Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/00921

 

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/00921

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: З ХХК

Хариуцагч: О.Б

Хариуцагч: С.Б

63.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч З ХХК-ийн төлөөлөгч Ө.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э нь 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр З ХХК-ийн захирал О.Б болон С.Б нартай харилцан тохиролцож тус компаний барьж байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 41 дүгээр байрны 1 дүгээр орц 15 тоот 33 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг захиалан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 1 мкв-ыг 500.000 төгрөгөөр тооцон нийт 16.500.000 төгрөг төлсөн. 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулан 41 дүгээр байрны 2 дугаар орцны 18 тоот 33 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг захиалж 23.500.000 төгрөг төлсөн. Уг орон сууцнуудын түлхүүрийг 2010 оны 07 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч З ХХК-ийн захирал О.Б болон С.Б нар орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Эдгээр байрыг өөр хүнд зарсан байсан. З ХХК-ийн захирал О.Б болон С.Б нар үйл ажиллагаа явуулахад мөнгө хэрэгтэй байна гээд бэлнээр 2011 оны 08 дугаар сард 10.000.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сард 3.000.000 төгрөг, 2012 оны 07 дугаар сард 7.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг бэлнээр авсан. 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эхнэр Д.Оийн дансаар 3.000.000 төгрөг зээлсэн. Нийтдээ 23.000.000 төгрөгийг зээлдэж авсан. Хариуцагч нарт Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 40.000.000 төгрөг төлж, 23.000.000 төгрөг зээлсэн тул 63.000.000 төгрөг нэхэмжилсэн. Гэрээний дагуу орон сууцыг хүлээж авах гэхээр давхардуулж өөр хүмүүстэй гэрээ байгуулсан, тухайн хүмүүс нь орон сууцанд орсон байсан. Мөнгөө өгнө гэсээр 2013 оныг хүргэсэн. 2014 онд цагдаагийн байгууллагад шалгуулсан, гэхдээ ямар нэгэн баримт байхгүй. Үүнээс хойш мөнгөө шаардаж байгаагүй. 2016 онд З ХХК-ийн захирал О.Б эрэн сурвалжлуулсан. 2019 онд хаягийг тогтоож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гэрч Ц.Б 5.000.000 төгрөг өгсөн талаар мэдүүлсэн, Д.Оийн дансаар орсон 3.000.000 төгрөгийг буцааж авсан талаар маргахгүй. Гэрч О.Б өгсөн гээд байгаа 3.000.000 төгрөг Б.Эийн авсан 6.000.000 төгрөгт орсон. Зээлээс 8.000.000 төгрөг төлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж зээл 15.000.000 төгрөг, орон сууц захиалж төлсөн 40.000.000 төгрөг нийт 55.000.000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилнэ гэв.

Хариуцагч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Р шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. З ХХК 2011 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 41 дүгээр байранд өргөтгөл, мансардтай барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэж байхдаа Б.Эээс 2011 оны 08 дугаар сард 10.000.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сард 3.000.000 төгрөг, 2012 оны 07 дугаар сард 7.000.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 02-нд 3.000.000 төгрөг нийт 23.000.000 төгрөг зээлж барилгын ажил дуусхаар буцааж өгөхөөр тохирсон. Мөнгийг борлуулалт хариуцсан О.Б борлуулалтын орлогоос бэлнээр буцааж өгсөн. Б.Э 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болон 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус тус Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж 40.000.000 төгрөг бэлнээр төлөв гэж дурдаж гэрээ байгуулсан. Учир нь тухайн үед Б.Э бусдаас их хэмжээний авлагатай, тэр хүмүүс нь мөнгөө өгөхгүй байгаа тул орон сууц захиалсан, мөнгийг нь өгнө гэж үзүүлэх зорилгоор гэрээ байгуулсан. О.Б үйл ажиллагаандаа зориулж мөнгө зээлсэн байсан тул З ХХК-ийн тамгатай гэрээ ашиглаж гэрээг хийж өгсөн. Гэтэл хуурамч баримт бичгийг ашиглаж 8 жилийн дараа мөнгө нэхэмжилж байна. Үнэхээр байр захиалсан юм бол яагаад 2012 оноос шүүхэд хандаагүй юм бэ. 40.000.000 төгрөг компанид огт орлого болж ороогүй. 23.000.000 төгрөгийг зээлдэж зээлээс Ц.Бгээр дамжуулж 5.000.000 төгрөг, О.Б баримт үйлдэж 3.000.000 төгрөг хүлээлгэж өгсөн. Б.Э өөрөө С.Боос авах тооцоо гээд 6.000.000 төгрөг авсан одоо үлдэгдэл 9.000.000 төгрөг дутуу, өгөхгүй бол хуулийн байгууллагад хандана гэсэн баримт үйлдсэн гэв.

Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Б миний бие Б.Эээс 2011 оны 08 дугаар сард 10.000.000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ би 2012 оны 2, 3 дугаар сард Зүүн хараа суманд барьж гүйцэтгэсэн барилгынхаа 16 тоотод О.Б, н.Б нарын дэргэд буцааж төлсөн. Үүнээс бусад шаардлага нь худал мэдүүлсэн байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ 63.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд үнийн дүнг багасгаж хариуцагч З ХХК, С.Б, О.Б нараас 55.000.000 төгрөг нэхэмжилжээ.

З ХХК, Б.Э нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 41 дүгээр байрны 3 давхарын 15 тоот 33 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 мкв талбайн үнэ 500.000 төгрөг нийт үнэ 16.500.000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 41 дүгээр байрны 3 давхарын 18 тоот 47 мкв 2 өрөө орон сууцыг 1 мкв талбайн үнэ 500.000 төгрөг нийт үнэ 23.500.000 төгрөгний үнэ бүхий Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан байна. Гэрээний хавсралтад гэрээ байгуулагдсан өдөр гэрээний үнийг тус тус тушаасан баримтад З ХХК-ийн тамга дарагдсан боловч гэрээний 2.5-д зааснаар гэрээний хавсралтанд тэмдэглэгээ хийж санхүүгийн тамгыг дарснаар төлбөр хийгдсэнд тооцохоор тохирсон тул уг баримтаар гэрээний үнийг төлөгдсөн гэж үзэх хангалтай нотлох баримт гэж үзэх үндэслэлгүйгээс гадна гэрээний үүргийн биелэлтийг өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчээс шаардсан баримтгүй, шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нараас байрны урьдчилгаанд өгсөн 1.000.000 төгрөг нэхэмжилсэн зэргээс дүгнэхэд дээрх гэрээний хавсралтад заасан нийт 40.000.000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч энэ шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх хуралдаанд зохигч талууд 23.000.000 төгрөгийг зээлсэн талаар маргаагүй, нэхэмжлэгч шаардлагаа багасгаж гэрээний үүргийн биелэлтэд 15.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.Б зээлээс 3.000.000 төгрөг хүлээлгэж өгсөн талаар мэдүүлж энэ мэдүүлэг нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөнгө хүлээлцсэн тухай Б.Э, О.Б нарын гарын үсэгтэй баримтаар тогтоогдсон, мөн өдөр Б.Э нь С.Боос авах тооцоо гэсэн баримтад нийт 16.000.000 төгрөг авснаа дурдаж, үлдэгдэл 9.000.000 төгрөг дутуу болохыг тодорхойлсон байна.

Хэдийгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн тодорхойлж бичсэн 9.000.000 төгрөгийг төлсөн талаар баримтгүй, энэ цаг хугацаанаас хойш талууд уулзалдаагүй гэж тайлбарлаж байгаа тул зээлийн үлдэгдэлд 9.000.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Иймд хариуцагч З ХХК, О.Б, С.Б нараас 9.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож, үлдэх 46.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч О.Б, С.Б нарт шүүх хуралдааны товийг баримтаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч З ХХК, О.Б, С.Б нараас 9.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож, үлдэх 46.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З ХХК, О.Б, С.Б нараас 158.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА