Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 937

 

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/00937

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн хороо, Сүхбаатарын гудамж-5, “Голомт банк” ХХК-ийн /РД:2075377/ нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Баянгол дүүргийн  хороо, хороолол,  байр,  тоотод оршин суух, Монгол овогтой Ба Н/РД:Ш/,

      Хариуцагч: Баянгол дүүргийн  хороо, хороолол,  байр, 1\\Б тоотод оршин суух, Уринхай овогтой Б\н Э /РД:Д/ нарт холбогдох,

      зээлийн гэрээний үүрэгт 32,068,851.89 /гучин хоёр сая жаран найман мянга найман зуун тавин нэгэн төгрөг 89 мөнгө/ төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, хариуцагч Б.Н, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Н, Б.Э нар нь 2016.03.25-ны өдөр Голомт банктай ЗГ1165104462 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 38,500,000.00 төгрөгийг жилийн 8% хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ1165104462 тоот ипотекийн гэрээ байгуулан, Б.Нгийн өмчлөлийн улсын Ү2205015227 дугаарт бүртгэлтэй БГД, 18 хороо, 4 хороолол 44 байр, 165Б тоот 1 өрөө орон сууц барьцаалсан. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. Зээлийн гэрээний төлбөр 2019.10.31-ний байдлаар үндсэн төлбөр 36,947,831.44 төгрөг, хүүний төлбөр 5,212,108.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,281.95 төгрөг, нийт 42,183,221.69 төгрөг байна. Иймд зээлийн гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгээ төлөхгүй байгаа тул гэрээний 4.4.1-д зааснаар банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 153.1-д “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158.1-д “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 174.1-д “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэжээ. Иймд зээлийн гэрээний 42,183,221.69 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

      Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2 хүүхэд ойрхон төрүүлсэн, ажилгүй байснаас зээлээ төлөөгүй, 11 сараас ажилтай болсон тул гэрээг үргэлжлүүлэх боломжтой гэв.

 

      Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

      “Голомт банк” ХХК нь Б.Н, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,183,221.69 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

      Хэрэг хянан шийдвэрлэх энэ хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2,195,819.35 төгрөгийг төлсөн үндэслэлээр шаардлагаа багасгалаа.

 

     Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээг цуцална гэж, хариуцагч нар нь 2 хүүхэд ойрхон төрүүлсэн, ажилгүй байснаас зээлээ төлөөгүй, 11 сараас ажилтай болсон тул гэрээг үргэлжлүүлэх боломжтой гэж тайлбарлан маргалаа.

 

       “Голомт банк” ХХК нь Б.Н, Б.Э нартай 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1165104462 дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 38,500,000.00 төгрөгийг жилийн 8% хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээл олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГ1165104462 тоот ипотекийн гэрээг байгуулсан байна.

 

        Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурж, нотариатч гэрчилснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

       Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэн ба нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, энэ талаар маргаагүй, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байна.

 

Талууд зээлийн гэрээний 4.4.1 дэх заалтаар зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиололд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан төлүүлэх, энэхүү тохиолдолд 4.3-т зааснаар  барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцжээ.

 

Талуудын тохиролцоо хуульд нийцсэн байхыг шаардах бөгөөд гэрээ цуцлах журмыг Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба “Голомт банк” ХХК нь зээлдэгч нарт 2019.10.21-ний өдөр мэдэгджээ.

 

Гэвч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал тогтоож, энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаагаа нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан ба мэдэгдсэнээс хойш санал гаргаагүй буюу хариуцагч нар татгалзах хугацааг тогтоогоогүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

Тухайн тохиолдолд дээрх байдлаар зээлдэгч нар татгалзах хугацааг тогтоогоогүй байхад “Голомт банк” ХХК нь 2019.10.21-ний өдрийн мэдэгдлээр 2019.10.25-ны өдрийн дотор буюу 4 хоногийн хугацаа олгосон байгааг үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгосон гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж, энэ хугацаанд үүргээ дахин биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэжээ.

Өөрөөр хэлбэл дээрх байдлаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт мэдэгдсэнээр хариуцагч нар хугацааг тогтоох, энэхүү тогтоосон нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүй бол гэрээг цуцалж, шаардах эрх үүсэх юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт мэдэгдэж байсан, хугацаа тогтоосон, тухайн хугацаанд үүргээ биелүүлээгүй болохыг нотолсон баримтаа хавсаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, нотлох баримтаа цуглуулах, бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Б.Н, Б.Э нартай 2016.03.25-ны өдрийн ЗГ1165104462 дугаар зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй ба харин нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 451.1, 452.1, 452.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэжээ.

Талууд гэрээний 2.1.1 дэх заалтаар 8 хувийн хүү, 2.6 дахь заалтаар үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасантай нийцжээ.

Зээлийн гэрээ болон зээл эргэн төлөлтийн хуваариар зээлдэгч нар нь нэхэмжлэлд заасан зээл, хүү нэмэгдүүлсэн хүүний төлбөр дээр 2019.10.26-2020.03.26-ны өдрийг хүртэлх үндсэн зээл, зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 8,911,033.64 төгрөг төлөх үүрэгтэйгээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн 2,195,819.35 төгрөгийг хасч, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,715,214.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 33,272,188.05 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

      

Шүүх энэ тохиолдолд журмыг баримтлаагүй үндэслэлээр гэрээ цуцлах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаагүй бөгөөд нэхэмжлэгч нь зээлдэгч нарыг гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд хуульд заасан журмыг баримталж, дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 439,066 төгрөгийг  орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хураамжид 157,527 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Энэ өдрийн шүүх хуралдааны товыг Б.Эд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч болон хариуцагч нараас гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.