Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/00853/и

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/00853

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: КБХА

Хариуцагч: М ХХК.

Хариуцагч: ЗБДС

Гэрээний үүргийн биелэлтэд 506.982.023.47 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н, Л.С, хариуцагч М ХХК-ийн захирал Б.О, хариуцагч ЗБДСгийн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч КБХА шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.С нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М ХХК нь КБтай 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр №22 тоот зээлийн гэрээ байгуулж, 750.000.000 төгрөгийг жилийн 7.0 хувийн хүүтэй, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгаль орчныг хамгаалах ЖДҮХ төслийн зориулалттайгаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Барьцааны 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №22 дугаартай гэрээний үүрэгт хувийн сууц, эзэмшлийн газар, орон сууц гэсэн хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс 287.042.140.44 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 177.151.961.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 358.687.92 төгрөг бүгд 464.552.789.59 төгрөг төлсөн. Хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх, зээлээ төлөхийг сануулж хүлээсэн боловч төлөөгүй. ЗБДС КБ ХХК, М ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр БДГ-22 дугаартай гурвалсан Батлан даалтын гэрээ байгуулагдсан. ЗБДС нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас гарч буй зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа аж ахуйн нэгж, компаниудын хүрэлцэхгүй байгаа хэмжээнд зээлийг батлан даадаг. Гэрээгээр ЗБДС нь КБны өмнө зээлдэгчийн гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдэл өрийн 33.33 хувийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. М ХХК өнөөдрийг байдлаар ямар ч төлбөрийн чадваргүй болсон. Зээл төлөх талаар мэдэгдэхэд төлбөрийн чадваргүй, зээлийн хүүгийн дарамтад орсоноо тайлбарлаж, зээлийн төлөлт, зээлийн гэрээг цуцлах асуудал дээр маргахгүй гэдэг. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш бүтэн жилийн хугацаанд ЗБДСгийн хүмүүстэй уулзсан, М ХХК зээлээ төлөх чадваргүй гэсэн тул шүүхэд хандсан. Зээлийн батлан даалтын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.3, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар ЗБДС зээлдэгчийн гүйцэтгээгүй зээлийн үлдэгдэл дүн 462.957.859.56 төгрөгийн 33.33 хувь болох 154.303.854.59 төгрөгийг гаргуулах Батлан даалтын гэрээний дагуу шаардлагыг гаргаж байна. КБХАийн зүгээс зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ /мэдэгдэл хүргүүлэх, газар дээр нь хяналт тавих, хамтран ажиллах/ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гарахгүй, муу ангилалтай, хүүний дарамтанд орсоор байна. Энэ талаар ЗБДСд албан бичгээр мэдэгдсэн боловч үүрэг гүйцэтгэхээс татгалзсан. М ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар нэмэлт хугацаа тогтоосон боловч төлбөрийг барагдуулаагүй. Гэрээнд зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 462.957.859.56 төгрөг, хүү 42.678.931.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.283.732.88 төгрөг, нотариатын хөлс 61.500 төгрөг бүгд 506.982.023.47 төгрөг төлөгдөөгүй. Иймд гэрээний үүрэгт хариуцагч М ХХК-наас 352.678.168.87 төгрөг, ЗБДС 154.303.854.59 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Б.О шүүх хуралдаан тайлбарлахдаа: Гэрээ байгуулж зээл авсан, маргаангүй, төлөх нь үнэн. Манай компани 2019 оны 01 дүгээр сар хүртэл 4 жил яг цаг хугацаанд нь зээлээ төлөөд явж байтал манай харилцагч Франц улсын компаний захирал нас барж ажил зогссон. Мөн эдийн засгийн хохирол, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг олон харилцагч нарын төсөл хаагдсан, иргэд аж ахуйн нэгжийн захиалга хийгдэхгүй зэрэг шалтгаанаас болж ажил зогсч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлээ төлөх гээд өндөр хүүтэй зээл авах зэргээр зээлийн хүүний дарамтанд орж зээлийг төлж чадахгүй ажил зогссон. КБнаас зээл төлүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж, манай байгууллага дээр ирж уулзаж байсан. Энэ үед тодорхой хэмжээгээр зээлээс төлсөн байгаа. ЗБДС гэрээ хийгээгүй бол 200.000.000 гаруй төгрөгийн зээл авах байсан. Өнгөрсөн хугацаанд барьцаа хөрөнгөө зарж зээлийг төлөх талаар хөөцөлдсөн боловч ус дулаанд холбогдоогүй тул үнэд хүрээгүй. ЗБДСг эрсдэл үүссэн тохиолдолд төлөх юм байна гэж ойлгосон. Нэхэмжилсэн 352.678.168.87 төгрөгийг төлнө, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг зөвшөөрнө гэв.

Хариуцагч ЗБС шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М ХХК нь КБ ХХК-наас авсан 750.000.000 төгрөгийн зээлэнд манай байгууллага зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 33.33 хувиар батлан даалт гаргасан. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д ямар нөхцөл байдал үүссэн тохиолдолд ЗБДС үүрэг гүйцэтгэх талаар тодорхой тусгасан. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан байх ёстой талаар заасан. Манай зүгээс зээлдэгчийг энэ арга хэмжээг хангалттай авсан гэж үзэхгүй, энэ талаар баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээл төлүүлэх талаар М ХХК-нд хүргүүлсэн мэдэгдэл байгаа болохоос өөрөөр зээлийн төлөлтийн талаар уулзаж ярилцсан тэмдэглэл, мэдэгдэл байхгүй. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 271 дүгээр тушаалаар батлагдсан зээлийн үйл ажиллагааны журамд зээлийг төлүүлэх талаар ямар ямар уулзалт хийх, мэдэгдэл гардуулах, хугацаа хэтэрсэн зээлийн явцын хяналтыг хэрэгжүүлэх зарчим, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах зарчим, богино хугацаанд зээл төлөх боломжийг олгох, дахин санхүүжилт хийх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах зэрэг арга хэмжээнүүдийг авах ёстой боловч аваагүй байна. Мөн журмын 15 дугаар бүлэгт график зөрчигдсөн тохиолдолд авах арга хэмжээг тусгасан байгаа боловч энэ талаар ямар нэг ажиллагаа хийгдээгүй байна. Эцэст нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэргээр шүүхийн бус журмаар харилцан тохиролцож зээл, зээлийн хүүнд барьцаа хөрөнгийг тооцон авах арга хэмжээ авах байсан. Нэхэмжлэгч тал эдгээр арга хэмжээг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнээс хархад 563.500.000 төгрөгийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахад хүрэх хэмжээний барьцаа байна. Зээлдэгч төлбөрийг чадваргүй болсон эсэхийг шийдвэр гүйцэтгэх хуулийн байгууллагаас тодорхойлдог гэв.

 

Шүүх хуралдаанааар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч КБХА нь хариуцагч М ХХК-наас 352.678.168.87 төгрөг, хариуцагч ЗБДС 154.303.854.59 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч М ХХК нь КБ ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 750.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй 6 жилийн хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд 0000 тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 160 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 700 мкв тайлбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, 120б тоотод байршилтай 330 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, 700 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, 120в тоотод байршилтай 120 мкв талбайтай хувийн сууц, 687 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, 120г тоотод байршилтай 70 мкв хувийн сууц, 392 мкв талбайтай өмчлөх газар, 0000 тоот 40 мкв талбайтай 3 өрөө орон сууц, 0000 тоот 40.1 мкв талбайтай 3 өрөө орон сууц, 0000 тоот 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан, 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ЗБДС, КБ ХХК, М ХХК-ийн хооронд гурвалсан Батлан даалтын гэрээ байгуулагджээ.

М ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 750.000.000 төгрөгийн зээл хүссэн аж ахуйн нэгжийн зээлийн өргөдөл, холбогдох баримтуудыг КБ ХХК-нд гаргаснаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгчээс 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 400.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 13-ны өдөр 350.000.000 төгрөгийн зээлийн гүйлгээ хийх шийдвэр гарч зээлийг шилжүүлсэн байна.

Зээл болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Шүүх хуралдаанд хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 352.678.168.87 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагыг зөвшөөрсөн байна.

Хариуцагч Зээлийн батлан даалын сан нь КБ ХХК нь зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээлийг төлүүлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Батлан даагч нь түүний өмнөөс гэрээний 1.4-т зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 33.33%-иар зээл төлөх үүрэг гүйцэтгэхээр Батлан даалтын гэрээ байгуулж, гэрээний 3.4.1-т зааснаар зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй, хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд КБнаас зээл төлөх талаар мэдэгдэл ирүүлж, уулзалт хийж байсан, зээлийн хугацаанд барьцаа хөрөнгөөс худалдаж зээлийг төлж байсан, бусад хөрөнгүүд үнэд хүрээгүй тул худалдан борлуулагдаагүй, сүүлийн 4 жилийн хугацаанд зээлийг төлөх талаар бүхий л бололцоотой арга хэмжээг авсан боловч компаний үйл ажиллагаа 2018 оны сүүлээс бүрэн зогссон хэмээн тайлбарласан тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч М ХХК, ЗБДСд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 506.982.023.47 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар хариуцагч М ХХК-наас 352.678.168.87 төгрөг, хариуцагч ЗБДС 154.303.854.59 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч КБХАид олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан 0000 тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 160 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 700 мкв тайлбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, 120б тоотод байршилтай 330 мкв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, 700 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, 120в тоотод байршилтай 120 мкв талбайтай хувийн сууц, 687 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, 120г тоотод байршилтай 70 мкв хувийн сууц, 392 мкв талбайтай өмчлөх газар, 0000 тоот 40 мкв талбайтай 3 өрөө орон сууц, 0000 тоот 40.1 мкв талбайтай 3 өрөө орон сууц, 0000 тоот 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч М ХХК-наас 1.921.341, ЗБДС 929.469 төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА