Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 121/ШШ2022/0017

 

2022 оны 04 сарын 22-ны өдөр            Дугаар 121/ШШ2022/0017                                                                  Арвайхээр сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Гомдол гаргагч: Пэ П,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б,

            Гуравдагч этгээд: Да-ийн С,

            Гомдлын шаардлага: “Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0001907 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч П.П, түүний өмгөөлөгч Г.Г, хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б гуравдагч этгээд Д., түүний өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч П.П нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдуулан Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0001907 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

 2. Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 39а/1373 дугаартай албан бичгээр шилжүүлсэн “Тариалангийн талбайд мал оруулаад байна” гэх гомдол мэдээллийг харьяаллын дагуу хүлээн авч эрх бүхий албан тушаалтны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор 2027000466 дугаар зөрчлийн хэрэг нээж, холбогдогч П.П-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12-т “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх бүхий этгээдэд хуульд заасан зориулалтаар уг газрыг ашиглахад нь санаатайгаар саад учруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0001900 дугаар шийтгэлийн хуудсаар 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Уг зөрчлийн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Н хянаад шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дүгнэлт гаргасан байна.

Тус шүүх прокурорын дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 121/ШШ2022/0001 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

2.2. Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0001900 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчилж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0001907 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргасан ба тус шийтгэлийн хуудсаар холбогдогч П.П-г Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Гомдол гаргагч П.П нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандсан байна.

4. Гомдол гаргагч П.П-с шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлдээ: “П.П би Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0001907 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4.10-т заасан эрхийн дагуу мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасан журмаар гомдол гаргаж байна. Учир нь:

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино,

“... 1.2 дугаар зүйл /Хууль ёсны зарчим/ 1. Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно, 4. Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй ...”,

“... 2.1 дүгээр зүйл /Зөрчил/ 1. Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ...” гэж тус тус заасан.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд тухайн үйл баримт нь зөрчлийн шинжгүй бол зөрчлийн хэрэг нээхгүй гэж тус тус заажээ.

Гэтэл дээрх шийтгэл оногдуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа эрх бүхий албан тушаалтан хуулийг ноцтой зөрчин, төсөөтэй хэрэглэж, нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн, энэ асуудалд прокурор зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Зөрчлийн хэргийн материалд авагдсан мэдүүлгийн нотлох баримтын тухайд.

Гэрч Д.Э-ын 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “... манай

саахалт айлын Б- ирээд танай адуу тарианд ороод хашаатай байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хашаа байгаа газар нь очиход 7-8 азарга адуу хашаатай байсан. Адуугаа авъя гэсэн чинь Засаг даргатайгаа очиж уулз, би адууг чинь өгөхгүй гэж хэлсэн. Би Засаг дарга дээр А, П, Ч нартай орж уулзсан. Засаг дарга бид нарт хэлэхдээ манайхтай тариалан эрхэлж байгаа хүмүүс нь гэрээ хийгээгүй, хашаагаа барь гэж анхааруулсан, хашаагаа бариагүй байхад мал орвол хариуцахгүй гэж тариалан эрхэлж байгаа хүмүүст хэлсэн. Тэгээд дарга Т.Б, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М нар очиж уулзаад малаа гаргахаар болсон. Тухайн үед манай адуу орсон ...” гэх мэдүүлэг /хх-5-16-р хуудас/.

Гэрч Г.С-ын 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “... заримдаа талбайн голоор малаа туугаад явдаг. Тү, Тү гуай нарын мал ороод байдаг. Тууж очоод танай адуу орсон байна гээд гэрийнх нь гадаа тууж аваачиж өгсөн ч шөнө нь адуу нь орчихсон байдаг. Түмээ гуай үүрээр ирж авдаг, адуугаа манаач гэхээр талбайгаа хашаач гээд байдаг. 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө бид нар талбайн голруу адуу ороод дийлдэхгүй байхаар нь орсон адууг хашсан. Нийт 7 азарга адуу, 7 морьтой хашсан. Маргааш өглөө нь Ц, Ч, А, Т нар ирсэн. Тэгэээд манай ахтай уулзаад ах шийддэг улсуудтай нь хамт ирээд шийд гэж хэлээд явуулсан. Тэгсэн чинь тэд нар буцаж ирэхдээ манай хашааг нураагаад адуугаа гаргаад явуулсан. Тэгэхээр нь би та нар яагаад хашаа задлаад хаячиж байгаа юм бэ гэхэд намайг Тулга гэх хүн шилбүүрээр нэг удаа гар руу цохиод хашаагаа хашиж чадахгүй байж яах гэж мал хашаад байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-17-18 дугаар хуудас/,

Гэрч П.П-н 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “ ... би тийм юм яриагүй, харин ч малаа оруулахгүйн төлөө манаж байдаг, уг нь энэ талбай чинь хашаатай байх ёстой. Хашаагүй болохоор их хэцүү байдаг. Бас сумын хурал болж байхад би “энэ хашаагүй талбайг яах вэ, хашаатай болгож болдоггүй юм уу” гэж хэлж байсан. Тэгэхэд багийн Засаг дарга болон сумын Засаг дарга нар хашаагүй талбайд бол малчид хариуцлага хүлээхгүй, харин хашаатай талбай руу орсон бол малчид хариуцлага хүлээнэ гэж хэлж байсан. Харин тэр хашаа эвдэлсэн гээд байгаа асуудал нь 2-3 сургааг төмөр утсаар боосон байхаар нь тэрийг тайлаад хорьсон байсан адуунуудыг гаргасан. Тэр сургааг нь тэд нарын сургааг ч биш, О гэх хүний сургааг байгаа ом. Хашаагүй талбай руу мал орсон гэж намрын хайлган цагаар трактораар мал хөөж элдээд тураагаад байна. Сая адуу хашдаг өдрийн дараахан тойруулаад газрыг нь хагалчихсан байна лээ...” гэх мэдүүлэг, /хх-19-20 дугаар хуудас/

Хохирогч Д.С-н 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн “... Асуулт: Иргэн П.П малын тэжээл тарьсан талбайд мал оруулсан талаар ярина уу?

Хариулт: 2021 оны 07 сарын 10-ны өдрөөс хойш П.П-н 30 орчим тооны адуу орж эхэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-26-27 дугаар хуудас/

Холбогдогч П.П-н 2021 оны 11 сарын 10-ны өдрийн "... Асуулт: Та иргэн Д.С-н түрээсээр ашиглаж байгаа тариалангийн талбайд адуу оруулж тарьсан ногоон тэжээлийг сүйтгэсэн гэх зөрчлийн талаараа ярина уу...

Хариулт: 2021 оны 10 сард яг хэдний өдрийг санахгүй байна, манай адуу Д.С-ийн тариа тарьсан талбай руу буурал азаргатай 16 тооны адуу орсон байсныг тус тариалангийн талбайн манаач хашсан байсан. Дараа нь А-, Ц, Ч, Д-ийн хүргэн, Д болон манай адуунууд орсон байсныг О-н саравчийг буулгаж хашаа хийгээд хашсан байсан. Манай азарга хашаатай байгаа нь мөн байна. Өөр айлын адууны зураг бас байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Эдгээр мэдүүлгийн тэмдэглэлээс үзэхэд тухайн зөрчил гарсан гэх үед холбогдогч П.П миний адуу дангаараа тариалангийн талбайд орсон гэдэг нь эргэлзээтэй буюу А, Э /Ц/, Ч, Т, Т гэх хүмүүсийн адуу хамт орсон болох нь харагдаж байгаа бөгөөд эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг хэт тулгаж, хөтөлж асуултыг асуусан, бусад зөрчил гаргасан гэх хүмүүсийг шалгаж шийдвэрлээгүй зэрэг нөхцөл байдлууд харагдаж байна.

Холбогдогч П.П миний бие нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоолгох, өмгөөлөгч авах, Д.С-н аргасан гомдолд хавсаргасан фото зургууд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/ дээрх адууг өөрийнх биш гэдгийг шалгуулах, үзлэг хийлгэх зэрэг хүсэлтүүдийг амаар болон бичгээр эрх бүхий албан тушаалтанд гаргасан боловч хүлээн аваагүй төдийгүй, хэт нэг талыг барьж ажиллагаа явуулсан болох нь харагдаж байгаа ба зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байна.

Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна, эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явуулна, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, эсхүл хүний нэр төрийг гутаан доромжлон харьцаж мэдүүлэг авахыг хориглоно гэж, мөн хуулийн 1.13 дугаар зүйлд Хүсэлт гаргах 1. Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно. 2. Хүсэлтийг амаар, эсхүл бичгээр гаргаж болох бөгөөд хүсэлтийг амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан болон хүсэлт гаргагч гарын үсэг зурна. З. Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:  хүсэлтийг бүрэн хангах; хүсэлтийг хэсэгчлэн хангах; хүсэлтийг хангахаас татгалзах. Хүсэлт, гомдлыг зөрчлийн хэрэгт хавсаргах

1. Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаархи тэмдэглэл, холбогдох бүх баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана гэж заасан хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

Мөн хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодитойгоор тогтоох зорилгоор үзлэгийн ажиллагааг хийх ёстой байтал огт хийгээгүй болох нь харагдаж байна.

Мөн түүнчлэн эдгээр асуудлууд дээр миний Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах эрхүүдийг ноцтой зөрчсөн.          Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлын тухайд

Эрх бүхий албан тушаалтан 2021 оны 11 сарын 02-ны өдөр шинжээч томилсон тогтоол гаргаж Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын захирамжаар баталсан “Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах ажлын хэсэг”-ийг шинжээчээр томилсон байдаг. /хх-ийн 42-р хуудас/

Дээрх ажлын хэсэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 сарын 20-ны өдрийн А-136, А-158, А210 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох аргачлалын 3.3 дугаар зүйлд заасан ажлын хэсэг нь хохирол тооцох ажиллагааг хохирогч, эсхүл хохирол учруулсан этгээдийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэнэ гэснийг зөрчиж дүгнэлтийг гаргасан байдаг бөгөөд мөн журмын 3.5-д заасан ажлын хэсгийн төлөөлөл нь хохирол учирсан талбайн хэмжээ, талбайд орсон мал, тэжээвэр амьтны тоо, ургац, талбайн түүхийн дэвтэр, газар тариалангийн эрчимжүүлэлт (үр, бордоо, усалгаа, хашаа, ургамал хамгааллын бодис) зэрэг хохирол тооцоход шаардлагатай мэдээллийг газар дээр нь шалгаж, баримтжуулалт хийнэ, З.9. Ажлын хэсгийн дүгнэлтэд газрын гэрээ, талбайн кадастрын зураг, тэмдэглэгээний болон талбайн түүх хөтөлсөн дэвтрийн хуулбараас гадна хохирлын ангиллаас хамаарч дараах баримтыг хавсаргана, 3.9.1. Супер элит болон элит үр, бордоо, ургамал хамгааллын бодис хэрэглэсэн бол худалдан авсан гэрээ, санхүүгийн баримтын хуулбар, 3.9.2.орон нутгийн дундаж ургацыг тодорхойлсон Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, З.9.З.тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээн авсан улаан буудайн үнийн тодорхойлолт, 3.9.4.гэрэл зураг, зураглал, дуу-дүрсний бичлэг зэргээр хохирол учирсныг баримтжуулсан бусад баримт зэрэг заавал хавсаргах баримтуудыг хавсаргаагүй байна.

Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно /ЗШШТХ-ийн 4.14-4/, хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй. /ЗШШТХ-ийн 4.15-5/, Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно. /ЗШШТХ-ийн 4.11-3/ Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ. Иргэд, байгууллагаас прокурор, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно, эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн заалтуудыг зөрчиж шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна.

Бусад асуудал

Иргэн Д.С-с анх Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт хандан гомдол мэдээллийг гаргасан бөгөөд тус гомдол мэдээллийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын хэлтсийн төлөөлөгч д/ч Л.М шалгаж Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл тухайн байгууллагын харьяаллын бус гэдгийг 2021 оны 10 сарын 17-ны өдөр гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоосон байдаг ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан ажлын 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлэх байтал 2021 оны 10 сарын 26-ны өдөр шилжүүлсэн байна.

Хуульд зааснаар зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс /2021.11.02-нд хэрэг нээсэн 2022.01.18-нд шийтгэлийн хуудас бичигдсэн/ эхлэл зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолох, эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгах байтал энэ талаар баримтууд хэргийн материалд авагдаагүй байна.

Мөн эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасан заалтыг ноцтой зөрчиж Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Б-ийн зорчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0001907 дугаартай шийтгэлийн хуудсыг танилцуулаагүй төдийгүй Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх дээр гэм хорын хохирол нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлд хавсаргасан хуулбарыг 2022 оны 02 сарын 15-ны өдөр танилцсан. Шийтгэлийн хуудастай танилцах боломжоор хангаагүй байна.

Гэтэл дээрх шийтгэлийн хуудсаар П.П намайг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар буюу бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх бүхий этгээдэд хуульд заасан зориулалтаар уг газрыг ашиглахад нь санаатайгаар саад учруулсан гэж үзэж таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

Энэхүү зөрчлийн хэргийн материалаас үзэхэд надад холбогдох асуудал дээр санаатайгаар саад учруулсан зөрчлийн шинж нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Мөн тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах, талбайн түүх хөтлөх үүрэгтэй байдаг ба энэ үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг нарийвчлан шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд эрх бүхий албан тушаалтан хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоогоогүй, хуулийг ноцтой зөрчин, төсөөтэй хэрэглэж, нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үндэслэж бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх бүхий этгээдэд хуульд заасан зориулалтаар уг газрыг ашиглахад нь санаатайгаар саад учруулсан зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-гийн зорчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2022 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 0001907 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч байгаль орчны улсын байцаагч Б.Б-гийн авсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т хуулийн зорилгыг тодорхойлохдоо “энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, мөн хуулийн 1.2 дахь хэсэгт зөрчлийн шинжийг “энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасан. Шийтгэлийн хуудсанд П.П шийтгэл оногдуулахдаа үндэслэлгүйгээр зөрчлийн хэрэг нээж тодорхой ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Зөрчлийн шинж байгаа эсэх нь эргэлзээтэй, нотлогдоогүй. Мэдүүлгийн нотлох баримтуудыг гомдолдоо дурдаад бичсэн байгаа. Гэрч н.Э-ын мэдүүлэг, н.С-ын мэдүүлэг, холбогдогч П.П-ийн мэдүүлэг, хохирогч Д.С-гийн мэдүүлэг зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12-т заасан “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх бүхий этгээдэд хуульд заасан зориулалтаар уг газрыг ашиглахад нь санаатайгаар саад учруулсан” гэх зөрчлийн шинж нотлогдохгүй байна. Санаатайгаар гэсэн үйл баримтад нийцэхгүй. Мөн хохирлын хэмжээг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогоогүй. Есөнзүйл сумын Засаг даргын баталсан 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилсон тухай ажлын хэсэг баталсан байдаг. Ажлын хэсгийн дүгнэлт эргэлзээтэй байсан. Тухайн хохирол учруулсан гэх газраа хохирлын хэмжээг нарийвчлан  тогтоож мөнгөн дүнгээ гаргаж үнэлгээ хийгээгүй байна. Ажлын хэсгийн ажиллах журмыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан байдаг. Энэ журамд заасны дагуу хийгээгүй, зарим баримтууд дутуу хийсэн байна. Оролцогчийн эрхийг зөрчсөн асуудал байна. П.П нь холбогдогчоор явж зөрчлийн хэрэг нээж шалгах явцдаа тухайн хүсэлтүүдийг гаргаж байсан. Манай адуу мөн эсэхийг таньж олуулах ажиллагаа, гэрчээр сумын Засаг даргыг оролцуулмаар байна гэсэн хүсэлтүүдийг Мэргэжлийн хяналтын газарт гаргаж байсан ч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байсан талаар хэлээгүй. Шууд шийтгэлийн хуудсаа бичээд явсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн хууль ёсны дагуу явагдаагүй гэж үзэж байна. Зөрчил шалгах явцдаа шаардлагатай үед хугацаа сунгасан зүйл байхгүй. Иймд тухайн мэргэжлийн хяналтын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-с шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б би Зөрчлийн тухай хуулийн 8.1.12-т зааснаар Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын иргэн П-н П-т холбогдох бүртгэлийн 2127000466 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан 0001907 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэгт.

А, Э, Ч, Т, Т, П.П-н адуунууд нь Есөнзүйл сумын нутагт 7-10 саруудад иргэн Д.Сүхээгийн тариалангийн талбайд орсон гэх боловч хохирогч иргэн Д.С нь П.П-т холбогдуулан гомдол гаргасан тул П.П-т холбогдуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Нотлох баримтын тухайд:

П.П мэдүүлэгтээ"... 2021 оны 10 сард, яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. манай адуу Д.С-н тариа тарьсан талбай руу буурал азаргатай 16 тоотой адуу орсон байсныг тус тариалангийн талбайн манаа ч нь хашсан байсан... Би дахиж адуугаа тариалангийн талбайд оруулаагүй ... манай адуу орох нь бол орсон. Тэр зөрчлөө хүлээн зөвшөөрч байна ... Манай азарга хашаатай байгаа нь мөн байна ...Д.С-н тариан талбайд манай адуу 1 удаа орсон нь үнэн учраас зөвшөөрч байна ...” мөн 2021 оны 10 сарын 17-нд өгсөн “манай адуу 2-3 удаа орж байсан, хашаагүй болохоор орчхоод байдаг юм” гэх мэдүүлэг, /ХХ-ийн19, 20, 30,/

Хохирогч Д.С-н ...“наадмын үе буюу 2021.07.10-аас хойш иргэн П.П-н 30 орчим тооны адуу талбай руу орж эхэлсэн. Эхлээд 2-3 хоноод нэг ордог байсан. Заримдаа шөнөөр хүн тууж оруулдаг байсан. Тэжээл тарьсан 140га талбайгаас бүтэн ургац авсан талбай байхгүй. Багцаагаар 52 га талбайг сүйтгэсэн. Миний тооцоогоор 30.000 боодол авах тооцоо байсан. одоо 10.000 боодол авах юм шиг байна. Гэхдээ бүтэн хурааж дуусаагүй байна...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 25-р хуудас/,

Мөн 2021 оны 10 сарын 16-ны өдөр өгсөн ....“3 удаа хүн адуугаа хөөж оруулж байсан, тэр тууж яваа адуу нь П.П гэж хүний улаан буурал азаргатай адуу байсан ...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 13-р хуудас/

Гэрч Г.С-ын “П.П гуайд танай мал талбай руу ороод байна гэж хэлэхээр заа уучлаарай, ах нь дахиж оруулахгүй гэж хэлдэг, гэвч орой нь талбайруу ороод байдаг. Бид нар 7-8 удаа гэрийнх нь гадаа хүртэл адуу, үхрийг нь тууж аваачиж өгч байсан. Заримдаа хашиж байгаад өөрт нь хүлээлгэж өгөхөөр талбайн голоор туугаад яваад өгдөг байсан....”гэх мэдүүлгүүдээр /ХХ-ийн 17-18-р хуудас/ Д.С-йн талбайд мал орсны улмаас хохирол учирсан дүгнэлтээр иргэн П.П нь Д.С-гийн тариан талбайд адуу оруулсан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон болно.

Шинжээчийн дүгнэлтийн тухайд:

Есөнзүйл сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.М, газрын даамал Ж.А, багийн Засаг дарга Г.О, олон нийтийн цагдаа Г.О нар газар дээр нь үзлэг хийж 2021 оны 11 сарын 02- ны өдрийн дүгнэлтээр Д.С-ийн талбайд П.П-ийн адуу орсны улмаас 31.200.000 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11.1, 4.11.3-т заасан эрхийн дагуу зөрчил үйлдсэнийг тогтоох зорилгоор үзлэг явуулж шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж дүгнэлт гаргуулсан болно. /ХХ-ийн 42, 43, 44-р хуудас/

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11.5-д дагуу шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар, эсхүл алдаатай, буруу гарсан гэж үзвэл шалгуулахаар бусад хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж болно.

Ажлын хэсгийн гишүүдэд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эсхүл худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг танилцуулж гарын үсэг зуруулсан тул нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно гэдгийг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй юм.

Бусад:

Би иргэн П.П-с холбогдогчийн мэдүүлэг авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8-д заасны дагуу мөн хуулийн 3.1 -д заасан эрх үүргийг танилцуулан гарын үсэг зуруулсан, мэдүүлэг авахын өмнө Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү, бичиг үсэг мэдэх үү гэж асуусан, ямар нэгэн байдлаар доромжилсон, дарамталсан үйлдэл гаргаагүй, асуулт асууж, хариулт авах хэлбэрээр мэдүүлгийг авч дууссаны дараа хэвлэн танилцуулж зарим нэг хариулт дээр өөрийнх нь хүсэлтийн дагуу засвар оруулсан болно.

П.П Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад надад тодруулах, ажиллагаа явуулах ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Холбогдогч иргэн П.П-т 2127000466 дугаартай зөрчлийн хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл, гомдол гаргах эрх танилцуулсан тэмдэглэл тус бүр дээр гарын үсэг зуруулж нийт 50 хуудас материал танилцуулж гарын үсэг зуруулсан. /ХХ-ийн 25, 29, 47-р хуудас/

Иймд нэхэмжлэлд дурдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргаж өгөх, ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах эрхүүдийг ноцтой зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй тул дээрх баримтуудаар няцааж байна.

Зөрчлийг хэлэлцсэн хугацааны талаар:

Зөрчлийн гомдол мэдээллийг 2021 оны 10 сарын 29-ний өдөр хүлээн авч 2021 оны 11 сарын 02-ны өдрийн прокурорын тогтоолоор бүртгэлийн 2127000466 дугаартай зөрчлийн хэрэг нээн 2021 оны 11 сарын 10-ны өдөр зөрчлийг шалган шийдвэрлэн дуусаж шийтгэл оногдуулсан бөгөөд зөрчлийн хэргийг нээснээс хойш эхний 14 хоногт хуулийн хүрээнд шийдэж дууссан.

Зөрчлийн хэргийг Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх П.Н хянаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгнэлтээр П.П-т 0001900 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 300.000 төгрөгийн торгуулийг 500.000 төгрөг болгож өөрчлөх дүгнэлтийг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Прокурорын дүгнэлтийг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 121/шш2022/0001 дугаартай захирамжаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжийг биелүүлж иргэн Пэ-ийн П-т холбогдох бүртгэлийн 2127000466 дугаартай зөрчлийн хэргийн 0001900 дугаартай шийтгэлийн хуудсыг 0001907 дугаартай шийтгэлийн хуудсаар сольж өөрчлөлт оруулж 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж энэ талаар холбогдогч П.П-т 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 53 минутанд 89549919 дугаар луу залгаж мэдэгдэн тайлбарласан бөгөөд холбогдогч П.П аймгийн төв орж ирэхээрээ шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зуран хүлээн авч торгуулийн 500.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болно. Энэ талаар тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан. Шийтгэлийн хуудсанд 2022 оны 01 сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэрийн өөрчлөлт орсон бөгөөд өөрчилсөн Шийтгэлийн хуудасны нэг хувийг П.П-т хүргүүлэхээр харьяа багийн Засаг даргад нь хүргүүлсэн болно.

Иргэн П.П-т бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх бүхий этгээдэд хуульд заасан зориулалтаар уг газрыг ашиглахад нь санаатайгаар саад учруулсан үйлдэл нь нотлох баримтаар нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 8.1.12-т заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан болно.

Шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд гарын үсэг зураагүй нь шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу, холбогдогчид өмгөөлөл авах, гомдол, хүсэлт, нэмэлт ажиллагаа явуулах эрхийг хангуулж зөрчлийг шалган шийдвэрлэсэн.

Иймд иргэн П.П-т оногдуулсан 0001907 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү.

Харин иргэн П.П нь бусдыг өмчийг санаатай эвдэж сүйтгэсэн, бусдыг уриалан дуудсан, согтуугаар танхайрсан Есөнзүйл сумын ЗДТГ-ын нэр бүхий албан хаагчид нь тариаланч, малчдын хоорондын маргааныг зохицуулах ямар нэгэн шийдвэртэй арга хэмжээ аваагүй, нэр бүхий зарим малчдын буруу үйлдлийг өөгшүүлсэн, хэт нэг талыг барьсан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, албан үүрэгтээ хайнга хандсан үйлдлүүд гаргасан нь зөрчлийн хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогдож байна. Иймд иргэн П.П-т оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох нь буруу үйлдлийг өөгшүүлнэ гэж үзэхээр байна.

Мөн албан үүрэгтээ хайнга хандсан Есөнзүйл сумын нэр бүхий албан хаагчдад хариуцлага тооцох, бусдыг өмчийг санаатай эвдэж сүйтгэсэн, бусдыг уриалан дуудсан, согтуугаар танхайрсан зарим иргэдэд Цагдаагийн байгууллага хариуцлага ногдуулж болох нөхцөл байдал харагдаж байна” гэв.

7. Гуравдагч этгээд Д.С-с шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Д.С нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Б” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хайрхан 3-р багийн нутаг “Ар үзүүр” гэх иргэн н.Г-ын эзэмшлийн тариалангийн газрыг түрээсэлж, 150 га газарт малын тэжээл тарих ажлыг эхлүүлж, амжилттай тариалсан. Уг газартаа улаан буудай /дархан 181 сортийн 8 тонн үр/, орос овьёосны үр /8тонн/, хөх тарианы үр /8тонн/ нийт 24 тонн үрээр холимог тэжээлийг 2021 оны 06-р сарын 25-ны өдрөөс 2021 оны 07-р сарын 10-ны хооронд тариалсан. Уг тариалалтыг хийхдээ тонн тутам үрэнд З кг бордоогоор бодож гумины бордоогоор бордож тариалалтаа хийсэн бөгөөд цаг агаарын байдлаас болж тариалсан ногоон тэжээл маань ургац нь сайн байсан.

Гэтэл тариалан хураалтын явцад буюу 2021 оны 9-р сард Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4-р багийн малчин П.П гэх хүн шөнийн цагаар, хэд хэдэн удаа тариалангийн талбай руу, санаатайгаар олон тооны адуу тууж оруулан, уг үйлдэлдээ тухайн нутгийн зарим иргэдийг уриалан турхирч, малын тэжээл тарьсан тариалангийн талбайг эвдлэн сүйтгэсэн.

Тийнхүү тариалангийн талбайг эвдлэн сүйтгэж эд материалын хохирол учруулахын зэрэгцээ шаардлага тавих тухай бүрт айлган дарамталж сэтгэл санааны дарамтад оруулсаар байсан тул сумын Засаг дарга, хэлтсийн байцаагчид удаа дараа хандсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй. Гэвч 132 тооны адуу шөнийн цагаар орсон байсныг хашиж сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагч, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг дуудан ирүүлж зөвшилцөлд хүрээд оруулсан малчин болгон иргэний үнэмлэхийн хуулбар дээр орсон малынхаа тоог бичээд гарын үсэг зурж баталгаажуулан малаа авахаар тогтсон болно. Ингээд байж байтал иргэн П.П нь өөрийн малчидтайгаа согтуу ирж хашааг эвдлэн хашсан адууг хүчээр гаргаж хариуцлага байвал надтай тооцоорой гэж үг хэлээр дарамтлан явсан. Ер нь нутгийн ойр хавийн малчид малаа оруулдаггүй нэр бүхий 5, 6 хүн оруулдаг. Энэ бүхнийг иргэн П.П сайн мэдэж байгаа. Иймд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн П.П-н хууль бус үйлдлийг шалгуулахаар Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан.

Харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газарт шийдвэрлүүлэхээр шилжсэн болно. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын БОХ-ын улсын байцаагч Э.М тэргүүтэй комисс ирж талбай дээр ажилласан бөгөөд 100 гаруй га газарт малын хөлд сүйтгэгдэж талхлагдсан байсан. Би тухай үед хүнд төвөг учруулахгүй гэж 100 га газрыг 50га болгон багасгаж Э.М тэргүүтэй комисст хэлсэн. Би өөрийн эхний 40 га газрын дээд хэсгээс 6000 боодол өвс авсан. Ингээд талхалсан талбайгаа хадахад нэмж 1300 боодол өвс авсан. Миний ургацын хэмжээ бусад талбайгаас хамаагүй их өндөр болон өтгөн байсныг бусад талбайн ургацтай харьцуулан их дарсан байна. Бусад талбайн ургацын өндөр 60см-80см байсан ба манай талбайн өндөр хамгийн эхэлж тарьсан хэсэг нь 190 см, сүүлд тарьсан хэсэг нь 170 см өндөр ургасан байсан. Үүнийг зургаар нотолно. Мөн 8 дугаар сарын дундуур болсон сумын “Аварга тариаланч” шалгаруулалтад газрын түрээсийн эзэн болох иргэн Ганбаатар манай ургацын дээжийг авч оролцуулан сумын ургацын “Аварга тариаланч” болсон. Энэ талаарх баримт сумын захиргааны тэмдэглэлд байгаа болно. Түүнчлэн 2018 оны 10-р сарын 04-ний өдөр 3/444 тоот Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан хүсэлт уламжлах тухай албан бичгэнд тариалангийн талбайн захаас 500 метрийн дотор нэр бүхий /Д.Ц Н.Энхбаатар, П.П, О.Ж, А.Г, А.Г, н.Б, С.Ч/ 8 өрхийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа байгаа нь “Тариалангийн тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно” заалтыг зөрчиж байна. Иймд мөн хуулийн 24.3-т “Энэ хуулийн 24.2-т заасан мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааг тухайн орон нутагт нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон тээврийн зардлыг тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нэг удаа хариуцна”, 24.4-т “Энэ хуулийн 24.3-т заасны дагуу нүүн шилжих мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг сум, дүүргийн засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн дотор байгаа дээрхи нэр бүхий 8 өрхийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч, газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, малчдын маргааныг таслан зогсоож 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор хариуг тус газарт ирүүлнэ үү гэсэн албан бичгийг Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан боловч одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд 2018 оноос хойш иргэн П.П нь малчдыг уриалан тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж тариаланчдыг их хэмжээгээр хохироож байна.

П.П нь 50 га тариалангийн талбайг сүйтгэсний улмаас тус талбайд тариалсан малын тэжээлийг сүйтгэж, ашиглах боломжгүй болгосон гэм буруутай нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тогтоон заасны дагуу иргэн П.П-ийн буруутай, хууль зөрчсөн байдлын тухай тайлбар гаргаж байна.

Иймд иргэн П.П-ийн хууль бус үйлдэл нь 50га газрын тариаланг сүйтгэсний улмаас тус талбайд тариалсан ургацаа бүрэн гүйцэтгэж хураан авч чадаагүй улмаас иргэн Д.С надад эд материал болон эдийн засаг, сэтгэл санааны хохирол учруулсан тул Иргэн П.П-ийн хууль бус үйлдлийг шалган үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэжээ.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн хэлсэн тайлбартай санал нэг байна. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл буруу байна гэсэн тайлбарыг гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл зөв, шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас хууль ёсны дагуу, үндэслэл бичигдсэн гэж үзэж байна. Иймд тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Мөн гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс холбогдогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж удаа дараа хүсэлт гаргасан, уг хүсэлттэй холбоотой ажиллагааг огт хийгээгүй. Энэ нь холбогдогчийн хуулиар олгогдсон эрх ашгийг зөрчсөн байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэтэл сая хариуцагчийн тайлбарыг сонсоход тус зөрчлийн хэргийн 25 дугаар хуудсанд гомдол гаргах эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн. Холбогдогч нь мөн эрх, үүрэгтэйгээ танилцаад гарын үсгээ зурсан байна. Мөн зөрчлийн хэргийн 30 дугаар хуудсанд П.П нь холбогдогчоор мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө манай адуу иргэн Д.С-ийн тариалангийн талбайд орсон нь үнэн. Манай адуу мөн байна. Гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэж уг зөрчлийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Мөн өмгөөлөгч авах эрхтэй учраас өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт авагдсан байна. Уг шинжээчийн дүгнэлтийг хуульд заасны дагуу томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Зөрчлийн хэргийн 44 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлттэй холбогдогч нь танилцсан гэсэн тэмдэглэл авагдсан байгаа. Мөн тариан талбайн нөхцөл байдлыг харуулсан фото зургууд зөрчлийн хэрэгт авагдсан байгаа. Хавтаст хэргийн 47 дугаар талд холбогдогчийг хэргийн материалтай танилцуулаад санал хүсэлт байгаа эсэхийг лавлахад холбогдогчоос санал, хүсэлт байхгүй гэдгээ илэрхийлсэн. Дээрх баримтуудаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болох нь харагдаж байна. Ингээд хэргийн материалтай танилцсанаас хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эрх бүхий албан тушаалтан Б.Б-аас шийтгэлийн хуудас оногдуулж, тус шийтгэлийн хуудсанд гомдол гаргах эрхийг нь заасан байна. Гэвч уг шийтгэлийн хуудсанд холбогдогч нь ямар нэг гомдол гаргаагүй нөхцөл байдал байгаа учраас иргэн П.П нь тухайн зөрчлөө бүрэн хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн. Уг зөрчилдөө маргаагүй. Тариалангийн талбайд адуу нь орсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Уг зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбарласан шиг ямар нэг баримт зөрчлийн хэрэгт харагдахгүй байна. Иймд тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл байхгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдохгүй байх тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар маргаан бүхий актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Гомдол гаргагч П.П нь “Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0001907 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан.  

3. Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 39а/1373 дугаартай албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн Д.С-с гаргасан “Тариалангийн талбайд мал оруулаад байна” гэх гомдол мэдээллийг хүлээн авч, П.П-г Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдуулан зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад холбогдогч П.П-т 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0001900 дугаар шийтгэлийн хуудсаар 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

4. Дээрх зөрчлийн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор хянаж шийтгэлийн хуудсанд холбогдогч П.П-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох өөрчлөлт оруулахаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дүгнэлт гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн тул Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 121/ШШ2022/0001 дүгээр “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

5. Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0001900 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчилж, маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0001907 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргажээ.

6. Тус шийтгэлийн хуудсаар холбогдогч П.П-ийг бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг зөвшөөрөлгүй ашигласан, тариалангийн талбайд мал оруулсан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

7. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12-т “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх бүхий этгээдэд хуульд заасан зориулалтаар уг газрыг ашиглахад нь санаатайгаар саад учруулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.  

8. Уг зөрчлийн хувьд бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх бүхий этгээд байх, гэрчилгээнд заасан зориулалтаар уг газрыг ашиглаж байх, уг эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээдээс санаатайгаар саад учруулсан байх гэсэн урьдчилсан нөхцөлүүд зэрэг хангагдсан тохиолдолд энэ зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна. 

9. Зөрчлийн хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд Д.С нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0677 дугаартай “Түрээсийн гэрээ”-ээр “Б” ХХК-ийн эзэмшлийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хайрхан 3 дугаар багт байршилтай, газар тариалангийн зориулалттай 350 га газрыг түрээсэлж малын тэжээл тариалсан байна.

10.Гуравдагч этгээд Д.С нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт “...тариагаа хураах хураалтын явцад тус сумын малчин П.П нь шөнийн цагаар удаа дараалан олон тооны адуугаа туун оруулж ойр хавийн малчдыг өдөөн турхирч тариаланг маань сүйтгэж хохирол учруулсаар байна. ...энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч иргэн Д.С надад учруулаад байгаа хохирлыг барагдуулж өгнө үү” гэх гомдлыг гаргажээ.  

11. Уг гомдлын дагуу цагдаагийн эрх бүхий албан тушаалтан нь хохирогч Д.Сүхээ, гэрчээр малчин Д.Э, тариалангийн талбайд ажиллаж байсан Г.С, гомдол гаргагч П.П нараас тус тус мэдүүлэг авсан, цагдаагийн байгууллагаас гомдлыг харьяаллын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь гомдлыг хүлээн авч зөрчлийн хэрэг нээн, хохирогч Д.С, холбогдогч П.Пнараас тус тус мэдүүлэг авч, мөн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолоор Есөнзүйл сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах ажлын хэсэг”-ийг оролцуулахаар шийдвэрлэж, ажлын хэсгээс холбогдох дүгнэлтийг гаргажээ.

12. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь эдгээр баримтуудыг үндэслэн гомдол гаргагч П.П-г Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12-т заасан зөрчлийг гаргасан тул торгох шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж маргасан.

13. Зөрчлийн хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд зөрчилд холбогдогч П.П нь түрээсийн гэрээний дагуу газар ашиглах эрхтэй Д.С-ийн газар ашиглах эрхэд “санаатайгаар саад учруулсан” гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

14. Тодруулбал, гуравдагч этгээд Д.С нь П.П-ийг санаатайгаар тариалангийн талбайд адуу тууж оруулсан гэж гомдол гаргасан боловч П.П-ийн энэ үйлдлийг Д.С-ийн мэдүүлгээс өөр баримтаар тогтоосон нотлох баримт зөрчлийн хэрэгт авагдаагүй, эрх бүхий албан тушаалтнаас П.П-ийн “санаатайгаар тариалангийн талбайд адуу тууж оруулсан үйлдэл”-д холбогдуулан нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй, зөрчлийг тодорхойлж, бүрэн тогтоогоогүй атлаа П.П-ийг уг зөрчилд буруутган шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасанд нийцэхгүй байна. 

15. Зөрчилд холбогдогч П.П нь адуу нь тариалангийн газарт орсныг хүлээн зөвшөөрсөн боловч “...ганцхан манай адуу ороогүй, 54 га талбайд ургасан ногоон тэжээл сүйтгэгдсэн гэж байгаа бол өөр бусад адуу оруулсан малчид ч бас хамаатай...” гэж мэдүүлсэн. Мөн гэрч Д.Э-ын “... манай саахалт айлын Б ирээд танай адуу тарианд ороод хашаатай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хашаа байгаа газар нь очиход 4-5 азарга адуу хашаатай байсан. Адуугаа авъя гэж хэлсэн чинь Засаг даргатайгаа очиж уулз би адууг чинь өгөхгүй гэж хэлсэн. Би Засаг дээр А, Ч, П нартай орж уулзсан, ...Тухайн үед бүгд нийлээд 25 адуу орсон байсан. Манай үхэр тариан талбайруу орж байгаагүй. Тухайн үед л манай адуу орсон”, гэрч Г.С-рын “Пү гуайд танай мал талбай руу ороод байна шүү гэж хэлэхээр за уучлаарай ах нь дахиж оруулахгүй гэж хэлдэг. Гэвч орой нь талбай руу ороод байдаг. Бид нар 7, 8-н удаа гэрийнх нь гадаа адуу, үхрийг нь тууж аваачиж өгч байсан ... Бас Т, Тгуай нарын мал ороод байдаг. Тууж очоод гэрийнх нь гадаа аваачиж өгсөн ч шөнө нь адуу нь талбайн голд орчихсон байдаг” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд гуравдагч этгээд Д.С-ийн тариалангийн талбайд гомдол гаргагч П.П-ийн адуунаас гадна бусад айлын адуу орсон нь тогтоогдож байна.

16. Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна гэж заасан.

17. Ийнхүү зөрчлийг хамтарч үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг тогтоох, тэдгээрийн оролцоо, гэм бурууг тогтоох, тэдэнд шийтгэл хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгавар болгож, П.П-т шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасанд нийцээгүй, өөрөөр хэлбэл зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүргээ хариуцагч эрх бүхий албан тушаалтан хангалттай биелүүлээгүй байна.  

18. Гэвч П.П-вийн адуу Д.С-ийн тариалангийн талбайд орсон нь П.П-ийн өөрийн болон бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа, Д.С-ийн тариалангийн талбайд адуу орсны улмаас хохирол учирсан нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд П.П-ийн гомдлын шаардлагын үндэслэлээр түүний үйлдлийг зөвтгөж, шийтгэлээс шууд чөлөөлөх боломжгүй.

19. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоовол зохих ажиллагааг эрх бүхий захиргааны албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй, эрх бүхий этгээдээс зөрчлийг шалган шийдвэрлэхдээ, зөрчил шалгах ажиллагааг тусгайлан журамласан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хийвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй байхад шүүхээс шийтгэлийн хуудас-ыг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй, П.П-ийн санаатайгаар тариалангийн талбайд адуу оруулсан гэх үйлдлийг тогтоох, зөрчилд холбогдох бусад этгээдийг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

20. Иймд маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч нь дээрх зөрчлүүдийг арилган, зөрчилд холбогдогч нарын үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн аль зүйл заалтаар шийтгэл оногдуулах эсэхийг зөв тодорхойлох замаар дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзэн “Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0001907 дугаартай шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.        

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий шийтгэл хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйл, 3.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Бу-гийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0001907 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинэ акт гаргахгүй бол 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0001907 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.                                                                                                                           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ