Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/17

 

 

Ш.Мд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч, шүүгч                          Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                                 Г.Давааренчин                               

                                

                            Оролцогчид

                               Яллагдагчийн  өмгөөлөгч            Р.Атарцэцэг

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/11 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В овогт Ш-н Мд холбогдох эрүүгийн 1833000960073 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Батзоригийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, “Оч” их сургуулийн 1 дүгээр курсэд сурдаг, оюутан, ажилгүй, ам бүл 3 ээж, эмээгийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19-р хороо Тахилтын 1 дүгээр гудамжны 148 тоотод оршин суух хаягтай, В овогт Ш-н М. /УХ00260431/

 

Холбогдсон хэргийн талаар: Ш.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 59-60 дахь тэмдэгтэд Дюна загварын 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 22.6 Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна. 6.Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх. 6.2 Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. 6.3 Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч иргэн Ч.Туулын биед баруун хөлний шилбэний шаант ясны үе дайрсан битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан  шатны  шүүх  Ш.Мд  холбогдох  хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 11 дугаартай шүүгчийн захирамжаар.

“1. Яллагдагч Ш.Мд холбогдох 1833000960073  тоот эрүүгийн хэргийг прокурорт буцаасугай.

2. энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

3. Хэргийг прокурорт очтол Ш.Мд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Хэрэгт дагалдаж ирсэн Ч.Туулын 589170 дугаартай жолоочийн В ангилалын үнэмлэх, 02-31ӨВР TOYOTA DUNA  тээврийн хэрэгслийн 0021876 дугаартай гэрчилгээ, 05-71 ДАР TOYOTA PRIUS загварын 01469670 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэргийн хамт прокурорт шилжүүлсүгэй.” гээд, прокурор эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаар эсэргүүцэлдээ:

...Шүүх хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ. Үүнд:

1. Тухайн зам тээврийн осол гарахад Ч.Туул, П.Ганзориг, П.Гантулга нарын үйлдэл зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох гэсэн асуултанд “тогтоох боломжгүй” байна гэсэн хариулт өгсөн байгаа нь шинжээчийн дүгнэлтийн зарим хэсэг үндэслэл муутай, яагаад тогтоох боломжгүй байгаа үндэслэлээ тайлбарлаагүй тул шинжээч нараас хууль сануулсан мэдүүлэг авах шаардлагатай гэсэн нь үндэслэл муутай байна.

Тухайлбал анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай, шинжээчээс мэдүүлэг авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулан дүгнэлттэй холбоотой мэдүүлэг авах бүрэн боломжтой. Энэ нь дахин шинжээч томилж өөр шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагагүй болно. Ч.Туул нь тухайн зам тээврийн осол гарах үед үзэгдэх орчин хязгаарлагдсан /харанхуй байсан/ нөхцөлд Ш.Мгийн зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг Ш.М жолоодож яваад осол болсон газарт байрлуусан нь гэрч П.Гантулга, А.Эрдэнэбаяр, яллагдагч Ш.М нарын мэдүүлгээр тогтоогддог. Ш.М нь зайлшгүй зогсолт хийх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 6.26, 6.3 б заалтыг заавал биелүүлэх үүрэгтэй болно. Хэдийгээр П.Ганзориг өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд байх шаардлагатай тэмдэг, тэмдэглэлгээгүйгээр төрсөн дүү П.Гантулгад шилжүүлэн өгсөн, П.Гантулга нь Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Орхон сум хүртэл жолоодсон бөгөөд тухайн зам тээврийн осол гарах үндсэн шалтгаанд П.Гантулга, П.Ганзориг нарын үйлдэл нөлөөлөөгүй, зам тээврийн осол гарсан гэх газар хүртэл буюу Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээгүүрийн газраас 7 километр зайд Ш.М нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад бензин дуусаж зайлшгүй зогсолт хийсэн. Ш.М нь тухайн тээврийн хэрэгслийг замаас гаргах, ослын тэмдэг хийх зорилгоор автомашины эвдэрхий буфер авч байрлуулсан гэх боловч энэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан ослын тэмдэг гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь тухайн осол болсон гэх газарт ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн жолооч уг эвдэрхий буферыг ослын тэмдэг гэж үзэх боломжгүй, замд хаягдсан машины эд анги байна гэж сэтгэхүйн хувьд дүгнэж болно. Ш.М нь тухайн тээврийн хэрэгслийг асааж замын хөдөлгөөнд оролцохдоо тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний дүрэмд заагдсан тэмдэг, тэмдэглэгээ зэргийг шалгах, болзшгүй аюул эрсдлээс сэргийлэх үүрэг нь тээврийн хэрэгслийг асаасан үеэс үүсэх бөгөөд дээрх шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслийг жолоодохоос татгалзах бүрэн боломжтой байсан боловч энэ байдлыг хайхралгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийг прокурорт буцаахаар заасан. 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 59-60 дахь тэмдэгт бүхий газарт гарсан зам тээврийн ослын хэрэгт уг зам тээврийн осол хэний буруутай үйл ажиллагааны улмаас гарсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтүүдийг ашиглахдаа нотлох баримтыг шалгаж үнэлэх зарчимд нийцүүлэх бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээхгүй. Харин шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх ёстой. Шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан 1 гол асуудал буюу уг зам тээврийн ослын шалтгаан нөхцлийн талаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны дүгнэлтэнд “...Ш.Мгийн Замын хөдөлгөөний дүрмийн 6.2, 6.3, 2.1 дахь заалтуудыг зөрчсний улмаас гарсан...” гэж, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай бүрэлдэхүүнтэй “...Ш.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 22.6, 6.2, 6.3 дугаар заалтуудыг зөрчснөөс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн...” гэж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 577 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд “...Ш.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.2 6.3 заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн ослын шалтгаан болсон...” гэж тус тус гарсан байна. Шинжээч нарын дүгнэлтүүд нь нэгийгээ үгүйсгэсэн, эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дахин, нэмэлт шинжилгээ хийлгэх нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтүүдийг бусад нотлох баримтууд болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж дүрэм журманд үндэслэж үнэлэх боломжтой.

Ш.Мгийн хэрэгт гаргасан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №577 дугаартай шинжээчийн дүгнэлтэд зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгааныг тогтоосон байдал нь ямар нэгэн эргэлзээтэй, тодорхой биш байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд шүүгчийн захирамжийн 1-рт заасан “...Ч.Туул, П.Ганзориг, П.Гантулга нарын үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох гэсэн асуултанд шинжээч "тогтоох боломжгүй" байна гэсэн хариулт өгсөн тул шинжээч нараас хууль сануулсан мэдүүлэг авах шаардлагатай, шинжээч нь өмгөөлөгчийн тавьсан асуултанд хариулсан байдлыг тодорхойгүй байна” гэх заалтууд нь шинжээчийг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулан тодруулах бүрэн боломжтой бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтзй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан бөгөод шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол өөр шинжээчид даалгахаар заасан боловч шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6-д “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасан байх бөгөөд Монгол улсын 2004 оны Замын хөдөлгөөний дүрмийн 1.4 дэх хэсэгт “Жолооч” гэдэг нэр томьёог тодорхой дурьдсан болно. Уг заалтад “Жолооч тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн” гэж тодорхойлсон бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг жолоодох эрхийн үнэмлэхгэй эсэхээс хамааран жолоочид тооцох ба механикжсан тээврийн хэрэгслийг тухайн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодохыг замын хөдөлгөөний дүрмээр хориглоно” гэж ойлгохоор байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Ш.Мг жолооч мөн эсэх, шинжээч нараас Ш.Мг ямар үндэслэлээр ЗХД-ийн 22.6, 6, 6.2, 6.3 гэх заалтуудыг зөрчснийг мөрдөн байцаалтын явцад тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 577 дугаартай шинжээчдийн дүгнэлтийн 3 дахь асуултанд шинжээч нь Ш.Мг жолооч мөн эсэхийг тодорхой хариулсан. Хэрэг гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2004 оны ЗХД-ийн нийтлэг үндэслэлд “жолооч” гэж хэнийг ойлгох, “зайлшгүй зогсолт” гэж юу болох тапаар тодорхой заасан. Магадлалыг хүлээн авч шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулахад жолооч гэж үзэх үндэслэлийн талаар дүгнэлтийн 3 дахь хэсэгт тодорхой хэриулсан болно. Анхан шатны шүүх шаардлагатай бол шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжээчийг оролцуулж, түүнээс дүгнэлттэй холбоотой асуудлаар тодруулж мэдүүлэг авах боломжтой байсан бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй асуудал биш юм. Ш.М, П.Гантулга нар нь тээврийн хэрэгслийг хэд хэдэн километр жолоодож явсан талаар маргаантай тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэн нь хэдэн километр тээврийн хэрэгслийг жолоодож явсан замын маршрутыг гаргах, Автотээврийн үндэсний төвөөс албан ёсны баталгаажин тогтоосон километр хэмжилтийг гаргуулах гэсэн ажиллагаа хийлгэх шаардлагатай гэжээ.

Ш.М нь хаанаас хаа хүртэл тээврийн хэрэгслийг жолоодсон талаар маргаагүй, гэрч П.Гантулга, Б.Эрхэмбаяр, яллагдагч Ш.М нарын мэдүүлгээр осол гарахаас 7 километр буюу Орхон сумын шатахуун түгээх станцаас осол болсон газар хүртэл Ш.М нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь тогтоогдсоор байхад авто тээврийн үндэсний төвөөс баталгаажин тогтоогдсон километрийн хэмжилтийг гаргуулан авах шаардлагагүй, хэргийн шийдвэрлэлтэнд хамааралгүй болно.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай магадлалд Ш.Мг яагаад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэлт гаргасныг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тогтоох гэсэн байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны, үндэслэл бүхий гаргуулах гэж шүүгчийн захирамжид тусгагдсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг ямар шалтгаан, үндэслэлээр хууль ёсны, үндэслэлгүй гэж үзсэн шалтгааныг тодорхой заагдаагүй байна. Шинжээчдийн удаа дараагийн гаргасан дүгнэлтүүд нь хоорондоо зөрөөгүй, Ш.Мг тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч мөн болохыг болон ослын шалтгаан нөхцлийг тогтоосон болно.

4. П.Ганзориг нь хавтаст хэргийн 151-153 дугаар талд “Материал хаус” ХХК ны гишүүний мэдээлэл дээр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч 3 хүний нэгээр "Ган цутгамал” ХХК-ны үүсгэн байгуулсан 3 хүний нэгээр, "Альфа Ампер” XXК-ны үүсгэн байгуулсан 3 хүний нэгээр /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй/ гэсэн нотлох баримтууд авагдсан болно. Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар хуульчилсан бөгөөд зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн телөх үүрэгтэй. Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Дюна загварын 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоох ажиллагааг бүрэн хийсэн бөгөөд түүний өмчлөгч богох П.Ганзоригийг иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийсэн. Өмгөөлөгчийн хүсэлтэд дурьдсан компаниудад иргэний хариуцагч нь хувь эзэмшдэг, төлөөлөн удирдах зевлөлд багтдаг болох нь тогтоогдож байх боловч тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч байхаар Иргэний хуульд тодорхой заасан байна. Мөн уг тээврийн хэрэгсэл нь дээрх компануудын нэр дээр, болон үндсэн хөрөнгөд байдаггүй тул компанийг иргэний хариуцагч буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан гэмт хзргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Ш.Мд холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэпэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/11 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд 4 хүсэлт гаргаж хуралдаан явагдсан. Энэ 4 хүсэлтийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, бусад баримтыг үндэслэн энэ ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай юм байна гэж үзээд хүлээн авч шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Яллагдагч Ш.М нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 59-60 дахь тэмдэгтэд Дюна загварын 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 22.6 Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна. 6. Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх. 6.2 Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. 6.3 Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч иргэн Ч.Туулын биед баруун хөлний шилбэний шаант ясны үе дайрсан битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан” гэх хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3-д заасныг удирдлага болгон хэргийг Прокурорт буцааж,  түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын эсэргүүцлийн дагуу Ш.Мд холбогдох эрүүгийн 1833000960073 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүхээс яллагдагчид холбогдох хэргийг шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” шаардлагатай, мөн зүйлийн 1.3-д заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүгчийн захирамжинд заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг нотлоход ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмуудад нийцнэ гэж үзлээ.

Энэ талаар хэргийг давж заалдах шатны шүүхээс прокурорт буцааж байсан үндэслэл болон захирамжинд заасан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулж, уг хэрэгт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйл  болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1- д заасан журмын дагуу дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй байх ба ийнхүү дахин дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2-т заасан ... шинжээчид нэмэлт асуулт тавих, тайлбар гаргах... зэрэг эрхээр хэргийн оролцогчдыг хангах, шинжээчид хэргийн бодит байдлыг эргэлзээгүй нотлох ач холбогдол бүхий асуултыг тавьж шинжээчийн дүгнэлтэнд тавигдах хуулийн шаардлагыг хангасан дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь дээр дурьдсан ач холбогдолтой байна.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/11 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/11 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ