Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0760

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

“Ц и г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А

 

Нэхэмжлэгч: “Ц и г” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0689 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, З.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0293/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ц и г” ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0689 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан “Ц и г” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй. Учир нь хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.6, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3-т заасныг тус тус зөрчсөн тухайгаа тайлбарлан хэрэгт авагдсан баримтуудыг дурдаж, судлуулсан боловч дээрх хуулийн заалтуудыг хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа баримталсан эсэхийг дүгнэхгүйгээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн мэтгэлцээний явцад хариуцагч дээрх хуулийн заалтуудыг баримталж, маргаан бүхий захиргааны актыг гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар нотлогдож байхад шүүх үүн дээр огт дүгнэлт хийгээгүй.

3.2. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр нь газар эзэмших эрхийг цуцалсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/369 дүгээр захирамж тул түүнийг хуульд нийцсэн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхээр хуульчилсан. Гэтэл хуулийн дээрх шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр хангасан гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч шүүхийн мэтгэлцээний явцад “Ц и г” ХХК нь газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй тул газар эзэмших эрхийг цуцалсан, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13/517 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгчид хэрхэн хүргүүлсэн тухай баримт байхгүй, маргаан бүхий захирамжийг гарахаас өмнө газрын хээрийн судалгаа хийгээгүй гэдгээ албан бичиг, хариу тайлбартаа дурдсан асуудалд огт дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307 дугаар захирамж, мөн өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамж, мөн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/915 дугаартай захирамжуудын зорилт, хэрэгжилтүүдийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарласан боловч шүүх мөн дүгнэлт хийгээгүй байна.

3.3. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжуудыг хариуцагч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилласан эсэхийг тогтоолгүй, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүйн шалтгааны улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан тухай асуудлыг орхигдуулсан байна. Нэхэмжлэгчийн хувьд газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх мэдэгдэл хүлээн аваагүй билээ. Дээрх захирамжууд нь адил хугацаагаар дахин нэг удаа мэдэгдэл хүргүүлэх зэрэг тодорхой зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, энэ талаар нотлох баримт байгаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдоно.

3.4. Нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна гэж шүүх үзсэн. Тухайн үед газар эзэмших хүсэлтээ дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох баримт материалын хамт гаргах үед нь төрийн байгууллага хуульд нийцүүлэн баримтыг хянах, газар ашиглах эрх олгох боломжтой байсан гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн лавлагааг Хур системээс авч хавтаст хэрэгт авсан ба үүнээс өмнө талууд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж мөн бишийг мэдээгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь “Ц и г” ХХК-д олгосон газар эзэмших эрхийг өөрчлөх байдлаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хангах боломжийг өгөх нь зүйтэй.

3.5. Шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа, нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил ашигласан гэж үзэх үндэслэлгүй гэж танилцуулсан боловч энэ талаар бичгээр гарсан шүүхийн шийдвэрт тусгаагүй, уг асуудалд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлыг тайлбарласан, мөн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбар нь зөрүүтэй бөгөөд нэг нь нэхэмжлэгчийг газраа 8 жил ашиглаагүй гэдэг бол нөгөө тайлбар дээр 3.3 жил ашиглаагүй гэж зөрүүтэй тайлбарлаж байна” гэснийг “...3 жил 3 сарын хугацаанд газраа ашиглаагүй байдаг” гэж буруугаар бичсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0689 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. “Ц и г” ХХК-иас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргахдаа ... 2019 оны 5 дугаар сард газар эзэмших эрх үүсч, газар дээрээ хашаа болон барилга барьж, бүрэн ашиглаж байхад сүүлийн 2 жил ашиглаагүй гэх үндэслэлгүй шалтгаанаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, газрын төлбөрийг тухай бүр төлж байсан, мөн энэ хугацаанд КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр хөл хорио тогтоосон, дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэсэн нь ч үндэслэлгүй, сонсох ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хууль бус шийдвэр гаргаж, эзэмших эрхийг зөрчсөн ... гэх зэргээр шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 3. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлээр 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын I албанд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бол 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4509 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ. /Хэргийн I хавтасны 84-85, 192-193 дахь талд/

4. Хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “... дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, газрыг 3 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, мөн хэтрүүлсэн хэмжээгээр газрыг хашаалсан зөрчилтэй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргажээ.

5. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, маргааны үйл баримтын талаар “... нэхэмжлэгч компанийн үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын иргэн B Sh, Гүйцэтгэх удирдлага нь L J байгаагаас үзэхэд анхнаасаа тус компанид газар эзэмших эрх шилжүүлэх боломжгүй байсан нь тогтоогдож байна, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь газрыг зөвхөн ашиглах эрхтэй тул нэхэмжлэгчид зөрчигдсөн буюу сэргээгдэх /газар эзэмших/ эрх байхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй.

6. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг”, 3.1.5-д ““гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” гэж зааснаас үзэхэд, нэхэмжлэгч нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч бодит байдалд тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч бөгөөд эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн, хуулийн этгээд мөн эсэх нь хэрэгт цуглуулсан баримтаар эргэлзээгүй, бүрэн тогтоогдохгүй байна.

7. Анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/7723[1]  дугаар албан бичгээр, лавлагаа гаргуулахаар хандсаны дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/702 дугаар албан бичгээр “Ц и г” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг ХУР системээс гарган ирүүлснийг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12:00 цагт бүртгэж хүлээж авчээ. /Хэргийн II хавтасны 29-32 дахь талд/

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулга бол хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан буюу шаардлага хангасан нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэр гаргах тухай зохицуулалт бөгөөд үүнийг хангасан тохиолдолд шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзнэ.

9. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж, энэ хэсгийн 5-д заасан эрх зүйн дүгнэлтийг хийхдээ, цаг хугацааны хувьд тийнхүү шийдвэр гаргаснаас хойш хэрэгт цуглуулсан уг лавлагааг нотлох баримтаар үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарна.

9.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “...шүүх хуралдааны явцад хэрэгт  ХУР системээс лавлагаа авч хийсэн, үүнээс өмнө гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсэх нь мэдэгдэхгүй байсан” гэж дурдах боловч уг лавлагааг нотлох баримтаар шинжлэн судалсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байна. /Хэргийн II хавтасны 33-44 дэх талд/

9.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.opendata.burtgel.gov.mn вэб сайтад нээлттэй байршсан мэдээллээс шүүлт хийхэд, регистрийн 5687896 дугаартай “Ц и г” ХХК[2]-ийн хувьцаа эзэмшигчийг “Ж-Ю” гэж бүртгэсэн ч хүн, хуулийн этгээдийн аль болох нь тодорхойгүйн зэрэгцээ түүний иргэншлийг тусгаагүй, мөн компанийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бичээгүй байна.

10. Компанийн гаргасан хувьцааны 25 ба түүнээс дээш хувь эзэмшигч буюу эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн, хуулийн этгээд байх тохиолдолд тухайн хуулийн этгээдийг “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж”-д тооцох бол Гүйцэтгэх захирал гадаадын иргэн байх эсэх нь “гадаадын хөрөнгө оруулалт” гэх ойлголтыг илэрхийлэхгүй.

10.1. Энэ тохиолдолд “Ц и г” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж мөн эсэхийг мадаггүй тогтоосны үндсэн дээр маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэх, эсхүл түүнд сэргээн тогтоолгохыг хүссэн газар эзэмших эрх хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн эсэхийг дүгнэхийн тулд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14, 16 дугаар зүйлийн 16.2.3-т заасан хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, хөрөнгө оруулагч нь гадаадын иргэн бол паспорт, гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нээлттэй мэдээлэл, лавлагаа зэргийг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулж, хэрэгт нотлох баримтаар цуглуулах шаардлагатай.

11. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн хавсралтаар, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэр бүхий 80 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дотор “Ц и г” ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай 94650 кв.м газар багтжээ.

11.1. Анх маргаан бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 292, 2006 оны 357 дугаар захирамжаар Д.А нарын нэр бүхий иргэдэд ногооны газрын зориулалтаар эзэмшүүлсэн бол тэдгээрийн бүхэлд нь дүүргийн Засаг даргын 2011 оны 123 дугаар захирамжаар “Д” ХХК-д шилжүүлж, 170000 кв.м газар эзэмших эрх олгосон.

11.2. Дүүргийн Засаг даргын 2013 оны А/509 дүгээр захирамжаар “Д” ХХК-ийн эзэмшиж буй газраас 100000 кв.м газрыг нь “Ц и г” ХХК-д шилжүүлсэн бөгөөд  2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

11.3. Нэхэмжлэгчийн хувьд 2013-2018 оны хугацаанд газрын төлбөрийн үлдэгдэлгүй талаар дүүргийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 420180171 дугаартай тооцоо нийлсэн акт хэрэгт авагдсан бол 2020 оны 10, 2021 оны 12, 2022 оны 2 болон 12 дугаар сард газрын төлбөр төлсөн талаарх баримтыг “Ц и г” ХХК-иас нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлжээ.

11.4. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ц и г” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 13/517 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлийг дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж, харин 2023 оны 15/1739 дүгээр албан бичигт газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбарт “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д цуцалсан” гэж тус тус дурджээ.

12. Өөрөөр хэлбэл, энэ хэсгийн 2, 4-т заасан шаардлага ба татгалзлын үндэслэлийг мөн хэсгийн 11-д заасан хэргийн үйл баримт, маргаан бүхий актын үндэслэлтэй харьцуулан үзэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн чухам ямар үндэслэлээр хүчингүй болгосон, тэдгээр үндэслэл тус бүр тогтоогдсон эсэх, дуудлага худалдааны анхны үнийг төлөхтэй холбоотой харилцаа нь тус хуулийн 40.1.5-д заасан зөрчилд хамаарах эсэх, магадгүй “Ц и г” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн “Д” ХХК-ийн хувьд дуудлага худалдааны үнийг төлсөн эсэх, энэ хэсгийн 9.2-т зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн хуулийн этгээд нь газар эзэмших эрхтэй эсэх, эсхүл өөр хуулийн этгээдээс газрын эрхийг түүний ашиглалтад шилжүүлэх хууль зүйн үндэслэл бий эсэх зэрэг үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар дүгнэлт өгөх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

13. Түүнчлэн, анхан шатны шүүх энэ хэсгийн 2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

13.1. Ингэхдээ “нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” нь бие даасан шаардлага мөн эсэх, тийм бол үүнийг аль хариуцагчид холбогдуулан гаргасан болох, тухайлбал дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулж ямар нэхэмжлэл гаргасан тухай шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгчээс тодруулаагүй, /бие даасан шаардлага гэж үзсэн бол/ түүнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийг шүүхийн шийдвэрт тухайлан дүгнээгүй зэрэг нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил мөн.

13.2. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасныг тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3, 52.2.4, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн зохицуулалтуудтай агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, “зөрчигдсөн эрхийг сэргээхийг даалгах” шаардлагын урьдчилсан нөхцөл /аль захиргааны байгууллагын ямар эс үйлдэхүйн г.м/-ийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох, шүүхээс бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох замаар түүнийг тодруулж, нэхэмжлэгчийн гаргасан шаардлага тус бүрийг хуулийн 54, 106, 109 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг баримтлан шийдвэрлэхдээ зохих эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

14. Нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүхээс нотлох зарчмыг хэрэгжүүлж нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд гадаадын хөрөнгө оруулалттай эсэх тухай эрх зүйн байдлыг эргэлзээгүй тогтоох, /түүнээс хамааран/ маргаан бүхий актын үндэслэлд нотолгооны ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулж, эрх хүчингүй болгосон зөрчил тус бүр тогтоогдсон эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөх зэргээр энэхүү магадлалд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгаж, нотлох баримтыг цуглуулахаас гадна нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох зэргээр хариуцагчийг тодруулж, бие даасан шаардлага гэж хүлээн авах эсэхийг дүгнэж, шийдвэрлэх нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0689 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ

 

[1] Албан бичигт огноог “2023”, хуулийн этгээдийн нэрийг “Цагаан их үүр” гэж алдаатай бичжээ.