| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0126/З |
| Дугаар | 221/МА2025/0792 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0792
“Ш” ХХК -ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ши” ХХК
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын
захиргаа
Гуравдагч этгээд “Ша” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын “Ша” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, "Ши" ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай Эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу "Ши" ХХК-д газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0670 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Ш” ХХК -ийн гүйцэтгэх захирал Ж.Н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2025/0126/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ш” ХХК -иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын “Ша” ХХК -д газар ашиглах эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, "Ши" ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай Эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу "Ши" ХХК-д газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0670 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2, 36 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан "Ши" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын “Ша” ХХК -д газар ашиглах эрх олгосон хэсгийг, мөн "Шидэт зуучлал" ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай Эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг тус тус хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо:
“...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны саналын дагуу газар ашиглах хүсэлт гаргасан хавсралтад дурдсан 16 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, Газар ашиглах эрх олгогдсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагад "Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ"-г олгохыг Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт даалгаж шийдвэрлэсний дагуу "Ша" ХХК нь газар ашиглах эрхтэй болсон.
"Ши" ХХК нь шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын "Ша" ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг, мөн "Ши" ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай Эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д "захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн" 54.1.5-д "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэж тус тус заасан бөгөөд дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж байгаа нь тогтоогдохгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхээс маргаан бүхий актуудыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Ши” ХХК -иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын “Ша” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, "Ши" ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу "Ши" ХХК-д газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/271 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутагт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Горхийн баруун салаа нэртэй газарт 39776 м.кв бүхий талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээг “Ши” ХХК -д олгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/321 дүгээр тушаал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/697 тоот саналыг тус тус үндэслэн дээрх газрын ашиглах эрхийг 2028 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж[1], тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулсан.[2]
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/271 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутагт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Горхийн баруун салаа нэртэй газарт 12612 м.кв бүхий талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээг “Ши” ХХК -д олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/162 дугаар тушаал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 21/697 тоот саналыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан байна[3].
2.3. “Ши” ХХК-иас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандаж 22/10 дугаар албан бичгээр дээр дурдсан 39776 м.кв бүхий талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг[4] гаргасан, тус хүсэлт нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ирсэн бичгийн бүртгэлд[5] бүртгэгдсэн, тус хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхгүй байсан тул нэхэмжлэгчээс хэд хэдэн удаа дахин хандахад тус газраас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 164 дүгээр албан бичгээр “...хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 тоот албан бичгээр хариу өгсөн...” гэжээ.
Тус Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаар албан бичигт[6] “...Tyc компаниас ирүүлсэн 28539,9 м.кв байршлыг шалгаж үзэхэд заагдсан координат бүхий газар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санал мөн хэсэгчлэн ойн сан бүхий газартай давхцалтай байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно” гэж дурдсан байх ба “Ши” ХХК -ийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн байна.
2.4. Гуравдагч этгээд “Ша” ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандаж газар ашиглах тухай хүсэлт гаргасан[7], Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/914 дүгээр албан бичгээр[8] “...солбилцол бүхий 64343 м.кв газар нь давхцалгүй болно.” гэх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/575 дугаар тушаалаар[9] “Ша” ХХК-д “Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Баруун салааны эхэд 64343 м.кв талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгожээ.
2.5. Нэхэмжлэгч “Ши” ХХК -ийн нэмэгдүүлэхийг хүссэн талбай нь гуравдагч этгээд “Ша” ХХК -д олгосон талбайтай хэсэгчлэн давхцалтай[10] нь анхан шатны шүүхээс хийсэн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн үзлэгээр тогтоогдсон.
2.6. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т ”Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасан байна, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.", 2 дахь хэсэгт "Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.", 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана." гэж тус тус хуульчилсан байна.
2.7. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас “Ши” ХХК -ийн нэмэгдүүлэхийг хүссэн талбай нь ямар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын саналтай, мөн хэдий хэмжээгээр хэсэгчлэн ойн сан бүхий газартай давхцалтай эсэхийг нарийвчлан шинжлэн судалсан нь тодорхойгүй, энэ талаарх нөхцөл байдлыг захиргааны байгууллага бүрэн тогтоогоогүй, мөн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Ши” ХХК -тай хийсэн газар ашиглах гэрээний дүгнэх хуудасны 3-т заасан үзүүлэлтэд “2022 онд хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй” гэх зэргээс нэгтгэн дүгнэвэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр нэхэмжлэгч компанийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
2.8. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэд хариуцагч татгалзсан хариу өгөхдөө хууль, тогтоомжид заасан журмын дагуу мэдэгдээгүй байхдаа цаг хугацааны хувьд дараа нь хүсэлт гаргасан гуравдагч этгээд “Ша” ХХК-д тухайн хүсэлт гаргасан газартай давхцуулан газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь тэгш байдлын зарчимд нийцээгүй, хүсэлтүүд болон газрын нөхцөл байдлыг дахин тодруулан шийдвэрлэх нь зүйтэй.
2.9. Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлага бий болсон, тодруулах нөхцөл байдлын цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, өөрөөр хэлбэл шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргаж буй захиргааны актуудад хууль зүйн дүгнэлт хийж, уг актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжгүй байгаа учир хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох ба тодруулбал “...нэмэлт ажиллагааг хийж дахин шинэ акт гаргахдаа гуравдагч этгээдийн ашиглах эрхтэй газрын нийт талбайн хэмжээнд нөлөөлөхгүйгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэвэл зохино.” гэх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 21-22 хуудас
[2] 1 хавтаст хэргийн 30-32 хуудас
[3] 1 хавтаст хэргийн 80-82 хуудас
[4] 1 хавтаст хэргийн 76 дахь тал
[5] 1 хавтаст хэргийн 75 дахь тал
[6] 1 хавтаст хэргийн 74 дэх тал
[7] 1 хавтаст хэргийн 157-158 хуудас
[8] 1 хавтаст хэргийн 168 дахь тал
[9] 1 хавтаст хэргийн 151-153 хуудас
[10] 2 хавтаст хэргийн 30-32 дахь тал