Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Гантулга,

шүүгдэгч Б.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Баатарын Зоригтбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1998 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баатарын Зоригтбаатар, Улаанбаатар хотод 1976 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19 дүгээр гудамжны 110 тоотод байнгын, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 5-1-1 тоотод түр оршин суудаг гэх, регистрийн дугаар УЗ76030510.

Урьд: Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон. Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Зоригтбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автосургуулийн баруун талын 2 давхар улаан тоосгон хүнсний дэлгүүрийн үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрч иргэн П.Хангайхүүг зодож биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Зоригтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хохирогч П.Хангайхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 16 цагаас 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутагт байх автосургуулийн буудлаас Толгойт руу гэр рүүгээ явах унаанд суух гээд унаа хүлээгээд автобусны ар талд байх улаан өнгийн тоосгон 2 давхар дэлгүүр рүү орох гэтэл дэлгүүрийн хаалган дээр нэг танихгүй 40 гаран насны гэмээр эрэгтэй хаалга алдлаад зогсчихоод оруулахгүй байхаар нь би наад дэлгүүр рүү чинь оръё гэж хэлтэл мэндийн зөрүүгүй миний нүүр рүү мөргөөд унагасан ба газар унасан чинь дахиад миний нүүр рүү нэг удаа гутлаараа өшиглөчихсөн юм. ...тэр залуу намайг зодчихоод цаашаа буудлын сүүдэрт очиж хүмүүстэй архи уугаад суугаад байсан ба...цагдаа дуудаад хэсэг хүлээж байгаад...алаг тэрэгтэй цагдаа явж байхаар нь...намайг зодсон хүнийг зааж өгөөд...маргааш өглөө нь...хамт бариач дээр ирж толгойгоо бариулаад тэндээсээ гэмтлийн эмнэлэг дээр очиж хамраа үзүүлсэн чинь миний хамрыг цаашаа цөмөрчихсөн байна, гаргуулна, 120.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. ...намайг цохисон залуу...120.000 төгрөг олж ирж миний хамрыг гаргуулсан, миний хамранд косметек оёдол тавиулсан юм. ...би 2-3 хоногийн дараа очиж үзүүлээд оёдлоо авахуулсан ба...эмч зөөлөн эдийн гэмтэлтэй, 3 сарын дараа дахин хагалгаанд орно гэж надад хэлсэн...эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан. ...Тухайн үед Зоригтбаатар би хүнтэй маргалдсан байсан тэр уурандаа чамайг хүнтэй андуураад зодсон байна гэж маргааш нь эрүүлдээ хэлсэн юм. Тэр залуу намайг ганцаараа зодсон, өөр хэн нэгэн хүнтэй бүлэглэж зодоогүй...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

Гэрч Д.Баттөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн ...2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сэлбэ-10-аас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, автосургуулийн автобусны буудал дээр бусдад зодуулсан хүн байна гэж дуудлага ирсэний дагуу Сэлбэ 121 дуудлагатай машинаар жолооч цагдаа ахлах ахлагч Мягмарын хамт очиж шалгахад иргэн Хангайхүү гэгч хамраас нь цус гарсан байдалтай өөдөөс гүйж ирсэн ба намайг зодсон хүн тэнд байгаа, зааж өгнө гээд дагуулаад...автобусны буудлын зүүн талын ТҮЦ-ны хажууд нөгөө зодсон гэх залуу байж байсан. ...Хангайхүүгийн хамраас цус гарсан байсан...согтуу байх шиг байсан. Харин Зоригтбаатар гэх залуу нилээн согтуу байсан. Тухайн үед согтолтын зэрэг хэмжих багажаар шалгасан байгаа...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

Гэрч С.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Отгонжаргал...Зоригтбаатар...хэдүүлээ ганц нэг юм олж уухаар Нарангийн зам уруудаж явж байгаад автосуруулийн автобусны буудлын тэнд очсон чинь Зоригтбаатар та нар наанаа байж бай, би тийшээ зогсоол ороод хүнтэй уулзаж мөнгө асуугаад ирье гэж хэлсэн ба энэ үед автобусны буудлын тэнд нэг залуу хажуугаар өнгөрөхдөө их эвгүй хараад, миний мөрийг мөрлөөд гарсан чинь хажуугаас Зоригтбаатар хөөш чи муу яаж байгаа юм гээд тэр залуутай маргаад байх шиг байсан ба би Отгонжаргалтай хамт цаана суугаад дэлгүүрээс авсан архины үлдэгдлээ уугаад сууж байсан чинь удалгүй цаанаас Зоригтбаатар хүрч ирээд бид хоёртой хамт сууж байсан чинь цагдаагийн машинтай цагдаа нар, хамраас нь цус гарсан нэг залууг дагуулаад бид нар дээр ирээд Зоригтбаатар руу заагаад энэ залуу намайг зодсон гээд аваад явсан. ...Тухайн үед Зоригтбаатар хэнтэй, яг юунаас болж маргалдсаныг би сайн мэдээгүй. Буудлын тэнд надтай мөрлөөд өнгөрдөг залууг андуураад цохьсон гэж надад сүүлд хэлж байсан. ...Зоригтбаатар уусан байсан, гэхдээ миний санаж байгаагаар бүр ч их тас согтуу бол байгаагүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

Шүүгдэгч Б.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 5 дугаар гудамжны 1-1 тоотод байх манай гэрт манай хоёр найз болох Алтангэрэл, Отгонжаргал нар орж ирсэн ба бид 3 манай гэрт 2 шил архи уусан ба манай гэрээс бид гурав 16 цагийн орчим гараад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх автосургуулийн буудал дээр байх нэрийг нь сайн мэдэхгүй нэг хүнээс мөнгө авахаар явсан ба...буудал дээр ирээд нэг танихгүй 45-46 насны гэмээр 3 хүнтэй маргаад салаад явсан ба...дэлгүүр орчихоод гарч ирсэн чинь нөгөө маргалдсан хүмүүсийн нэгтэй нь адилхан эрээн өнгийн цэнхэр цамцтай эрэгтэй миний өөдөөс гарч ирээд дэлгүүрийн үүдэнд таарахаар нь нөгөө залууг толгойгоороо 2 удаа мөргөчихөөд яваад өгсөн юм. ...Хангайхүүгийн хамрыг тэгшлүүлээд толгойг нь бариулаад эм тариха өгчихөөд...4-5 хоноод ирээд Хангайхүүтэй уулзсан чинь хамар битүүрээд байна гэж хэлэхээр нь дахин толгойны зургийг хамрын зурагтай нь авахуулаад би Хангайхүүд 880.000 төгрөг бэлнээр өгсөн юм. ...өмнө нь хэдэн залуутай маргалдсан байсан тэрэндээ уурлаад тэр Хангайхүү гэдэг залууг андуураад мөргөчихсөн юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10743 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруунд 1,0см урт мэс заслын оёдол авагдсан шархтай. Зүүн дээд, доод завхийг хамарсан 2,5Ч4,0см шаргал ногоон туяа бүхий шимэгдэж буй цус хуралттай. Баруун мөрний ар хэсэгт 3,5Ч0,8см захаасаа эдгэж буй цайвар өнгийн төв хэсэгтээ хүрэн өнгийн тав бүхий зулгаралттай.

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгт: онош: тархи доргилт хамар ясны хугарал гэжээ.

1. П.Хангайхүүгийн биед хамрын нуруунд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 6. Хамрын нуруунд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун мөрөнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16 дахь тал),

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3), хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 4),

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26, 30, 32), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 34-37) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Зоригтбаатар нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Автосургуулийн буудал буюу нийтийн тээврийн хэрэгслийн буудлын баруун талын 2 давхар улаан тоосгон хүнсний дэлгүүрийн үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрч иргэн П.Хангайхүүг зодож биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Зоригтбаатарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Зоригтбаатар нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэгдэж, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан байх ба дээрх хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул түүний ялтай байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар дууссан байна. Энэ нь түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлд хамаарна.

 

Хохирогч П.Хангайхүү нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 43) гэсэн тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх шүүгдэгч Б.Зоригтбаатарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, гэмт хэрэг согтуурсан үедээ үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Тиймээс Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн 201626011998 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баатарын Зоригтбаатарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Зоригтбаатарыг 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зоригтбаатарт оногдуулсан 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Зоригтбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч П.Хангайхүү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Зоригтбаатарт оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сарын хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Зоригтбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ