Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00569

 

Б.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00751 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1083 дугаар магадлалтай,

Б.Агийн нэхэмжлэлтэй,

Б.Г, “ПСВ” ХХК-д холбогдох,

2018.01.17-ны өдөр Б.А, Б.Г нарын хооронд байгуулсан “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах, “ПСВ” ХХК-ийн 52.1 хувийн хувьцааны эрхийг Б.Агийн нэр дээр шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Халиунаа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Г болон  “ПСВ” ХХК-д  холбогдуулан 2018.01.17-ны өдөр Б.А, Б.Г нарын хооронд байгуулсан “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах, “ПСВ” ХХК-ийн 52.1 хувийн хувьцааны эрхийг Б.Агийн нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг  даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Б.Г эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00751 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан 2018 оны 01 сарын 17-ны өдөр Б.А, Б.Г нарын хооронд байгуулсан “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, “ПСВ” ХХК-ийн 52.1 хувийн хувьцааны эрхийг нэхэмжлэгч Б.Агийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хуулийн этгээдийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж, хариуцагч “ПСВ” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гээс 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1083 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00751 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 280 дугаар зүйлийн 280.1.1-т” гэснийг “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

4.1. Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухай: Магадлалын хянавал хэсэгт “...нэхэмжлэгч иргэний хуулийн 59.1 дэх хэсэгт зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй” хэмээн дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу тодотгосон боловч шаардлагаа “хүчингүй болгох” гэж тодорхойлсон. Харин шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсноос өөрөөр буюу хүчингүй болгох шаардлага гаргаж байхад хүчин төгөлдөр бусд тооцох байдлаар маргааныг шийдвэрлэж уг заалтуудыг “нэгтгэж” хэрэглэсэн нь зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсгэсэн. Өөрөөр хэлбэл “хууран мэхэлсэн” болон “бэлэглэгчийг ноцтой гомдоосон” гэх 2 өөр утга агуулга бүхий зохицуулалтыг хэрэглэхдээ үр дагаврыг шууд хүчин төгөлдөр бусд тооцох байдлаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байсан юм. Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүх бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэл заасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж тухайн хэсгийг хассан боловч мөн л нэхэмжлэгчийн тодорхойлсон “хүчингүй болгох” гэсэн шаардлагыг “хүчин төгөлдөр бусд тооцох” гэдэг байдлаар хэвээр үлдээсэн. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан зүйл нь хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагад хамаардаг. Харин Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаа хүчингүй болгох гэж тодорхойлж байгаа бол Иргэний хуулийн 280 дугаар зүйл, эсхүл хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа бол мөн хуулийн 59 дүгээр зүйлийг үндэслэл болгох ёстой байна. Гэтэл нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй бөгөөд үүнийг тодруулах ажиллагаа явагдаагүй байна. Түүнчлэн давах болон хяналтын шатны шүүх нэхэмжлэгч шаардлагаа хүчингүй болгох гэж тодорхойлсоор байхад чухам яагаад хүчин төгөлдөр бусд тооцож маргааныг шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад дээрх үндэслэл буюу үйл баримтуудын аль нь ч болж өнгөрсөн гэдгийг нотлох баримт бүрэн байхгүй байхад шүүх зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэж, таамаглалд тулгуурлан шийдвэрээ гаргасан. Энэ нь зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн, хамтад нь нэг дор хэрэглэж үл болох өөр өөр асуудалд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг 1 үйл баримтад хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Магадлалын хянавал хэсэгт “...Иргэний хуулийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, эрхийн бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж болох тул...” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноос үүсэх үр дагавар нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг. Үүнээс харахад үүрэг нь хэлцэлд оролцогч этгээдэд хамаарах болохоос уг хэлцлээр шилжүүлсэн зүйлийг бүртгэх, баталгаажуулах чиг үүрэг бүхий хөндлөнгийн байгууллагад хамаарахгүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс эрхийн бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж болно хэмээн дүгнэсэн байх нь хөндлөнгийн этгээдэд үүрэг хүлээлгэж байгаагаас гадна ямар хуулийн аль заалтад хэрхэн нийцэж байгаа нь тодорхойгүй болсон юм. Түүнчлэн “даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэрэг маргааны төрөлд хамаардаг төдийгүй, хэргийн оролцогчид улсын бүртгэлийн асуудал дээр маргаагүй, бүртгэлийг хүчингүй болгох шаардлага гаргаагүй байхад ийнхүү шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй болсон. Иргэний хэрэг маргааны хувьд хэргийн оролцогч талуудын маргасан үйл баримтад л дүгнэлт хийдэг онцлогтой бөгөөд, маргаагүй асуудлыг нотлон тогтоох шаардлагагүй байдаг билээ. Хэрэв нэхэмжлэгч тал улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой буюу бүртгэлтэй холбоотой асуудлаар маргаж байгаа бол захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой бөгөөд энэ нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш юм. Нэг үгээр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагад хувьцаа шилжүүлж бүртгэхийг даалгах шийдвэр гаргасан нь хэргийн харьяалал зөрчсөн, маргаагүй асуудал дээр дүгнэлт хийсэн гэсэн үг юм.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2020.03.25-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргахад тухайн хүсэлтийг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй.”, мөн зүйлийн 92.6-д “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана.” гэж тус тус заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх шийдвэрээ гаргахаас өмнөх шүүх хуралдааны аль ч үе шатанд гаргах эрхтэй бөгөөд, хэрэв ийнхүү хүсэлт гаргасан бол уг татгалзлыг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр Ерөнхий шүүгч шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэсэн төдийгүй, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, зөрчсөн явдал болжээ. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс татгалзан гаргах хүсэлттэй эсэхийг тодруулах үед “байхгүй” гэж хариулсан боловч шүүх хуралдааны явцад энэхүү нөхцөл байдал илэрвэл хүсэлт гаргах биш зөвхөн мэдэгдэх үүрэгтэй гэж дүгнэсэн нь /шүүх хуралдааны тэмдэглэлд энэ тухай тайлбар тодорхой харагдана/ хуулийг буруу тайлбарласан гэж үзэхэд хүргэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.2-т зааснаас харахад татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх хуралдааны өмнө гаргасан бол “хүсэлт”, шүүх хуралдааны явцад гаргасан бол хүсэлт биш зөвхөн “мэдэгдэх үүрэгтэй” гэх агуулга биш байх бөгөөд аль ч үе шат байсан мэдэгдэх үүрэг нь хүсэлт хэлбэрээр хэрэгжих тухай ойлголт байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны өмнө эсхүл явцад байхаас үл хамаарч татгалзах гаргах эрх “мэдэгдэх үүргээр” хязгаарлагдахгүй болно.

4.3. Хөөн хэлэлцэх хугацааны тухай: Магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч нь шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох тул энэ талаарх гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно” хэмээн дүгнэсэн нь хууль зөрчсөн байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.” гэж заасан. Үүнээс харахад эрх нь зөрчигдсөн тухай мэдсэнээс хойш шаардах эрх нь үүсч энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох байтал зөрчигдсөн эрхээ сэргээхээр нэхэмжлэл гаргасан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэхүү хэргийн хувьд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон аль ч зохицуулалтын хувьд өөрийн эрхээ зөрчигдсөн гэж мэдсэнээс хойш нэг жилийн дотор шүүхэд хандах боломжтой байсан. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй.” Мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж тус тус заасны дагуу аль ч тохиолдолд хууран мэхлэгдсэн эсхүл ноцтой гомдоосон гэж мэдсэнээс хойш 1 жил өнгөрвөл шүүхэд хандах эрхээ алддаг байна. Нэхэмжлэгчийн хувьд 2018.07.24-ний өдөр анх нэхэмжлэл гаргахдаа дээрх 2 үндэслэлийн “ноцтой гомдсон” гэх хэсэгт хамааруулж нэхэмжлэлээ гаргасан учраас энэ үед өөрийн эрх ашиг сонирхлыг зөрчигдсөн гэдгийг мэдсэн гэж үзнэ. Харин 2020.03.18-нд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрчлөхдөө “хуурч мэхэлсэн” гэж үзсэн нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн байж болох талтай байна. Хэрэв ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавар үүсдэг. Гэтэл шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэрээ гаргасан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч Б.А хариуцагч Б.Г болон “ПСВ” ХХК-д холбогдуулан Б.А, Б.Г нарын хооронд 2018.01.17-ны өдөр байгуулагдсан “хувьцаа бэлэглэх гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, “ПСВ” ХХК-ийн 52.1 хувийн хувьцааны эрхийг Б.Агийн нэр дээр шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...ахын хамт 2009 онд тус компанийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь өргөжүүлж, удирдан зохион байгуулж байсан, хариуцагч нь их хөрөнгө оруулалт татах гэж байна, хөрөнгө оруулагч нэг хувьцаа эзэмшигчтэй байх шаардлагыг тавьж байгаа тул хувьцаагаа шилжүүл, жилийн дараа буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй, компанид ажиллуулахгүй, орохыг хориглож хууран мэхэлсэн” гэснийг,

Хариуцагч эс зөвшөөрч “...Б.Аг компанид туслуулах үүднээс үүсгэн байгуулагчаар оруулж, 2 гишүүнтэйгээр бүртгүүлж, гүйцэтгэх захирлаар ажиллуулан эрх мэдэл өгч компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцуулсан. Би гадаад зах зээлийг хариуцаж байсан, Б.А ...компани их хэмжээний зээлтэй байгаа, цаашид ажиллуулж чадахгүй, Монголд ирж компаниа авч өөрөө ажилла гэсний дагуу ХБНГУ-аас бүрмөсөн ирж “ПСВ” ХХК-ийн эрхийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор шилжүүлэн авсан, хөрөнгө оруулна, буцаан өгнө гэсэн асуудал яригдаагүй хуурч мэхлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрт хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

8. Хэрэгт авагдсан 2018.01.17-ны өдрийн “хувьцаа бэлэглэх гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ээс үзвэл нэхэмжлэгч Б.А хариуцагч Б.Гт “ПСВ” ХХК-ийн 52.1 хувийн буюу 850 ширхэг хувьцааг бэлэглэсэн, компанийн эрхийг шилжүүлэхээр тохиролцсоны дагуу компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулж улсын бүртгэл хийгдсэнээр “ПСВ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Б.Г болсон нь тогтоогджээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаж буй “...хөрөнгө оруулалт хийсний дараа хувьцааг буцааж өгнө гэсэн боловч хуурч мэхэлж компанид ажил хийлгэхгүй, оруулахгүй болсон” гэсэн үндэслэл тогтоогдсон, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь компанийг анх үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд зохих хувь нэмрийг оруулсан атлаа компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрхийг хариуцагчид үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэл зориг байгаагүй гэж үзэн Б.Гт холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасантай нийцсэн байна.

9. Нэхэмжлэгч нь анх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлага ба түүний үндэслэлийг өөрчилж, хуурч мэхлэгдсэнээс гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд ба энэ тохиолдолд “гэрээг хүчингүй болгуулах” гэсэн шаардлагыг гаргаагүй гэж үзэх атал анхан шатны шүүх “гэрээг хүчингүй болгуулах”, “гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэсэн хоёр шаардлага, үндэслэлд зэрэгцсэн дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй байна.

10. Хэлцлийг төгөлдөр бус гэж тооцсон үеэс хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаах үр дагавар үүсэх ба шүүх хувьцааг буцаан шилжүүлж бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчихгүй.

11. Хариуцагчаар татагдсан “ПСВ” ХХК нь “хувьцаа бэлэглэх”, “компанийн эрх шилжүүлэх” гэрээний оролцогч бус тул тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

12. Хариуцагчийн гомдолд дурдсан, “шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн талаар, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хоёр шатны шүүх шийдвэр, магадлалдаа тодорхой заасныг үгүйсгэх үндэслэлгүй, учир нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хуурч мэхэлснээс хүчин төгөлдөр бусд тооцуулах хэлцлийг энэ үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй байдаг ба гомдлын шаардлага гаргаснаас хойш мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаа тоологдоно, нэхэмжлэгч 2018.07.27-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

13. Дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1083 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Г /өмгөөлөгч С.Сансартуяа/-ийн 2020.06.22-ны өдөр 140,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН