| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2025/0641/З |
| Дугаар | 221/МА2025/0797 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0797
Г.Сын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн төлөөлөгч Ү.О
Гомдол гаргагч: Г.Со
Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.З
Гуравдагч этгээд: “Ш” ХХК
Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Зын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0079881 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0640 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү, хариуцагч Б.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0641/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Г.Со нь “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Зын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0079881 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0640 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0079881 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэмж онцлон хэлэхэд, барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль нь суурь агуулгынхаа хувьд хэрэглэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн хууль юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд онлайн худалдаатай холбоотой залилангийн гэмт хэрэг эрс нэмэгдэж, иргэд хуурамч фэйсбүүк пэйж, инстаграм хуудас, веб сайтаар дамжуулан бараа захиалж, бодит хохирол амсах тохиолдол маш олноор гарч байна. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед үндсэн, олон нийтэд танигдсан “Шоппи” гэсэн нэрийг ашигласан өөр онлайн худалдааны веб сайт, пэйж, хуудас бий болж, ижил төстэй үйл ажиллагаа явуулбал хэрэглэгчид тухайн этгээдийг манай компанитай холбоотой, хамааралтай гэж эндүүрэх бодит эрсдэл үүснэ. Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр нь цаашид ийм төрлийн эрсдэлийг улам нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж манай зүгээс үзэж байгаа юм. Хэрэв “Шоппи” гэдэг үг дангаараа хамгаалагдахгүй гэсэн ойлголт тогтвол цаашид ямар ч хувь хүн, хуулийн этгээд “Шоппи” гэдэг нэрийн араас үг залгаад, ижил төрлийн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Ингэснээр хэрэглэгчид тухайн хуудас, веб сайтыг манай компанийн албан ёсны үйл ажиллагаа гэж ойлгож, төөрөгдөх, улмаар хохирох эрсдэл бодитоор бий болно. Тиймээс энэ асуудлыг зөвхөн нэг компанийн ашиг сонирхлын үүднээс бус, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өнцгөөс нь харгалзан үзэх шаардлагатай гэж бид үзэж байна.
Нөгөө талаас манай компани 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, “Шоппи” гэдэг нэрийг зах зээлд танигдсан, үнэ цэнтэй брэнд болгохын төлөө асар их хөдөлмөр, санхүүгийн нөөц зарцуулсан. Өнөөдрийн байдлаар манай компанид 120 орчим ажилтан ажиллаж байна. 2016 оноос энэхүү гомдол гаргах хүртэлх хугацаанд зөвхөн маркетинг, брэндингтэй холбоотойгоор манай компани 2,3 тэрбум төгрөгийн зардал гаргасан нь санхүүгийн тайлангаар тодорхой харагддаг. Энэ бүхэн нь “Шоппи” гэдэг нэрийг хэрэглэгчдийн дунд итгэлтэй, найдвартай, танигдсан брэнд болгохын төлөө хийсэн бодит хөрөнгө оруулалт юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн улмаас энэхүү нэршил, брэндийн үнэ цэнийг үгүйсгэж, гуравдагч этгээдүүд чөлөөтэй ашиглах боломж бүрдэж байгаа нь манай компанийн олон жилийн хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна гэж бид үзэж байна. Мөн бодит нөхцөл байдлыг харвал нэхэмжлэгч тал болох “shoppy.mn” нь манай ашиглаж ирсэн “sho***.mn”, “shoppy***.mn”, “shoppy***.mn” зэрэг веб сайт, пэйжүүдтэй ижил төстэй нэршил, ижил маркетингийн агуулгаар, тухайлбал “Хятадаас шууд захиал” гэх мэт ижил санаа бүхий сурталчилгаа явуулж байсан нь хавтаст хэргийн баримтаар нотлогддог. Энэ нь зүгээр нэг нэр төстэй байдал бус, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахуйц байдлаар санаатайгаар ижилсүүлэн ашигласан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Хуулийн агуулгын хувьд ч хэрэглэгч бодитоор хохирсон байхыг заавал шаардахгүй, харин төөрөгдөлд оруулах боломж, эрсдэл байгаа эсэхийг харгалзан үзэж, урьдчилан хамгаалах нь барааны тэмдгийн эрх зүйн хамгаалалтын гол зорилго юм. Иймд хэрэглэгчийн эрх ашигт учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан сэргийлэх үүднээс энэ маргааныг анхан шатны шүүх хангалттай дүгнэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Гомдол гаргагч Г.Со нь Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Зт холбогдуулан “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Зын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0079881 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
3. Анх “Ш” ХХК-иас гаргасан “shop***.mn” барааны тэмдгийг бүртгүүлэх мэдүүлгийг Оюуны өмчийн газар хүлээн авч, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу шүүлт хийж, мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/199 тоот тушаалаар “shoppy.mn” барааны тэмдгийн эзэмших онцгой эрхийг “Ш” ХХК-д олгож, улсын бүртгэлийн 40-0026659 дугаартай гэрчилгээ олгожээ.
3.1. Гэтэл “Ш” ХХК-иас “...манай компани 40-0026659 дугаартай “shoppy.mn” барааны тэмдгийг эзэмшдэг. Гэтэл “shoppy center” хэмээх фэйсбүүк хуудас нь 2024 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж манай нэр хүнд бүхий барааны тэмдэгтэй төстэй барааны тэмдгийг ашиглан хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, эрх эзэмшигчийн эрхийг зөрчиж байна...” гэсэн гомдол гаргаж, уг гомдлыг Оюуны өмчийн газар хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2502000169 дугаартай зөрчлийн хэрэг нээж, Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.З зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
3.2. Улмаар зөрчилд холбогдогч Г.Сыг Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн зөрчил үйлдсэн гэж үзэж, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0079881 дугаартай шийтгэлийн хуудсаар түүнд 300,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, хууль бусаар олсон орлого болох 3,250,000 төгрөгийг хураахаар шийдвэрлэжээ.
3.3. Анхан шатны шүүх “... “shoppy” гэх үг “.mn” гэх дагавартай хамт хамгаалагдсан болохоос “shoppy” гэж үг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар дангаар хамгаалагдахгүй тул “shoppy” гэж үгийг өөр бусад этгээд хэрэглэхийг хориглох боломжгүй. Энэ талаар гуравдагч этгээд “Ш” ХХК-д олгосон улсын бүртгэлийн 26659 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээн дээр “42 дугаар ангилалд “mn” дагавар үг хамгаалагдахгүй талаар тодорхой тусгасан байна. Тиймээс “shoppy” гэх үгэн барааны тэмдгийг бүртгэхэд shoppy гэж үгийг салгаж хамгаалахгүй, гомдол гаргагчийн цахим орчинд shoppycenter фейсбүүк хуудас хөтөлж ажиллуулсан нь бүртгэгдсэн дээрх барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэй гэж үзэхээргүй байна” гэж хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
4. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг”, 5 дугаар зүйлийн 5.6-д “Энэ хуульд заасан барааны тэмдгийн ижил, эсхүл төсөөтэй эсэхийг тодорхойлох шалгуурыг төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж, мөн Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.18-д “Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6, 5.2.7-д заасан Барааны тэмдгийн ижил болон төсөөтэй байдлыг Монгол улсад мэдүүлсэн болон бүртгэгдсэн барааны тэмдгийн санд хайлт хийж харагдах байдал, дуудлага, утга агуулга, барааны тэмдгийг ашиглах бараа үйлчилгээний хувьд харьцуулалт хийж тогтоох ба дараах тохиолдолд ижил эсхүл төсөөтэй гэж үзнэ” гээд 5.18.2-т “Мэдүүлж буй илэрхийлэл нь харьцуулж буй барааны тэмдэгтэй дуудлага, үсгийн фонт, график хослол, харагдах байдлын хувьд болон ашиглах бараа үйлчилгээний хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байвал тэдгээрийг төсөөтэй гэж үзнэ”, 5.18.4-т “Харагдах байдлын хувьд төсөөтэй гэдэгт харьцуулж буй барааны тэмдгүүд нь үсгийн фонт, график хослол, гадаад хэлбэрийн хувьд дийлэнх хэсэг нь төстэй бөгөөд ашиглах бараа үйлчилгээний хувьд ижил болон төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахуйц байдлыг ойлгох ба ерөнхий харагдах байдал, шрифтийн төрөл, бичилтийн хэлбэр, тухайлбал дармал бичиг, бичмэл бичиг, том үсэг, жижиг үсэг зэрэг, үсгүүдийн байрлал, өнгө болон өнгөний хослол зэргийг харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
4.1. Дээрх хууль болон журмын зохицуулалтуудаас үзвэл, гомдол гаргагч Г.Сын “shoppуcen***” нэрээр фэйсбүүк хуудас нээж ажиллуулсан нь гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн “shoppy” барааны тэмдэгтэй харагдах байдлын хувьд төсөөтэй гэдэгт харьцуулж буй барааны тэмдгүүд нь үсгийн фонт, график хослол, гадаад хэлбэрийн хувьд дийлэнх хэсэг нь төстэй бөгөөд ашиглах бараа үйлчилгээний хувьд ижил болон төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахуйц байгаа эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой.
4.2. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзвэл, гуравдагч этгээд “Ш” ХХК нь Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/199 тоот тушаалаар “shoppy.mn” барааны тэмдгийн эзэмших онцгой эрхийг олж авсан бөгөөд 40-0026659 дугаар барааны тэмдэгт 42 ангиллын бараа, үйлчилгээг хамаарахаар бүртгэгдсэн бол гомдол гаргагч Г.Со нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн “shoppуcen***” гэх нэрээр фейсбүүк хуудас нээж, БНХАУ-аас бараа захиалгын үйлчилгээ үзүүлж байжээ.
4.3. Тодруулбал, гомдол гаргагч Г.Со нь 40-0026659 дугаар барааны тэмдгээр хамгаалагдсан “shoppy” нэртэй үсгийн фонт, график хослол, гадаад хэлбэрийн хувьд дийлэнх хэсэг нь төстэй, ашиглах бараа үйлчилгээний хувьд ижил болон төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахуйц “shoppуcen***” гэсэн нэрээр фейсбүүк хуудас ажиллуулсан болох нь тогтоогдож байна. Энэ талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд томилогдсон Оюуны өмчийн газрын шинжээч Г.Буяндэлгэрийн 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд мөн агуулгаар тусгагджээ.
5. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно”, 13.1.4-т “барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол”, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
5.1. Гомдол гаргагч Г.Со нь барааны тэмдгээр хамгаалагдсан нэрийг интернэт, сурталчилгаанд ашигласан буюу барааны тэмдэг эзэмшигч “Ш” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул түүнд хуульд заасан шийтгэл оногдуулсан Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0079881 дугаартай шийтгэлийн хуудас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэж байна.
Иймд гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагч Г.Сын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0640 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.6, 12 дугаар зүйлийн 12.3.5, 13 дугаар зүйлийн 13.1.4, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Г.Сын “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Зын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0079881 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Ш” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ