| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/00561/и |
| Дугаар | 102/ШШ2020/00849 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2020/00849
| 2020 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2020/00849 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ХХК.
Хариуцагч: Э ХХК
Гэрээний үүрэгт 20.796.349 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Б.Э, хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т ХХК нь Э ХХК-тай 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл нийт 4 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний барьцаа болон барьцаа төлбөрийн алдангид 20.796.349 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар ажил гүйцэтгэснээс хойш 1 жилийн дараа барьцаа төлбөрийн 5 хувь, ажил гүйцэтгэж хүлээлгэж өгснөөс 3 жилийн дараа үлдсэн 5 хувь буюу нийт гэрээний үнийн дүнгийн 10 хувийг буцаан авах зохицуулалттай. Барьцаа төлбөр гэдэг нь төлөх ёстой ажлын хөлснөөс авч үлдсэн төлбөр. Манай хийж гүйцэтгэсэн ажлууд доголдолгүй байдаг учир барьцаа төлбөрүүд олгогддог байсан тул үүний дагуу Э ХХК-д албан бичгээр хүсэлт тавьж, барьцаа төлбөрөө авахаар удаа дараа хандсан ч 2019 оны 07 дугаар сараас хойш хариу өгөөгүй. Т ХХК-ийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 40/15Г дугаартай гэрээгээр нэгдүгээр ээлжийн барилгын зоорийн давхрын өнгөлгөө, шатны хонгил, оффисын хонгил зэргийг хийсэн. 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зоорийн давхарын үлдэгдэл өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгэсэн. 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 40/15Г гэрээний нэмэлтээр оффисын өргөтгөл барилгын шалны засварын ажил, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 86/15Г шал цутгалтын ажил 2 дугаар ээлжийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 57/16Б гэрээний дагуу шалны өнгөлгөөний ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн. Нийт 325.074.295 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ үнийн дүнд хоёр тал маргадаггүй. Хамтран ажиллаж байх явцад манай байгууллага ямар нэгэн алдаа дутагдалгүй захиалагч байгууллагын инженерүүдийн хяналтад ажиллаж, алдаа дутагдал гарсан тохиолдолд тухай бүрд нь засаж залруулж явсан. Гэрээт ажлын хөлснөөс 4.400.000 төгрөгийг олгож өгнө үү гэсэн хүсэлт бичсэн боловч Э ХХК-ийн захирал Я.Э гуйж гарын үсэг зуруулж хуурамч баримт үйлдсэн. 4.400.000 төгрөгийн баримтад нэмэгдсэн өртгийн албан татварын баримт ч шивээгүй тул энэ мөнгийг аваагүй. Үүнээс гадна манай компаниар 40.000.000 төгрөгийн баримтад гарын үсэг зуруулж ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж байсан. Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсны төлбөрт 3.610.000 төгрөгийг манай компани Э.Бф ХХК-нд төлөх ёстой байсан ч Э ХХК шилжүүлсэн тул энэ төлбөрийг нэхэмжлэлийн үнээс хасна. Гэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар 361.000 төгрөгийг авна. Хариуцагч манайхтай санхүүгийн тооцоо нийлээгүйгээс шалтгаалж барьцаа төлбөрийг өгөөгүй гэж байгаа боловч тооцоо нийлэх талаар хэд хэдэн удаа хүсэлт өгч байсан. Барьцаа төлбөрөөс алданги тооцох талаар гэрээнд байхгүй боловч Иргэний хуулинд алданги тооцож болно гэж зааснаар алданги нэхэмжилсэн. Шинэ жилийн арга хэмжээнд төлсөн 3.610.000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж, НӨАТ-ын 361.000 төгрөгийг нэмж 10.614.233 төгрөг, алданги 6.932.116, төгрөг нийт 17.546.349 төгрөгийг Э ХХК-наас нэхэмжилнэ гэв.
Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э ХХК нь 2013 оноос эхэлж Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 1,000 гаруй айлын Э хороолол орон сууцны цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Талууд нийт 4 удаагийн гэрээ байгуулж хамтран ажилласан бөгөөд 2016 онд 40/15г, 86/15г, 96/15г, 2017 онд 57/16г гэсэн гэрээ байгуулсан. Т ХХК-ийн явуулдаг үндсэн үйл ажиллагаа болох шатны бетонон өнгөлгөө болон шал цутгалтын ажлыг хийхээр тохиролцсон. Нийт гэрээний үнийн дүн 325.074.295 төгрөгийн ажил хийсэн. Энэ үнийн дүнд хоёр тал маргахгүй. Э ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 203.362.036.50 төгрөгөнд орон сууцны бартер, 107.448.027 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Э ХХК болон Т ХХК-ийн хооронд маргаан үүсэх нөхцөл байдал үүсээгүй. Гэрээний хувьд зөрчигдсөн зүйл байхгүй. Хувь хүмүүсийн хандлагаас шалтгаалж өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа. Барьцаа биш ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийн маргаантай нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нэхэмжилсэн үлдэгдэл ажлын хөлснөөс 2015 онд манай компанид хүсэлт гаргаж 4.400.000 төгрөгийг захирал Б.Э гарын үсэг зурж авсан. Шинэ жилийн арга хэмжээнд төлөх 3.610.000 төгрөгийг өмнөөс нь манайх шилжүүлсэн. Эдгээр үнийн дүн нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой. НӨАТ 361.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад нэмж төлөхийг зөвшөөрнө. Манай тооцоогоор бодитоор 5.389.882.55 төгрөгийг Т ХХК-нд төлөхийг зөвшөөрч байна. Гэрэнд алданги бодох заалт байхгүй тул алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Э ХХК-наас 20.796.349 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж ажлын хөлс, алдангид 17.546.349 төгрөг шаарджээ.
Зохигчийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 40/15г Зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 86/15г, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 96/15г, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 57/16г ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдаж 325.074.295 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнийн дүнд маргаагүй байна.
Зохигчид гэрээний 3.5, 3.1.3-т зааснаар гэрээний үнэ буюу төлбөрийг олгохдоо захиалагч тал төлбөрийн 10%-ийг барьцаа болгон авч үлдэж, улсын комисс хүлээн авсны дараа 5 %-ийг, үлдсэн 5%-ийг Барилгын тухай хуульд заасан баталгаат хугацаа дууссаны дараа хамтарсан комиссын актыг үндэслэн олгохоор тохиролцож, төлбөрөөс 13.864.233 төгрөг үлдсэнг зөвшөөрч тайлбарласан ба энэ үнийн дүнгээс нэхэмжлэгч 3.610.000 төгрөгийг хасаж 10.254.233 төгрөг нэхэмжилсэн байна.
Хариуцагч талын гаргасан төлбөрөөс 4.400.000 төгрөгийг төлсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй боловч гэрээ байгуулсан хугацаанд Т ХХК 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэлийн урьдчилгаа төлбөрт 4.400.000 төгрөг бэлнээр олгох хүсэлтийг өргөдлийн хамт гаргаж 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бэлэн мөнгөний зарлагын баримтаар захирал Б.Э 4.400.000 төгрөгийг хүлээн авсан нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжилсэн 10.254.233 төгрөгнөөс 4.400.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.
Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаанд 3.610.000 төгрөгийн НӨАТ 361.000 төгрөгийг төлөхөөр тохирсон тул хариуцагч Э ХХК-наас /10.254.233-4.400.000=5.854.233+361.000=6.215.233/ 6.215.233 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч үлдэгдэл ажлын хөлс 13.864.233 төгрөгийн алданги 6.932.116 төгрөг шаардсан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд талууд гэрээгээр алданги тооцохоор тохиролцоогүй тул хариуцагчаас алданги тооцон шаардах эрхгүй байна.
Иймд хариуцагч Э ХХК-наас 6.215.233 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, үлдэх 11.331.116 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч Э ХХК-наас 6.215.233 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, үлдэх 11.331.116 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261.931.75 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-наас 114.394 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА