Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 121/ШШ2022/0013

 

  

2022 оны 04 сарын 19-ний өдөр            Дугаар 121/ШШ2022/0013                                   Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Дүгнэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.А,        

Гуравдагч этгээд “М” ХХК нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н, хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.А, гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дүгнэлт гаргагч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Ннь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.А-д холбогдуулан “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0033407 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.

 2. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.А нь “М” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21/149 тоот албан бичгээр ирүүлсэн “Манай компанийн эзэмшил газар дээр “Мө” ХХК буюу иргэн Т.А, А.М нар нь хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барилга барьж манай компанийн 488 м2 талбай бүхий хүнсний худалдаа үйлчилгээний барилгад тулган хаалга, цонхыг хаасан, мөн захын урд талаас орох орц, гарцыг хааж бидний эрх, өмч хөрөнгө болон эзэмшил газарт бүдүүлгээр халдаж байна” гэх гомдлыг хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 2227000042 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Эрхүүд овогт А-н М-т 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0033407 дугаар шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-т зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

  Холбогдогч А.М 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрт нь оногдуулсан шийтгэлийн хуудсыг танилцуулж, шийдвэрт гомдол гаргах эрхийг танилцуулж, холбогдогчоор гарын үсэг зуруулсан байх бөгөөд холбогдогчоос хуульд заасан хугацаанд ямар нэг гомдол гаргаагүй байна.

  3. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н-с А.М-т холбогдох 2227000042 дугаар зөрчлийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад “Ма” ХХК нь “Мө” ХХК-д холбогдуулан гомдол гаргасан байх боловч эрх бүхий албан тушаалтан нь “Мө” ХХК-тай холбоотой бичиг баримт, барилгын зураг төсөл, зөвшөөрөл болон бусад холбогдох баримтыг цуглуулж хэрэгт хавсаргаагүй, холбогдох этгээдийг хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулахгүйгээр “Мө” ХХК-ийн захирал иргэн А.М-т холбогдуулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” ... “тус барилгыг иргэн А.М нь хувиараа барьсан уу эсвэл “Мө” ХХК-ийг төлөөлөн үйл ажиллагаа явуулсан уу гэдгийг шалгаж тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан хуулийн этгээд болох “Мө” ХХК-ийг холбогдогчоор тогтоож шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2,7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.А-ын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0033407 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

4. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх П.Н би, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.А нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн, зөрчлийн 2227000042 дугаартай А.М холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг 2022 оны 02 дугаар сарын  24-ний өдөр хүлээн авч хянахад:                                                                                                                                             Эрх бүхий албан тушаалтан Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.А нь “..Өвөрхангай аймгийн Хархорин суманд байх “Ма” ХХК-ийн газар дээр “М” ХХК-ийн захирал А.М нь зохих зөвшөөрөлгүй барилга барьж Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн” гэх зөрчлийн 2227000042 дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0033407 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу А.М-г 500.000 төгрөгөөр торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Тус зөрчлийн хэргийн материалд цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Ма” ХХК нь “Мө” ХХК-д холбогдуулан гомдол гаргасан байх боловч эрх бүхий албан тушаалтан нь “Мө” ХХК-тай холбоотой бичиг баримт, барилгын зураг төсөл, зөвшөөрөл болон бусад холбогдох баримтыг цуглуулж хэрэгт хавсаргаагүй, холбогдох этгээдийг хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулахгүйгээр “Мө” ХХК-ийн захирал иргэн А.Мэ-т холбогдуулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна.”, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.” гэж тус тус зохицуулсан байх тул тус барилгыг иргэн А.М нь хувиараа барьсан уу эсвэл “Мө” ХХК-ийг төлөөлөн үйл ажиллагаа явуулсан уу гэдгийг шалгаж тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан хуулийн этгээд болох “Мө” ХХК-ийг холбогдогчоор тогтоож шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2,7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Аын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0033407 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

5. Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчон, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.А-с шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.А би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх П.Н-н 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ма ХХК-аас манай газар дээр Мө ХХК-ийн захирал А.М нь зөвшөөрөлгүй барилга барьсан тул “Газрын тухай” хууль зөрчиж байна гэх албан тоотоор ирүүлсэн гомдол, мэдээллийг 2021 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн аваад Газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 25 өдрийн 15/04 дугаартай удирдамжаар төлөвлөгөөт бус шалгалт хийхэд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэсэн.

 

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх П.Н-н 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

6. Гуравдагч этгээд “Мө” ХХК-аас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Манай компани нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2005 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Иргэн А.М нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа хамтран үйл ажиллагаа явуулдаг “Ма” ХХК-ийн эзэмшил бүхий газарт “Ма” ХХК-ийн удирдлагатай хувийн зөвшилцлийн үндсэн дээр хувийн зардлаараа барилга байгууламж барьж байсан бөгөөд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газрыг ашигласан гэж Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байдаг.

Дээрх зөрчлийг манай компанийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн мэтээр ойлгож Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н тус шүүхэд дүгнэлт гаргаж хүргүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Манай компани нь барилга байгууламж барих талаар 2021-2022 онд ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй, барилга байгууламж барих, худалдан авах талаар ямар нэгэн этгээдтэй гэрээ байгуулаагүй болно.

А.М нь манай компанийн захирлаар түр ажиллаж байсан болохыг нотлох хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарыг энэхүү тайлбарт хавсарган хүргүүлж байна.

Иймд прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү....” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх прокурор, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.

2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Н нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.А-н 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0033407 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан бөгөөд үндэслэлээ “...“Ма” ХХК нь “Мө” ХХК-д холбогдуулан гомдол гаргасан байх боловч эрх бүхий албан тушаалтан нь “Мө” ХХК-тай холбоотой бичиг баримт, барилгын зураг төсөл, зөвшөөрөл болон бусад холбогдох баримтыг цуглуулж хэрэгт хавсаргаагүй, холбогдох этгээдийг хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, ...тус барилгыг иргэн А.М нь хувиараа барьсан уу эсвэл “Мө” ХХК-ийг төлөөлөн үйл ажиллагаа явуулсан уу гэдгийг шалгаж тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулах нь зүйтэй...” гэж, хариуцагчаас “Ма” ХХК-ийн гомдол мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж холбогдогчоор “Мө” ХХК-ийг тогтоосон. “Мө” ХХК-ийн захирал А.М болон тус компанийн хувьцаа эзэмшигч нараас мэдүүлэг авах ажиллагаа явуулсан. А.М нь холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө “... уг газар дээр барьж буй барилгыг би өөрийн хөрөнгөөр барьж байгаа гэж, гэрчийн мэдүүлэг өгсөн Т.Г нь “... Миний хувьцаа эзэмшдэг газар дээр манай дүү А.М нь барилга барих санал тавьсны үндсэн дээр уг барилгыг барьж байгаа” гэж мэдүүлсэн. Тухайн үед барилгын зураг төсөл болон газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг холбогдох баримт бичгүүд байгаагүй. Тухайн үеийн нөхцөл байдал, мэдүүлэг, зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудыг харгалзаж үзээд аж, ахуйн нэгжээр нь торгох үндэслэл болохгүй гэж дүгнэн иргэн А.М-ыг хувь иргэнийх нь хувиар 500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан” гэж тайлбарлаж маргасан.

3. Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ма” ХХК-аас Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандан  “Манай компанийн эзэмшил газар дээр “Мө” ХХК буюу иргэн Т.А, А.М нар нь хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барилга барьж манай компанийн 488 м2 талбай бүхий хүнсний худалдаа үйлчилгээний барилгад тулган хаалга, цонхыг хаасан, мөн захын урд талаас орох орц, гарцыг хааж бидний эрх, өмч хөрөнгө болон эзэмшил газарт бүдүүлгээр халдаж байна” гэх гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21/149 тоот албан бичгээр хүргүүлжээ.

4. Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас дээрх гомдлын дагуу “Мө” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, үзлэгээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 448 мкв үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга баригдсан болохыг тогтоож, холбогдогчоор Алтанхуягийн Мэндбаяр, гэрчээр Т.Г нараас тус тус мэдүүлэг авсан зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0033407 дугаар шийтгэлийн хуудсаар А-ийн Мэ-ыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-т заасны дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

5. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ., ...3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 2-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан; ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоногэж хуульчилсан.

6. Энэхүү зөрчлийн тохиолдолд гомдол, мэдээлэл гаргагч “Ма” ХХК-иас “Мө” ХХК буюу иргэн Т.А, А.М нарт холбогдуулан гомдол гаргасан, зөрчил гарах үед А.М нь “Мө” ХХК-ийн захирал байсан /хэрэгт нотлох баримтаар авагдсан “Мө” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/  зэргээр зөрчлийг А.М үйлдсэн үү, А.М нь хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө үйлдсэн үү гэдэг нь ач холбогдолтой байхад эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээд зөрчил гаргасан эсэхтэй холбоотой нотлох баримт цуглуулах ажиллагаа хийхгүйгээр зөвхөн А.М-ын мэдүүлэгт үндэслэн түүнд торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

7. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан атлаа дээрх хэсэгт заасан учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлээгүй буюу “Ма” ХХК-ийг хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, уг зөрчлийн улмаас гомдол гаргагч “Ма” ХХК-д хохирол учирсан эсэх, хохирлыг хэмжээ, нөхөн төлбөрийн асуудлаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй, энэ талаар тодорхой ажиллагаа явуулаагүй болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасанд нийцээгүй хууль бус ажиллагаа болжээ.

8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан. 

9. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй.  Тодруулбал, хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь уг зөрчлийг “М” ХХК гаргасан уу, иргэн А.М гаргасан уу гэдгийг зөвхөн А.М-ын өөрийнх нь мэдүүлгээр бус бусад шаардлагатай нотлох баримтуудаар шалгаж тогтоох, уг зөрчлийн улмаас гомдол гаргагч “М” ХХК-д хохирол учирсан эсэх, хохирлын хэмжээ, нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийсний үндсэн дээр холбогдогч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчил гаргасан эсэхийг шалгаж шийдвэрлэх шаардлагатай. 

10. Иймд А.Мэ-ыг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-т заасныг зөрчсөн гэж үзэж, шийтгэл оногдуулахдаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй нь дээр дурдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4, 4.3 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан прокурорын дүгнэлтийн шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.А-ын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0033407 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, гуравдагч этгээд нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ө.БОЛОРЧИМЭГ