| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 167/2020/0016/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 10
У.Вт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Хяналтын прокурор: С.Энхням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч: У.В,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч У.Вт холбогдох, эрүүгийн 1919000000217 дугаартай, 1 хавтас, 140 хуудас бүхий хэргийг, шүүгдэгчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... оршин суух, урьд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, ... овогт У.В-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч У.В 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн орой 18 цагийн орчим ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... гэх газар үйл ажиллагаа явуулдаг ** ХХК-ийн уурхайгаас 300 метрийн урттай 16 мм-ийн диаметртэй зэс голтой кабель утас, 200 метрийн урттай 10 мм-ийн диаметртэй зэс голтой кабель утас, 380 вольтын гагнуурын аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор ** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч ... овогт У.В Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... овогт У.В-т 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Вт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч У.В цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Вт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Вийн хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10 000 000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулахаар,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйл түр хураасан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/81 дугаартай прокурорын тогтоолоор хураасан ** УНИ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч **ХХК-д, 16мм-тэй 300м кабель утас, 10мм-тэй 200м кабель утас, гагнуурын аппарат 1 ширхэг зэргийг **ХХК-д тус тус буцаан олгохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.В давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбартаа: “...улсад төлөх 10 000 000 төгрөгийг багасгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зах зээл дээрх тухайн тээврийн хэрэгслийн үнэ ямар байгаагаас гадна, тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол, 8 жилийн хугацаанд ашиглагдсан эдэлгээ, ашиглалт, элэгдэл хорогдлыг харгалзан үзэж хасаж тооцох байдлаар бодитоор үнэлээгүй гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийг бодит байдал дээр очоод үзэх боломжтой байтал, цахимаар авсан мэдээллээр тухайн машины ерөнхий дундаж үнэ, ижил төстэй машинуудын зарагдаж байгаа зах зээлийн дундаж үнэ гэж үнэлгээ гаргасан байдаг учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд үйлдвэрлэсэн болон ашиглалтанд орсон хугацаа зэргийг үндэслэн үнэлгээг багасгаж өгнө үү...” гэв.
Хяналтын прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Үнэлгээний эрхтэй мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн. Уг байгууллага тухайн тээврийн хэрэгслийг 10 000 000 төгрөгөөр үнэлсэн учраас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг баримтлан уг үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Гэхдээ цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийг бодитоор нь үзэж хараад, шинжээчээр үзүүлээд үнэлгээг гаргах нь зохимжтой юм байна гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуульд зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцох бөгөөд уг гэмт хэргийг “машин механизм ашиглаж үйлдсэн” бол хоёр /2/ жилээс найман/8/ жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг төдийгүй гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болон үнийг шүүгдэгчээс гаргуулах албадлагын арга хэмжээ хэрэглэдэг.
Хэргийн бүх ажиллагааг хянахад энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байна.
Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд:
Шүүгдэгч У.В **ХХК-ийн өмчлөлийн ** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн орой 18 цагийн орчим ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... гэх газар үйл ажиллагаа явуулдаг **ХХК-ийн уурхайгаас 300 метрийн урттай 16 мм-ийн диаметртэй зэс голтой кабель утас, 200 метрийн урттай 10 мм-ийн диаметртэй зэс голтой кабель утас, 380 вольтын гагнуурын аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 5865000 төгрөг/хх-17/-ийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолжээ.
Шүүгдэгчээс бусдын өмчлөлийн машин механизмыг ашиглан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-4/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, гэрч Б.Д /хх-9,10/, В.Ц /хх-11/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-17,18/, гэрч Д.Ц мэдүүлэг /хх-20/, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, **ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-36/-ээр тус тус тогтоогдож байна.
Хууль ёсны төлөөлөгч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг тэдэнд сануулж мэдүүлгийг авсан, мэдүүлгийг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул машин механизм ашиглаж “хулгайлах” гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдан шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид шүүгдэгчийн үйлдэл хамаарч байгааг зөв тодорхойлж, хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийг “Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан 2 /хоёр/ жил хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1/нэг/ жил хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.
Харин анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...хохирлыг нөхөн төлүүлнэ” гэснийг баримталсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байх буюу мөн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх, нөхөн төлүүлэхээр нөхцөл байдал энэ гэмт хэрэгт тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг 10000000 /арван сая/ төгрөг гэж тогтоосон байх ба нэгэнт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл өөр этгээдийн өмчлөлийнх, тухайн этгээд уг эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласныг мэдээгүй болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг өмчлөгчид олгож, үнийг гаргуулж, Улсын төсөвт шилжүүлэх нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар 1, 3 дахь хэсэгт заасан агуулга, зарчимд тохирно.
Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар гэм хор учруулснаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан бол гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээдэг бол харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу албадлагын арга хэмжээг хэрэглэхэд тухайн эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцсон үнэлгээг баримтлах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны” зарчим болон мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэжээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан **ХХК-ийн өмчлөлийн ** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтод “... 2012 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2018 онд орж ирсэн” гэж тэмдэглэгдсэн байх ба уг тээврийн хэрэгслийн ашиглагдсан хугацаа болон бусад ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоосон баримт, мэдээлэлгүй байхад шинжээчээс үнийг бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл аливаа тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг тогтоох нэг гол үзүүлэлт бол спидометрийн заалт буюу тухайн автомашины явсан километрийн заалт атал 2012 онд үйлдвэрлэгдсэн тухайн автомашиныг үнэлэх гол үнэлэмж болох уг заалт /шинжээчийн дүгнэлтэд спидомертийн заалт 0/-ыг тогтоосон баримтгүй байхад энэхүү нөхцөл байдлыг тодруулалгүй, тухайн тээврийн хэрэгслийн бодит байдалд үзлэг хийлгүйгээр зөвхөн үйлдвэрлэгдсэн он, орж ирсэн он гэсэн мэдээлэлд үндэслэн “...2019 оны 12 дугаар сарын байдлаар үнийг 10000000 төгрөг” гэж дүгнэлт хийн тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд зөвхөн зах зээл дээрх ижил төстэй хөрөнгийн үнийн судалгааг харьцуулж үнийг тодорхойлсон нь “...тухайн үнэлгээний зүйлийн шинж, байдал, онцлогыг харгалзан үнэлгээг тодорхойлох” Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг зөрчжээ.
Энэ тохиолдолд шинжээчийн үнэлгээгээр тогтоосон үнэ/10000000 төгрөг/-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд буюу хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхэд баримтлах шаардлагагүй учир 10000000 төгрөг гэсэн үнэлгээг 50 хувиар бууруулж, шүүгдэгчээс 5000000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтад дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн “...тээврийн хэрэгслийн үнийг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.В-н хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10000000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Вийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг 5000000 /таван сая/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 5000000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулж, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.В-н давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч У.В-н цагдан хоригдсон 35 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА