Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 7

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Г.Гарав-Очир,

шүүгдэгч Ц.Нямбаяр, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0192) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Цэрэнтогтохын Нямбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012157 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Цэрэнготовын Нямбаяр, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1987 оны 7 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дөрвөн оргил ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 47-05 /Тоосгоны 47-05/ тоотод оршин суух, регистрийн дугаар ПЭ87071215,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сар хойшлуулсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ц.Нямбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөргөн оргил ХХК-ийн хашаанд шалтгаангүйгээр найз Ганттулга руу дайрч, түүнийг цохилоо гэсэн шалтгааны улмаас Г.Гарав-Очиртой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Г.Гарав-Очирын хөлийг хөлөөрөө хавсран, түлхэн унагасаны улмаас биемахбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Нямбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.

Хохирогч Г.Гарав-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Нямбаяртай хамт ажлаа хийж дуусаад шар айраг уусан. Гаднаас Гантулга орж ирэхээр нь би хэнтэй уулзах вэ гэхэд чамд хамаагүй пизда минь гээд намайг түлхсэн би Гантулгыг цохьсон. Үүнээс болоод Нямбаяр бид 2 маргалдсан. Нямбаяр миний баруун хөл рүү хавсарч унагаасан. Би унахдаа хөлөө эвгүй дараад унасан байсан. Би 400.000 төгрөг нэхэмжлэхгүй. Хохирол төлбөр төлөгдсөн, гомдол санал байхгүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 Хохирогч Г.Гарав-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт...Онцгой байдлын урд байх зөөврийн сууц хийдэг газар хамт ажилладаг Бямбабаярын дүү Улаанаа гэгчтэй ажлаа дуусаад 2-лаа 2 том пиво хувааж ууж дуусаад байхад гаднаас Гантулга гэх Улаанаагийн найз залуу орж ирэхэд нь би хэнтэй уулзах гэж байгаа юм гэхэд нөгөө залуу чамд хамаагүй гээд намайг тохойлдоод түлхэхээр нь би зөрүүлээд гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь Улаанаа цаанаас гарч ирээд миний найзыг зодлоо гээд намайг боож байгаад хөлөөрөө хавсараад унагасан...газраас босох гэхэд хөл өвдөөд босч чадахүй байхаар нь хөл хугалчихлаа гэж Улаанаад хэлэхэд битгий баашлаад бай, бос гэхээр нь хөлөө үзүүлтэл хугарсаныг Улаанаа харчихаад өөрөө түргэн дуудаж өгсөн. Тэгээд түргэний эмч үзээд гэмтэл авч явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

Гэрч Ё.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 103-аас залгаад Гарав-Очир гэж хүнийг таних уу, гэмтэл дээр хурдан ир гэхээр нь очиход Гарав-Очир Улаанаад хөлөө хугалуулчихлаа гэсэн. Сүүлд мэдэхэд Улаанаагийн жинхэнэ нэр нь Нямбаяр юм билээ. Нямбаярын ах Бямбабаяр надад 300.000 төгрөг, эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг, эм тарианы мөнгө гэж 200.000 төгрөг өгсөн. Нямбаяр өөрөө 100.000 төгрөг төлж барагдуулсан  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Гэрч Ц.Бямбабаярын мөрдөн байцаалтад өгсөн: Би өөрийн дүү Нямбаярыг манайд ажилладаг Гарав-Очирын хамт 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хийж бай гэж хэлээд явсан. Намайг явсан хойгуур...дүү Нямбаяр найзыгаа дуудаад, тэр найзыг нь ирэхэд Гарав-Очир чи хэн юм гээд найзыг нь цохиод, дүү Гарав-Очирыг түлхэж унагахад Гарав-Очирын хөл бэртсэн гэж би дүү Нямбаяр...Хүрэлчулуун нараас сонссон. Би...эмнэлэг орж Гарав-Очир болон эхнэртэй нь уулзаж эмчилгээний зардал гэж эмчид нь  300.000 төгрөг, Нямбаярын эхнэрт нь  бас 100.000 төгрөг, хоол унд эм тарианы мөнгө гэж 200.000-д төгрөгийн зүйл авч өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Гэрч Э.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш /15-16 цагийн орчим/ Нямбаярын ажил дээр очоод хаалгаар нь ороход өмнө харж байгаагүй намхан бор залуу нэлээн согтуу байдалтай, муухай хараад зогсож байхаар нь тоохгүй байхад тэр залуу намайг барьж аваад ална чамайг гэж агсарахаар нь би чамайг яасан юм гэхэд намайг гараараа цохиход зүүн нүдийг шүргээд өнгөрсөн. Тэгэхэд Нямбаяр цаанаас гарч ирээд бид хоёрыг салгахад би Нямбаярт дараа уулзъя гэж хэлээд хашааны гадна Хүрлээтэй ярьж байгаад явсан. Сүүлд Нямбаяраас сонсоход Гарав-Очирын хөл хугарсан, эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлсэн. Над руу агсараад байсан залууг Гарав-Очир гэдэг гэсэн. Тухайн үед намайг Нямбаярын ажил дээр байхад Гарав-Очир гэж хүний хөл хугараагүй байсан. Нямбаяр тэр хоёр намайг байхад хоорондоо зодолдоогүй. Тэр үед Нямбаярын согтолт гайгүй байсан ба Гарав-Очир гэх хүн их согтолттой байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Гэрч Ж.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчим Нямбаяр, Гарав-Очир нартай зөөврийн сууц хийдэг ажил дээр нь уулзахад Гарав-Очир намайг дайлна гээд 1 шил архи аваад, би ажилтай байсан тул тэр архинаас уугаагүй, Гарав-Очир, Нямбаяр 2 уусан. Тэгээд удаагүй 30-40 минутын дараа Гантулга Нямбаярын ажил дээр ирэхэд Гарав-Очир юу юуны туханд хүрэлгүй Гантулга руу дайрч чи муу юу юм гээд салгаж, Гарав-Очирыг болиулах гэж цааш түлхэж холдуулаад 1 контейнарын араар ороод харагдахаа больсон. Тэгээд би Гантулгатай хамт хашааны гадаа гарч Гантулга яваад, би буцаад ороход Гарав-Очир хөл хугарчихлаа гээд хажуугаараа сууж байхаар нь түргэн дууд гээд Нямбаяр түргэн дуудсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Гэрч Д.Энхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, гал унтраах ангийн урд байх зөөврийн сууц хийдэг газар хүний хөл хугарсан гэсэн дуудлагын дагуу очиход хашаан дотор байх чингэлэг дотор хөл нь хугарсан гэх хүн буруу хараад хэвтэж байсан. Үзлэг хийхэд ил харагдах шарх байгаагүй ба баруун хөлний үзлэг хийхэд битүү хугаралтай, яс хугарсан хөдөлгөөнтэй байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дэх тал),

Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Гарав-Очирын биед учирсан баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь хүн хавсарч, дэгээдэж унагаахын аль алинд үүсэх боломжтой... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-85 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1145 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэгт: Баруун хөлийн шилбээр хавантай, хэлбэр дүрс алдагдсан, эмгэг хөдөлгөөнтэй, ясны хавиралдах чимээтэй, өвчин эмзэглэл ихтэй,

2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн рентген зурагт: Баруун хөлний шаант тахилзуур ясны далз зөрөөтэй хугаралтай...

 ДҮГНЭЛТ:

1. Гарав-Очирын биед баруун хөлний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27 дахь тал),

 

Шүүгдэгч Ц.Нямбаярын мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн:  2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Гарав-Очиртой ажил дээрээ 2 том пиво ууж байхад Хүрлээ ажил дээр ирэхэд Гарав-Очир нэмж ууя гээд өөрөөсөө мөнгө гаргаад 0.5 литрийн архи, 1 том пивотой аваад Гарав-Очир бид хоёр хувааж уугаад Хүрлээ уугаагүй. Тэгж байтад бас найз Гантулга ирэхэд нь хашааны гадаа уулзаад орж бай гэчихээд 00 орсон хойгуур Гарав-Очир Гантулгыг тосч уулзаад оруулахгүй гээд намайг 00-с гарч ирэхэд Гарав-Очир Гантулгын нүүр рүү цохисон байхаар нь салгаад Гарав-Очирыг чи болиоч гэхэд болихгүй зодолдох гээд үсчээд байхаар нь би зарах гэж байсан чингэлэг рүү Гантулгыг оруулахад Гарав-Очир зодолдох гээд байхаар нь би болиулах санаатай баруун хөлөөрөө Гарав-Очирыг дэгээдсэн чинь Гарав-Очир газар унаад босч чадахгүй хөл хугарчихлаа гээд байхаар нь өргөж чингэлэгт оруулаад түргэний эмч дуудсан. Тухайн үед Гарав-Очир би хоёр нилээн согтсон байсан. Гэхдээ болсон явдлыг санаж байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл хавтаст хэргийн 3), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 72-76),

хохирогчийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтсэн өвчний түүх (хавтаст хэргийн 32-39), хохирлын тооцоо (хавтаст хэргийн 80), түргэн тусламжийн дуудлагын хуудас (хавтаст хэргийн 89),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 57-59), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 93), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт (хавтаст хэргийн 90-91) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  байна гэж үзэж шүүх нотлох баримтад үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Нямбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөргөн оргил ХХК-ийн хашаанд шалтгаангүйгээр найз Ганттулга руу дайрч, түүнийг цохилоо гэсэн шалтгааны улмаас Г.Гарав-Очиртой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Г.Гарав-Очирын хөлийг хөлөөрөө хавсран, түлхэн унагасаны улмаас биемахбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн болон хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Нямбаярт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх Ц.Нямбаярын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Нямбаяр нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сар хойшлуулсан байх ба дээрх хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул түүний ялтай байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар дууссан байна. Энэ нь түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлд хамаарна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Нямбаярт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,  хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж тус гэмт хэрэг нь гарсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан шүүгдэгч Ц.Нямбаярт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Нямбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 900.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч Г.Гарав-Очир нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Нямбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Цэрэнготовын Нямбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямбаярыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Ц.Нямбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Гарав-Очир нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Нямбаярт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Нямбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ