| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/00838/и |
| Дугаар | 102/ШШ2020/925 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2020/925
| 2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2020/00925 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.О
Хариуцагч: Ж.Б.
900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Бд зээлийн муу түүх янзлуулахаар 900.000 төгрөгийг түүний Хаан банкны 0000000000 тоот дансанд шижлүүлж өгсөн. Ж.Б 7-14 хоногийн дотор зээлийн муу түүхийг янзлуулчихна гэсэн боловч одоог хүртэл янзлуулаагүй, авсан мөнгөө ч өгөхгүй алга болсон. Иймд Ж.Бээс 900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Н.О-ийн зээлийн муу түүхийг янзлуулахаар 900.000 төгрөг авсан нь үнэн. Би цаад хүндээ энэ мөнгийг өөрийн мөнгөний хамт өгсөн. Өнгөрсөн хугацаанд Н.О намайг хэл амаар доромжилж, нэр хүндэд халсан тул 900.000 төгрөгийг нь өгөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Ж.Бд холбогдох 900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Н.О 900.000 төгрөгийг хариуцагч Ж.Бээс буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагч Ж.Б нэхэмжлэгч Н.Оэс түүний банкны зээлийн муу түүхийг янзлах зорилгоор 900.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь даснаар шилжүүлж авсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбараар тогтоогдож, талууд энэ талаар болон үнийн дүнд маргаагүй байна.
Шүүх хуралдаанд хариуцагч нь хэл амаар доромжилж, нэр хүндэд халдсан тул мөнгийг өгөхгүй гэж тайлбарласан боловч түүний тайлбар үндэслэлгүй, тэрээр нэхэмжлэгчээс 900.000 төгрөгийг биет байдлаар эрхийн хамт шилжүүлэн авсан тул нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Ж.Бээс 900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Од олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хариуцагч нэр төрд халдсан гэж тайлбарлан 4 хуудас баримт өгсөн боловч баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Ж.Бээс 900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Од олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бээс 26.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА