| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0166/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/174 |
| Огноо | 2023-07-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000182 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Алтан шаргалдай овогт ******* *******, 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт хохирогч ******* 3 тооны шүдлэн ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар мал хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Н.Отгонзаяагаас гаргасан “Ховд аймгийн Манхан сумын Төгрөггол багийн нутаг дэвсгэрт манай 3 тооны шүдлэн ямаа алга болсон 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 43 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх ... тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дүгээр хуудас);
1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн ... “Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн ******* тоот хашаанд хийхээр тогтов. Ертөнцийн зүгээр зүг чигийг, зайг метрээр хэмжихээр тогтов. Ертөнцийн зүгээр зүүн тийш харсан, бор өнгийн төмөртэй модон дааман хаалгатай, 3 тал блокон хашаа байв. Хашааны хаалга онгорхой хашааны хаалганы хойд тал буюу нугастай талын модон шон дээр 350 болон ант-******* гэсэн бичиглэлтэй байв. Хашааны хаалгаар ороход зүүн гар талд буюу ертөнцийн зүгээр урд зүгт 15 м зайд бор өнгийн төмөр жорлон, жорлонгоос баруун зүгт 9 м зайд овоолж орхисон хад, хаднаас баруун зүгт 8 м зайд 15 л багтаамжтай будагны цагаан өнгийн хувин, хувингаас баруун зүгт жигнүүрийн тогоо, тогооноос баруун зүгт 8л багтаамжтай төмөр хувин, төмөр хувингаас баруун хойд зүгт цэцгэн хээтэй ногоон өнгийн даавуун материалаар бүрсэн модон хаалгатай монгол гэр байв. Гэрээс хойд зүгт 8 м зайд 5х4м-2 хэмжээтэй нэг давхар шавар амбаар цэнхэр өнгийн хаалгатай, 0.4х0.25м хэмжээтэй амбаар байв. Амбаараас хойд зүгт 2м зайд хүн орж гарах зориулалт бүхий төмөр жижиг хаалга /хашааны/ хашааны хаалганаас хойд зүгт 2м зайд давхарлаж тавьсан дугуй байв. Ачааны машины дугуйтай төстэй хуучин дугуй, хуучин дугуйнаас зүүн зүгт 30 м зайд тойруулж төмөр саад татсан чацарганы модтой төстэй мод байв. Модноос зүүн зүгт 11 м зайд хог болон үнс асгадаг хэсэг байх ба хогны хажууд 3 тооны улаан зүсмийн 2 настай үхсэн байдалтай ямаа байв. Шовгор эвэртэй баруун чих нь араасаа хагалуур имтэй баруун чихэндээ ногоон өнгийн даавуутай улаан зүсмийн үхсэн 2 настай ямаа байв. Их биенийх нь арьсыг хуулсан байдалтай байв. Толгойны болон 4 хөлний арьс нь хуулраагүй байв. Үхсэн ямаа нь ямар нэгэн сорви болон хутга мэт иртэй зүйлээр зүссэн ул мөр харагдахгүй байв. Үхсэн 3 тооны ямааны зургийг гэрэл зургаар бэхжүүлж авав. Хоёр тооны ямааны бие нь ямар нэг таталт үүсээгүй бүхэлдээ үнсээр бохирлогдсон байв. Нэг тооны ямаа нь үхээд удсан бололтой хатаж эвгүй үнэр орсон байв. Нэг тооны ямааны толгойг огтолж таслан авч уутанд хийж хураан авав ...гэх тэмдэглэл гэрэл зургийн хамт (хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас);
1.3 Эд зүйлийг хураан авсан тухай ...******* ******* 1 ширхэг улаан өнгийн шүдлэн ямааны арьсыг хураан авав...гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас);
1.4 Эд зүйлд үзлэг хийсэн ...Хураан авсан 1 тооны ямааны арьс нь улаан хүрэн өнгийн сүүл хэсгийн дээд талд хонцдог дээрээ үсийг нь хөндлөн 5х20 хэмжээтэй хайчилсан тэмдэгтэй байсныг гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэл үйлдэв ...гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас);
1.5 Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай ... Хураан авсан 1 тооны ямааны арьс нь улаан хүрэн өнгийн сүүл хэсгийн дээд талд хонцдог дээрээ үсийг нь хөндлөн 5х20 хэмжээтэй хайчилсан тэмдэгтэй байсныг хохирогч ******* хүлээлгэн өгөв ... (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас);
1.6 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* өгсөн“...Би Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт мал маллаж амьдардаг. Манайх нийт 32 тооны ямаатай ба 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18:00 цагийн үед ямаагаа хариулж ирээд өөрийн малын хашаандаа оруулан сүүлний дээд талд үйлийн хайчаар тэмдэг тавиад хашааныхаа хаалгыг дарж хаагаад гэртээ орсон. 2023 оны 05 дугаар сарын 02-ны өглөө хашаа руу ороход 3 тооны улаан шүдлэн ямаа алга болсон байсан. Тэгээд бэр хэлж танай байгууллагад хандсан. Манай хажуу талын Батбаяр гэх айл авсан ба тэр айлаас гарцаагүй. Эхнэр ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны орой намайг гэрээс гарч ирэхэд манай ар талд байх торон дотор манай алаг зүсмийн ямааны хажууд сууж байгаад намайг хараад босоод явсан. Би 3 тооны шүдлэнгээ 210000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас);
1.7 Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч өгсөн ...Миний бие энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа талаараа мэдсэн. ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 30- ны өдөр, 05 дугаар сарын 01, 02- ны өдрүүдэд ямааны арьс авчирж зарсан. Улаан өнгийн 3 ширхэг шүдлэнгийн арьс байсан. Нэг бүрийг 22000 төгрөгөөр авсан. Өмнөх хоёр ширхэг арьсыг Ховд аймаг руу ачуулсан. Нэг ширхэг арьс нь байгаа. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Надад санал гомдол байхгүй. Хэрэгт холбогдсон хүн төлбөрийн чадваргүй гэдгийг мэдсэн бөгөөд 22000 төгрөгийг нэхэмжлэхгүй ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас);
1.8 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн “...Манай хадам эгч Б.Дарьсүрэн ишиг алга болоод байна гэхээр нь бид хоёр 7 ишгэнд нурууны төгсгөл хэсэгт хайчилж тэмдэг тавьсан юм. Тэгээд бүгдийг хашаан дотор оруулаад өглөө босож харахад 1 ишиг алга болчихсон байсан. Тэгээд эгч бид хоёр сумын гудам ороод арьс авдаг хүмүүсээс асууж байтал Бадмаа эгчид тэмдэг тавьсан арьс байж байсан. Хэн зарсаныг асуухад гэх хүн зарсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас);
1.9 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн“...Би шүдлэн 2 настай ямааны арьс 22000 төгрөгөөр авч байгаа. Надад зарсан байхаа харин хэзээ зарсан гэдгийг нь мэдэхгүй байна. Хар хөх өнгийн байсан байх, бараан өнгийн жижиг цүнхэнд бор ямааны арьс хийсэн явж байсан. Тэгээд арьс авна уу гэж асуусан авна гэхэд цүнхнээсээ гаргаж ирэхэд таг үнэр орсон өмхийрсөн арьс байсан болохоор би аваагүй. Тэгээд гараад явсан ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар хуудас);
1.10 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Түвшинбаярын өгсөн “....Би өглөө 09 цаг 30 минутын орчимд дэлгүүрээ онгойлгоод байж байтал 10 цагийн үед А.******* орж ирээд 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи худалдаж аваад надад 19000 төгрөгийг өгөөд явсан. Тухайн үед гартаа тортой зүйл барьчихсан байсан тэрэндээ хийж аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас);
1.11 Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч өгсөн “...Тэр шүдлэнг авч ирсэн өмнөх өдрөөс эхлэн усанд явна гэдэг болсон. Уг нь ерөөсөө усанд явдаггүй байсан зүүн талын гарын чигчий хуруу нь гэмтсэн байсан. Нэг хэсэг явахгүй байж байгаад орой бүрэнхий болохоор ус байсан ч усанд явна гэдэг болсон. Тэгж 2-3 хоног усанд явсан. 04 дүгээр сарын 28- ны өдөр байхаа амбаар дотор өвчсөн шүдлэнгийн арьс байсан. Нэг үхсэн шүдлэн авчирсан. Бусад нь ямар байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас);
1.12 Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******ын өгсөн. “...Би олон хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тухайн үйл явдлын талаар сайн санахгүй байгаа учраас мэдүүлэг өгмөөргүй байна. Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Б.Дарьсүрэн эгчид учруулсан хохирлоо төлж барагдуулж өгье гэж хэлсэн байгаа. Ойрын хугацаанд хохирол төлбөрийг нь төлж барагдуулна” .... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас);
1.13 Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний ХЦ23-91 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 05 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 2 настай шүдлэн ямаа- 70.000 төгрөг/-р үнэлэгдлээ” гэх тайлан, гэрэл зургийн хамт (хавтаст хэргийн 61-64 дүгээр тал),
1.14 Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “Иргэний үнэмлэхийн лавлагаа” (хавтаст хэргийн 75 дугаар хуудас);
1.15 Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа” (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас);
1.16 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дугаар хуудас) зэрэг авагдсан байна.
1.Шүүгдэгч Алтаншаргалдай овогт ******* ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт хохирогч ******* 3 тооны шүдлэн ямааг авч, арьсыг нь бусад зарсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэг буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлчлэлээр “мал хулгайлах“ гэмт хэргийг зохицуулсан ба тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг ... бусдын малыг хулгайлсан... бол гэж хуульчилж өгсөн.
2.2 Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах байдлаар илэрдэг ба шүүгдэгч *******ын хувьд хохирогч ******* хашаанд байсан 3 тооны шүдлэн ямааг хохирогчид мэдэхгүйгээр шөнө , оройн цагаар авсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
2.3 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт: “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр,тэмээ хамаарна гэж тайлбарласан ба шүүгдэгч *******ын бусдын 3 тооны ямааг авсныг бусдын мал гэдгийг мэдсээр байж санаатай авсан гэж үзнэ.
2.4. Иймд шүүгдэгч А.*******ыг бусдын 3 тооны шүдлэн ямаа буюу малыг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авсан, мал хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэм буруутайд тооцов.
2.5 Шүүгдэгч *******ын амар хялбар аргаар мөнгө олж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “Иргэний үнэмлэхийн лавлагаа” (хавтаст хэргийн 75 дугаар хуудас); Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа” (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас); шүүгдэгч *******ын “...Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
2.4 Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2.5. Улсын яллагч “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, хохирогчид 210.000 төгрөг гаргуулах” санал;
- Шүүгдэгчээс “...шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугауаагаар тэнсэж болно... гэж хуульчилжээ.
2.7 Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.
2.8 Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхэдтэй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, мөн шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд ... оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, зан үйлээ засах дадал олгох сургалтад хамрагдах, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
2.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5-д заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч А.*******д тайлбарлаж, түүний тэнссэн хугацаа болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Гурав: Хохирол, төлбөр бусад асуудлын талаар
3.1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дарьсүрэн нь нэг ямааг 70000 төгрөгөөр үнэлж 210000 төгрөг нэхэмжилнэ гэсэн ба шинжээчийн дүгнэлтээр 2 настай ямааг 70000 төгрөгөөр үнэлсэн тул 3 ямааны үнэ нийт 210000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.*******аас 210000 төгрөг гаргуулан хохирогч ******* олгох нь зүйтэй.
3.2. Мөрдөгч 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид хохирох ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
3.3 Эрүүгийн 2336000000182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алтаншаргалдай ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...мал хулгайлах... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн 2336000000182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.*******аас 210000/ хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулан хохирогч ******* олгосугай.
5. Шүүгдэгч А.*******д тэнссэн 6 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох ... үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч А.*******д тайлбарлаж, түүний тэнссэн хугацаа болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА