Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00777

 


 

     2020 оны 03 сарын 17 өдөр

              Дугаар 102/ШШ2020/00777

                Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: СЖ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШ холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Р ББСБ ХХК

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золбоо, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Оюунцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.                                                                                                

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “СЖ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “СЖ ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдаж гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд юм. Манай компани бизнесийн үйл ажиллагаандаа хөрөнгө оруулахаар 2018 онь 5 дугаар сарын 26-ны өдөр Р ББСБ” ХХК-аас өөрийн эзэмшлийн аж ахуйн зориулалттай Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 000 тоот хаягт байршилтай 00 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /000 тоот хаягт байршилтай 00 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан нийт 240,000,000 төгрөг, 1 сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн компани хэвийн үйл ажиллагаа явуул байсан хэдий ч улс орны эдийн засгийн нөхцөл байдал муудаж бид зээлээ хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрсэн. “Р ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардан шүүхэд хандаж,  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/00099 дугаартай шүүхийн шийдвэр гарч нийт 296,997,665 төгрөгийг төлүүлэхээр болсон. Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд манай компанийн эзэмших эрх бүхий 000 м.кв газар болон үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч томилон үнэлүүлсэн байх бөгөөд тус шинжээч нь газар, үл хөдлөх хөрөнгийг нийтэд нь 3,219,620,400 төгрөгөөр үнэлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу томилогдсон шинжээч нь манай компанийн эзэмших эрхтэй газар болон үйлдвэр дээр биечлэн ирж үзэлгүй шууд үнэлгээ гаргасан байдаг. Энэ нь манай компанийн эзэмших эрх бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлсэн хэрэг бөгөөд тухайн орчмын газар, үйлдвэрийн бүсэд буй махны үйлдвэрүүдийн жишиг үнэ ханшаас илтэд доогуур байгаа нь манай компанийн эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан байдаг ба энэ процессийг ч явуулалгүй, хөрөнгийг шууд албадан дуудлага худалдаанд оруулах болжээ. Энэ нь үнэлгээний талаар саналаа өгөх, үнэлгээг бодитой хийлгэх талаар баримт бүрдүүлж өгөх гэх зэргээр би өөрийн эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалах боломжийг олгоогүй хэрэг юм. Манай компанийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нь бодит үнэлгээг гаргаж чадаагүй, үнэлэгдэж буй газар, үл хөдлөх хөрөнгийг очиж үзээгүй талаар гомдол, хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Батцэрэнгээс хүсэлтийг хүлээн авах боломжгүй, шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой албан тоотыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шуудангаар хүргүүлсэн болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу буюу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо түүнийг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа ба улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 000 дугаар барилга тоот хаягт байршилтай 000 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоотод байрлах нэгж талбарын 000 дугаартай 000 м.кв эзэмших эрх бүхий газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар “СЖ ХХК-аас 296,997,665 төгрөгийг гаргуулж “Р ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үндэслэж, “СЖ ХХК-ийн захирал П.У-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс гудамж, 0 тоот хаягт байршилтай 00 м.кв газар, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс гудамж, 0 тоот байршилтай 0 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. П.У-с хуулинд заасны дагуу үнийн санал авахад тухайн объектыг 5,000,000,000 төгрөгөөр үнэлж байгаа тухайгаа бичгээр тайлбар гаргасан. Энийг төлбөр авагч “Р ББСБ” ХХК зах зээлийн ханшнаас хэт өндөр байна. Хөндлөнгийн шинжээч томилж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-аар үнэлгээг тогтоолгон хуулийн дагуу талуудад мэдэгдсэн. Ингээд анхны дуудлага худалдаа болох байтал шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Анхны дуудлага худалдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө 2,600,000,000 төгрөгөөр зарах гэтэл худалдан авах гэж байгаа тал 2,200,000,000  төгрөгөөр авмаар байна гэж хэлж байсан. Хэрвээ 2,600,000,000 төгрөгөөр авах хүн байвал олоод өгөөч гэж хэлж байсан хүн өнөөдөр 5,000,000,000 гээд хэлж байна. Бид нар 3,200,000,000 төгрөгөөр үнэлснийг үнэлгээний компанийг хэт өндөр үнэлсэн гэж үзэж байсан. Дуудлага худалдаанд 50 хувиар үнэлж байсан. Гэхдээ бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлж байгаа тул тухайн үнэлгээнд гомдол гаргаагүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СЖХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг хангасан. Нэхэмжлэгч тал  нэхэмжлээд байгаа үнэлгээг яагаад хүчингүй болгохоо тайлбарлаж чадсангүй. Үнэхээр зах зээлийн үнэлгээгээс доогуур үнэлсэн гэж байгаа юм бол зах зээлийн үнэлгээ ямар байгааг судлаад ирэх боломж байсан. Тэгэхээр нэхэмжлэгч тал хэлээд яриад байгаа боловч энэ зүйлээ нотолж чадахгүй байна. Хэргийн оролцогчийн буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь процесс зөрчсөн учраас нэхэмжлэгч талын эрхийг хангаагүй гэж байна. Иймд энэнтэй холбоотой гомдол гаргасан гэж байна. Гэхдээ гаргасан гомдлыг харахаар үнэлгээг доогуур үнэлсэн гэж гаргаад байгаа болохоос биш, процессын ажиллагаанд миний эрхийг зөрчсөн юмаа гэж гаргаагүй байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж байгаа юмуу, үнэлгээнд гомдол гаргаж байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан эрхийнхээ дагуу хөрөнгө үнэлсэн үнэлгээг хоёр талд танилцуулсан. Энэ нь хуулийн дагуу болсон. Манай талаас үнэлгээг өндөр гарсан гэж үзэж байгаа. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэлж байна. Анх 2,6 тэрбум төгрөгөөр зарах гээд явж байсан хүн, өнөөдөр 5 тэрбум гэж хэт өндөр үнээр үнэлж байна. Ингээд ШШШ байгууллага шинжээч томилоод үнийг гаргасан байна. Хэдийгээр үнэлгээ өндөр гаргасан ч бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүндэтгэж байгаа тул гомдол гаргахгүй. Хэрэгт авагдсан баримтыг үзэхээр нэхэмжлээд байгаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, үнэлгээг хуульд заасны дагуу хийсэн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “СЖ ХХК нь хариуцагч “НШШ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/00099 дугаартай шийдвэрээр хариуцагч “СЖ ХХК нь  295,293,050 төгрөгийг 2019 оны  02 дугаар сарын 07-ны өдрийн дотор “Р ББСБ” ХХК-д төлөхөөр, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг тохирсон хугацаанд  биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн Ү-00, гэрчилгээний №00 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс гудамж, 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, №00 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, үйлдвэрийн баруун бүс-4 /гудамж, 20 дугаар хороонд байршилтай 0 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар талууд эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсний дагуу тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2019/04444 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, 102/ГХ2019/00353 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19250581 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс 0 гудамж, 0 тоотод байрлах 0 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, №0 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, үйлдвэрийн баруун бүс-4 / гудамж, 20 дугаар хороонд байршилтай 0 м.кв талбай бүхий газрыг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор  хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус явуулж, талуудаас тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон газрын талаар үнийн санал авахад талууд тохиролцоонд хүрээгүй тул зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шинжээчийг томилжээ.

 

Үүний дагуу шинжээч “Хөрөнгө эстимэйт”  ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Ү-0 гэрчилгээний №0 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс 0 гудамж, 0 тоотод байрлах 0 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон №0 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, үйлдвэрийн баруун бүс-4 0/ гудамж, 20 дугаар хороонд байршилтай 0 м.кв талбай бүхий газрыг нийт 3,219,620,400 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч байх ба үндэслэлээ... зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн,... үнэлгээ гаргахдаа судалгаа, баримтад үндэслээгүй ...” гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

ХЭ ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууц болон газрыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртөгийн хандлагын арга, орлогын хандлагийн аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, судалгаа,баримтад үндэслээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  “СЖ ХХК-ийн өмчлөлийн Ү-0, гэрчилгээний №00 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс гудамж, 0 тоотод байрлах 0 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, №00 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, үйлдвэрийн баруун бү-4 / гудамж, 20 дугаар хороонд байршилтай 0 м.кв талбай бүхий газрыг 3,219,620,400 төгрөгөөр үнэлсэн “ХЭ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “СЖ ХХК-ийн хариуцагч НШШ холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

                                                                                       ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “СЖ ХХК-ийн хариуцагч НШШхолбогдуулан гаргасан Ү-0000, гэрчилгээний №0000 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /гудамж, 0 тоотод байрлах 000 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, №0000 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, үйлдвэрийн баруун бүс /гудамж, 20 дугаар хороонд байршилтай 00 м.кв талбай бүхий газрыг нийт 3,219,620,400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ЭНХЗАЯА