| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2025/0371/З |
| Дугаар | 221/МА2025/0796 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0796
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Ш.А
Нэхэмжлэгч: Ө.Ө
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаал, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрү гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/00633 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ө.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.У, Д.Ах, хариуцагчийн өмгөөлөгч Ш.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0371/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Ө нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаал, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрү гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/00633 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7.1.2, 43.3.4, 45.1, 52.2, 55.2, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 127.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэгдүгээрт, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэглэх ёстой хуулийг огт хэрэглээгүй гэж үзэж байна. Захиргааны байгууллага хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудад заасан хэм хэмжээг сонгон хэрэглэж, сахилгын шинжтэй арга хэмжээ авсан. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд үндэслэн сахилгын хариуцлага оногдуулж, албан тушаал бууруулах шийдвэр гаргасан байхад шүүх үүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны хамтарсан тушаалаар баталсан “албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-тай нийцээгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн. Гэтэл уг журам нь сахилгын шийтгэлтэй огт өөр харилцааг, өөрөөр хэлбэл төрийн албаны ачаалал тэнцвэржүүлэх, туршлага солилцох, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албан хаагчийг ихэвчлэн өөрийн хүсэлтээр сэлгэн ажиллуулах харилцааг зохицуулдаг. Харин маргаантай тохиолдолд сахилгын зөрчилд хариуцлага оногдуулж, албан тушаал бууруулсан шийтгэлийн харилцаа яригдаж байгаа тул уг журам хамаарах боломжгүй. Иймд журамд тулгуурлан захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгасан нь хуулиас давсан, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн ноцтой алдаа болсон.
Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар анхан шатны шүүх хангалттай дүгнэлт хийгээгүй. Хэргийн материалд тодорхой байгаачлан, анхан шатны шүүх нэхэмжлэлийг анх хүлээн авахаас татгалзсан бөгөөд уг захирамжийг давж заалдах шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор тодорхой хэсгийн хувьд хэвээр үлдээсэн. Энэ тогтоолын үндэслэл нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хэрэгжих боломжтой гэсэн агуулгатай байсан бөгөөд тухайн үед Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар гомдол гаргах 14 хоногийн хугацаа дуусаагүй байсан. Өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаа бодитоор хэрэгжсэн гэж үзэх нөхцөл бүрдээгүй байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэзээнээс эхэлсэн, хэзээ тасалдсан, ямар гомдол хэзээ гаргасан, түүний хариу хаана байгаа талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Үүний оронд хоёр өөр тушаал, хоёр өөр маргаантай актыг хоорондоо холбоотой, нэг агуулгатай мэтээр үзэж, нэгэнд нь гомдол гаргасан нь нөгөөд нь хамаарна гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд зөрчсөн дүгнэлт болсон.
Гуравдугаарт, нотлох баримтыг үнэлэхдээ шүүх бодит эрх зүйн ойлголтоос хазайсан. Төрийн албан хаагчийн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, түүний эцсийн үнэлгээ нь тухайн жилийн туршид ажлын үр дүнг дүгнэхэд чиглэдэг болохоос сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх үндсэн баримт биш. Зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хяналт шалгалтаар зөрчлийг тогтоож, хөөн хэлэлцэх хугацаанд багтаан сахилгын шийтгэл оногдуулах ёстой байтал шүүх “жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ өндөр гарсан тул зөрчил байхгүй” гэх агуулгаар дүгнэлт хийж, сахилгын шийтгэлийг хүчингүй болгосон. Энэ нь зөрчлийн эрх зүйн тогтсон ойлголт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны логиктой нийцэхгүй. Зөрчил илэрснээс хойш хөөн хэлэлцэх хугацаанд шийдвэрлэх ёстой атал “жилийн эцсийн үнэлгээнд заавал тусгах ёстой” гэх шинэ, хуульд байхгүй шаардлагыг бий болгож, шүүх өөрийн үзэмжээр эрх зүйн зохицуулалтыг шинээр тогтоосон мэт байдал үүсгэсэн.
Эцэст нь, анхан шатны шүүх захиргааны актыг хянахдаа материаллаг болон процессын эрх зүйн шаардлага хангагдсан эсэхийг шалгах ёстой атал бодит байдал дээр захиргааны байгууллагын чиг үүрэгт халдаж, тухайн албан хаагчийн үйлдэл анхнаасаа зөрчил мөн эсэхийг дахин шинээр тогтоох байдлаар хэрэгт хандсан. Өөрөөр хэлбэл, зөрчлийг шалган шийдвэрлэсэн захиргааны байгууллагын оронд өөрөө “дээд захиргаа” мэтээр оролцож, үйлдлийг биш актыг хянах ёстой шүүхийн үндсэн зарчмыг зөрчсөн” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ө.Өгаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаал, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрү гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Анх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/488 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч Ө.Өг томилжээ.
3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаалаар дээрх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/488 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба “... Ө нь албан тушаал шилжин ажиллах болсон тул” гэсэн үндэслэл заасан байна.
3.3. Улмаар мөн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч Ө.Ө нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс түүний албан тушаалыг бууруулж, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр шилжүүлэн томилжээ.
3.4. Ингэхдээ хариуцагчаас “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, Бүртгэлийн цахимжуулалтын үйл ажиллагаа, Хяналтын улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаа гэсэн чиглэлээр 2023 оны болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн ... шалгалтаар улсны ахлах бүртгэгч Ө.Ө 2 төрлийн нийт 14 зөрчил гаргасан байдаг, тус тасгийн 12 албан хаагчийн нийт 68 зөрчлийн 28 зөрчлийг арилгаж, 36 зөрчлийг арилгаагүй бөгөөд хяналтын улсын байцаагчийн хугацаатай хүргүүлсэн албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй” гэж тайлбарлан маргаж байна.
4. Маргаан бүхий тушаалуудын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах” гээд 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно”, 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж тус тус заасан.
4.2. Дээрх хуулийн заалтаас үзвэл, албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны үндсэн дээр нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулж болох бөгөөд ингэхдээ түүний албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байхаар хуульчилжээ.
4.3. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч Ө.Өтай харилцан тохиролцоогүй, нэг талын санаачилгаар түүнийг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр шилжүүлэн томилж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх ба түүнийг шилжүүлэн томилох зайлшгүй шаардлага байсан эсэхийг баримтаар нотолж чадаагүй байна.
4.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Баянгол, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамж”-ийн дагуу дурдагдсан хэлтсүүдийн 2023 болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байх ба уг шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчаас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Шалгалтаар илэрсэн зөрчил арилгах тухай” 46 дугаартай албан шаардлагыг гаргасан. Үүнд улсын ахлах бүртгэгч Ө.Өд холбогдох 14 зөрчил илэрсэн талаар дурджээ.
4.5. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 752 дугаартай албан бичгээр дээрх хяналт, шалгалтын дүнгийн талаарх илтгэх хуудсанд Ө.Өд Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн хэдий ч энэ нь түүнийг өөр албан тушаалд шилжүүлэн томилох үндэслэл болохгүй.
4.6. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” гээд 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж тус тус заасан.
4.7. Хэрэв хариуцагчаас нэхэмжлэгч Ө.Өг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулж байгаа бол түүний гаргасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан тохирох сахилгын шийтгэлийг ногдуулах учиртай. Гэтэл түүнийг хуульд заагаагүй үндэслэлээр өөр албан тушаалд шилжүүлэн томилж байгаа нь маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.
5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
5.1. Харин, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Ө.Өгийн урд эрхэлж байсан ажил, албан тушаалын талаар тодорхой тусгаагүй нь шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна.
5.2. Өөрөөр хэлбэл, шүүхээс маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаал, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 дугаар тушаалуудыг хүчингүй болгосноор Ө.Өгийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллах эрх сэргэх тул шийдвэрийн тогтоох хэсэгт мөн агуулгаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0633 дугаар шийдвэрийн Тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгч Ө.Ө өөрт эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож” гэснийг “нэхэмжлэгч Ө.Өг урд эрхэлж байсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ