| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2020/02038/и |
| Дугаар | 102/ШШ2020/01158 |
| Огноо | 2020-04-13 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2020/01158
| 2020 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2020/01158 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Я
Хариуцагч: С.М
Хариуцагч: Л.Д
2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Г.Яг Б дүүрэг, ТЗ З 000 газрын өв хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэл, Баянгол дүүрэг Б дүүрэг, ТЗ З 000 209 мкв газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Г.Яг өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч С.М, хариуцагчийн төлөөлөгч Д.А, гэрч Д.Г, Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Я шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Г нь Б дүүрэг, ТЗ З 000 газрыг Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/277 тоот шийдвэрийг үндэслэн эзэмшдэг байсан. Д.Г нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Түүний охин Г.Я Солонгос улсад ажилладаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ш.Б, Б.С, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ш.Б, Б.Б нарт тус тус Б.Гийн нэр дээрх газрыг өвлөн авах тухай хүсэлтийг зохих байгууллага, Нотариатын танхим, нотариатчид бүртгүүлэх, хүсэлт гаргах, өвлөх эрхийн гэрчилгээ авах, өв нээхтэй холбоотой бүхий л эрхийг 3 жилийн хугацаатай олгосон. Итгэмжлэлийн дагуу Ш.Б, Б.Б, Б.С нар дээрх газрыг өв хүлээн авах хүсэлтийг Сүхбаатар тойргийн нотариатч П.Гд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд Гарын үсгийн бүртгэлийн дэвтрийн 17 дугаарт бүртгэж өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ авахаар Нотариатчдийн танхимд хандахад Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.М нь нэхэмжлэгчийн эмээ Л.Дд өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчин олгосон байсан. С.М нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 21.2.5, 21.2.9 зөрчиж хувийн байдлыг нь тогтоохгүйгээр буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан өв хүлээн авах эрхийг шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож хууль зөрчсөн. Нотариатч хамт амьдарч байсан гэх оршин суугаа газрын тодорхойлолтыг үндэслэсэн гэж тайлбарладаг боловч хамт амьдардаг гэдгийг тодруулахгүйгээр олгосон нь түүний тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Тэрээр Иргэний хуульд заасан өвийг хүлээн авах эрхтэй этгээдийг шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Мөн нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нотариатч П.Гд маргаан бүхий хоёр газрыг өвлөн авахаар хүсэлт гаргасан байхад шалгалгүй шууд өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Л.Д нь Д.Гийн хамт амьдарч байгаагүй болох нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тодорхой болсон. Г.Я нь Д.Гийн төрсөн ганц охин бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар цорын ганц өвлөх эрхтэй этгээд бөгөөд хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан байхад Л.Д нь хууль ёсны өвлөгч эсэх, Г.Я өвлөх хүсэлт гаргасан, татгалзаагүй байхад өвийг хууль бусаар өөр этгээдэд олгож хууль зөрчсөн. Иймд хариуцагч С.М, Л.Д нарт холбогдох 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Г.Яг Баянгол дүүрэг 20 дугаар хороо Төмөрийн захын зориулалттай 209 мкв газрын өв хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
Хариуцагч Л.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь Д.Г 2013 оноос эхлэн ээж Л.Дгийн хамт амьдарч байгаад 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Д.Г нас барахаас өмнө 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн 209 мкв газрыг 2 хувааж 100 мкв газрыг иргэн С.Тт, 109 мкв газрыг ах Д.Ганбаатар нарт шилжүүлж өгөхөөр Нийслэлийн газрын албанд өргөдөл гаргасан байсан боловч зарим нэг бичиг баримт дутуугаас бүртгэлгүй буцаасан байсан. Г.Я нь түүний өмнөх эхнэрийн охин бөгөөд 2007 онд гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс. Д.Гийг нас барсан өдөр охинд нь мэдэгдэх гэхэд утас нь холбогдоогүй. Л.Д нь Д.Гтэй хамт амьдардаг байсан тул нотариатч дээр очиж нэг жилийн дараа буюу 2019 оны 03 дугаар сард өвлөх эрхийн 06 тоот гэрчилгээ авсан. Нотариатч талийгаачийн эд хөрөнгийн талаар өв залгамжлах эрхтэй өөр этгээд байгаа талаар Нотариатчдын танхимаас лавлагаа авахад байхгүй гэсэн хариу ирүүлсэн тул эх Л.Дд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Энэ хугацаанд Г.Я Л.Д болон түүний хүүхдүүдтэй нэг ч холбогдоогүй. Г.Я энэ хугацаанд тэндээ консул, дипломат төлөөлөгчийн газар элчин сайдын яаманд өв хүлээн авах хүсэлтээ гаргах боломжтой байсан. Л.Д нь Иргэний хуульд зааснаар хууль ёсны өвлөгч, харин Г.Я 2019 оны 03 дугаар сарын 06-нд өвлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй гэв.
Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Л.Дгийн иргэний үнэмлэхээр үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож нас барагч Д.Гийн нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэх, эзэмшилд нь байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээ, газрын албатай байгуулсан гэрээ, кадастрын зураг, нас барагчийг нас барах үед хамт амьдарч байсан талаархи Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, УБЕГ-ын УБХ-ийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн төрөл садангийн тухай лавлагааг гаргуулж өвлөх эрхийн гэрчилгээ авах иргэн Л.Дгийн хүсэлт зэргийг нягтлан шалгаж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч намайг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-ийг зөрчсөн гэж байгаа боловч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэж заасны дагуу иргэн Л.Д өөрийн цахим үнэмлэхтэй ирж нотариатч надаар үйлчлүүлсэн тул хуулийг зөрчөөгүй. Үйлчлүүлэгчийн өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хорооны засаг даргын тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, гэрлэлтээ цуцлуулсан болох тухай лавлагаа, иргэн Л.Дг Д.Гийн эх мөн болохыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа, гэрлэлтээ цуцлуулснаас хойш дахин гэрлэлт бүртгүүлээгүй болох лавлагаа гэсэн баримтуудыг шаардан гаргуулж, уг бичиг баримтуудыг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах гэх заалтын дагуу нотариатч миний бие үйчлүүлэгчийн холбогдох бичиг баримтуудыг авч хянаж нягтлан үзэхэд ямар нэгэн зөрчилгүй байсан. Өвлөгчийг ердийн ба шүүхийн журмаар тогтооно гэж заасны дагуу нотариатч миний бие ердийн журмаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэн Л.Д нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан хууль ёсны нэгдүгээр өвлөгч бөгөөд тус хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан хугацаагаар хамт амьдарч байсан гэдэг нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Иргэн Л.Д хүсэлтдээ бүх нөхцөл байдлыг бичсэн бөгөөд тэр нөхцөл байдлыг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Л.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар тусдаа амьдарч байгаа хүмүүс нэг жилийн дотор материалаа бүрдүүлж баг хорооны засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг гаргах ёстой байсан. Г.Я өөрийн оршин суугаа газрын консул болон элчин сайдын яаманд өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг гаргах ёстой байтал хүсэлт гаргаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг гаргана уу гэх итгэмжлэлийг олгож явуулсан байдаг. Г.Ягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Сүхбаатар дүүргийн нотариатч П.Г дээр 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт гаргах гэж бичээд гарын үсгийн бүртгэлтэй байгаа дэвтэр дээр өвлөх эрхийн хүсэлт гаргаагүй, ганцхан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлсэн байна. Учир нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10-т нотариатын үйлдэл хийх төрлийг заасан. Тус хуулийн 25.1.4-т өвлөгдөх эрхийн гэрчилгээ олгох гэх нэг төрөл, 25.1.10-т гарын үсэг гэрчлэх гэсэн төрөл байдаг. Өөрсдийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлэх хүсэлт гаргасан болохоос биш өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаагүй байна. Иргэний хуулийн 518 дугаар зүйлд түүний нас барахдаа оршин сууж байсан газар, эсвэл түүний эд хөрөнгө дийлэнх байгаа газрын өв нээгдсэн газар гэж үзнэ гэж заасан. Өв нээгдсэн газар Баянгол дүүрэг байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Сүхбаатар дүүргийн нотариатч дээр очиж гарын үсэг зуран түүнийгээ гэрчлүүлсэн байдаг. 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэл дээр Г.Ягаас Ш.Б, Б.Б нарт олгосон итгэмжлэл дээр гарын үсэг гэрчлүүлэх эрх олгогдоогүй. Тиймээс Сүхбаатар тойргийн нотариатч П.Г дээр хийлгэсэн гарын үсэг гэрчлүүлэх баримтыг Г.Ягийн өмнөөс хийсэн гэж үзэх боломжгүй. Тиймээс Г.Яг өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасан гэж үзэх баримт байхгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т бусад өвлөгчид нэг жилийн дотор өв нээгдсэн газрын нотариатад гаргасан бол өв хүлээн авна гэж үзнэ гэж зааснаар өв нээгдсэн газрын нотариатад гаргаагүй тул өв хүлээн авсан гэж үзэх боломжгүй, мөн өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсан байна. Иймд Баянгол дүүрэг 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай нэгж талбарын 186383106120109 дугаартай 209 мкв газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр түүний ээж Л.Дг тогтоож, Г.Яг өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нотариатчдын танхимын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 373 тоот албан бичигт 209 мкв талбай бүхий газрын өвийг хүлээн авах тухай хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч П.Г бүртгэсэн гэж бичсэн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар хүсэлт гаргах, гэрчилгээ олгохыг хүсэх хоёр өөр юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардагад дурдаж байгаа Иргэний хуулийн 528.2, 531.1 дэх заалт, Нотариатын тухай хуулийн 43.1 дэх заалтуудад өвлөх эрхийн гэрчилгээ олгох гэх агуулга байгаа. Энэ нь гэрчилгээ олгохтой холбоотой асуудал буюу өв нээгдэх газар гэрчилгээг олгоно гэж байна. Хүсэлт гаргахаар харъяалалыг тогтоогоогүй. Г.Я 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу нэг жил болохоос арав хоногийн өмнө хүсэлт гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуулийн шаардлага хангахгүй юм гэв.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Я нь хариуцагч С.М, Л.Д нарт холбогдох 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Г.Яг Баянгол дүүрэг 20 дугаар хороонд байрлах 209 мкв газрын өв хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэл, хариуцагч Л.Д нь нэхэмжлэгч Г.Яд холбогдох Б дүүрэг, ТЗ З 000 газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Г.Яг өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Д.Г нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар энэ өдрөөс өв нээгдсэн байна.
Өвлүүлэгч Д.Гийн ээж Л.Д 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.Мд Д.Г 2007 онд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хүүхэдгүй, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 209 мкв эзэмших эрхтэй газрын өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн хамт гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэлт цуцласны бүтгэлийн лавлагаа, төрөл садангийн тухай лавлагааны хамт баримтыг гаргаж өгснөөр түүнд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Д.Гийн өмчлөлд байсан ГД:000681331 бүхий Баянгол дүүргийн 20 дугаар хороо дахь 209 мкв талбайтай эзэмших эрхтэй газрын өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-18-24/
Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2-т зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, Л.Дгээс өвлүүлэгч Д.Г хүүхэдтэй эсэх талаар архивын лавлагааг шаардан авах эрхийг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 21.2.5, 21.2.9-д зааснаар холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах, үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.2-т заасан төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагааг шаардаж аваагүй, өвийг хүлээн авах эрхтэй эсэхийг шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон буруутай. Үйлчлүүлэгч Л.Д хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-т заасан нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх үүргээ зөрчсөн байна.
Нэхэмжлэгч Г.Я нь Бүгд Найрамдах Солонгос улсад амьдардаг бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны консулын хэлтэст 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр итгэмжлэгдэгч Б.Б, Ш.Б нарт аав Д.Гийн нэр дээрх Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 209 мкв талбай бүхий 168030/0093 дугаартай гэрчилгээ, мөн газрын 129 мкв талбай бүхий 168030/0092 дугаартай гэрчилгээг холбогдох газраас гаргуулан авах, Д.Гийн нэр дээрхи эд хөрөнгө газрыг өвлөн авах хүсэлтийг зохих байгууллага, нотариатын танхим, нотариатчид бүртгүүлэх, хүсэлт гаргах, өвлөх эрхийн гэрчилгээ авах, өв нээлгэхтэй холбоотой бүхийл хүсэлт гаргах ... итгэмжлэл олгож, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.Б, Ш.Б нар Монголын Нотариатчдын танхимд Д.Гийн өвийг Г.Я хүлээн авах тухай хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч П.Г 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Гарын үсгийн 17 дугаарт бүртгэж гэрчилсэн, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар Г.Я өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Г.Я нь өвлүүлэгч Д.Гийн хууль ёсны өвлөгч тул Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.Мгийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Г.Яг Б дүүрэг, ТЗ З 000 газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Л.Д нь нэхэмжлэгч Г.Яд холбогдуулж Б дүүрэг, ТЗ З 000 газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, Г.Яг өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Л.Д нь өвлүүлэгч Д.Гтэй хамт амьдарч байсан гэж тайлбарлан энэ үйл явдлыг гэрч Д.Г, Д.Г нараар гэрчлүүлсэн боловч түүний тайлбар, гэрчийн мэдүүлэг нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний албан ёсны бичиг баримт болох иргэний үнэмлэхээр өвлүүлэгч Д.Г Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол аос48 дугаар байр 2-2 тоот, Л.Д Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 41 дүгээр байр 45 тоот хаягт оршин суудаг, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны хүн амын мэдээллийн сан болон хүн амын бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгээр Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол аос48 дугаар байр 2-2 тоотын оршин суугчийн бүртгэлд мэдээлэл байхгүй, үзлэг хийх явцад болон гэрчийн мэдүүлэгт тус хорооны Засаг дарга С.М 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтыг Д.Гийн нас барсны гэрчилгээ, Л.Дгийн иргэний үнэмлэх, ураг төрлийн холбоотой баримтыг үндэслэн тодорхойлолт бичсэн, иргэд өөрсдөө хороонд бүртгэлээ хийлгэж ХАОМС программыг хүсэлт өгч мэдээллийн сангаа баяжуулдаг, тодорхойлолт хийж өгөхдөө өвтэй холбоотой ямар нэгэн тодорхойлолт авах гэж байгаа юм биш биз гэхэд халамжийн төвд өгөх гэсэн юм гэж хэлээд авдаг гэсэн мэдүүлгээр тус тус Л.Д нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар өвийг хүлээн авсан гэж үзхээргүй байна.
Хэдийгээр хариуцагч Л.Д 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.Мд хандаж цорын ганц өвлөгч гэдэг үндэслэлээр энэ өдөр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан боловч тэрээр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан өвлөгчид өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор /2018 оны 02 дугаар сарын 10-наас 2019 оны 02 дугаар сарын 10/ хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат, Засаг даргад өв хүлээн өвөх буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй тул түүнийг мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлүүлэгч Д.Гийн өвийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Г.Яд холбогдох Б дүүрэг, ТЗ З 000 газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, Г.Яг өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох хариуцагч Л.Дгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зохигчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.Мгийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Г.Яг Б дүүрэг, ТЗ З 000 газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.М, Л.Д нараас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Яд олгосугай.
3. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Яд холбогдох Б дүүрэг, ТЗ З 000 газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, Г.Яг өв хүлээн авахаас татгалзсан болохыг тогтоолгох хариуцагч Л.Дгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА