| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2020/00355/И |
| Дугаар | 374 |
| Огноо | 2020-04-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 374
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д овогт Ж.О -гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У овогт Э.Л-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00355И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.О, хариуцагч Э.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Э.Л тэй 2005 онд танилцаж, 2006 онд гэрлэлтээ баталгаажуулсан. Бидний дундаас 2009 оны 03 сарын 16-ны өдөр хүү Л.Г төрсөн. 2009 онд хүүгээ төрүүлээд хэрүүл маргаантай байсан тул тусдаа амьдарсан. Э.Л нь одоо өөр хүнтэй гэр бүл болсон. Нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэсгээсээ татгалзаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Л.Г ыг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Бидний дундаас 2009 оны 03 сарын 16-ны өдөр хүү Л.Г төрсөн. 2 талаасаа хүүхдээ тэжээж тэтгээд явдаг. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүү Л.Г ыг ээж Ж.О гийн асрамжид үлдээнэ гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Э.Л д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хурэлдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаа татан авсан байна.
Ж.О , Э.Л нар нь 2005 онд гэр бүл болж гэрлэлтээ 2006 оны 07 сарын 20-ны өдөр бүртгүүлж, тэдний дундаас 2009 оны 03 сарын 16-ны өдөр хүү Л.Г төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс 2009 оны хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болсон, хариуцагч Э.Л нь өөр хүнтэй гэр бүл болсон гэх тул эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах шаардалгагүй гэж үзэн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Л.Г ыг эх Ж.О гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Д овогт Ж.О, У овогт Э.Л нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн хүү Л.Г ыг эх Ж.О гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Л гээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.О-д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Азжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ