Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 01

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд: 

прокурор Э.Хосбаяр

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Мянган /онлайнаар/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар

иргэний нэхэмжлэгч Ш.Ар

гэрч С.Э

нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 223 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, иргэний нэхэмжлэгч Ш.Ар, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарын давж заалдах гомдлоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мод холбогдох эрүүгийн 201617000210 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ “Б” ХХК-д менежер ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  Б.М. 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь “Б” ХХК-ийн гүйцэтгэж байсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэр “Ц” гэх газарт “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 142.36 км хатуу хучилттай авто замын  барилгын ажлын төслийн удирдагчаар ажиллаж байхдаа “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь заалтууд, “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 53.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.3, 5.5.1 дэх заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс Монгол улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслэлүүдийг хэрэглэх дүрэм MNS 4596 стандартын 4.1.3-д заасан “... замын тэмдгийн үзэгдэлтийн зай 100 м-ээс багагүй байвал зохино”, 4.2.22-д заасан “...1.21 тэмдгийг давтан тавьж хэрэглэнэ. Давтан тавих тэмдгийг  ажил хийж буй  хэсгийн шууд өмнө  байрлуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд 7.2.а нэмэлт тэмдгээр уг хэсгийн үргэлжлэх зайг заана ...” гэсэн, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.2-д заасан “... 1.1, 1.2, 1.5, 1.28 тэмдгийг тухайн  аюул бүхий хэсгийн эхлэл хүртэл суурин газрын доторхи замд 50 м-ээс 100 м, суурин газрын гаднах замд 150 м-ээс 300 м-ийн өмнө байрлуулна. Зайлшгүй тохиолдолд 7.1.а тэмдгийн хамт өөр зайд байрлуулж, уг нэмэлт тэмдгээр тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг заана” гэсэн заалтуудын дагуу тэмдгийг стандартын дагуу байрлуулаагүйн улмаас 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ч.А нь “Н” ХХК-ийн эзэмшлийн 29-65 УНХ улсын дугаартай “Форд-Эверист” маркийн тээврийн хэрэгслээр тус зам дээр зорчиж яваад хаалт хийх зорилгоор овоолсон шороог мөргөж тус тээврийн хэрэгсэлд сууж явсан Б.Н нас барж, Ч.А, Ч.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, “Н” ХХК-ийн эзэмшлийн 29-65 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7983000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  прокурорын газраас яллагдагч Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 223 дугаар цагаатгах тогтоолоор:  Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б.Мод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй ” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Б.Мыг цагаатгаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээрр зүйлийн 2 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мод холбогдох 201617000210 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, иргэний нэхэмжлэгч Ш.Ар нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Б.А, Ш.Ар нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мод шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  тус тус шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,  иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо:  Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д: “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна…”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д: “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина”,  35.2 “Ажил олгогч дотоодын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй” гэсэн заалтууд, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.3, 5.5.1 дэх заалтуудыг тус тус хэрэгжүүлэх үүргээ төслийн менежер  Б.М гүйцэтгээгүйн улмаас зам барилгын ажил явагдаж байгаа талбар руу тээврийн хэрэгсэл нэвтэрч орох нөхцөл, боломжийг бүрэн хааж чадаагүй буруутай болохыг хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Б, гэрч Ч.А, С.Э, шүүгдэгч Б.М, иргэний нэхэмжлэгч Ц.Аг нарын мэдүүлгүүдээр нотлогддог юм. Шүүхээс “уг осол болсон замыг ажлын талбар байсан” гэж дүгнэсэн атлаа зам барилгын  ажлыг гүйцэтгэж байсан компанийн эрх бүхий албан тушаалтан болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавиагүйн улмаас уг зам барилгын ажлын талбай руу тээврийн хэрэгсэл нэвтэрч орох боломж, нөхцлийг бий болгосон /дээрх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох/ буруутай үйлдлийг үгүйсгэж, шүүгдэгч болон иргэний хариуцагчийн “эхлэл, төгсгөл хэсэгт хаалт тавьсан, замын хоёр талаар хөвөө татсан” гэсэн бусад эх сурвалжаар нотлогдоогүй мэдүүлгүүдийг туйлын үнэн, хохирогч Ч.Б, амь хохирогч Б.Н нарын гүйцэтгэж байгаа ажил, үүргийн хүрээнд зайлшгүй мэдэх, дагаж мөрдөх хууль тогтоомж, гэрээ, журмыг илтэд зөрчсөн болгоомжгүй буруутай үйлдэлтэй холбоотой, тээврийн хэрэгсэл орох боломжгүй байхад өөрсдөө дур мэдэн нэвтэрсэн тул шүүгдэгч Б.Мыг хаалт хийх зорилгоор овоолсон шороог мөргөсөн гэж буруутгаж байгаа нь хэргийн баримтаар нотлогдоогүй гэж хэт цагаатгах талыг баримталж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зам барилгын ажил явагдаж байгаа талбар руу тээврийн хэрэгсэл хаагуур нэвтэрсэн нь ач холбогдолтой биш бөгөөд ямар нэг байдлаар зам барилгын ажлын талбай руу бүх талаас нь тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх хаалт хийх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаар хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ замын ажил гүйцэтгэгч компанийн холбогдох албан тушаалтан хэрэгжүүлээгүй төдийгүй эрх бүхий албан тушаалтны хариуцлагагүй үйлдлийн улмаас жолооч Ч.А зам барилгын ажил явагдаж байгаа талбар руу нэвтэрсэн, улмаар уг зам дээр овоолсон хаалт шороог мөргөсний улмаас осол гарч, хүний амь нас хохирч, эд материалын хохирол учирсан үйлдлүүдийн хооронд шалтгаант холбоо байхад үүнийг шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулж, Б.Мыг гэм буруугүйд тооцож, цагаатгах тогтоол гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн 2019/ЦТ/223 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, иргэний нэхэмжлэгч Ш.Ар нар давж заалдах гомдолдоо: Энэ осол орон нутгийн засмал авто зам дээр ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээгүй, яах гэж асгасан зорилго нь тодорхойгүй 1.5 метрийн өндөртэй, 4.8 метрийн өргөнтэй овоолгоотой шороог шөнө 22-23 цагийн үед миний дүүгийн зорчиж явсан машин мөргөснөөс үүдэн гарсан. Энэхүү хэргийг мөрдөн шалгах явцад гарсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлгээр авто зам дээр асгасан шороог анхааруулах ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй, тэр шороог асгасан ажлыг хариуцан ажиллаж байсан ажилтан байгууллагын холбогдох дүрэм журмаа биелүүлж ажиллаагүйн улмаас осол гарсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогддог.  Зам барилгын ажлын талбайд тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх хаалт хийх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаар хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ замын ажил гүйцэтгэгч компанийн холбогдох албан тушаалтан хэрэгжүүлээгүй төдийгүй эрх бүхий албан тушаалтны хариуцлагагүй үйлдлийн улмаас осол болсон. 

Шүүх Б.Мыг цагаатгахдаа уг замыг зам биш ажлын талбар гэж үзсэн атлаа ажлын талбар гэдгийг мэдэгдэх ямар ч тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй, байрлуулаагүйг санаатайгаар анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл ажлын талбар байсан бол улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан дүрэм, стандартыг хангасан байх учиртай байтал тэрийг тавих шаардлагагүй гэж үзсэн. Яагаад тавих шаардлагагүй гэж үзсэн гэдгээ хохирогч миний дүү Б.Нын нас барахаасаа 6 хоногийн өмнө суусан замын компаниудын хурал дээр энэ газарт ажил явагдаж байгаа тухай ярилцсан. Тиймээс хамт зорчиж явсан гүйцэтгэх захирал Ч.Б, Б.Н нар нь саад тотгор учирч болохыг мэдсээр байсан атлаа Дорнодоос Улаанбаатар явахдаа өөрийн компанийн жолоочоор жолоодуулж “Б” ХХК-ийн замаар зорчин явахдаа осол гаргасан нь тэдгээрийн гүйцэтгэж байгаа ажил үүргийн хүрээнд зайлшгүй мэдэх, дагаж мөрдөх хууль тогтоомж, гэрээ, журмыг илтэд зөрчсөн, болгоомжгүй буруутай үйлдэлтэй холбоотой учраас “Б” ХХК болон Б.М нар нь шууд буруутгах үндэслэлгүй гэж тухайн машинд зорчиж яваад амиа алдсан миний дүүг буруутгасанд маш их гомдолтой байна. Яагаад гэвэл авто зам биш, ажлын талбар гэдгийг жолоо барьж яваа жолооч бүрт анхааруулах, мэдэгдэх зорилгоор дүрэм, стандартыг дагаж мөрддөг атал тэр жолоочийн хамт зорчиж яваа зорчигчоос шалтгаалан  өөрөөр үйлчилдэг гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл тэр машиныг жолоодон яваа жолооч нь ямар ажил эрхэлдэг, ямар зорчигч тээвэрлэж яваагаас  үл шалтгаалан дүрэм, стандарт ажил үйлчлэх ёстой гэж үзэж байна. Гэтэл ажлаасаа гэртээ харихаар дайгдан зорчиж явсан миний дүүг тэр замд саад тотгор тохиолдож болохыг мэдэж байх ёстой, жолоочид анхааруулах үүрэгтэй мэтээр дүгнэлт гаргасан. Б” ХХК болон Б.М нар нь ажлаа дүрэм, стандартын дагуу хийгээгүйн буруу үйлдлийг миний дүүгийн буруутай үйлдэл хэмээн дүгнэж, цагаатгах тогтоол гаргасан гомдолтой байна. Миний дүүгийн ажил үүрэгт тэр замаар машин жолоодон зорчин яваа жолоочид анхааруулах, мэдэгдэх, өөрөөр хэлбэл дүрэм, стандартаар заасан үүргийг гүйцэтгэх үүрэг байгаа юу гэх мэт маш олон эргэлзээтэй байдал үүсгэн, тухайн хэсгийг ажлын талбар мэтээр дүгнэж байгаа бол ямар дүрэм, стандартад заасан заалтыг хэрхэн биелүүлсэн байсныг тайлбарлаагүй нь шүүгч энэ хэрэгт үнэн мөнөөр хандаагүй, хэрэгт холбогдогч талд ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн гэж эргэлзэх эргэлзээг хохирогч бидэнд төрүүлж байна. Энэ бүхний эцэст эрдэнэт хүний амь эрсдэж, хэргийн үнэн мөн тогтоогдохгүй, үр хүүхэд, эхнэр, аав, ээж, эгч нар нь ааваа, нөхрөө, хүүгээ, дүүгээ яагаад нас барсныг ойлгохгүй үлдэж байна.  Миний дүүгийн амь наснаас гадна хүүхдэд нь учирсан хохирлыг бага боловч нимгэлэх, хариуцлага хүлээх хүн, байгууллага, буруутай этгээд тогтоогдохгүй байгаад гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 223 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

Прокурор дүгнэлтдээ: Шинжээчийн дүгнэлтүүдээр “Б” ХХК-ийн ХАБ-ын инженер Б.М нь холбогдох дүрэм, журам, тэмдэг, тэмдэглэгээг тавиагүйн улмаас зам тээврийн осол гарсан талаарх нотох баримт хэрэгт авагдсан байдаг. Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой улсын яллагчийн дүгнэлт ижил байгаа тул анхан шатны шүүхийн 223 дугаартай цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, иргэний нэхэмжлэгч Ш.Ар, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Мод холбогдох хэргийн бүх  үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан  “... хохирогч Ч.Б, амь хохирогч Б.Н нарыг замын эвдрэл, гэмтэл, хаалт, саад тотгор, зам барилгын ажил дуусаагүй, зам ашиглалтад ороогүй гэдгийг мэдсээр байж,  тээврийн хэрэгслээр зам барилгын ажил хийгдэж буй зорчих хэсэг дээр нэвтэрсэн, шинжээчийн 10, 44, 155, 695 дугаар дүгнэлтүүд нь эргэлзээтэй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэх үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Тухайлбал:  хэрэгт авагдсан хохирогч Ч.Бгийн: “... Түмэнцогт сумын цаад талаас эхлээд зам нээлттэй, хаалтгүй байсан” гэх / 3хх-44 х/,

  - Хохирогч Ч.Аын: “... Б” ХХК-ийн зам засварын ажил эхэлж зам хаасан мөртлөө замын хажууд  ямар нэгэн анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавиагүйн улмаас зам хаасан гэдгийг мэдэхгүй байж байгаад осол гаргачихлаа” гэх  /1хх-92 х/, 

- гэрч М.Сүхбаатарын: “... 2016 оны 04 дүгээр сарын 22-оос эхлэн манай компани зам засвараа үргэлжлүүлэн ажиллахаар ирсэн. Зорчих хэсгийн баруун зах нь “Ц” гэх осол гарсан газар, зүүн хэсгийг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас зүүн зүгт 8 км-т хаагаад ажил үүргээ гүйцэтгээд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээсэн юм. 2015 оны 08  дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр төслийн удирдагч Б.М нь эрүүл ахуй болон аюулгүй ажиллагааг хариуцаж ажиллах ёстой” гэх /1хх-45-46х/, 

- гэрч С.Эын: “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хойд талаар Хэнтий аймгийн Өндөрхаан хотоос Дорнод аймгийн Чойбалсан сумын чиглэлийн засмал зам тавигдсан. 2016 оны 06 дугаар сард  Түмэнцогт сумаас зүүн чиглэлд 16 км засмал зам тавигдаж,  сайжруулсан шороон зам буюу хучилт хийх шороон далан байсан. Уг далан дээгүүр жолооч нар явдаггүй байсан бөгөөд баруун зүгээс зүүн чиглэлд явах үед хойд зүг рүүгээ буу гэсэн чиглэлд заасан тэмдэгтэй байдаг уг тэмдэг нь засмал зам дээрээ байгаагүй,  шороон далан дээрээ шороогоор хаалт босгосон байсан. Шороон далан руу оролгүй засмал замаасаа хойд зүг рүү бууж энгийн шороон замаар явдаг байсан. Харин зүүн зүгээс ирж байгаа автомашин бол шороон далангийн хойд талаар энгийн шороон замаар явсаар байгаад засмал зам руугаа ордог бөгөөд хаалт байгаа нь харагдахгүй” гэх /1хх-241х/,

- шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Манай компанийн зам барилгын ажлын эхлэл хэсэг нь “Цагаан-Ус”-ны хоолойгоос эхэлж, төгсгөл хэсэг нь Түмэнцогт сумаас цааш 8 км газарт байгаа” гэх  /4 хх-30х/ мэдүүлгүүд,

- 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Зам, тээврийн яам, Хөгжлийн банк, “Н” ХХК нарын хооронд байгуулсан Өндөрхаан- Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ /1 хх 148-178х/,  

- 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 53.6 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Б” ХХК, туслан гүйцэтгэгч  “Шинжиан бейшин энд роуд бридж констракшн” ХХК, “Б” ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /1хх 134-145х, 2хх 3-14х/, 

- 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Б”, ХХК, “Б” ХХК нарын хооронд байгуулсан 53.6 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ /2хх-196-200х/,

- 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч /1хх 6-12х/,

- Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10,  мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 695, 2017 оны 05 дугаар сарын 05-ны 155, мөн оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17-01-001/44 дүгээр дүгнэлтүүд /1хх-51-53, 246-248, 2хх-91, 109х/,

- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “хөдөлгөөний аюулгүй байдлын хангамж, засвар арчлалтын ажлын үед хөдөлгөөнийг зохион байгуулах арга хэмжээ”-ний талаарх дүрэм, журам /1хх-25-26х/,

- MNS 4596:2014 оны Монгол улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм  /2хх-185х/,

- “Б” ХХК-ийн захирлын Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын барилгын ажлын 1 дүгээр хэсэгт төслийн удирдагчаар Батмэндийн Мөнхболдыг томилсон тушаал /2хх-1х/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжлэн судалж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. 

Иймд энэ талаар бичигдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, иргэний нэхэмжлэгч Ш.Ар, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарын давж заалдах гомдлыг хангаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мод холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

             Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 223 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мод холбогдох эрүүгийн 201617000210 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

Хоёр. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           О.БААТАРСҮХ 

                         ШҮҮГЧИД          С.ОЮУНТУНГАЛАГ

                                                        Д.БАЙГАЛМАА