Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 09

 

О.Х, О.Ц нарт

                       холбогдох эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

           Хяналтын прокурор: С.Энхням,

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч: А.Мөнхсайхан /цахимаар/

           Шүүгдэгч: О.Х, О.Ц      

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

        Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.Х, О.Ц нарт холбогдох, эрүүгийн 1919000000192 дугаартай, 1 хавтас, 212 хуудас бүхий хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхсайханы гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

       1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., ... хамт ... оршин суух хаягтай, урьд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж ялаа эдэлж дуусаагүй үедээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 550000 төгрөгийн торгох ял дээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 1350000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр торгуулын ялыг бүрэн төлж барагдуулсан, ... овогт О.Х,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл ..., ... хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... овогт О.Ц нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.       

            Шүүгдэгч О.Х, О.Ц нар нь бүлэглэн ** УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 48 айлын байрны гадна байсан хохирогч Ц.Тийн өмчлөлийн ** УБЛ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн G-Stock 215/60R17 обуд 2 ширхэг, дугуйн боолт 5 ширхэг, Yokohama stupless 215/60R17 дугуй 2 ширхэгийг хулгайлж 310000 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Сайншанд сумын 3 дугаар баг 39 дугаар байрны гадна байсан хохирогч Д.Нын эзэмшлийн ** ДГА улсын дугаартай, цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг нууцаар, хууль бусаар авсны улмаас 320000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүх: Шүүгдэгч   ... овогт О.Х, ... овогт О.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож,    

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... овогт О.Х, ... овогт О.Ц нарыг тус бүр 1 /нэг/ жил хорих ял шийтгэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х, О.Ц нарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

            хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.Х, О.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х, О.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ан гийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 14500000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч О.Хгээс 7250000 төгрөг, шүүгдэгч О.Цоос 7250000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулахаар,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, орлогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

         Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 14500000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч О.Хгээс 7250000 төгрөг, шүүгдэгч О.Цоос 7250000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч О.Ц, О.Х нарын хэн алиных нь өмч биш ба ** УБЕ улсын дугаартай, тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь М.Мөнхдэлгэрийн өмч, С.Дын эзэмшлийн автомашин гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн хэрэг хянан шалгах явцад дээрх байдлыг шалган тогтоож автомашины эзэмшигч болох С.Дд автомашиныг буцааж өгсөн байгаа. Гэтэл уг тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг “Ашид билгүүн” ХХК нь 14500000 төгрөг гэж үнэлснийг /хх-ийн 56-57 дугаар хуудас/ шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан. Гэтэл дээрх автомашин нь бусдын өмч болох нь тогтоогдсон байхад түүний үнийг шүүгдэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус юм. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. Мөн хавтаст хэргийн материалтай танилцах явцад шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Хавтаст хэргээс харахад хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Д нь өөрийн тээврийн хэрэгслээ түр хугацаагаар шүүгдэгч О.Хгийн эзэмшилд шилжүүлсэн л /өмчлөх эрхээ шилжүүлээгүй/ болохоос тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийснийг нотлоогүй ба хавтаст хэрэгт авагдсан өөр ямар нотлох баримтаар тээврийн хэрэгсэл ашиглаж хулгай хийсэн гэдгийг нотолсон баримт байхгүй байсныг дурдаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломжийг шүүгдэгч нарт олгож өгнө үү...” гэв.

        Шүүгдэгч О.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдан хоригдож байх хугацаандаа их зүйлийг ойлгож ухаарлаа. Би Сайншанд татах хэсэгт дизелийн засварчингаар ажилладаг. Би ээж, дүүгийн хамт амьдардаг. Миний ээж бие муутай, дүү минь ажилгүй. Манай гэр банкны зээлтэй, гэрээсээ ганц би ажил хийж банкны зээлээ төлдөг. Их зүйлийг ухаарч ойлголоо, гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Нийгмээс тусгаарлахгүй шийдэж өгөхийг хүсэж байна...” гэв. 

           Шүүгдэгч О.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би цагдан хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож ухаарсан, хулгай хийсэндээ маш их гэмшиж байна. Манай аав, ээж 2 группт байдаг. Би өөрөө банкны зээлтэй, ээжийнхээ банкны зээлтэй цуг төлдөг. Надаас өөр төлөх хүн байхгүй. Хулгай хийсэндээ маш их харамсаж байна. Би эндээс гарах юм бол аав, ээж, дүү, эх орныхоо хөгжлийн төлөө ажиллаж амьдрах болно гэдгээ амлаж байна. Би эндээс гарах юм бол ахиж хулгай хийхгүй өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.    

           Хяналтын прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгч нар бүлэглэн хулгайлах гэмт хэргийг шөнийн цагаар үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ** УБЕ улсын дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгслийн багажинд хулгайлсан эд зүйлээ хийж тээвэрлэж байгаа нь гэмт хэрэг үйлдэх гол хэрэгсэл болохын зэрэгцээ, хулгайлсан эд зүйлийг зөөвөрлөж тээвэрлэхэд дөхөм болгож ашигласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийг хурааж, эсвэл түүний үнийг гаргуулж улсын орлого болгох хуулийн гол үндэслэл болж байгаа. Иймд тээврийн хэрэгсэл нь мөрдөн шалгах ажиллагаагаар С.Дын эзэмшлийнх гэдэг нь тогтоогдсон тул түүний үнийг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч нараас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болсон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хуульд зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх буюу гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үздэг.

          Мөн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцдог бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, машин механизм ашиглаж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг учиртай. 

        Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд: 

          Шүүгдэгч О.Ц, О.Х нар нь иргэн С.Дын эзэмшлийн ** УБЕ улсын дугаартай, приус-30 маркийн автомашиныг ашиглан бүлэглэж, 2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 48 айлын гадаа байсан хохирогч Ц.Тийн өмчлөлийн ** УБЛ улсын дугаартай, Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, обуд, дугуйн боолт /хх-49/-ыг,

           2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг 39 дүгээр байрны гаднаас хохирогч Д.Нын эзэмшлийн ** ДГА улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг тус тус нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч Ц.Тт 310000 төгрөгийн /хх-49/, хохирогч Д.Нд 320000 төгрөгийн /хх-42/ хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолжээ.

            Шүүгдэгч О.Х, О.Ц нар бусдын эзэмшлийн машин механизмыг ашиглан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь тэдгээрийн мэдүүлэг болон гэрч С.Дын “...гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд уг тээврийн хэрэгслийг шүүгдэч О.Х унаж, ашиглаж байсан, цагдаад саатуулагдсанаа түүнд хэлсний дагуу тэрээр ээждээ цагдаа дээр очихыг хүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-34/-ээр тус тус тогтоогдож байна.

            Гэрч С.Д мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх ба түүнд мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг сануулж мэдүүлгийг авсан, мэдүүлгийг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх ба шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын машин механизм ашиглаж үйлдсэн “хулгайлах” гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго бүрэн тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.  

         Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдсан байх ба шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид тэдгээрийн үйлдэл хамаарч байгааг зөв тодорхойлж, хэргийг зөв зүйлчилжээ.

             Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүгдэгч нарын үйлдлийг “Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн”, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан 2 /хоёр/ жил хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 /нэг/ жил хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.

           Харин шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахдаа Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг буюу “...гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд...”, мөн зүйлийн 5 дахь хэсэг буюу “...хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэснийг тус тус баримталсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарна.

          Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгох учир гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл буюу хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ тул мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтыг хэрэглэх нь илүү оновчтой гэж үзнэ.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхсайхан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл өөр этгээдийнх тул түүний үнийг гаргуулах нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 5-д нийцээгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг давж заалдсан гомдолдоо дурдсан байх ба Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаас үзэхэд хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл нь хохирол төлүүлэхтэй холбоотойгоос гадна хохирол төлбөр төлөгдсөн тохиолдолд хөрөнгө, орлогыг /үнийг/ улсын орлогод шилжүүлэхээр дээрх хуульд тусгагджээ.

          Мөн энэ хэрэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг 14500000 төгрөг гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх ба нэгэнт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь өөр этгээдийн өмчлөлийнх, тухайн этгээд уг эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласныг мэдээгүй болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг өмчлөгчид олгож, үнийг гаргуулах нь дээрх хуулийн агуулга, зарчимд нийцнэ.

           Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар гэм хор учруулснаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан бол гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээдэг бол харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу  албадлагын арга хэмжээг хэрэглэхэд тухайн эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцсон үнэлгээг баримтлах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны” зарчим болон мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэжээ.

          Гэрч С.Д /хх-34/-аас уг тээврийн хэрэгслийн талаар “... 2010 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2017 онд орж ирсэн, эзэмшигч нь 2018 оны 10 сард 15100000 төгрөгөөр худалдаж авсан....” гэж мэдүүлснээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл 10 жилийн хугацаанд ашиглагдсан нь тогтоогдсон байхад шинжээч энэхүү нөхцөл байдлыг харгалзан үнийг тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

          Улмаар шинжээч хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн тээврийн хэрэгслийн бодит байдлыг үзэж, дүгнэлт хийлгүйгээр зөвхөн зах зээл дээрх ижил төстэй хөрөнгийн үнийн судалгааг харьцуулж үнийг тодорхойлсон нь тухайн үнэлгээний зүйлийн шинж, байдал, онцлогыг харгалзан үнэлгээг тодорхойлох Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байна.

         Энэ тохиолдолд шинжээчийн үнэлгээгээр тогтоосон үнэ /14500000 төгрөг/-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд буюу хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхэд баримтлах шаардлагагүй гэж үзсэн болно.

            Аливаа тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг тогтоох нэг гол үзүүлэлт бол спидометрийн заалт буюу тухайн автомашины явсан километрийн заалт атал 2010 онд үйлдвэрлэгдсэн тухайн автомашиныг үнэлэх гол үнэлэмж болох уг заалт /шинжээчийн дүгнэлтэд спидомертийн заалт 0/-ыг тогтоосон баримтгүй байхад энэхүү нөхцөл байдлыг тодруулалгүй, тухайн тээврийн хэрэгслийн бодит байдалд үзлэг хийлгүйгээр зөвхөн үйлдвэрлэгдсэн он, орж ирсэн он гэсэн мэдээлэлд үндэслэн, “...Prius 30 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан дүгнэлт хийж, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 14500000 төгрөг” гэж үнийг тодорхойлсон нь үндэслэлгүй байх тул 14500000 төгрөг гэсэн үнэлгээг 50 хувиар бууруулж, 7250000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч тус бүрээс 3625000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. 

       Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтад дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 14500000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч О.Хгээс 7250000 төгрөг, шүүгдэгч О.Цоос 7250000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг 7250000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч О.Хгээс 3625000 төгрөгийг, шүүгдэгч О.Цоос 3625000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын орлогод оруулж, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхсайханы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч О.Хгийн цагдан хоригдсон 41 хоногийг, шүүгдэгч О.Цийн цагдан хоригдсон 41 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

           3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                   H.БОЛОРМАА