Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Батаа, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч О.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Б.Оюунчимэг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлт-Од, өмгөөлөгч Л.Азжаргал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0113),

хууль ёсны төлөөлөгч Х.Дэчинравдан, түүний өмгөөлөгч Л.Нинжбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2127),

шүүгдэгч Б.Гантөмөр, түүний өмгөөлөгч  Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0192) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Баасанпүрэвийн Гантөмөрийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011977 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баасанпүрэвийн Гантөмөр, Төв аймгийн Борнуур суманд 1992 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар баг, Мандал пүүний дэнжийн 4 дүгээр гудамжны 47 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЙ92030811.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Гантөмөр нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 6 дугаар гудамжны 189 тоотод оршин суух 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, бага насны 8 настай, эмэгтэй, Д.Золжаргалд хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан түүний бэлэг эрхтэнийг 1 минут орчим гараараа оролдож бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,

-2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 6 дугаар гудамжны 189 тоотод оршин суух 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, бага насны 8 настай, эмэгтэй, Д.Золжаргалд хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Дэчинравдан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Золжаргал бол миний охин. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Охиныхоо эрүүл мэндийг нь сайн үзүүлмээр байгаа учраас гомдолтой байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлт-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би гэрээсээ Гантөмөртэй цуг зах явсан. Гантөмөр өөртөө хэрэгцээтэй зүйлсээ аваад 11 цагийн үед манай гэр рүү явсан. Би 13:00 цагаас 16:00 цагийн хооронд Гантөмөр рүү залгахад утсаа аваагүй. Орой бараагаа хураах гэж байхад Гантөмөр над руу утастсан...анай Золоо сонин байна, та ир гэж хэлсэн. Би яасан юм бэ, охинтойгоо яръя гэхэд охин ярихгүй байсан...би Гантөмөрөөс дүүгээ яасан бэ гэхэд анай Золоо миний нуруунд дээр гишгэж байгаад буухдаа багана мөргөөд унах гэхээр нь би татах гэж байгаад гэдэс рүү нь өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгээд бараагаа хурааж дуусахад Гантөмөр над руу дахиад залгаад анай та хурдан ирээрэй, Золоо нэг л биш байна гэж...гарах үед урд айлын залуу над руу утасдаад охин чинь цусаа гоожуулсан зогсож байна гэхээр нь би өшиглүүлсэн гэсэн, элэг нь бяцарсан юм биш биз дээ, намайг очиход түгжрэл эхэлчихнэ, чи түргэн дуудаад үзүүлж байгаач гэж хэлсэн. Би хэсэг явж байгаад урд айлын залуу Нямаатай утсаар ярихад түргэний тэрэг ирсэн, би тосч авах гээд явж байна гэж...дахиад залгахад түргэний тэрэг ирээд Эх нялхасын эмнэлэг рүү аваад явсан гэхээр нь...шууд Эх нялхасын эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очиход охиныг нэг өрөөнд оруулчихсан...охин орон дээр цусаа гоожуулсан хэвтэж байсан. Эмч нар намайг өрөөнд оруулаагүй...асуухад надад юу ч хэлээгүй. ...би Дэчинравдангийн эгчийг эмнэлгийн байгууллагын хүн учраас хэрэг болно гэж бодоод дуудсан. Тэгтэл цагдаа нар ирээд...надад охиныг хүчирхийлүүлсэн байна гэж хэлсэн. Шүүгдэгчийн зүгээс надад 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Үүнээс би өмгөөлөгчийн зардал төлсөн. Би хуулийн дагуу шийдүүлмээр байна гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй хохирогч  Д.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Азаа ах /Азжаргал/, Улаанаа агаа /Гантөмөр/ бид 3 гэртээ байсан. Аав, ээж хоёр ажилдаа явсан байсан. Улаанаа ах зайрмаг идэх үү гэхэд Азаа ах зайрмаг идье гэсэн. Улаанаа агаа Азаа агаад 1000 төгрөг өгөөд зайрмаганд явуулсан. Би Улаанаа агаатай хамт гэртээ үлдсэн. Намайг орон дээр хэвтэж байхад Улаанаа агаа миний триког тайлсан...доошоо харуулж хэвтүүлээд миний боов руу боовоо хийсэн. Улаанаа агаа жоохон тэсчих гэж хэлсэн...би ээжээ авраарай гэж уйлсан. Миний доороос боовноос цус гараад ногоон дотоож аймар цус болсон чинь Улаанаа агаа халаасандаа хийгээд Азаа ахад нь мэдэгдэхгүйгээр хогийн саванд хийчихье гэж хэлсэн. Азаа агаа 3 зайрмаг аваад ороод ирсэн. Тэгсэн Улаанаа агаа миний нуруун дээр гишгэж байгаад би шээх гээд боссон чинь хальт гишгээд уначихлаа гээд худлаа яриад байсан. Миний трико болон ор, шалан дээр цус болсон байсан. ...Миний дотоож аймар цус болсон, би дотоожоо 3 удаа сольсон. Нойлын цаасаар цусаа арчсан, тэр цааснуудыг Улаанаа агаа уутанд хийгээд хаячихаад ирье гээд гэрээс гарсан. Хаана хаясаныг нь мэдэхгүй байна. Манай хажуу айлын Нямаа ах /Нямдорж/ хүүхэдтэйгээ орж ирээд яагаад цус гарчихсан юм гэхээр нь би Азаа агаатай тоглож байгаад хамраас цус гарсан юм гэж хэлсэн. Нямаа ах түргэн дуудаад эмч ирээд намайг аваад явсан. Би тэр өдөр хөх өнгийн трико, малгайтай ягаан цамцтай байсан. Улаанаа агаа цэнхэр жинсэн өмд, ягаан өнгийн цагаан дээрээ хар өнгөтэй цамцтай байсан. Улаанаа агаа архи уугаагүй байсан. ...Улаанаа агааг Гантөмөр гэдэг. Улаанаа ах Азаа ахыг гарсаны дараа амбаарын хаалга түгжсэн. Намайг зодоогүй, айлгаагүй... Улаанаа ах надад Азаа ахыгаа орж ирэхээр хамарнаас цус гарсан гэж хэлээрэй гэсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

...Гантөмөр боов руу гараа хийчихээд ингээд байсан (нэг хуруугаа гуян дээрээ тавиад нааш цааш хөдөлгөж үрэх хөдөлгөөн хийв)... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 192 дахь тал),

- Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл ...Д.Золжаргал нь 2016 оны 8 дугаар сарын 16-нд буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед 8 нас 20 хоногтой байсан байна гэх баримт (хавтаст хэргийн 33), 

 

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1049 дугаар дүгнэлт ...Болсон хэргийн талаар /Өөрийн үгээр/...миний триког тайлаад миний боов руу боовоо хийгээд байсан. Азаа агаа ороод ирсэн чинь миний нуруун дээр гишгэж байгаад уначихлаа гээд худлаа яриад байсан. Азаа агаатай тоглож байсан чинь Улаанаа агаа амбаарт гараад цусаа арч гээд байсан. Амбаарт зогсож байсан чинь урд талын айлын Нямаа агаа жаахан хүүхэдтэйгээ орж ирээд яагаад цус гараад байгаа юм гэхээр нь айгаад Азаа агаатай тоглож байгаад хамраас цус гарчихлаа гэж хэлсэн чинь миний доороос цус гараад байсан. Тэгээд Нямаа агаа ээжтэй яриад ээж түргэн дууд гээд эмнэлэг дээр очсон. Гантөмөр агааг болиоч гэсэн чинь жоохон л тэсчих гээд байсан.

Сэтгэцийн онош: Эрүүл.

Дүгнэлт...3. Д.Золжаргал нь болсон хэргийн талаар үнэн зөв тусган ойлгож, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. гэх дүгнэлт. (хавтаст хэргийн 123, 124 дэх тал),

2. Насанд хүрээгүй гэрч Д.Азжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр...намайг Улаанаа агаа зайрмаганд явуулсан. Надад 1000 төгрөг өгсөн...би зайрмаг аваад ирсэн чинь амбаарын хаалга түгжсэн байсан. Би хаалга цохиод хаалгаа гэсэн чинь Улаанаа ах хаалга тайлж өгсөн. Гэрт орсон чинь Золоо гэрийн зүүн талын орон дээр уйлаад сууж байсан. ...Золоогийн хамарнаас цус жоохон гарсан байсан. Золоо трикотой байсан, доороос нь цус гараад трико нь энэ хэсгээрээ цус болсон байсан. (гуяныхаа хэсгийг зааж харуулав). Гаднаас хажуу айлын Нямаа ах орж ирээд...түргэний машин дуудаад...Золоог аваад явсан...Улаанаа агаа архи уугаагүй байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал),

3. Гэрч Д.Нямдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Тэр өдөр би гэртээ байж байгаад орой 17 цагийн үед хөрш айл болох Гэрэлт-Одын хашаанд орж гэр рүү нь ортол гэрийнхээ үүдний амбаарт...Золоо охин биеийнхээ доод хэсгээс гарч байсан цусаа хуурай салфеткаар арчаад зогсож байсан. Тэгэхээр нь би сандраад тэдний гэрт байсан Улаанаа гэх залууг дуудаад чи Золоог яасан юм бэ, яагаад ийм болчихвоо гэж асуутал Улаанаа гэх залуу надад хандаж би Золоог орон дээр тоглож байгаад арагшаа савж унах гэхэд нь хөлөөрөө өшиглөчихсөн юм гэж хариулж байсан. Тэр үед би өөрийнхөө...дугаараас 103 руу залгаж түргэн тусламж дуудсан юм... түргэний эмч ирчихээд ямар нэгэн онош хэлэлгүй Золоо охиныг аваад эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү аваад явсан. ...Эмнэлгийн машинд суугаад явж байхад Золоо охины биеийн доод хэсгээс цус нилээн их хэмжээтэй гарч байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

4. Гэрч М.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр жижүүрийн ээлжтэй байхад 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн түргэн тусламжийн зохицуулагчаас Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 6-189 тоотод 8 настай хүүхэд өндрөөс унаад цус алдаж байна гэсэн дуудлагын дагуу...шуурхай очсон... Ингээд монгол гэрт ороход хохирогч охин гэрийнхээ зүүн талын орны хажууд зогсож байсан. Мөн гэрт дуудлага өгсөн залуугаас гадна бас нэг өөр залуу охины хажууд зогсож байсан. Тэр залуу...их сандарсан байдалтай зогсож байсан. Охин доогуураа ганцхан дотоожтой, дээгүүрээ ягаан өнгийн малгайтай цамцтай байсан. Мөн охины салтаа хэсгээр цус болсон, охин шоконд орсон байдалтай байсан. Би охины дотоожийг тайлж бэлэг эрхтэнийг нь гадна талаас нь харахад цустай байхаар нь...бинтийг дотоожных нь дотор талд тавьж өгсөн. ...Охины биед ил харагдах гэмтэл байхгүй, харин бэлэг эрхтэнээс нь цус гарсан байсан болохоор эмэгтэйчүүд талаас нь үзүүлье гэж шийдээд түргэний машинаар эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү авч явсан...гэрийн тамбарт анх ороход шалан дээр цус болсон олон тооны жижиг нойлын цаас байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),

5. Гэрч Г.Чинзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр яаралтай тусламжийн тасаг дээр жижүүр эмчээр ажиллаж байхад...20 цагийн орчим түргэний машинаар доошоо цус их хэмжээгээр алдаж байгаа гэх 8 настай Золжаргал охин ирсэн. ...би охиныг хамгийн анх үзсэн эмч нь байгаа юм. Анх үзэхэд охины өмсөж байсан хувцас маш их цус болсон, доогуур хувцас нь их хэмжээгээр норсон, доошоо их цус алдсан гэмээр харагдаж байсан. Тиймээс судсанд уян зүү тавьж дусал залгасан. Охиноос асуулт асуухад шокын байдалтай асуултад хариулахгүй байсан. Охинд үзлэг хийх гэхэд үзүүлэхгүй өвдөөд байна гэхээр нь...мэдээгүйжүүлэгч эмч Амгаланбаярыг дуудаж Золжаргалд нугсаар өвчин намдаах тариа хийж үзлэг хийсэн. Гадна үзлэг хийхэд Золжаргалын хярзан доошоо 2см орчим хэмжээтэй, үтрээ рүү 3см орчим урагдсан байдалтай байсан. Ингээд охидын толь тавьж үзэхэд үтрээ 7 цагийн орчимд 4см гүн урагдсан цус ихээр гарч байсан. Золжаргалын охин хальс хөндөгдөж урагдсан байдалтай байсан. Ганцхан хярзан урагдсан бол гэмтэл гэж үзэж болохоор байсан, гэвч үтрээний хана аймар гүн урагдсан, охин хальс урагдсан болохоор би шууд Золжаргалыг хүчиндүүлсэн гэсэн дүгнэлтэд хүрээд мөн өөрийнхөө энэ дүгнэлтийг батлахын тулд 2 дугаар жижүүр эмч Батхишигийг дуудаж охиныг үзүүлээд бид хоёр санал нэгтэй Золжаргал охиныг хүчиндүүлсэний улмаас цус алдаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Батхишиг эмч цагдаад дуудлага өгсөн...бид хоёр Золжаргал охинд цус тогтоох оёдол тавьж,...шингэн сэлбэх болон цус бүлэгнүүлэх эмчилгээ хийсэн...би цагдаагийн ажилтантай уулзаж Золжаргал охиныг бусдад хүчиндүүлсэн байна гэдгийг хэлсэн... Надад цагдаа нар хүнийг нь аваад ирлээ та хамт хөндлөнгийн гэрчээр ороод өгөөч гэхээр нь ороод байж байхад цагдаа нарын авчирсан залуу нь 150см өндөртэй 20 гаран насны хүн байсан. Тэр залууг Золжаргалын охины ээжийнх нь дүү гэж цагдаа нар хэлж байсан. Тэр залууг Золжаргалын ээж нь Улаанаа гэж дуудаж байсан. Цагдаа нар тэр залуугийн өмсөж байсан хувцасыг тайлуулж үзлэг хийхэд тэр залуугийн өмдний гадна хэсэгт нь цусны толбо байсан. Цагдаа нар цагдаа нар энэ толбыг та сайн хараарай гэж хэлсэн. ...тэр залууд үзлэг хийж байхад тэр залуу цагдаа нарт би дүүгээ хүчиндчихсэн гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

6. Гэрч Б.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дутуу тээлт судлалын тасагт жижүүр эмчээр ажиллаж байсан 20 цаг өнгөрч байхад яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр ажиллаж байсан Чинзориг эмч намайг дуудсан. ...тэгээд охинд хярзангийн урагдал байна та дахиад үзээдэхээч, хүчиндүүлсэн юм шиг байна гэж хэлсэн. ...Ингээд би охиныг үзэхэд хярзан, үтрээний урагдалтай байсан. Би охиныг үзээд шууд хүчиндүүлсэн гэдгийг мэдээд өөрийнхөө...дугаарын утаснаас цагдаад дуудлага өгсөн юм. 8 настай охин ийм хэмжээний урагдал, гэмтэлтэй, мөн их хэмжээний цус алдалттай байна гэдэг бол хүчиндүүлснээс болох юм. Охины хэлээд байсан шиг өшиглүүлснээс хярзан болон үтрээнд ийм хэмжээний гэмтэл учирч, цус гарахааргүй байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),

7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтад өгсөн: ...Золжаргал миний төрсөн охин, Гантөмөр миний төрсөн дүү байгаа юм. Би охиныхоо эрх ашгийг хамгаална. ...Манай дүү Улаанаа нь энэ хэрэг гардаг өдрийн урд өдөр нь манай гэрт ирсэн юм. Манай гэрийнхэн Гантөмөрийг Улаанаа гэж дууддаг юм. ...Улаанаа Борнуур сумаас Архангай явах гэж байгаа гээд манайд ганцаараа ирсэн. Энэ өдрөө манайд хоносон. Маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн үед Улаанаа надтай хамт Хархорин зах руу явсан. ...Би зах дээр ажил хийх гэж үлдээд Улаанаа манайх руу 11 цагийн үед явсан юм. Манай нөхөр Ганзориг тэр өдөр мөн ажилтай байсан. Өглөө бид нарыг гарахад охин Золжаргал, хүү Азжаргал нар гэртээ үлдсэн. Би Улаанааг явахад 2 дүүгээ хараад гэртээ хоол хийж идээд байж байгаарай гэж хэлсэн. Би Улаанааг явснаас хойш Улаанаа болон 2 хүүхэдтэйгээ холбоо барихаар Улаанаагийн утас руу 13-16 цагийн хооронд 3-4 удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Ингээд орой зах хаах үеэр буюу 18 цаг 30 минутын үед Улаанаа өөрийнхөө утаснаас над руу залгаад аниа та ирэхгүй бол Золоо нэг л сонин байгаад байна гэхээр нь би яачихсан юм бэ, наад утсаа аваач ээ гэхэд Улаанаа утасны дуу сул болохоор би сонсоогүй байнаа гэхээр нь би Золоод утсаа өгөө гэж хэлсэн. Тэгсэн Золоо дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би буцаагаад Улаанаатай яриад яасан юм бэ, дүү чинь яачихсан юм бэ гэхэд Улаанаа аниа Золоо миний нуруун дээр гишгэж өгч байгаад буухдаа хальт гишгээд багана мөргөх гэж байхад нь би татаж авах гэж байгаад гэдэс рүү нь өшиглөчихлөө гэхээр нь би одоо очлоо гэж хэлсэн. Тэгсэн араас нь манай урд айлын Нямаа залгаад Оогий хөгшөөн ирэх гэж байна уу гэхээр нь би одоо гэж байна гэхэд Нямаа Золоо цус нөжтэйгөө холилдсон байна, нил цус болчихсон амбаартаа зогсож байна гэхээр нь би Улаанаа Золоог өшиглөчихсөн гэсэн, арай элэг нь бяцарсан юм биш биз дээ, түргэн дууд, надаас өмнө очих байх гэж хэлсэн. Би нөхөртэйгөө замд явж байхдаа Нямаа руу залгаад түргэн ирж байна уу гэхэд Нямаа түргэн ирж байна, би тосох гээд зам дээр гарч ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд замд явж байхад Нямаа залгаад түргэн ирээд Золоод эх нялхас руу авч явж байна, би хамт явж байнаа гэж хэлсэн. Ингээд бид хоёр шууд эх нялхас дээр очсон. Тухайн үед 20 цаг болчихсон байсан. Эмнэлэг дээр очиход Золоог өрөөнд оруулчихсан намайг оруулахгүй, юу болсон талаар асуухад эмч юм хэлэхгүй байсан. ...Би Улаанаагаас чи энэ хүүхдийг яачихсан юм бэ гэхэд аниа миний буруу гээд миний урд сөгдөж суучихаад уйлаад байсан. ...Цагдаа Улаанааг дуудаад машиндаа оруулсан. ...Эмч намайг дуудаж өрөөндөө оруулаад охин чинь хүчирхийлүүлсэн байна, онгон хальс цоорсон, хярзандаа 2 оёо тавиулсан гэж хэлсэн. ...Би охиноосоо миний охин яасан юм бэ гэхэд охин маань намайг хараад уйлаад ээжээ Улаанаа агаа миний боов руу боовоо хийсэн гэж хэлсэн. ...Гантөмөрөөс нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал),

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11562 дугаар актад:

...Эмэгтэйчүүдийн үзлэгт:...охин хальс цагриг бүтэцтэй, цочрол ихтэй, 5, 7 цагийн байрлалд сууриа хүрсэн шинэ урагдалтай, цус хурсан.

Бактерлогийн шинжилгээний №7308 тоот хариунд: Д.Золжаргал нь 3-р бүлгийн цустай байна. Үтрээний цочмог үрэвсэлтэй байна...

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн №2498 тоот өвчний түүхээс: өвчний түүх нээсэн 2016.08.16. Хэвтэх үеийн зовиур: үтрээгээр цус их гарнан... хүлээн авсан эмчийн үзлэгт: ...хярзанд 2см орчим, үтрээ рүү 3см орчим урагдсан, толь тавьж үзэхэд үтрээ 7 цаг орчимд 4см гүн урагдсан цус гарч байв. Охин хальс хөндөгдөж урагдсан... Онош: Үтрээний урагдал гэжээ. ДҮГНЭЛТ:

1. Д.Золжаргалын биед охин хальс, үтрээ, хярзангийн урагдал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Д.Золжаргал нь 3-р бүлгийн цустай байна.

6. Д.Золжаргал нь үтрээний цочмог үрэвсэлтэй байна.

7. Д.Золжаргалын шулуун гэдэс, үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.

8. Д.Золжаргал нь бэлгийн бойжилт олоогүй байна.

9. Д.Золжаргал нь өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй ба охин хальс шинэ урагдалтай байна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 88 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Золжаргалын биед охин хальс, үтрээ, хярзангийн урагдал, цус хуралт бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал бэлгийн харьцаанд ороход үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн үзлэг хийхэд охин хальс шинэ урагдалтай, цус хуралттай байсан. Мөн өвчний түүхэнд хүлээн авсан эмч нарын үзлэгээр хярзан урагдалттай байсан зэргийг үндэслэж дээрх дүгнэлтийг гаргасан. ...Бэлгийн харьцааны үед дотор дур тавьж үрийн шингэнээ гадагшлуулаагүй, бэлгэвч хэрэглэсэн, хохирогч их хэмжээний цус алдсан нөхцөлд эр бэлгийн эс үрийн шингэн илрэх боломжгүй. Үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй боловч охин хальс, үтрээ, хярзангийн урагдалт, цус хуралт илэрсэн учраас бэлгийн харьцаанд орсон байна гэж үзэх үндэслэл болно. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дахь тал),

...Д.Золжаргалын биед учирсан гэмтэл нь өшиглөх, унахаас үүсэх боломжгүй. Хохирогчийн бэлэг эрхтэн, үтрээнд хуруу гараа хийхэд дээрх гэмтэл үүсэх боломжтой. Хэдэн хуруу хийсэн гэдгийг тогтоох боломжгүй. ...Үтрээний цочмог үрэвсэл нь бэлгийн замын халдварт өвчин гэдэгт хамааруулж ойлгохгүй. Үтрээний цочмог үрэвсэл нь үүсэх олон шалтгаантай. Жишээ нь ариун цэвэр муу сахих, дархлаа тогтолцоо муудах, даарч хөрөх гэх мэт олон төрлийн шалтгаанаар үүсэх боломжтой. Шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал),

 

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7695 дугаар дүгнэлтэд:

...1. хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 18ш ариун цэврийн  цааснаас цусны ул мөр илэрсэн.

2. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх ариун цэврийн цааснаас илэрсэн цус нь В(III) бүлгийн харъяалалтай байна.

3. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх ариун цэврийн цааснаас эр бэлгийн эс илэрээгүй... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 108 дахь тал),

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7694 дүгээр дүгнэлтэд:

...1. хэргийн газраас хураан авсан гэх хивс, нүүр гарын алчуур дээр цусны ул мөр илэрсэн, орны даавуунаас цусны ул мөр илэрээгүй. Нүүр гарын алчуур дээр илэрсэн цусны ул мөр нь шинжилгээнд тэнцэхгүй

2. Хэргийн газраас хураан авсан гэх хивснээс илэрсэн цус нь В(III) бүлгийн харъяалалтай байна.

3. Хэргийн газраас хураан авсан гэх хивс, нүүр гарын алчуур зэргээс эр бэлгийн эс илэрээгүй... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 110 дахь тал),

11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7693 дугаар дүгнэлтэд:

...1. Д.Золжаргалын өмсөж байсан гэх хувцаснуудаас цус илэрсэн.

2. Д.Золжаргалын өмсөж байсан гэх хувцаснуудаас илэрсэн цус нь В(III) бүлгийн харъяалалтай байна.

3. Д.Золжаргалын өмсөж байсан гэх ягаан өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр өнгийн майк, хар алаг өнгийн наасан юбка, цагаан саарал өнгийн дотоож зэргээс эр бэлгийн эс илэрээгүй... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 112 дахь тал),

12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7692 дугаар дүгнэлтэд:

...Шинжилгээ:...хувцас дээр цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжилэхэд хар хөх өнгийн өмд, футболка, дотоож зэрэг хувцас дээр цусны урвал явагдсан тул цусны ул мөр илэрсэн гэж бусад хувцас дээр цусны урвал өгөөгүй тул цусны ул мөр илрээгүй гэж дүгнэх үндэслэл болов.

Хар хөх өнгийн өмд, футболка, дотоож зэргээс илэрсэн цусны бүлгийн харъяалалыг тогтоохоор Ляттесийн урвал тавихад цусны улаан эсүүд задарч муудсан байх тул бүлгийн харъяалал тогтоох боломжгүй байна гэж дүгнэх үндэслэл болов... ДҮГНЭЛТ

...1. Б.Гантөмөрийн өмсөж байсан гэх хар хөх өнгийн өмд, футболка, дотоож зэргээс цусны ул мөр илэрсэн, бусад хувцаснаас цус илэрээгүй.

2. Б.Гантөмөрийн өмсөж байсан гэх хувцаснаас илэрсэн цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 114 дэх тал),

 

13. Шүүгдэгч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Би 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 6 дугаар гудамжны 189 тоот болох төрсөн эгч Баасанпүрэвийн Гэрэлт-Одын гэрт эгчийн хоёр хүүхэд болох Азжаргал, Золжаргал нарын хамтаар гурвуулаа...байсан. Тэр өдөр би Азжаргал, Золжаргал нарт зайрмаг авч өгнө гээд амлачихсан байсан болохоор Азжаргалд 1000 төгрөг өгөөд хүнсний дэлгүүр рүү зайрмаг авахуулахаар явуулсан. ...Азжаргал дэлгүүр рүү яваад 20 орчим минут болсон. Тэр хооронд...Золжаргал бид хоёр ертөнцийн зүгээр гэрийн баруун талд байрлах модон хүрээтэй, диван орон дээр хэвтсэн. ...Хэвтсэнийхээ дараа удаагүй Золжаргалын бүсэлхийнээс доогуур дотуур өмд рүү нь баруун гараа оруулж бэлэг эрхтэний гадна талыг 1 минут орчим оролдсон. Үүний дараа Золжаргалын дээр гараад Золжаргалын өмсөж байсан богино банзал болон дотуур өмдийг нь өвдөгний дээд тал хүртэл  шувтлаад бэлгийн хавьталд орсон. Би тухайн үед нэг л удаа бэлгийн хавьтал хийсэн. Би...дур тавиагүй. Миний өөдөөс Золжаргал эсэргүүцэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй, уйлж бариагүй. Тэгээд би Золжаргалын дээрээс босоод гэрээс гарч бие засаад, тамхи татсан. ...би архи уугаагүй, Золжаргалыг 8 настай гэдгийг мэдэж байсан...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, гэм буруугаа ойлгосон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дэх тал),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 972 дугаар дүгнэлт ...Болсон хэргийн талаар /Өөрийн үгээр/...насанд хүрээгүй хүүхэд уруу татаж бэлгийн харьцаанд орсон юм. 8 настай хүүхэд юм гэх. Нэг л удаа бэлгийн харьцаанд орсон юм. Манай эгчийн хүүхэд юм. Гэрт нь бэлгийн харьцаанд орсон...

Сэтгэцийн онош: Эрүүл.

Дүгнэлт...3. Б.Гантөмөр нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчилсөн гэх баримт шинж үгүй байна.

4. Б.Гантөмөр нь сэтгэцийн өвчингүй байна.

5. Б.Гантөмөр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт. (хавтаст хэргийн 120, 121 дэх тал),

14. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2), хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 9-10), Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хөтлөгдөж байгаа дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-16), эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (17-23), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (хавтаст хэргийн 24), өвчний түүх (хавтаст хэргийн 73-85), Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын хуудас (хавтаст хэргийн 161), түргэн тусламжийн дуудлагын хуудас (хавтаст хэргийн 158),

- Насанд хүрээгүй хохирогч Д.Золжаргалын төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 154), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 155-156), хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хавтаст хэргийн 45-46), хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 47), хохирол хүлээн авсан талаарх баримт (хавтаст хэргийн 246),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар (хавтаст хэргийн 143-144), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 152), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 146), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 150-151) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Гантөмөр нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 6 дугаар гудамжны 189 тоотод оршин суух 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 8 настай 20 хоногтой (хх-154), эмэгтэй Д.Золжаргалыг буюу бага насны хүүхдийг

-хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан түүний бэлэг эрхтэнийг 1 минут орчим гараараа оролдож бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,

-мөн хүч хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдэж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Гантөмөрийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх Б.Гантөмөрийн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Гантөмөр нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 146)-р тогтоогдож байна.

Шүүх ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,  нөхцөлд байдалд тооцов.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгчийн ар гэрээс төлж барагдуулсан байгаа нь (хавтаст хэргийн 246) баримтаар тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учируулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ. Харин насанд хохирогч Д.Золжаргалын хууль ёсны төлөөлөгчид нь цаашид гарах гэм хорын холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.

 

Шүүгдэгч Б.Гантөмөрийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс (хавтаст хэргийн 135) 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 118 (нэг зуун арван найм) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Гантөмөрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар цэнхэр өнгийн нүүр гарын алчуур, хөнжлийн даавуу, улаан өнгийн хивс, 18 ширхэг нойлын цаас, хохирогч Д.Золжаргалын өмсөж байсан ягаан өнгийн тавчик 1 хос, саарал өнгийн дотоож, хар өнгийн банзал, цэнхэр өнгийн даавуун майк, ягаан өнгийн малгайтай даавуун цамц, шүүгдэгч Б.Гантөмөрийн өмсөж байсан цэнхэр өнгийн жинсэн өмд, тэлээ, саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн эрэгтэй хүний дотоож, хар өнгийн подволк, хөх өнгийн биеийн тамирийн өмд, ногоон өнгийн даавуу 2 ширхэг, саарал өнгийн оймс, хар өнгийн 2 ширхэг оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд Б.Гантөмөрийн сэтгэцийн байдлыг дахин дүгнэлт гаргуулж өгч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь сэтгэцийн эмгэггүй, мэдүүлэг өгөх чадвартай талаар холбогдох байгууллагын дүгнэлт гарсан, түүнчлэн хэрэгт шүүгдэгчийн зүгээс өвчтэй талаар холбогдох баримт ирүүлээгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баасанпүрэвийн Гантөмөрийг  

- бага насны хүүхдийг хүч хэрэглэж бие хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,

- бага насны өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүч хэрэглэж бие хамгаалж чадамгүй байдлыг нь далимдуулан хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Б.Гантөмөрийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 8 (найм) жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 23 (хорин гурав) жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гантөмөрт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 24 (хорин дөрөв) жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Гантөмөрт оногдуулсан 24 жилийн хугацааны хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Гантөмөрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 118 (нэг зуун арван найм) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ялтан Б.Гантөмөрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлт-Од, Х.Дэчинравдан нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн

- цайвар цэнхэр өнгийн нүүр гарын алчуур, хөнжлийн даавуу, улаан өнгийн хивс, 18 ширхэг цаас,

- хохирогч Д.Золжаргалын хэрэглэж байсан ягаан өнгийн тавчик 1 хос, саарал өнгийн дотоож, хар өнгийн банзал, цэнхэр өнгийн даавуун майк, ягаан өнгийн малгайтай даавуун цамц,

- ялтан Б.Гантөмөрийн хэрэглэж байсан цэнхэр өнгийн жинсэн өмд, тэлээ, саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн эрэгтэй хүний дотоож, хар өнгийн подволк, хөх өнгийн биеийн тамирийн өмд, ногоон өнгийн даавуу 2 ширхэг, саарал өнгийн оймс, хар өнгийн 2 ширхэг оймсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Гантөмөрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гантөмөрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ

    

                        ШҮҮГЧИД                                           Б.БАТАА

 

                                                                                    И.ГАНБАТ