Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/00947

 


 

2020 оны 4 сарын 14 өдөр                                     Дугаар 183/ШШ2020/00947                          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, тоотод байрлах, АХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тоотод оршин суух, Б /РД:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22 417 333,33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Д.Б нь манай компанийн харилцагч бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх үүднээс топгмол зээл авдаг. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 0000324 дугаар № бүхий зээлийн гэрээ байгуулан 1 сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар 17.000.000 /Арван долоон сая/ төгрөгийг итгэлийн зээл хэлбэрээр авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүйгээс улбаалан манай компанид 2020 оны 01 дугаар сарын 02-ний өдрийн байдлаар дор дурдсан алдагдал учраад байна. Үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүү 1 сарын буюу 30 хоногийн 6% үүнийг өдөрт шилжүүлбэл хоногийн 34 000 төгрөгийн хүү нийт 5 304 000 төгрөг, алданги 113 333.33 төгрөг нийт 22,417,333.33 төгрөг. Иймд 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 0000324 дугаар № бүхий зээлийн гэрээний гэрээний үүрэгт хариуцагч Д.Бгаас нийт 22 417 333.33 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байнгийн харилцагч Б нь бизнесийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор хэд хэдэн удаа зээл авч байсан гэж ярьж байна. Хавтаст хэрэгт 2019 оны 07 сарын 30-ны өдрийн бичгээр байгуулагдсан 17 000 000 төгрөгийн зээл, тус гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан явагдаж байгаа. Өмнө нь талуудын хооронд гэрээ байгуулагдаж байсан, үүрэг төлөгдөж байсан үйл баримт байхгүй байгаа. АХХК нь банк бус санхүүгийн байгууллагын 4.1-дэхь хэсэгт заасны дагуу зээлийн үйл ажиллагаа, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулаад байна гэж ойлголоо. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээний зохицуулалт, зээлийн гэрээг бүхэлд нь шинжлэн судлаад үзэхэд иргэний хуулийн 451-д зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй этгээдээс байгуулах гэрээний загвар зохицуулалтаас байгуулсан байна. Санхүүгийн зохицуулах хорооний вэб сайтад Монгол улсад тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулдаг 542 хуулийн этгээд бүртгэгдсэн байгаагаас АХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болох нотлогдож байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгчийн төлөөлөгч өмнөх шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. АХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй мөртлөө иргэний хуулийн 451 дэхь хэсэгт заасан гэрээ байгуулаад байгаа нь үндэслэлгүй. Талуудын харилцаа нь иргэний хуулийн 281-дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний харилцаа байгаа учир зээлийн гэрээний зохицуулалтыг хэрэглэнэ. 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, 17 000 000 төгрөгийг зээлсэн гэдэг байдлаар гэрээ байгуулсан боловч бодит байдал дээр талуудын хооронд мөнгөн төлбөр шилжээгүй. Зээлдүүлэгч нь 17 000 000 төгрөгийг зээлийн гэрээний 2.2-д заасны дагуу Бгийн Хаан банкны 5020 2111 38 дугаартай дансанд шилжүүлсэнээр зээлийн олгоно гэсэн боловч тухайн өдөр ямар нэгэн байдлаар зээл олгогдоогүй. Тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртдэх хугацаанд АХХК-иас Бгийн дансанд нэг төгрөгнийн орлогийн гүйлгээ хийгдээгүй. Зээлийн гэрээний байгуулагдсан уу гэдэг асуудал энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Талуудын хооронд өмнө нь зээлийн гэрээтэй холбоотой төлбөр тооцоо байсан эсэх, уг төлбөр тооцоог үүргийн гүйцэтгэлийг өөрчлөх замаар нэмэлт гэрээ байгуулж тохиролцсон асуудал өнөөдрийн шүүх хуралдаан дээр яригдах боломжгүй. Холбогдох баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлага нь 2019 оны  07 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой. 2019 оны  07 сарын 30-ны өдөр бичгээр гэрээ байгуулагдаад боловч бодит байдал дээр зээлийн гэрээ нь хэрэгжээгүй. Зээлдүүлэгч нь зээлдэгчид 17 000 000 төгрөгийг олгоогүй байгаа. Нэхэмжлэгч тал 17 000 000 төгрөгийг Бд шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар нотлох, холбогдох баримтуудыг гаргаж өгөх  үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй, талуудын хооронд мөнгөн төлбөр шилжсэн талаар тодорхойгүй, Хариуцагч зээлдүүлэгчээс ямар нэгэн байдлаар зээл хүлээн аваагүй тул нэхэмжлэийн шаардлагийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 22 417 333,33 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргав.

 

            Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2019 оны 07 сарын 30-ны өдөр 0000324 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч АХХК нь 17 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Д.Б нь үндсэн зээл болон хүүг хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцсон байна.

           

            Нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа эрхлэн эрх бүхий хуулийн этгээд биш гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба шүүх, дээрх гэрээг шинжлэн судлаад, нэхэмжлэгч АХХК, хариуцагч Д.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд      281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээнд хамаарах боловч нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан бөгөөд зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргаантай тохиолдолд уг мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээлгэн өгснөө нотлох үүрэг зээлдүүлэгчид хамаарна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-т “зээл олгох хэлбэр зээлдэгчийн Хаан банк дахь харилцах 5020211138 тоот дансанд шилжүүлснээр олгосонд тооцно.” гэж тохиролцсон байх ба нэхэмжлэгч гэрээнд зааснаар зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор гардуулсан болох нь баримтаар нотлогдохгүй тул зээлийн гэрэээний үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б /РД:/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22 417 333,33 төгрөг гаргуулах тухай АХХК /РД:/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ