| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 110/2025/0049/З |
| Дугаар | 221/МА2026/0008 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2026/0008
| 2025 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2026/0008 | Улаанбаатар хот |
Т.Дк нарын нэр бүхий 7 иргэний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч Т.Дк, С.А, Д.А, С.Б, С.Н, Б.Б, М.А, Х.Т нар,
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2025/0080 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж,
нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Н,
хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарга Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н,
Хэргийн индекс: 110/2025/0049/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Дк, С.А, Д.А, С.Б, С.Н, Б.Б, Х.Т, М.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд хандан “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2025/0080 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Дк, М.А, С.Б, С.Н, Б.Б, С.А, Д.А, Х.Т нарын Сагсай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
... Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосонд гомдолтой бА.
Сумын засаг дарга 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/46 дугаар захирамжаар бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 61 дугаар зүйлийн 61.1-т заасан "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэснийг үндэслэн хүчингүй болгосон бА. Гэхдээ яагаад актыг хүчингүй болгох гэж байгаа талаар бодит нөхцөл байдлыг дурдаагүй. Маргаан бүхий захиргааны актаас харахад, ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхой бус, 2 жил дараалан ашиглаагүй, татвар төлөөгүй гэж үзэж байгаа бол тэр үндэслэлийг заасан байх ёстой. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл байдал байсан эсэхийг тогтоогоогүй. Тухайн захирамж гарсныг газар эзэмшигчид бид 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр мэдсэн юм. Мөн бид хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчилгээ авсан байсан ч Сагсай сумын газрын даамал Б.Ж “...уг газар нь төлөвлөгөөнд ороогүй газар бА” гэж үзэн тус газарт бидний барилга барих гэсэн хүсэлтийг маань хэд хэдэн удаа зөвшөөрөөгүй юм. Газрыг хүчингүй болгох гэж байгаа талаар ч урьд өмнө нь хэнд ч мэдэгдээгүй байсан. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг нь Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох талаар заасан.
Иргэд тухайн газрыг хуулийн дагуу эзэмших хүсэлт гаргаж, хууль журмын дагуу эзэмшиж байхад энэ хуулийн заалтыг үндэслэн газрыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Газрын төлөвлөгөөнд орсон ороогүй газар гэдгийг иргэд бид мэдэх боломжгүй. Мөн анх газар эзэмшүүлэх захирамжид нэр ороогүй гэх байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй. С.Ны эхнэр Бын Бийн нэрээр анх захирамж гарч гэрчилгээ нь түүний эхнэр С.Ны нэрээр олгосон байжээ. Харин Т.Дк, Х.Т нарын нэрийг захирамжийн хавсралтад оруулаагүй гэх асуудал нь техникийн шинжтэй алдаа байх. Эсвэл тухайн захирамжийг дараагаар нь өөрчилсөн ч байж магадгүй. Анхнаасаа гэрээ хийж, тухайн газрын кадастрыг батлуулж, гэрчилгээ бичүүлж авсан байхад иргэний хууль ёсны итгэл үнэмшлийг шүүхээс хамгаалж өгнө гэдэгт итгэж бА. Мөн тухайн хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосноос болж, бид тухайн хугацаанд газраа ашиглах боломжгүй байсан тул газар ашиглах хугацаанд хуульд заасан 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй юм. Энэ нь Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоол, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 001/XT2025/0022 дугаар тогтоолуудад Газрын тухай хуулийн 40.1.6 -д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тайлбарласан. Газар хариуцсан улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлээд нэхэмжлэгч нарын газрыг зориулалтаар нь ашиглуулахгүй саад учруулж байсан. Мөн цар тахалтай холбоотой, дэд бүтэц байхгүйн улмаас тухайн газрыг ашиглаж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлснийг шүүхээс харгалзан үзээгүйд гомдолтой байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтыг зөрчсөн. Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, мөн зүйлийн 40.4-т” захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх” хуулийн шаардлагад нийцээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн эрх нь зөрчигдөж болзошгүй гуравдагч талыг заавал захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулж, эрхийг нь тайлбарлан өгч, тайлбар гаргах боломжоор хангах ёстой байхад хариуцагч байгууллага маань хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сумын Засаг даргын шийдвэр хууль бус байгаа тул Сагсай сумын Засаг даргын захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд,
3.1. Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 02-00/12 дугаар "Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч 2023 оны 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/34 дүгээр “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар тус аймгийн Сагсай сумын Засаг даргад хандан “... захирамж /газар олгосон захирамж/-д нэр нь ороогүй 5 иргэнд газар эзэмших гэрчилгээ олгосон, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг зөрчиж, газар олголт хийгдсэн гэх зөрчлийг илрүүлж, ... хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгох” шаардлагыг хүргүүлсэн.
3.2. Улсын байцаагчийн дээрх албан шаардлагын дагуу Баян-Өлгийн аймгийн Сагсай сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” А/46 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн нэр бүхий 38 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг, тухайн иргэдтэй холбоотой сумын Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Д.А, С.Б, Б.Б, С.А, Т.Дк, М.А, Х.Т нарын 7 иргэний нэр багтсан.
3.3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/119 дүгээр захирамжийн хавсралтад нэхэмжлэгч Т.Дк, Х.Т, С.Н нарын нэр ороогүй.
3.4 Нэхэмжлэгч С.А, Д.А, С.Б, М.А нарын нэрс захирамжийн хавсралтад тусгагдсан байх боловч тухайн иргэдэд “гэр, орон сууцны хашааны газар”-ын зориулалтаар 50 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон гэх тус сумын 7 дугаар баг Өлгий 1, Өлгий 2 гэх газарт байрлах тус бүр 700 м.кв талбай бүхий газар нь Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр “Сумын 2020 оны газар зохион байгуулалт, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтад хөдөө, аж ахуйн зориулалтаар тусгагдсан болох нь тус тус тогтоогдсон.
4. Анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтыг үндэслэлтэй, зөв тогтоож “...хэрэгт авагдсан Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр “Сумын 2020 оны газар зохион байгуулалт, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтад маргаан бүхий газрыг иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдаагүй нь тогтоогдож байх тул хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй... ” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бА гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Тодруулбал, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй бА”, 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан бА”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 33 дугаар зүйлийн 33.4-т “... аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.
Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн этгээдээс гаргасан хүсэлтийг үндсэн дээр, тухайн газар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн зориулалтаар эзэмшүүлж болохоор тусгагдсан байх тохиолдолд, түүнийг үндэслэн сумын Засаг дарга захирамж гарган шийдвэрлэхээр заасан.
6. Тухайн тохиолдолд, хэрэгт нотлох баримтаар авагдсан Сагсай сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/257 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нараас маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг хуульд заасан журмын дагуу гаргаж байсан талаар ямар нэгэн баримт байхгүй.
Тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд “гэр, орон сууцны хашааны газар”-ын зориулалтаар эзэмшүүлж болохоор тусгагдаагүй.
Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмшиж, ашиглахтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагааг бодитоор хийгээгүй болох нь тогтоогдож байхад дан ганц нэхэмжлэгчдийн нэр бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн хариуцагчаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн хуульд нийцээгүй нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бА.
7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2025/0080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА