Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1184

 

 

 

 

 

 

 

   2023        09          12                                   2023/ШЦТ/1184

 

 

                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч Б.Мөнхтулга

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд

          Шүүгдэгч Б.Ө*****,  түүний өмгөөлөгч М.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****** овогт *********-н *********-т холбогдох эрүүгийн “2206 04114 3190” дугаартай 1 хавтас хэргийг шүүх 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19** оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ****** аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ****** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ****** дүүрэг ** дугаар хороо ****** хороолол ** дугаар байр ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ****** овогт ****** -н ****** /РД:****** /.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

           Шүүгдэгч ****** нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39в байрны 08 тоотод байрлах 2 өрөө байрны зээлийг төлж, дахин зээл авч удаалгүй төлнө гэж 40.000.000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй зээлэхээр ****** -тэй арилцан тохиролцсон байна. ****** нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 5 удаагийн интернэт банкны гүйлгээгээр нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх ба ****** нь уг мөнгийг зээл төлөхөд бус Бинанси платформ дээр Луна гэх нэршилтэй криптовалют авч залилсан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр тал/, Богд банкны 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн ЗГ/2115 дугаар зээлийн гэрээ /хх-ийн 12-17 дугаар тал/, шүүгдэгч ****** хохирогч ****** нарын 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 22 дугаар тал/, хохирогч ****** мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр тал/, шүүгдэгч ****** гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч ******  мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/, шүүгдэгч ****** -н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/, Богд банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б18/87 дугаар тушаал /хх-ийн 102 дугаар тал/, Богд банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 4-ний Б22/289 дугаар тушаал /хх-ийн 103 дугаар тал/, шүүгдэгч ****** -н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр тал/, зэргийг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

          Шүүгдэгч ****** нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39в байрны 08 тоотод байрлах 2 өрөө байрны зээлийг төлж, дахин зээл авч удаалгүй төлнө гэж 40.000.000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй зээлэхээр ****** -тэй харилцан тохиролцсон байна. ****** нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 5 удаагийн интернэт банкны гүйлгээгээр нийт 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх ба ****** нь уг мөнгийг зээл төлөхөд бус Бинанси платформ дээр Луна гэх нэршилтэй криптовалют авч залилсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.              

 

Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр тал/,

 

Богд банкны 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн ЗГ/2115 дугаар зээлийн гэрээ /хх-ийн 12-17 дугаар тал/,

 

Шүүгдэгч ****** хохирогч ****** нарын 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 22 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****** өгсөн: “...Намайг 50.000.000 төгрөгийн зээлээ аваад 2 хонож байхад буюу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр миний тус банкнаас хөөцөлдсөн эхний зээлийг судалсан зээлийн эдийн засагч ******-н ****** гэх хүн над руу утсаар холбогдон надад “та зээл авсан мөнгөө хэрэглээгүй байгаа юм байна, дүүдээ түр зээлүүлчих, би 2-3 хоногийн дараа танд буцааж өгнө, би энэхүү мөнгөөр банкны 1 зээл чөлөөлүүлж авчхаад буцаагаад зээл аваад таны мөнгийг өгье, би нэг зээл хөөцөлдөөд байгаа юм, та надад 0.5% хүүтэй ч хамаагүй зээлчих, эсвэл би банкны зээлийн төлөлтөөс чинь хамт төлөлцье” гэж хэлсэн Тэрээр тухайн үед надаас яг хэдэн төгрөг зээлэх гэж байгаа талаараа тодорхой хэлээгүй. Би тухайн үед авсан зээлийн мөнгийг ашиглах арай болоогүй байсан тул миний зээлийг өмнө нь судалж байсан ****** гэх хүнтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлцэлд тулгуурлан түүнд мөнгө зээлэхийг зөвшөөрсөн. Ингээд ****** нь надад 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэлэхдээ “би өөрийн ахдаа зээлж хөөцөлдөж өгөх хэрэгтэй байна, та 10.000.000 төгрөг зээлээч, ахын зээл бүтэхээр нь би буцаагаад өгье” гэж хэлсний дагуу түүний Голомт банкны 11093069** дугаарын дансанд өөрийн Хаан банкны 50212501** дугаарын данснаас 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нийт 2 удаагийн гүйлгээгээр /5, 5 саяар/ нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

Үүний дараа ****** нь ахин над руу залгаад “та мөнгөө хэрэглээгүй байгаа юм байна, та дүүдээ 30.000.000 төгрөгөө дахин зээлээч, банканд барьцаатай байгаа байрны зээлийг чөлөөлөх хэрэгтэй байна, уг байр нь миний нэр дээр байдаг байр бөгөөд би зээлээ чөлөөлчихвөл дахин зээл гаргуулж аваад буцааж өгье” гэж хэлсэн тул би түүнийг банканд ажилладаг учраас итгэлтэй хүн байх гэж бодоод дахин зөвшөөрөн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр түүнд 30.000.000 төгрөгийг ****** -н Хаан банкны 54210890** дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 50212501** дугаарын данснаас шилжүүлсэн. /2022.06.22-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 28.000.000 төгрөгийг /25 сая төгрөг, 3 сая төгрөг/, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өглөө үлдэгдэл 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

****** нь надаас дээрх мөнгийг зээлж авахдаа 2-3 хоногийн дотор буцааж өгнө гэсэн тул би түүнд зээлүүлсэн. Гэтэл түүний хэлсэн хугацаа өнгөрсөн ч тэрээр над руу яриагүй. Тухайн үед би зээд нь судлагдаж байгаа байх гэж бодоод байрны гэрчилгээний эх хувийг үзэж хармаар байна, танай гэрт очиж үзмээр байна," гэж шалахад тэрээр надад “би түлхүүрээ гэртээ үлдээгээд хаалгаа түгжсэн” гэж хэлээд гэртээ оруулаагүй, мөн байрны ордер нь өөрт байхгүй байна гээд үзүүлэхгүй байсан тул е-монголиа сайтаар өөрөөр нь оруулж харахад түүний бидэнд өөрийнх нь өмчилсөн гэж ойлгуулсан байсан тус үл хөдлөх хөрөнгө нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тус байр худалдагдсан гэж гарч ирсэн. Түүнээс энэ яагаад ингэж гарч ирсэн талаар асуухад тэрээр эхнэр бид хоёрт “миний байрыг ипотекийн зээлээр худалдаж авах гэж байгаа хүн нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан байгаа, би урьдчилгаа мөнгө аваагүй, банк ер нь нэг талаараа ийм эрсдэлтэй зээл гаргадаг” гэх утгатай юм хэлсэн. Тухайн үед түүний яг юу хэлээд байгааг би сайн ойлгоогүй. Гэхдээ түүний хэлж байгаа нь түүнтэй ярилцах явцад худлаа болж үгүйсгэгдэж эхэлсэн тул түүний намайг хуурч, өөрийн эзэмшилд байхгүй үл хөдлөх хөрөнгийг байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьд нь зээлээ судлуулж харьцаж байсан бидний урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, миний нэр дээр авсан зээлийн мөнгө болох 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан энэ залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар танай цагдаагийн газарт өргөдөл гаргаж байна.

Энэхүү зээлийн хугацаа нь 3 жилийн хугацаатай, cap бүрийн хүүгийн төлөлт нь 1.900.000 төгрөгийн хүүтэй байхад дээрх зээлийн мөнгөө өөрийн ажилдаа ч зарцуулж чадахгүй, банканд хий дэмий зээлийн хүү төлж эд хөрөнгө, сэтгэл санаагаараа асар их хохирч байна. Дээрх зээлийг би авахдаа өөрийн амьдардаг хашаа байшин болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо тахилт 3-419 тоотод байх өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө хүртэл барьцаа болгож авсан. Дээрх хүн нь энэхүү зээлээ буцааж өгөхгүй бол орон гэргүй болох эрсдэлтэй байна. Иймд дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ****** -н дахин өгсөн: “... Надад койн авна гэж огт хэлээгүй. Надаас авсан мөнгөө надад хэлсэн ярсныхаа дагуу зарцуулаагүй, анхнаасаа намайг хуурсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ****** -н өгсөн: “...Нөхөр маань Богд банканд зээлийн эдийн засагч ажилтай, би өөрөө бас нэг компанид тооцооны нягтлан хийгээд амьдрал хэвийн үргэлжилж байсан. Гэтэл 2022 оны 7 дугаар сард ****** гэх ах мөнгө нэхэж манай гэрт ирснээр би нөхрөө өрөнд орсон гэж мэдсэн. Тэрнээс гадна нөхрийн дуу шуу нь багасаад юманд зовниод байгаа нь ажиглагдаад эхэлсэн. Тэрнээс болоод өөрөөс нь асуухад Мөнхтөр гэх хүнээс 40 сая төгрөг зээлээд койн аваад түүнийх нь ханш нь унаад бүр ор тас байхгүй болчихсон гэсэн. Тэрнээс гадна өөр хүмүүст бас өртэй байсан байна лээ. Сүүлдээ бид 2 ярилцаад байраа зараад ч болов хүний өр даръя гээд ипотекийн зээлтэй 2 өрөө байраа зарсан. Байрыг маань авсан хүмүүс бас ****** -с  авлагатай байсан юм байна. Тэр хүмүүс байрыг авахдаа зээлийг нь хаагаад өр ширээ суутгаад 20 орчим сая төгрөг бидэнд өгсөн Тэрийг Өсөхөө цалингийн зээл энэ тэрээ дараад дуусгасан. Би ер нь нарийн ширийн зүйлийг нь мэддэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/,

 

шүүгдэгч ****** -н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр тал/ бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

            Улсын яллагч “Шүүгдэгч ****** нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 6 дугаар  сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч ****** -д 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

          

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ****** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ****** нь хохирол төлбөрт 40.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ****** нь мөрдөн шалгах ажиллагаа шүүхийн шатанд хохирогчид 28.500.000 төгрөгийг төлсөн.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ****** -с 11.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч ****** -д олгохоор шийдвэрлэлээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч Б.Өсөхбаярын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Харин шүүгдэгч ****** -т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...хохирлыг нөхөн төлсөн /28.500.000 төгрөг/, ...нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч ****** -т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин орлого зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

 

Тэнссэн хугацаанд шүүгдэгч****** -т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

 

Шүүгдэгч ****** нь энэ хэрэгтээ 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 42 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ****** овогт ****** -н ****** -г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. ****** -т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ****** нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Б.Өсөхбаяр нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ****** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ****** -с 11.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч ****** -д 11.500.000 төгрөгийг олгосугай.

 

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, ****** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон 42 хоногтой болохыг тус тус дурдсугай.

 

      8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ****** -т урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ****** -т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                           

 

       

                                     ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                           Э.ЧИНГИС