Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 184

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1953 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 67 настай, эрэгтэй, Б овогт М.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1966 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй,  Б овогт А.О -т холбогдох,

Байшин, хашааны үнэ болон алданги 12 738 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00075/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1956 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 64 настай, эмэгтэй, Б овогт Б.Э, түүний өмгөөлөгч П.Ган-Очир, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Д  миний бие 2011 онд даралт ихдэн цус харваж тал саажилттай болсон одоо явж чадахгүй тэргэнцэр дээр суудаг тул эмнэлэг бараадан Эрдэнэт хотод эмчилгээ хийлгэж түр амьдарч байна. Эмчилгээ хийлгэхэд мөнгө төгрөг хэрэгтэй болсон тул А.О тэй үнэ хохиролцож хашаа, байшин автомашины грашийн хамт 9 000 000 төгрөгөөр худалдаж урьдчилгаанд нь 300 000 төгрөг авсан юм. А.О  нь надад мөнгө төгрөгөө өгөх баталгаа гаргаж өгсөн. Манай байшин нь 6*7 харьцаатай 2000 онд баригдсан дүнзэн байшин юм. Мөн ардаа 3*4 харьцаатай залгаа 3,5*5 харьцаатай автомашины граш, 5000м2 бүхий 4 тал хашаатай, үр жимсээ өгөөд 3 жил болж буй 23 ширхэг чацарганы модтой. Гэвч А.О  нь баталгаа гаргаж өгсөн хугацаандаа мөнгө өгөөгүй учир баталгааны дагуу алданги тооцоход 4 038 000 төгрөг болж байна. Иймд 8 700 000 төгрөг, алданги 4 038 000 төгрөг нийт 12 738 000 төгрөгийг А.О ээс гаргуулж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2019 оны 3 дугаар сард нөхрийн бие муудаж харвалт өгсөн. Бие нь муудаад асаргаа эмчилгээ шаардлагатай байсан тул Эрдэнэт хотод түр амьдрах болсон. Бид 2019 оны 5 дугаар сард гэртээ эргэж очиход А.О  хашаа байшинг чинь худалдаж авья гэсэн. Нөхөр хүүхдүүдийн хамт үзэж хараад 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ирж үзээд авахаар болсон. Амаар тохиролцоод 11 000 000 төгрөгөөр худалдах санал тавьсан ч харилцан тохиролцож 9 000 000 төгрөгөөр 6х7 харьцаатай дүнзэн байшин, 3*4 харьцаатай залгаа, 3,5*5 харьцаатай автомашины граш, 5000м2 бүхий ногооны талбайтай 4 тал хашаатай байсан. Эхлээд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээл аваад өгнө гээд тохирсон. Эхлээд 300 000 төгрөг өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нөхрийн хамт ирээд хашаа байшингийн гэрчилгээ авья гэрээ байгуулья гээд Эрдэнэт хотод орсон. Зээл авч өгнө гээд одоо хүртэл зээлээ аваагүй, одоог хүртэл мөнгөө өгөөгүй байна. Мөнгөний хэрэгцээ байгаа тул 8 700 000 төгрөг, алданги 0,3%-иар тооцоод 4 038 000 төгрөг нийт 12 738 000 төгрөгийг А.О ээс гаргуулж өгнө үү гэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Д  хариуцагч А.О ээс байшин, хашааны үнэ болон алданги 12 738 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.Д  нь хариуцагч А.О тэй 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймаг, Бугат сумын 3 дугаар багийн Цахиур толгой 6-01 тоот хаягтай, ********** гэрчилгээний дугаартай, Ү-********** улсын бүртгэлийн дугаартай 42 м2 хувийн сууцыг  Г-********** улсын бүртгэлийн дугаартай 5000 м2  хэмжээтэй газрын хамт 9 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Зохигчид худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх боломжтой юм. Харин үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шилжүүлэх тухай хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх тухайлсан нэмэлт шаардлага /Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ/ тавигддаг тул талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т /хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэн гэж үзнэ/ заасан хэлцлийг хийгээгүй байна. Гэвч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д “нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болдог.

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн худалдах худалдан авах хэлцлийн дагуу нэхэмжлэгч М.Д  нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн тул түүнийг үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж, хариуцагч А.О ийг үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн авсан атлаа төлбөрөөс 300 000 төгрөгийг төлж үлдэх 8700 000 төгрөгийг төлөөгүй хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Иймд зохигчид 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр худалдах худалдан авах хэлцэл хийсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 43 дугаар зүйлийн 43.2.2-д заасан зохицуулалтад нийцнэ.

Талууд хуульд заасан шаардлагыг ханган худалдах худалдан авах гэрээг байгуулаагүй тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүү, алданги тооцон нэхэмжлэх эрхгүй байна.

Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэ 9000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 300 000 төгрөгийг хасч үлдэх 8 700 000 төгрөгийг хариуцагч А.О ээс гаргуулан нэхэмжлэгч М.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4038 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хурадааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан харицагч А.О ээс байшин, хашааны үнэ 8 700 000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 038 000 /дөрвөн сая гучин найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 218 758 /хоёр зуун арван найман мянга долоон зуун тавин найм/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.О ээс улсын тэмдэгтийн хураамж 154150 /нэг зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Д д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МЯГМАРСҮРЭН