Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/974

 

                Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч Г.Лхагвасүрэн /томилолтоор/

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигин овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2308011061207 тоот 1/нэг/ хавтас хэргийг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, 6 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо,... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт *******ын ******* /РД:ЧА*******/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо *******ийн 3 дугаар гудамж 118 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ******* Ц.*******ээс мөнгө нэхэж улмаар Ц.*******ийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “биед хамрын нуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, нэг шүдний сулрал гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо *******ийн 3 дугаар гудамж 118 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ******* Ц.*******ээс мөнгө нэхэж улмаар түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “биед хамрын нуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, нэг шүдний сулрал” гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр өөр хүнтэй суугаад явсан. Би зургаан хүүхэдтэй амьдарч байгаа ..” гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.*******ын өгсөн: “…*******ийн гэрт ороход ******* байж байсан ба тэрээр намайг хараагаад элдэвээр хэлээд байсан. Би “тамхины мөнгө өгчих” гэхэд “мөнгө байна, чамд өгөхгүй” гээд  байхаар нь толгойгоороо нүүрэн тус газарт нь мөргөсөн. *******ийн уруулаас цус гараад байсан. Намайг хэн нэгэн мөрдөгч дарамталсан, хэрэг хүлээлгэсэн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.*******ийн өгсөн “…Би Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо *******ийн 3 дугаар гудамж 118 тоотод байх хажуу айлын ******* эгчийн гэрт 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ороод гар утсаа цэнэглэж байхад гаднаас ******* Б.*******- согтуу орж ирээд надаас тамхины мөнгө нэхэхэд нь би “надад 4000 төгрөг байна, нүүрс авна” гэхэд тэрээр миний хармаа хот уудлах гээд дайраад байсан. Би “өгөхгүй” гэхэд миний хамар, уруул хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн ба миний уруул хамарнаас цус гарсан ба хамт байсан ******* эгч “цагдаа дуудна” гэхэд ******* гараад зугтаасан, өөр маргаан зодоон болоогүй. ...Би зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.*******ийн өгсөн “...Би 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо *******ийн 3 дугаар гудамж 21 тоотод гэртээ байхад Ц.******* манай гэрт орж ирсэн ба араас нь түүний нөхөр ******* согтуу орж ирээд тамхины мөнгө нэхээд халаасыг нь ухах гээд байсан. Тэгж байгаад ******* Ц.*******ийн нүүр рүү нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Би “цагдаа дуудна” гэхэд гараад зугтаачихсан, өөр маргаан зодоон болоогүй. Ц.*******ийн хамар, уруулаас цус гарсан, *******ад мөргүүлэхээс өмнө ямар нэгэн гэмтэл шарх Ц.*******т байгаагүй. Миний мэдэхээр Ц.*******, ******* хоёр нэгнийгээ цохиж зодож байгаагүй, тухайн үед л анх удаагаа нэгнийгээ цохиж зодсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

5.Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

6.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт болон хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 48-58 дугаар хуудас/,

7.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4096 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...Ц.*******ийн биед хамрын нуруу, уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, нэг шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

8.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 87-88 дахь хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол /хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ЗШ/1414 дугаар шийтгэвэр /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 70-76 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцсан тэмдэглэл /хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: ...Шүүгдэгч Б.******* нь ******* хохирогч Ц.*******тэй маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэжээ.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, хохирол, хор уршигт хүргэсэн байхыг шаарддаг.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарна гэж зааснаар хохирогч Ц.******* нь шүүгдэгч Б.*******ын *******, 6-н хүүхдийн эцэг эх  мөн болно.

Шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр:Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Гурав.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна. Шүүгдэгч ажил эрхэлдэг нь тодорхой бус, хадмууд нь хүүхдүүдийг нь хардаг зэргээс ялыг биечлэн эдүүлэх нь зүйтэй...” гэжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүхээс шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар хийлгэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Дөрөв.Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308011061207 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн Тухай Хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******ад мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХЦЭЦЭГ