Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000248 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-д барилгын материалын худалдагч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Тэс” шатахуун түгээх станцын хойд талын засмал зам дээр 2023 оны 06 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед согтуугаар Киа Бонго маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэгтэй”,  мөн дүрмийн 3.5.б “Зам тээврийн осолд холбогдсон жолооч осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэх үүргийг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах “Тэс” шатахуун түгээх станцын хойд талын засмал замаар улсын дугаартай, Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг,

мөн заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг /хх-ийн 93-94/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ы “...“Тэс” шатахуун түгээх станцын хойд талд хоёр урсгалтай засмал замын зүүн талаар явахдаа зам хөндлөн гарах гээд замын боржуур дээрээс зам руу гишгэх үед урд талаас их хурдтай цагаан өнгийн бүхээгтэй Портер маркийн машин намайг мөргөөд би тэр дороо ухаан алдсан. ...Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хүний муу үзээд яахав дээ, залуу хүүхэд алдаа л биз. Намайг мөргөсөн гэх ******* гэдэг хүүхэд бололцоогоороо их тусалж дэмжсэн болохоор надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-40/,

иргэний нэхэмжлэгч “...Манай байгууллагын зүгээс *******ыг гуйгаад хэд хоног ажиллуулсан учраас тухайн улсын дугаартай, Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг *******аас нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

 гэрч “...Тухайн үед ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд цагаан өнгийн бүхээгтэй, улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэл их хурдтай явж байгаад зам хөндлөн гарах гэж байсан иргэнийг мөргөөд түс тас болчихсон. Тэгээд би хүүгээ “зогсоорой, сая Портер хүн мөргөөд зогсохгүй явчихлаа” гэж хэлээд хүүгийнхээ машиныг зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар  сарын 04-ний өдрийн 384 тоот “...ы биед зүүн дунд чөмөг ясны далд хугарал, зүүн 6,7,8-р хавирга ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд тархины эдийн няцрал, хоёр талын гайморын хөндийн ханын хугарал, зүүн ухархайн ханын хугарал, зулайн орой, духны зүүн дээд хэсэг, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн чамархай, зүүн хөмсөг, зүүн хацар, шанаа, хамар, уруулын дээд хэсэг, доод эрүү, доод уруул, баруун шууны гадна доод хэсэг, сарвууны гадна дээд хэсэг, зүүн тохой, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн шуу, баруун зүүн сарвуунд шарх, зүүн гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2023 оны 06 дугаар сарын 26-нд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх зүүн дунд чөмөг ясны далд хугарал, зүүн 6,7,8-р хавирга ясны хугарал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 64-66/,

жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 17/, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 107 тоот “*******...гэж хаягласан цусанд 2.0 промиль илэрсэн. Согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 57-58/, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-н шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “...******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 71-73/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13/, улсын дугаартай, Kia Bongo-3 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/, зам тээврийн осол дээр тогтоогдсон акт /хх-ийн 15/, ослын схем зураглал /хх-ийн 16/, тээврийн хэрэгсэлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-31/, гэрч , , А. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48, 50-51, 52-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь хуулийн шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч эд хөрөнгөнд 355,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон эрээн өнгийн бөөрөнхий дугуй малгай 1 ширхэг, хар өнгийн бөөрөнхий хэлбэртэй толины суурь 1 ширхэг, их гэрлийн гадна талын суурины хэлтэрхий 5 ширхэг, их гэрлийн дотор байрлах лампыг тойрсон эвдэрсэн жижиг хэлтэрхий 5 ширхэг, саарал өнгийн толь тогтоогч 1 ширхэг, бөөрөнхий цагаан өнгийн никель эд зүйл 1 ширхэг зэргийг устгаж, бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан авто автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон эрээн өнгийн бөөрөнхий дугуй малгай 1 ширхэг, хар өнгийн бөөрөнхий хэлбэртэй толины суурь 1 ширхэг, их гэрлийн гадна талын суурины хэлтэрхий 5 ширхэг, их гэрлийн дотор байрлах лампыг тойрсон эвдэрсэн жижиг хэлтэрхий 5 ширхэг, саарал өнгийн толь тогтоогч 1 ширхэг, бөөрөнхий цагаан өнгийн никель эд зүйл 1 ширхэг зэргийг устгаж, бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч , иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА