Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/00852

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/00852

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Э.Э

Гэрээний үүрэгт 145.566.192 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 60.000.000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдсэн. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байр 76 тоот хаягт байрлах 29 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.Э-гийн Хаан банк дахь 5029226703 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээг бид зөвшөөрч гарын үсэг зурж нотариатаар батлуулж барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Э.Э- эхний 5 сарын хүүнд 12.600.000 төгрөг төлж, 6 дахь сараас хойш зээлийн хүүг төлөөгүй. Энэ хугацаанд хүлээцтэй хандаж ирсэн боловч зээлээ төлөлгүй өдий хүрсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөнгөний тооцоололд алдаа гаргаж 145.566.192 төгрөг нэхэмжилсэн боловч үнийн дүнг багасгаж үндсэн зээл 60.000.000 төгрөг, гэрээний хугацааны хүү 32.760.000 төгрөг, гэрээнд зааснаар алдангид 46.380.000 төгрөг нийт 139.140.000 төгрөгийг хариуцагч Э.Э-гаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулагдаж 60.000.000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй зээлдэж, мөнгийг авсан нь үнэн. Зээлийн гэрээ 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дуусч гэрээ сунгагдаагүй тул үндсэн зээл 60.000.000 төгрөг, хүү 32.760.000 төгрөгийг төлнө. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрнө. 5 сарын хүүнд 12.600.000 төгрөг төлсөн тул алдангийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Э.Э-д холбогдуулж 145.566.192 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд үнийн дүнг багасгаж 139.140.000 төгрөг шаарджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Хариуцагч Э.Э- нь нэхэмжлэгч Б.Бтэй 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 60.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4,2 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Б дүүрэг, 00 байр 00 тоот орон сууцыг барьцаалж, зээлийн мөнгийг хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар, зээл болон барьцааны гэрээ, мөнгө хүлээн авсан мэдэгдэл, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь үндсэн зээл 60.000.000 төгрөг, хүү 32.760.000 төгрөг төлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагыг хүлээн зөвшөөрч, алдангид нэхэмжилсэн 46.380.000 төгрөгийг төлөхгүй гэж тайлбарлсан боловч зохигч талууд 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 3-т гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байхаар тохиролцож гэрээ байгуулсан тул түүний алданги төлөхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.1-т зааснаар үүргийг тогтоосон хугацаанд шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул гэрээгээр тохирсон үүрэг, хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол буюу алдангийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Иймд хариуцагч Э.Э-гаас үндсэн зээл 60.000.000 төгрөг, үлдэгдэл сарын хүү 32.760.000 төгрөг, алданги 46.380.000 төгрөг бүгд 139.140.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Э.Э-гаас 139.140.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг барьцаа хөрөнгө болох Б дүүрэг, 00 байр 00 тоот орон сууцаар хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 955.981 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид 923.850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА