| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2023/0958/З |
| Дугаар | 221/МА2026/0007 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2026/0007
| 2025 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2026/0007 | Улаанбаатар хот |
Т.Б***гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б***,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч Т.Б***,
Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар,
Гуравдагч этгээд “К” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 00100626 172/2022 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний 0003662 БАЗГ2025/0834 барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0735 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х***, Т.Б***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э***,
гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г***,
гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.У***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х***,
Хэргийн индекс: 128/2023/0958/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б***гаас анх шүүхэд хандан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 00100626 172/2022 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 00100626 172/2022 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний 0003662 БАЗГ2025/0834 барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” хэмээн эцэслэн тодорхойлж маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0735 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.1.15, 4.1.27, 4.1.30 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.4, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 26.1.1 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, 28.2.2 дахь заалт, 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б***гийн гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 00100626 172/2022 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0003662 БАЗГ2025/0834 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х***ээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
3.1 ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.16, 1.17 дахь хэсэгт “...үр дагавар шууд үүсгэхгүй... хамааралгүй...” гэх зэргээр дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Учир нь барилгын эрх зүй гэдэг барилгын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний цогц бөгөөд энэ нь нийтийн болон хувийн эрх зүйд хуваагддаг. Барилгын нийтийн эрх зүй нь захиргааны эрх зүйн тусгай ангийн нэг хэсэгт хамаардаг ба энэ нь дотроо барилгын төлөвлөлт болон барилгын дүрэм журам, норм норматив, техникийн дүрэм стандарт гэсэн хэсгээс бүрдэнэ. Барилгын дүрэм, журмын гол зорилго нь нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад оршино. Энэ утгаараа төрөөс барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах зэрэгт холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэх үүднээс зөвшөөрөл олгох, татгалзах, цуцлах, хүчингүй болгох, хяналт шалгалт хийх, дүгнэлт гаргах зэргээр оролцдог. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шууд үр дагавар үүсээгүй бол шүүх шийдвэрлэхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.2 ... Хэрэгт авагдсан нотлох баримт болох 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0225/367 тоот дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 41 дүгээр байр болон “К” ХХК-ийн орон сууцны цогцолбор хоорондын зайг 1 давхар 10.07 метр гэж дүгнэсэн. Тус дүгнэлт нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 тоот тушаалын Нэгдүгээр хавсралтаар Монгол Улсын барилгын норм ба дүрмийн 4.18 дахь заалтад заасан барилга хоорондын зайг баримтлахгүйгээр барилгын ажлын зөвшөөрөл олгосон болохыг тогтоосон.
Нэхэмжлэгч нь 41 байранд 9 давхарт болон 1 давхарт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, барилга хоорондын зайг зайлшгүй мөрдөх учиртай бөгөөд энэ нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
3.3 Гуравдагч этгээдийн барилга нь архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургаар баригдаагүй, 25 давхар барилга нь 29 давхар барилгаар баригдсан. Мөн заавал мөрдөх дүрэмд заасан хэмжээнээс ойрхон /45 метр байхаас 10.07 метр/ байгаа нь бусдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй байна. Энэ нь Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Барилгын үйл ажиллагааг дор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна”, 5.2-д “Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал, 5.1.2-д заасан баримт бичгийг сонгож мөрдөнө” гэж заасантай нийцэхгүй байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б***аас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
4.1 Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.1, 28.2.2, 28.7, 28.5 дахь хэсэгт зааснаас үзэхэд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлтийг хянан үзэж болохоор байна. Хэрэв баримт бичгийн бүрдэл дутуу, зураг төсөл, магадлалын дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай зэрэг шалтгаанаар зөвшөөрөл олгохоос татгалзвал барилгын ажил эхлүүлэх боломжгүй буюу түүний нөлөөлөлд иргэний субьектив эрх зөрчигдөхгүй.
4.2 Зураг төслийн магадлалын дүгнэлтүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар нь мэргэжлийн байгууллагаас гарч баталгааждаг, барилгын ажил эхлүүлэх хүртэлх үе шатанд хийгддэг ажлууд бөгөөд шүүхийн хяналтын объект болохгүй, харин түүнийг үндэслэн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон тохиолдолд шүүхийн шийдвэрийн хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой. Гэтэл анхан шатны шүүх цаг хугацаа, учир зүйн хувьд алдаатай, барилга хоорондын зайг зөрчсөн, 3 өөр загвар зурагтай, магадлалын дүгнэлт зөрүүтэй, Барилгын норм ба дүрэм, Барилгын тухай хууль зөрчсөн талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан атлаа шүүхийн шийдвэрт шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, дүгнэлт өгөөгүй нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн.
4.3 Шийдвэрт загвар зураг, магадлалын дүгнэлт нь “29, 25 давхар” гэсэн зөрүүтэй баримт бичгийг үндэслэн зөвшөөрөл олгосон, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хуульд нийцсэн эсэхэд захиргааны байгууллага үүргээ бүрэн хэрэгжүүлсэн эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн талаар дурдсан боловч үүний эрх зүйн үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй.
4.4 Шүүхийн эрхэм зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг бөгөөд нэгэнт барилга баригдаад дууссан тул нэхэмжлэлийг хангах боломжгүй, барилгыг нураах боломжгүй, сэргэх эрх ашиг байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь иргэний субъектив эрхийн хамгаалалтын зарчимд нийцэхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс барилгыг нураахыг даалгах шаардлага гаргаагүй, эрхээ зөрчигдсөн болохыг тогтоолгож, сэргээлгэх зорилгоор гаргасан болохыг анхаарах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,
3.1. Маргаан бүхий 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн огноо бүхий 0010627 172/2022 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-аас “К” ХХК-д Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2, 4, 25 давхар, 6 блок, Орон сууцны цогцолборын зориулалттай барилгын ажил гүйцэтгэх, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар олгожээ.
3.2. Улмаар дээрх барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахтай холбогдуулан 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 0003662 БАЗГ2025/0834 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаагаар олгосон байна.
3.3 Нэхэмжлэгч Т.Б*** нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам гудамж, 41 дүгээр байрны 52 тоот хаягт байрлах, Ү-2203*** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр,
мөн байрны 4 тоот хаягт байрлах Ү-22030*** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус бүртгэгдсэн болох нь тогтоогдсон.
3.4 Нэхэмжлэгчээс маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...олон хууль тогтоомж зөрчиж хөрш айл өрх, иргэдээс барилга барих талаар санал аваагүй, газрын 70-с доошгүй хувьд барилга барих стандарт, барилга хоорондын зайг зөрчсөн, ганцхан гарцтай хэсгийн орц гарц болон замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөрш байрны нарны гэрлийг хаасан, ногоон байгууламж, зогсоолын асуудлыг шийдвэрлээгүй хууль бусаар ийнхүү барилга барих зөвшөөрлийг олгосон, оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, орц гарц, нар салхи хааж иргэдийн тав тухтай амьдрах орчныг алдагдуулсан хууль бус...” гэх зэргээр тайлбарлан маргажээ.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн” дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар нэхэмжлэл гэж “...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгох бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д хэсэгт тодорхойлсон хүрээнд шүүхээс 106 дугаар зүйлийн 106.3-д заасан шийдвэрийг гаргах замаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг тогтоож, хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
5. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх Барилгын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэлтэй тайлбарлан, маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 00100627 172/2022 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ болон 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0003662 БАЗГ2025/0834 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь барилгын ажил эхэлснээс хойш буюу анх 2023 онд зэргэлдээ орших 41 дүгээр орон сууцны барилгад үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй болсон нэхэмжлэгчийн “хүчингүй болгуулахаар зорьж буй гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэснээрээ нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд хамаарах хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэхээргүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй” талаар үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тодруулбал, гуравдагч этгээд “К” ХХК нь нэхэмжлэгч Т.Б***г зэргэлдээх 41 дүгээр байранд орон сууц өмчилж эхлэхээс өмнө барилгын ажлыг эхлүүлэхээр холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, газрыг хашаалж бэлтгэл ажлыг эхлүүлж, 2022 онд барилгын ажлын зөвшөөрлийг захиргааны байгууллагаас гаргуулсан болох нь тогтоогдож байх энэ тохиолдолд “...олон хууль тогтоомж зөрчиж хөрш айл өрх, иргэдээс барилга барих талаар санал аваагүй, газрын 70-с доошгүй хувьд барилга барих стандарт, барилга хоорондын зайг зөрчсөн, ганцхан гарцтай хэсгийн орц гарц болон замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөрш байрны нарны гэрлийг хаасан, ногоон байгууламж, зогсоолын асуудлыг шийдвэрлээгүй хууль бусаар ийнхүү барилга барих зөвшөөрлийг олгосон, оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, орц гарц, нар салхи хааж иргэдийн тав тухтай амьдрах орчныг алдагдуулсан хууль бус...” гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА