зүйлийн 452.2 дахь хэсэгт "... Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй ..." гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх тул нэмэгдүүлсэн хүүг төлүүлэн авах боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан дээр маргаан байхгүй. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ 16.8 хувийн хүүтэй, 8,200,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дуусах байсан боловч хугацаа дуусаагүй. Шүүхийн журмаар цуцлуулаад зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа, зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хоёр хөрөнгө барьцаалсан. Гэрээ болон нэхэмжлэл дээр улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээ дугаар заагдсан байгаа. Зээлийн гэрээний хугацаанд 2019 оны 05 сарын 28-ны өдөр үндсэн зээлд 4 100 000 000 төгрөг, 1 267 318 356 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 37, 365 041 төгрөг нийт 5 404 683 396 төгрөгийг төлсөн. Нэмэгдүүлсэн хүүнд 37 365, 041 төгрөгийг тухайн үед төлөгдсөн гэж авсанд зөвшөөрөхгүй байгаа. Хүүнд 1 267 318 356 төгрөг авсаныг зөвшөөрөхгүй байгаа. 2019 оны 05 сарын 28-ны өдөр үндсэн зээлээсээ 4,137,000,000 төгрөг гээд нэмэгдүүлсэн хүүгээ хасчихаар 4 062 634 959 төгрөг. 2019 оны 05 сарын 28-ны өдрөөс энэ дүнгээс үндсэн зээлээс хүү бодох ёстой. Хүү нь  жилийн 16.8 хувь, сарын 1.4 хувь, хоногийн 0.046 хувь. Нэхэмжлэгч тал зээл хүүгийн тооцоолол дээр 38, 94, 63, 23, 24 хоног гээд биччихсэн байна лээ. Яг энэ аргачлалаар нь бодсон байгаа. 2019 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл 38 хоног байгаа үүнд зээлийн хүү      71 057 155 төгрөг. Тооцоолол бодсон аргачлал нь өөрөө  38, 94, 63, 23, 5, 24 хоног гээд тооцоо гаргаж байгаа. 2019 оны 05 сарын 28-ны өдрөөс хойш 1 сарын 30-ны өдрийг хүртэл хүү нь 461 871 508 төгрөг болж байгаа. Хүүгийн зөрүү хасахаар 571 798 356 төгрөгийг хүүнд нэхэж байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа дүн нь 109 926 848 төгрөг. Үүн дээр сүүлийн нэмэгдүүлсэн хүү 2 209 315 төгрөг, нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа үнийн дүн 112 136 163 төгрөг. Төлөгдөөд байгаа дүнгээс нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр тооцож авсан төлбөрийг зөвшөөрөхгүй байгаа. Тэр дүнгээс хойш  хүү бодохоор үндсэн зээлийн төлбөрийн дүн өөрчлөгдөнө. Сүүлийн 2 209 000 төгрөгийг хасаад, манай нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа дүн 112 136 163 төгрөг байгаа. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагийн хувьд тайлбар байхгүй. Дүнгээ шүүх шийдсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан барьцаа хөрөнгийг хуулийн дагуу шийдэх байх” гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар банк ХХК нь хариуцагч Ж.Бт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 4 674 007 671,24  төгрөг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох ........, ........тоот улсын бүртгэлийн дугаартай, ........ дүүрэг, 26 дугаар хороо, ........ гудамж, 420/1 байрны 1 давхар, 14 давхар 70 хувийн гүйцэтгэлтэй барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Хариуцагч зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба харин “...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцон авсны улмаас тооцоолол буруу байна...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 112 136 163 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 04 сарын 06-ны өдөр ........тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Улаанбаатар банк нь барилгын санхүүжилтийн зээлийн зориулалтаар 8 200 000 000  төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.40 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Ж.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүүгийн төлөлтийг сар бүр, үндсэн зээлийн төлбөрийг хугацааны эцэст төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд ЗБГ9101/180406 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн                           ........, ........дугаарт бүртгэлтэй, ........ дүүрэг, 26 дугаар хороо, ........ гудамж, 420/1 байрны 1 давхар, 14 давхар 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг тус тус зээлийн барьцаанд бариулжээ. /хх-4-9/

Улмаар талууд 2019 оны 04 сарын 30-ны өдрийн зээл болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 24 сар буюу 2020 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл сунгажээ.

 

Зээлийн болон барьцааны гэрээг талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.   

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс хариуцагч Ж.Б нь гэрээний хугацаанд буюу 2019 оны 05 сарын 28-ны өдөр зээлийн үндсэн төлбөрт 4 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 267 318 356,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 37 365 041,09 төгрөг, нийт 5 404 683 396 төгрөгийн төлөл хийснээс өөр төлөлт огт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 04 сарын              06-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй юм. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, гэрээний 8.2-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл үүссэн байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хавсарлт болох зээлийн эргэн төлөх хуваарын дагуу сар бүр зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй атлаа зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг үүсэхгүй гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан.  Зээлийн хүү төлөх үүрэг нь зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт хамаарах бөгөөд зээлийг хугацаанд нь төлөөгүй гэдэгт гэрээний үүргээ тохирсон хугацаанд бүрэн бус, эсхүл огт буцаан төлөөгүй байхыг ойлгох тул хариуцагчийн гэрээний хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзаж буй нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодохойлохдоо дээрх зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулахаар шаардсан ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл тооцох үндэслэлтэй боловч нэхэмжлэгч зээлийн тооцоололыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцосон байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2018 оны 04 сарын 06-ны өдөр ........дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба зээлийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагчаас үндсэн зээл 4 100 000 000 төгрөг, хүү 571 798 356,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 209 315,17 төгрөг, нийт 4 674 007 671,24  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч Ж.Б нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 04 сарын 06-ны өдрийн ........тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Ж.Б /РД:......../-аас 4 674 007 671,24 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатар банк ХХК /РД:...../-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.Б нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ........,              ........дугаарт бүртгэлтэй, ........ дүүрэг, 26 дугаар хороо, ........ гудамж, 420/1 байрны 1 давхар, 14 давхар 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 598 188,36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас улсын тэмдэгтийн хураамж 23 598 188,36 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар банк ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ