| 2020 оны 4 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2020/00902 Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоот хаягт байрлах, АББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүргийн тоот хаягт оршин суух, Б /РД:/, Хариуцагч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Б /РД:/-т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 21 907 095 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн овогтой Б нь 2018 оны 09-р сарын 20-ны өдрйин АББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан ч 18/14 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг одоо болтол барагдуулаагүй. Мөн өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны 18/06 тоот гэрээгээр Улаанбаатар хот .... дүүрэг, 7-р хороо, 15 хороолол, 376 байр 4 тоот хаягтай гэрчилгээний дугаар 000651650, ....-тай орон сууц барьцаалагдсан байсан. Зээлдэгч буюу овогтой Б нь зээлийн барьцааны хөрөнгийг өөр этгээдэд худалдан борлуулаад зээлийн үлдэгдэл дүнг хаана гээд барьцаа хөрөнгө 2019 оны 02-р сарын 01- ны өдөр 19/04 тоот албан бичгээр чөлөөлж аваад, үндсэн зээл, болон хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд холбогдох материалыг хүргүүлсэн боловч оршин суугаа газраа амьдардаггүй болох нь тогтоогдсон. Зээлийн гэрээний графикын дагуу үндсэн зээл 35 000 000 төгрөг, хүү 497 200 төгрөг, зээлийн хүү 30 хоногийн 132 000 төгрөг тооцоологдсон байсан. Гэвч зээлдэгч буюу хариуцагч Магсар овогтой Б нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нэхэмжлэх дүн нь үндсэн зээл 16 483 506.36 төгрөг, зээлийн хүү 5 346 970.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 076 617.38төгрөг, нийт дүн 21 907 095.08 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн Улсын тэмдэгтийн хураамж 300 000 /төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн хүүг зээлийн төлөлт хамгийн сүүлд хийгдсэн өдрөөс эхлэн 2019 оны 06-р сарын 12-ны өдөр хүртэл бодсон. 1 хоногт 3 612.81 төгрөг, нийт 298 хоног 1 076 617.38 төгрөг болж байгаа” гэв. Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч АББСБ ХХК хариуцагч Д.Б, Н.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 22 907 095 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцоололын алдаа гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага 21 907 095 төгрөг болгож багасгажээ. Шүүх нэхэмжлэлийн 2019 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч 12 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар 2020 оны 01 сарын 22-ны өдөр хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан “...нэхэмжлэлийг хүлээн авнаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, энэхүү үүргээ тогтоосон хугацаанд биелүүлж тайлбар өгөөгүй, нотлох баримт гаргаагүй, шүүх хуралдааны мэдэдлийг хүлээн аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үр дагварыг тайлбарлажээ. Улмаар хариуцагч Н.Бын хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хэргийг тус шүүхэд 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 184/ШЗ2020/02596 дугаар шүүгчийн захирамжаар шилжүүлсэн бөгөөд 2020 оны 04 сарын 10-ны өдөр товолсон шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу 2020 оны 04 сарын 01-ны өдөр зохих журмын дагуу мэдэгдэж, шүүх хариуцагч нарыг эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангах үүргээ хэрэгжүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, зохигчид 2018 оны 09 сарын 20-ны өдөр 18/14 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ....ББСБ ХХК нь бизнесийн зориулалтаар 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч М.Б, Н.Б нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг хуваарын дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх-8-11/ Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 452 дугаар зүйлийн 452.1-т зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаар 2018 оны 09 сарын 20-ны өдөр 18/14 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 12 сарын 13-ны өдрийн байдлаар хариуцагч нар үндсэн зээл 15 483 506,36 төгрөг, хүү 5 346 970,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 076 617,38 төгрөг, нийт 21 907 095 төгрөгийн үүргийг биелүүлээгүй гэж тайлбарлаж, зээлийн тооцооллын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч нар татгалзаж шүүхэд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул нэхэмжлэгчийн тайлбар болон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэв. Иймд хариуцагч Д.Б, Н.Б нараас 2018 оны 09 сарын 20-ны өдөр 18/14 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 907 095 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ....ББСБ ХХК-д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хариуцагч нарт хариуцуулах нь хуульд нийцнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б /РД:/, Н.Б /РД:/ нараас 21 907 095 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ....ББСБ ХХК /РД:/-нд олгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 267 485 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ |