Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Батаа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Ц.Гансүлд,

иргэдийн төлөөлөгч Б.Он-Ой,

хохирогч Л.Энхням,

гэрч Г.Энхцэцэг,

шүүгдэгч Б.Алтанхүү, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2190) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бат овогт Баасангийн Алтанхүүг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 1939 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Бат овогт Баасангийн Алтанхүү, Улаанбаатар хотод 1981 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамжны 73 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЦИ81061215.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Алтанхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 21-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-110 тоотод иргэн Л.Энхнямыг шалтгаангүйгээр, хүрзийг зэвсгийн чанартай хэрэглэж, толгойд нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Алтанхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.

Хохирогч Л.Энхням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр...22 цаг 20 минутын үед гадаа бие засахаар 00 орсон...00-н хажуугаар нохой явж байгаа юм шиг чимээ гарсан. Тухайн үед бороо шивэрч...би цамцныхаа малгайг өмссөн байсан. Тэгээд би 00-н хаалга цоожлох гэхэд эргэж харахын завдалгүй учир зүггүй толгойн дундуур араас нэг хатуу юмаар цохьсон, би тонгойгоод хүүе юу болоод байна вэ, хэн бэ гэхэд надад юм хэлэхгүй толгой руу цохиод байсан. Би газарт уначихаад гараараа толгойгоо хамгаалсан. Манай хашаанд гэрэл байдаггүй. Би цохиулаад унаж, боссоор байгаад байшингийнхаа гэрлийн урд ирээд босоход Алтанхүүгийн царай манай байшингийн гэрэлд харагдсан. Би тэгээд хүүе Алтаа ахаа та хүн андуураагүй биз дээ, намайг таньж байна уу гэж хэлэхэд надад юу ч хэлээгүй, би ээжээ, ааваа гэж дуудсан. Тэгээд би хүрзнийх нь ишнээс зулгаагаад болиоч ээ Алтаа ахаа, та намайг таньж байна уу гээд орилоод байхад юу ч хэлэхгүй цохиод байсан. Тэгээд хүрзний ишнээс зулгаагаад булаацалдаж байхад миний нүүр рүү гараараа баруун хацар руу шанаадсан. Тэгээд би баруун хацар руугаа 2-3 удаа цохиулаад газарт унахад газраас хүрз аваад дахиад намайг цохьсон. ...Урд айлын гэрэл асах шиг болоход л Алтанхүү гэнэт алга болчихсон. Би гэртээ ороод ээждээ хэлсэн. ...Хохиролд нийт 2.200.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирлоо өдийг хүртэл төлж барагдуулаагүй. Одоо миний толгой маш удаан өвддөг...гар хавддаг болсон байгаа. Толгойн эм байнга уухаас залхаж байна гэв.

                                              

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Л.Энхнямын мөрдөн байцаалтад өгсөн: ...би 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад орой 22 цагийн үед жорлон орчихоод гарч иртэл миний араас нэг хүн хүрзээр цохисон. Тэгэхээр нь би гараараа толгойгоо хаагаад доошоо суугаад, хэн бэ гэж орилсон. Тэгтэл тэр хүн ямар ч үгийн зөрүүгүй май чи гээд хүрзээр цохиод байсан. Би 3-4 удаа өнхөрч босч ирсэн...тэгээд жорлонгийн урд очоод нөгөө хүнээс хүрзийг нь булааж аваад царайг нь харахад манай гэрийн ойролцоо байдаг ...Алтанхүү байхаар нь яаж байгаа бэ Алтаа ахаа болиоч ээ, та хүн андуураагүй биз дээ гэхэд ямар ч үг дуугаараагүй, намайг хүрзний ишнээс барьсан байхад Алтанхүү миний шанаа руу цохисон. Тэгээд газар унахад...дахин хүрзээр балбасан. ...урд айлаас хүн гарч ирэхэд Алтанхүү зугтаагаад явсан...гэр рүүгээ ороход гэрт манай ээж байсан. ...Би Алтанхүүгийн эхнэртэй нийлж архи, дарс ууж байгаагүй...архи ууя гэж хэлээгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

- ...Би Алтанхүүд зодуулсаны дараа эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт зардал одоогоор 2.210.175 төгрөг болсон... Алтанхүүгээс цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

2. Гэрч Ц.Чанцал (хохирогчийн төрсөн эх)-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн үед...манай охин Энхнямын толгойноос цус гарсан, хувцас нь шороо болсон байдалтай гаднаас орж ирээд намайг Алтанхүү ах алах шахлаа, хүрзээр толгой, гар руу цохиж зодоод явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би сандраад тэр даруй гар утсаараа эмнэлэг, цагдаа дуудсан. Мөн гадагшаа гараад Алтанхүүг хайгаад, урд байдаг Цэцгээгийнд ороод түүнд Алтанхүү манай охин Энхнямыг хүрзээр толгой, гар руу нь цохиж зодсон байна, хаана байна гэж асуусан, ...тэр айлаас гараад хажуу талд нь байдаг Мөнхзулын гэрт ороод Алтанхүүгийн эхнэрийн гар утасны дугаарыг асуугаад түүнд болсон явдлын талаар хэлтэл тийм байхаа, түрүүн гадаа хүн орилох чимээ гараад байхаар нь гарч харахад ямар нэгэн хүн байхгүй байсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

3. Гэрч Т.Цогтжаргал (дуудлагаар очсон алба хаагч)-ын  мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Ачит-116 чиглэлд...хэв журмын офицер цагдаагийн ахмад Э.Лхагвадоржийн хамтаар машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад тухайн өдрийн ...23 цаг 40 минутад Ачит-10-аас Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-110 тоотоос манай охиныг зүс таних хүн хүрзээр зодсон гэсэн дуудлага өгсөний дагуу очиж шалгахад иргэн Чанцал гэх эмэгтэй биднийг тосож уулзаад гэртээ оруулахад түүний охин Энхням нь үүдний орчим сандал дээр суусан, толгой, гарнаас нь цус гарсан байдалтай байсан. Учир байдлыг нь асуухад өмнө нь манай хажуу хөрш байсан Алтанхүү гэх залуу намайг жорлон ороод гарч ирэхэд юу ч хэлэлгүйгээр хүрзээр цохисон...Алтанхүү ахаа би таныг таньж байна, та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд хүрзээ шидчихээд зугтаагаад явсан гэж хэлсэн. ...Уг дуудлагаас өмнө бидэнд тухайн өдрийн 20 цаг 40 минутад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамжны 746 дугаар худаг дээр хүлээж байя, нөхөр маань агсам тавиад байна гэсэн дуудлага өгсөн. Тэгээд уг дуудлагын дагуу очиход Энхцэцэг нь сая дуудлага өгсөн чинь Алтанхүү хойд уул руу зугтаачихлаа гэж хэлсэн. ...Алтанхүүг барихад архи уусан байсан. Гаднаас нь харахад биеэ авч явах чадвартай, хөл дээрээ гуйвахгүй, дагаж гарч ирээд зогсож байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

4. Гэрч Э.Лхагвадорж (дуудлагаар очсон алба хаагч)-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг 40 минутад Ачит-10-аас Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-110 тоотод манай охиныг зүс таних хүн хүрзээр зодсон гэсэн дуудлага өгсний дагуу очиж шалгахад...Энхням нь гэрийнхээ үүдний орчим сандал дээр суусан толгой, гарнаас нь цус гарсан байдалтай байсан. Учир байдлыг нь асуухад өмнө нь манай хажуу хөрш байсан Алтанхүү гэх залуу намайг жорлон ороод гараад ирэхэд юу ч хэлэлгүйгээр хүрзээр цохисон. Би Алтанхүү ахаа таныг таньж байна гэхэд хүрзээ шидчихээд зугтаагаад яваад өгсөн. Алтанхүүгийн гэр одоо хаана байгааг сайн мэдэхгүй байна, манай хойно байдаг гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

5. Гэрч Ц.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед манай гэрийн хойд талд нэг эмэгтэй хүний хоолой ээжээ, авраарай гэж орилсон. Тэгэхээр нь би нөхрийн хамт үүдний амбаарын хаалгаар гарч нилээн харсан. Тэгтэл гаднаас дахин дуу чимээ гараагүй, гадаа харанхуй байсан учраас юу ч харагдаагүй. Тэгээд гэртээ байж байтал удалгүй гаднаас хөрш айлын Чанцал эгч орж ирээд Энхцэцэгийн гар утасны дугаарыг өгөөч, түүний нөхөр Алтанхүү манай охин Энхнямыг зодчихлоо, хүрзээр зодсон байна гэж хэлсэн...би Энхцэцэгийн гар утасных нь дугаарыг өгсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дахь тал),

6. Гэрч С.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад 23 цагийн орчим гэртээ ирээд хоолоо идээд сууж байтал гадаа нэг хүн бүдэрч унаж байгаа юм шиг пид пад гээд хүн ёолох чимээ гарсан. Яг юу гэж дуугарсан талаар сайн сонсоогүй, би компьютерийн хажууд сууж байсан. Тэгээд гадагшаа гараад хартал гадаа их харанхуй, ямар нэгэн зүйл болоогүй, чимээ гарахгүй байсан. Тэгээд удалгүй Чанцал орж ирээд Алтанхүүгийн гар утасны дугаар байна уу, манай охин Энхнямыг зодсон байна гэхэд эхнэр Ц.Мөнхзул Алтанхүүгийн эхнэр Энхцэцэгийн дугаарыг өгсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10259 дугаартай шинжээчийн дүгнэлт:

...Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайн хуйханд 2.5 см урттай, зүүн бугуйн дотор хэсэгт 3.5 см урттай мэс заслын оёдол бүхий шархнуудтай. Зүүн шууны дотор доод хэсэгт 1.0Ч0.2 см, зүүн сарвууны 4 дүгээр хурууны дотор хэсэгт 0.4x.3 см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Баруун мөрний ар хэсэгт 2.5Ч2.0, баруун далны хэсэгт 2.0Ч1.5 см, баруун бугалганы гадна хэсэгт 4.5Ч3.8 см, зүүн бугалганы гадна хэсэгт 5.5Ч4.0 см хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай. ...ДҮГНЭЛТ

1. Л.Энхнямын биед зүүн чамархайн хуйх, зүүн бугуйнд шарх, зүүн шуу, сарвуунд зулгаралт, баруун мөр, дал, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48 дахь тал),

8. Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...хохирогч Л.Энхнямын биед учирсан зүүн чамархайн хуйх, зүүн бугуйнд үүссэн шарх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн 1, 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд дээрх зүүн чамархайн хуйх, зүүн бугуйнд үүссэн шарх гэмтлүүд хэрэг гарах хугацаанд үүссэн байх боломжтой. Бусад сарвуунд зулгаралт, баруун мөр, дал, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс үзэхэд хохирогч Л.Энхнямын зүүн чамархайн хуйх, зүүн бугуйнд шарх гэмтлүүд нь ирмэгтэй зүйл бусад зүйл буюу хүрзээр цохиход үүсэх боломжтой. Хохирогч Энхнямыг тухайн өдөр үзэхэд Энхням нь Бриланс клиникийн комюьютер томографийн оношлогооны хариу авсан бичиг, тархины эдэд болон эзэлхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй, тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн. Гавал яс болон 2 нүдний ухархайнд гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй гэсэн нь цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй учир амь насанд аюулгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

9. Шүүгдэгч Б.Алтанхүүгийн мөрдөн байцаатад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэртээ хариад эхнэрийгээ би Энхнямтай нийлж таних, танихгүй хүмүүстэй архи уулаа гээд...энэ асуудлаас болж маргалдаж...би уулан дээр гараад архиа гаргаад доошоо гэрийн зүг уруудаад явж байгаад манай эхнэр Энхцэцэгийг Энхням хэд хэдэн удаа гар утсаар яриад архи дарс ууя гэж дуудаад байдаг байсныг би сонсдог байсан. Тэгээд миний санаанд дээрх асуудал ороод би Энхнямыг айлгая гэж бодоод хашаанд нь ортол Энхнямын хашаанд хүрз байсныг авсан, тэгээд яаснаа санахгүй байна. ...гэртээ байж байгаад цагдаагийн газарт эрүүлжүүлэгдсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал),

10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 878 дугаартай дүгнэлт

 ....1. Үзүүлэгч Б.Алтанхүү нь сэтгэцийн ямар нэг өвчтэй гэх баримт, мэдээлэл үгүй байна.

.... 4. Б.Алтанхүү нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үед болон гэмт хэрэг үйлдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдсөн гэх шинж тэмдэг үгүй байна.

5. Б.Алтанхүү нь хэргийн талаар үнэн бодитой мэдээлэл өгөх чадвартай байна.

6. Б.Алтанхүү нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-60 дахь тал),

12. Шинжээч эмч Л.Баттулгын өгсөн: ...3 эмчийн бүрэлдэхүүнтэй үзлэг, шинжилгээ, хэргийн материал зэргийг үндэслэн Б.Алтанхүү нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Алтанхүү нь мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлтийг санал нэгтэйгээр комисс гаргасан. Б.Алтанхүүд ямар нэгэн сэтгэцийн өвчтэй гэх эмнэлгийн бичиг баримт, шинжилгээ байгаагүй. Мөн үзлэгийн явцад сэтгэцийн өвчний шинж, хам шинж илрээгүй учир бид сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлтийг гаргасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

13. Гэрч Г.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би гадуур ажилтай байж байгаад гэртээ ороод иртэл манай нөхөр Алтанхүү уурлаад зөрөөд гараад явсан. ...оройхон 19 цагийн үед манай нөхөр Алтанхүү автобусны буудал дээр согтуу явж байна гэж сонссон...би шууд цагдаа дуудсан. Тэгээд Алтанхүү гэртээ ирэхгүй байхаар нь цагдаа нар хайж байгаад яваад өгсөн. Тэгтэл Алтанхүү арын уулан дээр сууж байна гэж манай хүү Пүрэвбаатар надад хэлсэн...удалгүй Алтанхүү уулнаас бууж гэртээ орж ирээд унтаад өгсөн. Миний гар утас руу Мөнхзул залгаад Алтанхүү юу хийгээд яваад байгаа юм бэ, Чанцал эгчийн хүүхэд Энхнямыг зодсон юм биш үү гэхээр нь би мэдэхгүй, Алтанхүү сая гэртээ орж ирээд унтаж байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2), эд зүйл, хувцас, бугуйвчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5, 8), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7, 9), эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 11), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (хавтаст хэргийн 22, 23), дуудлага мэдээлэл хүлээн авсан бүртгэл (хавтаст хэргийн 13, 14), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7050 дугаар шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 54), цусны бүлэг тодорхойлсон лабораторийн хариу (хавтаст хэргийн 71),

-хохирогч Л.Энхнямын Энх-Ундрага эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, шинжилгээний хариу (хавтаст хэргийн 65-70, 72), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 97-106),

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 87), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 82), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 83, 89, 91-93), албадан саатуулагдсан бүртгэл, тэмдэглэл (хавтаст хэргийн 94-95) болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Алтанхүү нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамжны 110 тоот хашаанд Л.Энхнямыг жорлонгоос гарч явах үед нь шалтгаангүйгээр түүнийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүрзийг зэвсгийн чанартай хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Алтанхүүг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх хуралдааны шүүмжлэлд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй гэж мэтгэлцсэн буюу шүүгдэгч Б.Алтанхүү  өмнө нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, толгойдоо хүнд зэргийн гэмтэлтэй, сэтгэцийн эрүүл мэндийн дүгнэлт эргэлзээтэй зэрэг хувийн байдлыг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй гэх хэдий ч шүүгдэгч Б.Алтанхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгож байгаагүй, ямар нэг группэд хамрагддаггүй гэж мэдүүлсэн нь өмгөөлөгчийн мэтгэлцээнийг үгүйсгэж байна. Түүнчлэн хэрэгт шүүгдэгчийг сэтгэцийн өвчтэй талаар ямар нэгэн баримтгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтад заасан буюу гэмт хэргийн сэдэлт шалтгаан нөхцлийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй, хохирогч Л.Энхням нь Б.Алтанхүүгийн эхнэр Г.Энхцэцэгтэй согтууруулах ундааны зүйл ууя гэсэн шалтгааныг сонсож байсан учраас хохирогчийг цохисон гэх боловч дээрх байдал нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч, хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхаас гадна  эхнэртэй архи уух гэлээ гэх шалтагаар зодсон эсэх асуудал тухайн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэлгүй гэж үзэв.       

Шүүгдэгч Б.Алтанхүү нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88)-аар тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Б.Алтанхүү нь гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч Л.Энхням нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2.288.375 төгрөг нэхэмжилсэнээс хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан хавтаст хэргийн 100 дахь талд авагдсан PharmaLogic-ийн баримт, хавтаст хэргийн 102 дахь талд авагдсан Мобиком корпораци, Монос Туул, Медсервис аптек, Шунхлай шатахуун түгээх станцын баримтуудыг, хавтаст хэргийн 103 дахь талд авагдсан Шунхлай, Петростар ХХК, МТ Сонгинохайрхан ХХК-ийн баримтуудыг, хавтаст хэргийн 104, хавтаст хэргийн 11 дэх талуудад авагдсан баримтуудын дагуу нийт 1.017.390  төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байх бөгөөд нэхэмжилсэн 2.288.375 төгрөгөөс үлдэх 1.210.985 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ар гэрийнх нь амьдрал, хувийн бусад байдлыг нь харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг нь хуульд заасны дагуу хөнгөрүүлсэн болно.  

Эрүүгийн 201626011939 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмэгтэй хүний

-улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон малгайтай саарал өнгийн ноосон цамц,

-ягаан өнгийн срочкон цамц,

-хар эрээн өнгийн ретүзэн өмдийг хохирогч хүсэлт гаргасаны дагуу буцаан олгож, харин ногоон туяатай бугуйвчны 3 хэсэг, 127 см урттай модон иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бат овогт Баасангийн Алтанхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3. дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Алтанхүүг 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Алтанхүүд оногдуулсан 5 (тав) жил 1 (нэг) сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Алтанхүү нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан

- улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон малгайтай саарал өнгийн эмэгтэй хүний ноосон цамц, ягаан өнгийн эмэгтэй хүний срочкин цамц, хар эрээн өнгийн эмэгтэй ретүзэн өмдийг хохирогчийн хүсэлтээр түүнд буцаан олгож,

- ногоон өнгийн туяатай бугуйвчны 3 хэсэг зүйл, 127 см урттай модон иштэй хүрзийг устгасугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Алтанхүүгээс 1.017.390 (нэг сая арван долоон мянга гурван зуун ерэн) төгрөгийг гаргуулж хохирогч Л.Энхнямд олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар  хохирогч Л.Энхням нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Алтанхүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Алтанхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ

 

                        ШҮҮГЧИД                                           Б.БАТАА

 

                                                                                    Г.ГАНБААТАР