Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 48

 

 

     


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0070/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн *** ***т холбогдох 201609000448 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
1999 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
2002 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
2002 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2003 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 13 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,
2007 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** овгийн *** ***, /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ***нь согтуурсан үедээ архины мөнгө олох шунахайн зорилгоор 2016 оны 06 дугаар сард иргэн ***ын эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг, 7 дугаар байрны 2 дугаар орцны подвалын цонхыг хаасан банзыг эвдлэн нэвтэрч 468,000 төгрөгний үнэ бүхий гагнуурын аппарат, “Кен” маркийн гар дрилль, таслагч, дорцовны ком хулгайлж бага бус хэмжээний хохирол, мөн 2016 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 11 дүгээр байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан иргэн ***ийн эзэмшлийн цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн ***улсын дугаартай автомашины 300,000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг толийг хулгайлж бага бус хэмжээний хохирол тус тус учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 5 сарын сүүлээр 6 дугаар сарын эхээр би хонох газар хайгаад төмөр замд явж байгаад 7 дугаар байрны нэг орц руу нь ороход жижүүргүй мөн подвал цоожтой байхаар нь дотор нь орж унтах санаатай панераар тагласан цонхтой байхаар нь банзыг аваад дотор нь ороод доошоо шатаар буусан, тэгтэл төмөр хаалга байхаар нь нүхээр харахад машины эд анги байх шиг байсан, хаалгыг нь түлхээд завсар гаргаад орж гагнуурын аппарат, таслагч, багажны ком байхаар нь авч гарсан юм. Тухайн авч гарсан зүйлээ 10 дугаар байрны хойно нууж үлдээгээд таслагчаа авч яваад вокзал дээр үл таних эмэгтэй хүнд 0,5-ын шил архиар сольсон. Тэгээд тухайн 11-р байрны орцонд унтсан. Маргааш өглөө нь үлдээсэн эд зүйлээ аваад зах дээр очиж барилгын материал зарж байсан хүнд гагнуурын аппарат болон багажаа зарсан. Мөн 7 сарын эхээр би хуучин хорооллын 12 дугаар байрны хажуугаар алхаж байгаад байрны гадна саарал өнгийн  приус- 20 машины 2 толийг хугалж аваад доторх хоёр хавтсыг нь салгаад гадна гэрийг хаяад вокзал дээр ирж 0 ,5 граммын архиар сольж тэр  архиа уусан. Нэг удаа итгэвэл цаашид дахин хэрэг үйлдэхгүй байж чадна. Өмнө нь хөдөө явж ажил хийдэг, мөн барилгын ажил хийдэг, самранд явдаг байсан. Ахин хэрэг хийхгүй хөдөлмөрөөрөө амьдарч чадна” гэх мэдүүлэг,
    
Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би өөрийн амьдардаг байрныхаа доод талын подвалыг эзэмшдэг. Тухайн газартаа би ойр зуурын эд зүйлээ хадгалдаг юм. 2016 оны 05 сард санагдаж байна. Би тухайн подвалд гагнуурын аппарат, гар дрилль, таслагч, дорцовны ком зэрэг эд зүйл үлдээсэн байсан. Тэгтэл тухайн сарын дундуур санагдаж байна,  Баруунхараа явчихаад сарын дундуур ирэхэд миний подвалын цонх онгорхой байсан, ороод үзэхэд дотор нь байсан эд зүйл байхгүй байсан. Би тухайн үедээ цагдаад мэдэгдээд орхисон. Би подвалынхаа цонхыг банзаар битүүлсэн байсан, банзыг аваад жижиг цонхоор орсон байсан. Гагнуурын аппарат, гар дрилл, таслагч, дорцовны ком зэрэг алдагдсан, нийт 468,000 төгрөгний хохирол учирсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 05-ны орой 23:00 цагийн үед хуучин хорооллын 11-р байрны гадаа ***улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашинаа байрлуулчихаад гэр рүүгээ орсон. Тэгээд маргааш өглөө 2016 оны 7 дугаар сарын 6-ны өглөө 07:00 цаг өнгөрч байхад орцноосоо гараад хартал миний машины хоёр талын толь байхгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, 2017 оны 1-р сарын 24-ний өдөр өгсөн ... Б.***аас хохирлын 300,000 төгрөгийг хүлээн авсан, одоо гомдол снал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 194-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч ***ийн өгсөн: “...Хураалгасан гагнуурын аппаратыг 40,000 төгрөгөөр худалдаж авсан, гэхдээ энэ 40,000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн.. “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт газар тариалан, барилга-авто сэлбэгийн зах дээр *** дугаартай лангууг ажиллуулдаг. Би хугацааг нь сайн санахгүй байна. Тэр нөхөр эхлээд ирээд гагнуурын аппарат зарах гэсэн юм намайг дагаж очоод аваач гэхээр нь би дагаж явж чадахгүй гэсэн чинь өөрөө яваад нэг гагнуурын аппарат болон жижиг нимгэн төмөр хайрцагны хамт авч ирээд надад 40,000 төргөрөөр зарсан. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй тэр өөрөө минийх гээд байсан юм. Хямд зарна гэхээр нь авсан юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

Гэрч ***ээс яллагдагч Б.***аас худалдаж авсан гэх гагнуурын аппаратыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас/,

2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “ ...Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний байдлаар 468,000 төгрөг байна” дүгнэлт /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “...Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны байдлаар 300,000 төгрөг байна” дүгнэлт / хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,

Яллагдагч Б.***ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 91-94 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас/,

“ВХ6-400” гэсэн бичиглэл бүхий гагнуурын аппаратыг хураан авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 192 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 71-97 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ***нь согтуурсан үедээ архины мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлтээр 2016 оны 6 дугаар сард иргэн ***ын эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, 7 дугаар байрны 2 дугаар орцны подвалын цонхоор нэвтэрч гагнуурын аппарат, “Кен” маркийн гар дрилль, таслагч, дорцовны ком хулгайлж бага бус хэмжээний буюу 468,000 төгрөгийн, мөн 2016 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 11 дүгээр байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан иргэн ***ийн эзэмшлийн цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн ***улсын дугаартай автомашины 2 ширхэг толийг хулгайлж 300,000 төгрөгийн буюу бус хэмжээний хохирол тус тус учруулж, орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг, давтан  үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ***, ***, гэрч *** нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.***ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөн хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Аймгийн прокурорын газраас Б.***т холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.***ыг давтан үйлдлээр орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***нь хохирогч ***т 468,000 төгрөгний хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хүлээлгэн өгөх ажиллагаанд хохирогч *** нь “...хулгайн гараар орсон зүйлийг авахгүй, эд зүйлийн үнийг нэхэмжлэхгүй” гэжээ. Хохирогч ***т 300,000 төгрөгний хохирол учруулснаас хохирлыг бүрэн нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч *** хураалгасан гагнууурын аппаратны үнийг нэхэмжлэхгүй гэж байх тул шийтгэл тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч ***нь урьд шүүхээр таван удаа ял шийтгүүлж байсан байх ба хамгийн сүүлд 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтайд тооцох хугацаа дууссан байна.

Шүүгдэгч Б.***т ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч Б.***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ялаас эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрт оногдох хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ял оногдуулав.
  
Шүүгдэгч Б.***ын энэ хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс нийт 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл, 2017 оны 2-р сарын 3-ны өдрөөс 2-р сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 146 хоногийг баривлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гагнуурын аппаратыг улсын орлого болгож, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. *** овогт *** ***ыг давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** овогт *** ***т эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Б.***т оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.***ын цагдан хоригдсон 146 хоногийг баривчлах ялын 1 хоногтой дүйцүүлэн баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох “ВХ6-400” гэсэн бичиглэлтэй 162,000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппаратыг улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч ***нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГЭРЭЛТ-ОД