| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/0663/и |
| Дугаар | 102/ШШ2020/00991 |
| Огноо | 2020-04-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2020/00991
| 2020 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2020/00991 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н ББСБ
Хариуцагч: Л.Э
Хариуцагч: Ю.М
Хариуцагч: Ц.Д
Хариуцагч: А.Т
Гэрээний үүргийн биелэлтэд 30.704.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э, хариуцагч Л.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.О, Ш.С, өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Э 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шинэ бизнес эрхлэх зориулалтаар 20.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3,9 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн барьцаанд 0000 тоот 30 мкв орон сууцыг барьцаалсан. Хамтран зээлдэгчээр Ю.М, Ц.Д, А.Т нар оролцож зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч нар зээлийн хугацаанд нийт 9.791.000 төгрөг төлсөн байна. Хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1.800.000 төгрөгийн төлөлт хийсэн. Компаний зүгээс удаа дараа зээлээ төлөхийг сануулж өдөр бүр утсаар ярьж хаягаар нь байнга очдог ч зээлээ төлөх ямар ч эрмэлзлэлгүй байгаа. Зээлдэгч нар хоорондоо зээл төлөлтийн асуудлаар маргаантай байдаг талаараа дурдсан байсан боловч үүнийг манайх харгалзан үзэх боломжгүй. Харин нэмэгдүүлсэн хүү, хүүнээс хасалт хийж 25.704.500 төгрөгт эвлэрэх санал тавьсан боловч эвлэрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ. Иймд хариуцагч Л.Э, Ю.М, Ц.Д, А.Т нараас 30.704.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийг аваад хадам ээж Ю.Мд өгсөн. Зээлийн барьцаанд тавигдсан орон сууц манай нөхрийн нэр дээр байсан ба нөхөр маань 2016 онд нас барсан. Жилийн дараа өв шилжигдэж болдог талаар хадам ээж надад хэлээд орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Үүний дараа 20.000.000 төгрөг хэрэгтэй байна тэтгэврийн хөгшин болохоор зээл олдохгүй байна, миний охин зээл аваад өгөөч гэхээр нь Н ББСБ-д хүсэлт гаргаж, зээлийн хүсэлт зөвшөөрөгдөж зээлийн мөнгө миний данс руу шилжиж орсон. Тухайн өдрөө бэлнээр авч Ю.Мд өгсөн. Зээлээс Ц.Аийн надад өгөх ёстой 3.000.000 төгрөгийг суутгаж авсан. Би мөнгийг захиран зарцуулаагүй тул төлөхгүй гэв.
Хариуцагч Ю.М, Ц.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ю.М нь Л.Этэй хамтран 20.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай бизнес эрхлэх зорилгоор гэрээ байгуулж зээлсэн. Зээлийн мөнгөөс хураамжийг төлж Л.Э 3.000.000 төгрөгийг авч үлдсэн 16.000.000 төгрөгийг Ю.Мд өгсөн. Ц.Д зээл аваагүй зөвхөн данснаас данс хоорондын гүйлгээг хийж өгсөн. Л.Эийн ах Америкт байдаг, хэвийн боов хийж зарна гэсэн тохиролцоотой орон сууцыг барьцаалж зээл авцгаасан. Л.Эт зээл авсантай холбоотойгоор ойролцоогоор 3.000.000 төгрөгийн бараа материал өгч, түүгээр дамжуулан 9.000.000 төгрөгийг ББСБ-д төлсөн тул одоо 18.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Барьцаанд байгаа орон сууцны өөрт оногдох хувиар зээлийг төлөх саналтай. Ц.Дий хувьд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлээс аваагүй тул хариуцахгүй гэсэн тайлбартай байна гэв.
Хариуцагч А.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Тын эмээ Ю.М мөнгөний хэрэг гарсан байрыг барьцаалж зээл авъя, зээлийг бүрэн төлнө гэж амлаж гуйсны дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс хойш Ю.М зээлийг төлөхгүй, охин Ц.А төлнө гэдэг. А.Т зээлээс авч хэрэглээгүй тул төлөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар гаргасан зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ББСБ нь хариуцагч Л.Э, Ю.М, Ц.Д, А.Т нарт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 30.704.500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Н ББСБ-ын гүйцэтгэх захирал Н.У нь Н ББСБ-ын Чингэлтэй салбарын захирал Б.Мт 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдийн итгэмжлэлээр өөрийн хариуцсан салбарын зээл авлагатай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардлагатай тохиолдолд итгэмжлэлийг шилжүүлэх эрх олгож, салбарын захирал Б.М хариуцагч нарт холбогдох шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэгтэйгээр оролцох итгэмжлэлийг Э.Эд олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар шаардах эрхтэй.
Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 20.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3,90 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн барьцаанд 0000 тоот 30 мкв орон сууцыг барьцаалж, зээлдүүлэгчээс мөнгийг шилжүүлсэн байна.
Зээл болон баталгаат ипотекийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн тул хариуцагч нар гэрээнд зааснаар уг мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй байна.
Шүүх хуралдаанд хариуцагч нар зээлийг авч хэрэглээгүй тул төлөхгүй гэсэн тайлбар гаргадаг боловч зээлийн гэрээний 3.13-т зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зээлдэгч болон хамтран зээлдэгч өөрөө хариуцан төлж барагдуулна, 3.18-д хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээхээр гэрээ байгуулж, зөвшөөрч гарын үсэг зурсан тул гэрээний үүргийг хариуцахгүй, мөнгийг авч ашиглаагүй гэсэн тайлбарууд нь үндэслэлгүй, тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Хариуцагч Л.Э, Ю.М, Ц.Д, А.Т нар хуулиар болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг, зээлийн хүүний төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ зөрчсөн буруутай байна.
Иймд хариуцагч Л.Э, Ю.М, Ц.Д, А.Т нараас гэрээний үүрэгт 30.704.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ББСБ-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Л.Э, Ю.М, Ц.Д, А.Т нараас 30.704.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ББСБ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Э, Ю.М, Ц.Д, А.Т нараас 393.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА