Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0736

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ө нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Л.Одбаатар

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Н.Ө

 

Нэхэмжлэгч: Н.Ө

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Өндөр насны тэтгэврийг дахин тогтоохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0657 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Ө

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ө.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 128/2024/0183/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Ө-с Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Өндөр насны тэтгэврийг дахин тогтоохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-аар маргасан.

2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0657 дугаар шийдвэрээр: 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр зүйлийн 4.1 /гэж/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан Н.Ө-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч Н.Ө дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, мөн Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Тухайлбал, уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаах зүйлийн 60.1.1-д заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд: “Захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх ёстой” гэж заасан байдаг.

3.2. Гэвч Нийгмийн даатгалын байгууллага миний 20 жил 2 сар ажилласан хугацааг үндэслэн тэтгэврийн итгэлцүүрийг тооцохдоо Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22.1-д заасан тэтгэврийн итгэлцүүр нь өнөөгийн мөнгөний үнэ цэнд нийцнэ гэсэн шаардлагыг биелүүлээгүй байна. Үүний улмаас миний авах тэтгэвэр өнөөгийн мөнгөний үнэ цэнээс илт бага дүнгээр тогтоогдсон.

3.3. Мөн анхан шатны шүүх уг асуудлыг хянан шийдвэрлэхдээ 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28.1.1-д заасан “эхийн гурван хүүхэд төрүүлж өсгөсөн хугацааг ажилласан жилд тооцох” үндэслэлийг анхааралдаа аваагүй бөгөөд, уг хуулийн хүрээнд миний гаргасан нотлох баримт, хүсэлтийг дахин судлуулж шийдвэрлэх үүргийг холбогдох байгууллагад даалгах ёстой байтал тэгээгүй байна. Би 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд үндэслэн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нотлох баримтуудаа бүрдүүлж, ахин тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу авч чадаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Үндсэн хууль, хуульд нийцээгүй гэж үзэж байна гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг зөв үнэлсэн боловч нийгмийн даатгалын хууль тогтоомжийн зүйл заалтыг буруу хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Н.Ө-с Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Өндөр насны тэтгэврийг дахин тогтоохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах” нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ, шаардлагын үндэслэлээ “... тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Засгийн газраас шинэчлэн тогтоосон итгэлцүүрт уялдуулан хүнд болон хортой нөхцөлд ажилласан жил, төрүүлсэн хүүхдээ тооцуулж, тэтгэврээ дахин судлуулах хүсэлт гаргасан ч тогтоож өгөөгүй, тухайн үед авч байсан цалинг өнөөгийн мөнгөний үнэ цэнээр 3 сая төгрөгтэй тэнцэнэ” гэх зэргээр тодорхойлж маргасан.

3.2. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Н.Ө-н өндөр насны тэтгэврийг 2014 онд тогтоосон бол ажилласан жилийг төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмэгдүүлэх заалтыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн, буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй, түүний эрхэлж байсан зарим ажил мэргэжил нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахгүй талаар байгууллагаас нь тодорхойлолт ирүүлсэн” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

4. Маргааны үйл баримтын тухайд;

4.1. Н.Ө нь 1958 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн бөгөөд 55 нас 10 сар хүрч хүсэлт гаргаснаар, шимтгэл төлсөн хугацааг 20 жил 2 сар 1 хоногоос бодож, 1988-1992 оны 5 жилийн дундаж цалингаас тэтгэврийг 346,982 төгрөгөөр тогтоож, Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор бүрэн тэтгэврийн доод хэмжээнд нийцүүлэн 550,000 төгрөг болгож, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс олгожээ.  

4.2. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, итгэлцүүрээр шинэчлэн тогтоохтой холбоотой Засгийн газрын тогтоолын дагуу нэхэмжлэгчийн өндөрт насны тэтгэврийг тухай бүр өөрчилж, одоо 689,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн.

Н.Ө-н хувьд, Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан “Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан хүснэгтийн 1990 оноос өмнөх, 1991, 1992 оны хэсгийг хүчингүй болгуулах, Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан хүснэгтийн 1990 оноос өмнөх, 1991, 1992 оны хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 221/ШШ2025/0009 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

4.3. “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/1377, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/1524,01/1525, “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1-1/2035, 1-1/2037 дугаар албан бичгээр, Н.Ө-н ажилласан хугацааны 3 жил 2 сар нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байна. 

4.4. Нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн 3 хүүхдийн тоогоор нэмж тооцуулах, тэтгэврийг өнөөгийн мөнгөний үнэ цэнд нийцүүлж дахин тогтоолгох” тухай өргөдлийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 50, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 07/41 дүгээр албан бичгээр тус тус тэтгэврийг шинэчлэн тогтоох боломжгүй талаар хариу хүргүүлсэн.

5. Энэ хэргийн хувьд, нийгмийн даатгалын байгууллага нь нэхэмжлэгчийн урьд эрхэлсэн хөдөлмөрийн хүнд нөхцөл, төрүүлсэн 3 хүүхдийг оруулан тооцож, ажилласан жилийг тооцохоос татгалзах, мөн цалин хөлсийг өнөөгийн мөнгөний үнэ цэнээр тооцоогүй  байх зэргээр түүний өндөр насны тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоохоос татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргаж эрхийг нь зөрчсөн эсэх маргааны гол зүйлд дүгнэлт өгч, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэх шаардлагатай.

6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “... нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоож, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу нэмэгдүүлж олгосон үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Дулааны III цахилгаан станцад хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд 3 жил 2 сар ажилласан болох нь тогтоогдож байгаа нөхцөлд 10 жил ажилласан байх хуулийн шалгуурыг хангаагүй, хариуцагчаас тэтгэврийг дахин тогтоох, өнөөгийн мөнгөний үнэ цэнд хөрвүүлэх эрх, үүргийг хуулиар олгоогүй тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, төрүүлсэн хүүхэд тутамд ажилласан жилийг нэмж тооцох зохицуулалт нь 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгож байгаа эмэгтэй даатгуулагчид л хэрэглэх боломжтой” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна.

7. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

7.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 3 дугаар зүйлийн 5-д “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно”, 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд ... 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно”, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно: 1/ авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан” гэж,

7.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2017.02.02/-ийн 1 дүгээр зүйлд  “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг: “5.Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно””, 5 дугаар зүйлд “Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дугаар … зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, …эхлэн тус тус дагаж мөрдөнө” гэж,

7.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 25.1-д “Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно: 25.1.1. тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол” гэж тус тус заасан.

8. Даатгуулагчид олгох өндөр насны тэтгэврийн хэмжээг тогтоохтой холбоотой энэ хэсгийн 7.1-д заасан зохицуулалтыг, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдох маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлавал, нийгмийн даатгалын байгууллагаас 2014 онд нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоохдоо түүний шимтгэл төлсөн дурын дараалсан 5 жилийн цалингийн дундажийн 45 хувиар тооцож, шимтгэл илүү төлсөн 2 сарын хугацаагаар 0.25 хувийг нэмж, олгох тэтгэврийн хэмжээг бодсон нь үндэслэлтэй төдийгүй Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр өсгөж, 766,812 төгрөгийг дундаж цалингаас ажилласан 20 жил 2 сард хамаарах 45.25  хувиар тэтгэврийн хэмжээг тооцсон, улмаар Засгийн газрын 2023 оны 239 дүгээр тогтоолд үндэслэн тэтгэврийн доод хэмжээ 550,000 төгрөгөөр тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Учир нь Н.Ө нь “20 жил ажилласан, 55 насанд хүрсэн, эмэгтэй” гэх ердийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон учир тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан зохицуулалтын дагуу дундаж цалин хөлснөөс нь хуулиар тогтоосон хэмжээгээр тооцож, тэтгэврийн хэмжээг тогтоосон ба энэ хэсгийн 4.3-д заасны дагуу тогтоогдсон үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн ажилласан нийт хугацаанаас Дулааны III цахилгаан станцад ээлжийн монтёроор ажилласан 3 жил 2 сарын хугацааг л хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах тул хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг нэгэнт хангахгүй учраас энэ нь тэтгэврийг хэмжээг шинэчлэн тогтоох үндэслэл болохгүй юм.

9. Харин төрүүлсэн хүүхэд тутамд шимтгэл төлсөн хугацааг 1 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцох тухай хуулийн зохицуулалт нь энэ хэсгийн 7.2-т заасны дагуу Н.Ө-г өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш буюу 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн учраас энэ тохиолдолд буцаан хэрэглэхгүй.  

10. Энэ хэсгийн 4.2, 4.4-т заасанчлан тогтоогдсон үйл баримтаас үзэхэд, Н.Ө-д олгох тэтгэврийн хэмжээг хүчин төгөлдөр үйлчилж буй Засгийн газрын 2023 оны 238, 239, 2024 оны 10 дугаар тогтоолын дагуу итгэлцүүрээр өсгөсөн дундаж цалингаар тооцож, өндөр насны тэтгэврийн доод хэмжээнд нийцүүлэн нэмэгдүүлснээс гадна Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 50 дугаар албан бичигт “... “ДЦС-3” ТӨХК-иас гаргаж ирүүлсэн 1978-1982 онуудын болон “ДЦС-4” ТӨХК-иас ирүүлсэн 1985-1991 онуудын цалингаас тэтгэвэр тогтоолгох дундаж цалинг итгэлцүүрээр өсгөн дахин тооцож үзэхэд анх тэтгэвэр тогтоолгосон 1988-1992 онуудын цалингийн дунджаас нэмэгдэхгүй байна” хэмээн хариу өгснөөс дүгнэхэд, захиргааны байгууллагыг тэтгэврийг дахин тооцохоос татгалзсан хууль бус эс үйлдэхгүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

11. Нэхэмжлэгчээс өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоох үндэслэл гэж тодорхойлсон (а) шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн 3 хүүхдийн тоогоор нэмэгдүүлэн тооцох, (б) Дулааны цахилгааны станцад ажилласан хугацааг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамааруулан өнөөгийн мөнгөний үнэ цэнээр тооцох зэрэг нь дээрх байдлаар тэтгэврийг дахин тооцох хуульд заасан нөхцөлд хамаарч үйлчлэхгүй, захиргааны байгууллагаас түүний өргөдөлд зохих хариу өгсөн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тодорхойлсон эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

Энэ агуулгаараа магадлалын Тодорхойлох хэсгийн 3.1-3.3-д заасан давж заалдах гомдлыг хүлээн авсангүй.

12.  Анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн зүйл заалтыг алдаатай бичсэнээс гадна маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0657 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр зүйлийн 4.1” гэснийг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 3 дугаар зүйлийн 5, 4 дүгээр зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2017.02.02-ны өдөр/-ийн 5 дугаар зүйл” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Ө-                                                    н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Л.ОДБААТАР

 

 

                ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ