| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/00438/и |
| Дугаар | 102/ШШ2020/01025 |
| Огноо | 2020-04-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2020/01025
| 2020 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2020/01025 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 0000тоотод оршин суух, Тайжууд овогт Ганцагааны Энхзаяа
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг НШШГГ
Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалант 41 дүгээр гудамж 695 тоотод оршин суух, 1942 онд төрсөн 78 настай, Бичээч овогт Давгын Сэдэд
Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалант 41 дүгээр гудамж 695 тоотод оршин суух, 1955 онд төрсөн 65 настай, Дархан овогт Дондовын Цэцэгмаа
НШШГГрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхжаргал, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хариуцагчийн төлөөлөгч Р.А, гуравдагч этгээд Д.С, Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Эгаас 114.700.000 төгрөг гаргуулж Д.С, Д.Ц нарт олгож, Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 30 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлээр байрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 54.500.000 төгрөгөөр борлуулсан. Дээрх байрыг өөрийн сайн дураар чөлөөлж түлхүүрийг ш.г Р.Ат хүлээлгэн өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай Б/397 тоот тогтоолоор дуусгавар болж хэргийн материал хаагдсан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 04-нд ш.г Р.А нь дуудаж дээрхи шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгох дэд дарга Э.Дийн тогтоолыг танилцуулж үлдэгдэл 60.100.000 төгрөг төлөх мэдэгдэл гардуулсан. Хүчингүй болгох тогтоол нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 тоот тогтоол байсан. 2 өрөө орон сууцаар нэхэмжлэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэсэн бөгөөд уг байраар төлбөрийг бүхэлд нь дуусгавар болгож дахин төлбөр гаргуулахгүй шийдвэрлэнэ гэж НШШГГазраас надад итгүүлэн үнэмшүүлсэн тул миний бие элдэв маргаан, үнэлгээний талаар гомдол гаргаагүй, гуравдагч этгээд Д.С, Д.Ц нар нь мөн энэ талаар маргаан байхгүй байрыг аваад болно гэсэн тул төрийн албаны шийдвэрт итгэж өөрийн байрыг суллан өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож тус албаны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тоот тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэсэн зохицуулалт байна. Хуулинд ахлах ш.гийн шийдвэрээр ажиллагааг дуусгавар болгож шийдвэр гаргасныг өөр ямар нэгэн албан тушаалтан хүчингүй болгох зохицуулалт байхгүй байна. Иймд НШШГГрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А шүүх хуралдаанд талбарлахдаа: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1165 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 998 дугаар тогтоолоор Г.Эгаас 114.700.000 төгрөг гаргуулж Д.С, Д.Ц нарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийн 0000 тоот 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хоёр талаас хүсэлт гаргаж, талууд харилцан тохиролцож шинжээч томилсон. Шинжээчийн үнэлгээгээр анхны дуудлага худалдаагаар оруулсан боловч худалдан борлуулагдаагүй тул 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2 дахь албадаан дуудлага худалдаагаар 54.500.000 төгрөгөөр иргэн М.Гантулга худалдан авсан бөгөөд орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн. Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон 54.500.000 төгрөгөөс Г.Эгийн цалингийн суутгалаар 4.500.000 төгрөгийг төлбөр авагч Д.Сийн дансанд шилжүүлсэн байсан тул 50.000.000 төгрөгийг төлбөр авагч Д.Сийн дансанд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлж, 4.500.000 төгрөгийг төлбөр төлөгч Г.Эгийн дансанд шилжүүлсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тогтоолоор дуусгавар болгож гүйцэтгэх баримт бичгийг хаасан. Дууссан тогтоолыг төлбөр авагч Д.С, Д.Ц нар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргаснаар газрын дэд дарга хошууч Э.Дийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор ахлах ш.г Х.Сын үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгосон тул төлбөр төлөгч Г.Эд энэ тухай мэдэгдсэн. Ахлах ш.гийн гаргасан шийдвэрийг дээд байгууллага мэргэжлийн удирдлагын газрын дарга процесс хариуцсан газрын дэд дарга гэх хүмүүс хүчингүй болгох эрхтэй. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа боловч хөрөнгөөс дутуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг үргэлжлүүлэн явуулна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Гуравдагч этгээд Д.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан. Төлбөр төлөгч Г.Эгаас 114.700.000 төгрөг гаргуулж гуравдагч этгээд бидэнд олгох шүүхийн шийдвэр гарсан. Энэ дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Г.Э шинжээчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр удаа дараа шүүхэд гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулсан. Орон сууцыг дуудлага худалдаанд оруулж М.Гантулга гэдэг хүн худалдаж авсан. Гэтэл Г.Э байрыг суллаж өгөхгүй удаж 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр суллаж өгсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах, үлдэгдэл төлбөрийг гаргуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасан. Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 тоот тогтоолоор 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 5/397 тогтоолыг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулахыг ш.г Р.Ат даалгах тухай тогтоол гаргасан. Төлбөр төлөгч Г.Э шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс удаа дараа зайлсхийж, ажиллагааг удаашруулж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой тул нэхэмжлэгч Г.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Д.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэгдүгээрт Г.Э шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т заасан журмыг зөрчиж захирамж гаргасан байна. Хоёрдугаарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан бол уг шаардлагыг хангасан нөхцөлд шүүх хүлээн авч хэлэлцэнэ гэж заасныг мөн зөрчсөн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсвэл үүсгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11-т цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй гэх заалтыг зөрчиж тус шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гаргасан нь хуулийн 89.11-ийг зөрчсөн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч НШШГГт холбогдох НШШГГрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэл гаргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрээр хариуцагч Г.Эгаас 114.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарт олгож, үүргийн гүйцэтгэлийг 0000тоот 29 мкв 2 өрөө орон сууцыг албадан худалдаж барьцаа хөрөнгөөр хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, №16251442 шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд зааснаар явуулсан байна.
НШШГГрын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар 0000тоот 29 мкв 2 өрөө орон сууц 54.500.000 төгрөгөөр худалдан борлогдож, дуудлага худалдааны орлогоос 4.464.000 төгрөгийг илүү төлсөн гэх үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр төлөгч Г.Эд буцаан шилжүүлж, 50.036.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлбөр авагч Д.С, Д.Ц нарт олгосон байна.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шатанд орон сууц 54.500.000 төгрөгөөр худалдан борлогдсоноор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ахлах ш.гийн 5/397 тогтоолоор дуусгавар болгосон. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлд заасан мэргэжлийн удирдлагаар хангах гэсэн зүйл заалт барьж тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.
Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичигт хариуцагч Г.Эгаас 114.700.000 төгрөг гаргуулахаар заасан байхад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан үл хөдлөх эд хөрөнгийг борлуулж төлбөрт 50.036.000 төгрөг гаргуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ахлах ш.гийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тогтоолыг үндэслэлгүй гэж үзэн НШШГГрын ахлах ш.гийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар төлбөр төлөгч Г.Э гүйцэтгэх баримт бичигт заасан 114.700.000 төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцохоор тус тус заасан байхад орон сууцыг худалдан борлуулсны үнэ 50.036.000 төгрөгөөр тооцож төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон ахлах ш.гийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тогтоол хуульд нийцээгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2-т ш.гийн шийдвэрийг хүчингүй болгох, ш.гийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах гэж зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор ахлах ш.г Х.Сын үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцсон нь хууль зөрчөөгүй, уг тогтоолыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулж байгаа тул бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд хариуцагч НШШГГт холбогдох НШШГГрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэгч Г.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 271 дүгээр зүйлийн 271.2.1-д зааснаар НШШГГт холбогдох НШШГГрын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/397 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бүртгэлийн 16251442 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэгч Г.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 102/ШЗ2019/14119 шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА