Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Гантулга,

шүүгдэгч Ж.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Ж.Ганболд (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2352) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сармайхан овогт Жамбадагвын Пүрэвдоржид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012439 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сармайхан овогт Жамбадагвын Пүрэвдорж, Монгол Улсын иргэн, Өвөрхайнгай аймгийн Баян-Өндөр суманд 1975 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мах маркет ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 14-30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЙГ75110619.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ж.Пүрэвдорж нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр иргэн Ц.Гэрэлцогттой маргалдан улмаар нүүрэн тус газар нь 1 удаа мөргөж биемахбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ж.Пүрэвдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Гэрэлцогтын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би өөрөө хувиараа микро автобус барьж шугаманд явдаг юм. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өглөө 07 цагийн үед Баянхошуунаас Саппоро чиглэлд хүн тээвэрлэж...Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр хүнээ буулгаад хөдлөөд явж байтал 5966 серийн дугаарыг нь мэдэхгүй мөнгөлөг өнгийн Грес маркийн микро автобус урдуур хөндлөн шахаад орж ирээд бараг шүргэлцэх дөхсөн юм. ...Тэгээд дараагийн буудал болох 21-н автобусны буудал дээр байж байтал араас тэр микро ирэхээр нь би бууж очоод энэ олон хүн ачиж явж байж яасан айхтар ширүүн явдаг юм бэ, хүн аллаа ш дээ гэтэл жолооч цонхоороо гараа гаргаад миний хувцаснаас бариад заамдаад авсан. Тэгэхээр нь өөдөөс нь барилцаж автал урд нь сууж явсан залуу бууж ирээд намайг салгах нэрийдлээр намайг өмсөж явсан хувцасаар боогоод барьчихсан. Тэгээд би намайг боосон хүнийг барьж аваад үлдсэн чинь тэр микроны жолооч нь машинаа асаагаад яваад өгчихсөн. Явах үедээ миний машины түлхүүрийг сугалж аваад явчихсан бөгөөд манай кондуктар түлхүүрээ авъя аа гэтэл цонхоороо шидчихээд явчихсан юм. ...миний хамарнаас бололтой цус гараад байсан ба би тэр барьж үлдсэн хүнээ машин руугаа суулгаад цагдаа дээр очих гэтэл суухгүй гээд байхаар нь цамцнаас нь 2-3 удаа таттал миний яг улаан нүүр рүү нэг уда нилээн хүчтэй манартал мөргөсөн. Тэгэхэд л хэсэг манарч байгаад цагдаа дээр ирж барьж өгсөн байгаа. Би маргаашнаас нь бие өвдөөд байхаар нь эмнэлгээр яваад Идэрмэг гээд мэдрэлийн хувийн эмнэлэгт 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 8 хоног хэвтээд гарсан. Анх гэмтлийн эмнэлэгт очоод толгойн рентген зураг авахуултал гавал яс цууралттай байж магадгүй гээд томогораф-н зураг авахуулсан. Тэгээд аваад үзүүлтэл 1-р эмнэлгийн эрүү нүүрний тасагт үзүүлтэл манай талаас гайгүй байна. Нүд болон чих, хамрын эмчид үзүүл гэсэн...үзүүлтэл хэд хоног харзнаж байж болно гэсэн. ...Эхлээд нүдний эмчилгээ хийсний дараа хамраа тэгшлүүл гэсэн.

...Би тэр үед уурандаа бас л адилхан барилцаж аваад л байсан. Цохьсон эсэхээ санахгүй байна. Би маш их уурласан байсан. Адилхан бас барьж аваад ганц нэг удаа цохьсон болов уу гэж бодож байна. Намайг мөргөснийх нь дараа би манараад хэн нь яагаад юу болоод байгааг ч мэдэхгүй болчихсон байсан.

...Би ерөнхийдөө зүс бол таньж байгаа. Тэр жолооч залууг нь адилхан шугаманд явдаг болохоор нь зүс харж байсан. Нөгөө мөргөсөн ахыг нь бол ёстой мэдэхгүй байна.

...Би тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ бол намайг харж байхад л зодож цохисон зүйл байхгүй ээ гэж бодож байна.

Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн эмчилгээний зардалд Пүрэвдоржоос 600.000 төгрөг гаргуулж авсан бөгөөд бид хоёр цуг эмнэлгээр явж эм тариа зэрэг авсан  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),

2. Гэрч Ж.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: ...би тэр хүнд гар хүрч зодож цохисон зүйл байхгүй. Машинд сууж байгаад л заамдаад авахаар нь адилхан заамнаас нь бариад цааш нь түлхэсэн байх гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

3. Гэрч Ж.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Гэрэлцогтой багаасаа Чингис Соосэ-гийн шугаманд микротой кондуктор хийж байсан. Тэрнээс хойш л таньж мэдэх болсон. Бараг 7-8 жил гаран болж байна. Тэрнээс ямар нэгэн байдлаар ах дүү, төрөл садангийн холбоо байхгүй. Би одоо ч гэсэн хамт явж байгаа. ...Тэр өдөр би Гэрэлцогт ахтай хамт Баянхошуу дээрээс 3, 4-р хороолол руу хүн авч зөөгөөд тээвэрлэж явсан юм. Тэгэхэд Гэрэлцогт ах машинаа бариад, би кондуктор хийгээд явж байсан ба Сонгинохайрхан дүүргийн буудал дээрээс хөдлөх гэтэл 59-66 гэсэн дугаартай микро автобус хажуу талаар шахаад урд талд гараад зогссон. Тэгсэн чинь Гэрэлцогт ах ухарч гараад 21-н автобусны буудал дээр очоод зогсоход нөгөө микро яг ард талд ирээд зогссон. Тэгсэн чинь Гэрэлцогт ах машинаасаа буугаад ард байсан нөгөө микроны жолооч дээр очиход чи хүн тээвэрлэж байж яаж явж байгаа юм бэ, ингэж болохгүй шүү гэтэл цонхоороо гараа гаргаж ирээд...тэр хоёр хоорондоо барилцалдаад авсан. Тэгээд маргалдаад байхаар нь би болон нөгөө микроны кондуктор бид 2 салгах гэж байтал урд талын хажууд нь сууж явсан нэг залуу бууж ирээд хажуу талаас нь заамдаж байгаад л барилцаж аваад явъя гэсэн чинь Гэрэлцогт ахыг нүүрэн хэсэг рүү нь дух хэсгээрээ шууд мөргөчихсөн. Тэгээд Гэрэлцогт ах тавьчихаар нь би нөгөө залууг бариад үлдэхэд 59-66 дугаартай микро нь цаашаа хөдлөөд явчихсан юм. ...нөгөө кондуктор эгч нь манай машины түлхүүрийг авчихаад буцаагаад шидээд өгчихсөн. ...Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Буугаад тэр жолоочид нь жоохон юм хэлсэн юм шиг байна лээ. Тэгсэн чинь л өөдөөс нь барилцаад авсан юм. Тэгээд би очоод салгах гэтэл нөгөө залуу намайг 2 удаа түлхээд Гэрэлцогт ахтай барилцаад авсан ба тэгсэн нөгөө микро ч хөдлөөд явсан. Би эргээд харах хооронд л Гэрэлцогт ахыг так гэтэл нь мөргөөд авчихсан юм...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13559 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний доод зовхинд хөхөлбөр ягаан цустай, хамрын нуруу хэсэг зүүн тийш муруйсан, дээд уруул хавдсан, дээд уруулын дотор салстад язарсан шархтай.

2016.09.28-ны өдрийн ГССҮТ-ийн үзлэгт хацар ясны далд хугарал, тархи доргилт...

2016.09....ний өдрийн толгойн КТГ-ийн шинжилгээнд... баруун талын нүдний ухархайн доод хана 1.4 см өргөн хэсэгт гайморын хөндий рүү 0.5 см цөмөрсөн хугаралтай. Баруун нүдний ухархайн дотор хана 1.1 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.4 см, зүүн нүдний дотор хана 0.9 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.3 см тус тус гүн хугаралтай. Зүүн талын гайморын хөндийн урд хана 0.9 см өргөн хэсэгт 0.1 см дотогш цөмөрсөн хугаралтай. Хамар ясны 2 хажуу хана зөрүүтэй, хянга хэсгээр бага зэргийн цөмөрсөн хугаралтай. ...баруун нүд орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...

2016.09.28-ны өдрийн УНТЭ-ийн ЭНМЭ-ийн эмчийн үзлэгт эрүү нүүрний талаас хагалгаа үгүй...

2016.09.29-ний өдрийн УНТЭ-ийн нүдний эмчийн үзлэгт баруун ухархайн дотор доод хананы хугарал гэжээ.

ДҮГНЭЛТ:

1. Ц.Гэрэлцогтын биед зүүн хацар ясны хугарал, баруун зүүн ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21),

 

5. Шүүгдэгч Ж.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн:  ...2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байх гэрээсээ гараад өөрийн дүүгийн микронд суугаад ажил руугаа явахаар болсон юм. Тэгээд суугаад явж байхад хойд талд явж байсан нэг микротой шахцалдаад л яваад байсан. Сонгинохайрхан дүүргийн буудлын орчим миний сууж явсан микрог баруун гар талаас нь нэг микро автобус шахаад зогсчихсон юм. Тэгээд хөдлөөд урагшаа явчихаар нь Баттулга араас нь очоод 21-н гэрлэн дохион дээр зогсож байгаад нөгөө микро араас ирэхээр нь шахаад урд талдаа оруулаагүй шахчихсан чинь нөгөө микро шууд зүүн гар талаас уулзвар нэвтрээд 21-н буудал дээр түрүүлж очоод зогссон байсан. ...буудал руу ороход нөгөө залуу машинаасаа бууж ирээд жолооч талын хаалган дээр ирээд цонхны цаанаас Баттулгатай барилцаад авсан бөгөөд хоорондоо хэрэлдээд, барьцалдаад салахгүй болохоор нь би урд нь сууж байгаад буугаад тойрч очоод нөгөө залууг салгаад барилцаж авахад Баттулга хөдлөөд явчихсан. Тэгээд тэр жолооч бид хоёр хоорондоо маргалдаад хэд хэд цохилцож байгаад намайг цагдаа дээр аваачиж өгнө гэхээр нь би нүүрэн хэсэг рүү нь нэг удаа өөрийн толгойгоороо мөргөчихсөн юм. Тэгсэн чинь нөгөө жолоочийн хамраас нь цус гараад манарсан байдалтай хэсэг зогсож байгаад...бид өөрсдөө цагдаа дээр ирсэн...

...Би тэр залуутай нилээн зууралдаж заамдалцсан. Тэгж байгаад 1 л удаа нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөсөн байгаа. Өөрөөр цохиж зодоогүй. ...Би эмчилгээний зардалд Гэрэлцогтод 600.000 төгрөгийг төлсөн байгаа гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-33 дахь тал),

 

-Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 4), иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 34), Идэрмэг мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн 42-51), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 52-53),

-шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35-36, 38), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт (хавтаст хэргийн 40) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  байна гэж үзэж шүүх нотлох баримтад үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Ж.Пүрэвдорж нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр дүү Ж.Баттулгатай барьцалдаж, явуулсангүй гэх шалтгаанаар дүүгээ өмөөрч хохирогч Ц.Гэрэлцогттой маргалдаж, улмаар түүний нүүр рүү 1 удаа мөргөж биемахбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн болон хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Пүрэвдоржид Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүх Ж.Пүрэвдоржийн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Пүрэвдорж нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. (хавтаст хэргийн 38 дахь тал)

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Пүрэвдоржид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж тус гэмт хэрэг нь гарсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан шүүгдэгч Ж.Пүрэвдоржид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Пүрэвдорж нь хохиролд 600.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ц.Гэрэлцогт нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Пүрэвдорж нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сармайхан овогт Жамбадагвын Пүрэвдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пүрэвдоржийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пүрэвдоржид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Ж.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Гэрэлцогт нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ж.Пүрэвдоржид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хянант тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Пүрэвдоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ