| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 2023/ШЦТ/1101 |
| Дугаар | 2023/ШЦТ/1101 |
| Огноо | 2023-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2308000001080 дугаартай 1/нэг/ хавтас хэргийг 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ...... дүүргийн .... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******, /РД:......../
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр ******* ******* ******* гэх газарт хүүхдийн хажуугаар машинтай ширүүн явлаа гэх шалтгаанаар хохирогч М.*******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, гэмтлийн гаралтай дээд зүүн 2 шүдний өвдөлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр ******* ******* ******* гэх газарт хүүхдийн хажуугаар машинтай ширүүн явлаа гэх шалтгаанаар хохирогч М.*******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, гэмтлийн гаралтай дээд зүүн 2 шүдний өвдөлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Г.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Улаанбаатар хотод бага насны хүүхэд дугуй унах аюулгүй зам, орчин байхгүй. Тухайн өдөр дугуй унах аюулгүй газар нь ******* *******н худгийн авто зогсоол гэж бодож гэр бүлийн хамт очсон. Манай гэр бүл болон хохирогчоос гадна 5-аас 6 хүмүүс хүүхдүүдээ тоглуулж байсан. Хохирогч тээврийн хэрэгслээрээ ийш тийшээ эргэлдээд, хаазлаад дрифт хийж байсан. Манай хүүхэд дугуйгаа унаад явж байхад хажуунаас нь биш эгц урдаас нь ирсэн. Би хохирогч дээр очоод хүүхэд дугуйтай явж байхад зогсоод өнгөрүүлсэнгүй гэж хэлэхэд би гарцаар гарах гэж байгаа учраас надад хамаагүй гэж хэлсэн. Амьтан хүртэл үр зулзагаа хамгаалдаг. Миний хүүхдийг тээврийн хэрэгслээрээ дайрах шахсан, гэмт хэрэг гарах нөхцөл байдал үүссэн боловч аз болж зүгээр өнгөрсөн. Энэ байдалд авах арга хэмжээ байна уу гэж мөрдөгчид хэлэхэд танай хүүхдийг дайраагүй байгаа биз дээ гэж хариулж байсан. Монгол Улсын хууль тогтоомжид хэн нэгэн бэртэж гэмтээгүй л бол хэрэг үйлдсэн хүн нь гэм буруугүй өнгөрдөг юм байна гэж ойлгож байна. Миний зүгээс хохирогчийг цохисон нь үнэн. Гэмт хэрэг үйлдсэн миний буруу. Нүдэн дээр минь миний хүүхдийг дайрах шахсан тул цочирдоод нэг л удаа цохисон...” гэх мэдүүлэг
2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Г.*******ын өгсөн: “…2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр ******* ******* худгийн автомашины зогсоол дээр эхнэр Д.*******, дүү Г.******* хүүхдүүдийн хамт агаарт гарч хүүхдүүддээ унадаг дугуй унуулсан. Манай хүүхэд унадаг дугуйгаа унаад явж байхад М.******* машинтайгаа халз урдаас нь ирсэн. Манай хүүхэд хажуу талруугаа гарсан. Хүүхэд бэртэж гэмтээгүй. Би М.*******ын машиныг хааж зогсоогоод чи яаж яваад байгаа юм бэ хүүхэд дайрлаа гэж хэлэхэд би замаараа явж байна гээд урдаас хэрэлдсэн ба би *******ыг машиндаа сууж байхад нь гараараа уруул хэсэгт нь нэг удаа цохиход уруулаас нь цус гарсан. ******* намайг цохиогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх хуудас/
3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.*******ын өгсөн “…2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр ******* ******* худгийн автозамын зогсоол дээр эхнэр хүүхдийн хамт очиж хүүхдүүдээ салхинд гаргаж тоглуулж байхад 16 цаг 50 минутын орчим явсан. Тэр зогсоол руу ордог гардаг ганц гарц байсан ба эхнэр Р.гийн нэр дээр байдаг улаан өнгөтэй тоёото акуа маркийн машиныг би бариад зогсоолоос гарах гээд явж байхад замын хажууд жоохон дугуйтай хүүхэд дугуй унаж байсан. Би тэр хүүхдийг хараад хажуугаар гарахад урдаас тэр хүүхдийн аав болох Г.******* миний машины урдуур ороод зогсоогоод чи яаж яваад байгаа юм бэ гээд шууд миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Би тэр залууг цохиогүй. Миний уруул язараад цус гарсан. Шүд жоохон хөндүүр орсон. Шүд унаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь хуудас/
4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.*******ын өгсөн “…2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр ******* ******* худгийн автозамын зогсоол дээр хүүхдүүдээ дугуй унуулж тоглуулахаар очсон. Хүүхдүүдээ дугуйгаар тоглуулж байхад улаан өнгийн акуа маркийн автомашин дрифт хийж байгаа бололтой зам дээр сүлжилдэн давхиж байсан. Охинтойгоо дугуй унаж байтал цаад зам дээр байсан улаан машин бид хоёрын эгц урдаас чиглээд ирэхэд охин айгаад замаас гарсан, би баруун тийш дараад замаас гарсан. Нөхөр харчихаад нөгөө машиныг зогсоогоод жолоочтой ярилцаж байгаа харагдсан. Охиноо дагуулаад нөхөр дээрээ ирээд юу болсон талаар асуухад шаардлага тавьсан чинь өөдөөс хэрэлдээд байхаар нь цохьчихлоо гэж хэлсэн. Манай нөхөр ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаний захирал ажилтай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дахь хуудас/
5.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 6373 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:
“...М.*******ын биед дээд уруулд язарсан шарх, гэмтлийн гаралтай дээд зүүн 2 шүдний өвдөлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь хуудас/,
6.Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 36-37 дэх хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 57-63 дүгээр хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дүгээр хуудас, 24-27 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.******* нь хохирогч М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэжээ.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Г.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Шүүх хуралд оролцсон улсын яллагчаас:“...шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...”гэжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байгаа хувийн байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Г.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2308000001080 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Г.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ