Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00570

 

“АХЦ” ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 145/ШШ2021/00470 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 204/МА2022/00005 дугаар магадлалтай,

“АХЦ” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

М.Нт холбогдох,

8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.Нын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч М.Н, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “АХЦ” ОНӨААТҮГ нь хариуцагч М.Нт холбогдуулан газрын төлбөр 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

2. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 145/ШШ2021/00470 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “АХЦ” ОНӨААТҮГ-ын М.Наас 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 204/МА2022/00005 дугаар магадлалаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 145/ШШ2021/00470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн “АХЦ” ОНӨААТҮГ-ын М.Наас 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-д зааснаар хариуцагч М.Наас 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн “АХЦ” ОНӨААТҮГ-т олгосугай” гэж, 2 дахь заалтыг “2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Наас 142,950 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн “АХЦ” ОНӨААТҮГазраас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч М.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагч М.Н миний бие 2020 оны 05 дугаар сард “АХЦ” ОНӨААТҮГ-н “Хаус хороолол” төслийн менежер Д.Ганболдтой түүний ажлын үр дүнг урамшуулан түүнд олгосон газрыг 9,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, газрын үнийн урьдчилгаа болгож 2020.05.25-ны өдөр 4,600,000 төгрөгийг төслийн менежер Д.Ганболдын хувийн данс руу шилжүүлсэн. Тав хоногийн дараа Д.Ганболд газрын захирамж гарсан, үлдэгдэл төлбөрийн талыг өгөх боломж байна уу гэхээр нь 2020.06.03-ны өдөр 1,600,000 төгрөгийг, 2020.08.29-ний өдөр 2,000,000 төгрөгийг өгч гэрээ хийсэн ба нийт 8,200,000 төгрөг газрын үнэд төлсөн. Гэвч Д.Ганболд нь намайг хууран мэхэлж, итгүүлэх замаар залилсан нь сүүлд мэдэгдэж холбогдох дээд албан тушаалтанд гомдол гаргаж хохирлоо барагдуулж Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021.07.05-ны өдрийн А/339 тоот захирамжийн дагуу В47 гэсэн газрыг авсан. /Энэ газар дээр төлбөр төлөх талаар ямар нэгэн гэрээ хийгдээгүй, хохиролдоо уг газрыг авсан/ Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “АХЦ “ОНӨААТҮГ-ын надаас нийт 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч талаас уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд Иргэний хуулийн 208, 238 дугаар зүйлд заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг тодруулаагүй байна. Үүнд:

4.2. Би “АХЦ” ОНӨААТҮГ-н “Хаус хороолол” төслийн менежер Д.Ганболдод ажлын үр дүнгийн урамшуулал болгон түүнд олгосон газрыг /түүний өмч/ худалдан авахаар тохиролцож, түүний хувийн данс руу газрын үнийг шилжүүлсэн. Давж заалдах шатны шүүх төрийн өмчийн газрыг өмчлөхдөө газрын төлбөрийг төслийн нэгжийн 5564116938 дугаартай дансанд шилжүүлэх үүрэгтэй байхад уг үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэжээ. Миний хувьд “Хаус хороолол” төслийн удирдах зөвлөлөөс 9,500,000 төгрөгийн үнэтэй газрыг Д.Ганболдод урамшууллаар олгосон шийдвэрийг харсны үндсэн дээр буюу Д.Ганболдын өмчлөлийн газрыг түүнээс худалдан авахаар түүнтэй гэрээ /аман/ хийж мөнгө шилжүүлсэн юм. Гэвч Д.Ганболд нь намайг хууран мэхэлж, өөрт олгогдсон газраа өөр хүнд зарж, надад өөрт нь огтоос байгаагүй /урамшууллаар олгогдоогүй/ газрыг зарахаар тохиролцож мөнгө авч намайг хохироож байгааг анхаарч үзсэнгүй.

4.3. Д.Ганболдын энэхүү зохисгүй үйлдлийн талаар холбогдох дээд байгууллагад мэдэгдэж, өргөдөл гомдол гаргаж, холбогдох дээд албан тушаалтнууд миний өргөдлийн дагуу “Хаус хороолол” төслийн нэгжийн удирдах зөвлөлийн 2021.07.02-ны өдрийн хурлаар удирдах зөвлөлийн дарга И.Доржсүрэн “...М.Н нь төслийн менежер Д.Ганболдын дансанд газрын мөнгө хийсэн ба Д.Ганболд нь газрын мөнгийг үрэн таран хийсэн. Энэ иргэн газрын мөнгө өгсөн мөртлөө газар авч чадалгүй хохирч үлдсэн байна. Иймээс шинээр газар төлөвлөж олгох санал хураалаа. Саналыг 100 хувь дэмжлээ...” гэснээр “Хаус хороолол” төслийн нэгжийн удирдах зөвлөл нь өөрийн ажилтны бурууг хүлээн зөвшөөрч, миний хохирлыг барагдуулан газар олгосон нь зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхааралгүй Иргэний хуулийн 208 болон 238 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч М.Нын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.04.08-ны өдрийн 001/ШХТ2022/00355 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

5. Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул тэдгээрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Нэхэмжлэгч “АХЦ” ОНӨААТҮГ хариуцагч М.Нт холбогдуулан газрын төлбөр 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Дээрх байдлаар хоёр шатны шүүх өөр өөр шийдвэрийг гаргаж холбогдох хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, хэргийн баримт, хариуцагчийн гомдлын үндэслэлийг хянахад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч хариуцагчаас газрын үнэ 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл болгож, “АХЦ” ОНӨААТҮГ-ын дэргэдэх Хаус хороолол төслийн нэгжийн удирдах зөвлөлийн 2021.07.02-ны өдрийн 02 тоот тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021.07.05-ны өдрийн газар эзэмших эрх шинээр олгох А/339 тоот захирамж, түүний хавсралтыг үндэслэсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “тухайн төслийн менежер Д.Ганболдын өөрт нь урамшуулал болгож өгсөн D-19 тоот газрыг анх авахаар тохиролцон түүний дансанд 2020.05.25-ны өдөр 4,600,000 төгрөг, 2020.06.03-ны өдөр 1,600,000 төгрөг, 2020.08.29-ний өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч сонгосон газар өөр хүн барилгын ажил эхлүүлсэн байсан, Д.Ганболдтой холбогдоход “АХЦ” ОНӨААТҮГ-ын нягтлан дур мэдэн урамшууллын газрыг өөр хүнд өгсөн гэж хэлсэн, Хаус хорооллын Удирдах зөвлөлийн шийдвэрээр шугам сүлжээнээс зайтай газраас В-47 дугаар газрыг олгохоор шийдвэрлэж улмаар Засаг даргын захирамж гарсан, энэ газрын төлбөрийг Д.Ганболдоос гаргуулахаар шийдвэрлэснийг бидэнд мэдэгдсэн” гэж маргасан байна.

9. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл Д.Ганболд, М.Н нарын хооронд газрын эзэмших эрхийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, эсхүл “АХЦ” ОНӨААТҮГ-ын дэргэдэх Хаус хороолол төслийн нэгж болон М.Н нарын хооронд газар эзэмших эрх худалдсан гэрээ байгуулагдсан гэж үзэх аль нь болох, улмаар нэхэмжлэгч газрын үнэ шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь талуудын хооронд үүссэн маргааны зүйл болжээ.

10. Хэний хооронд ямар гэрээний харилцаа үүссэн гэж үзэх, үүнээс улбаалж гэрээний талууд хүлээсэн үүргээ хэрхэн гүйцэтгэсэн болоход дүгнэлт хийхэд дараах нөхцөл байдал ач холбогдолтой байх бөгөөд үүнийг хоёр шатны шүүх тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, тодруулбал хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүйгээс шүүхүүд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй болжээ.

10.1.Хаус хороолол төслийн нэгжийн менежерээр ажиллаж байсан Д.Ганболдод 9,500,000 төгрөгийн үнэ бүхий 1 газрыг үнэ төлбөргүйгээр урамшуулал болгон олгохоор шийдвэрлэсэн тус төслийн нэгжийн удирдах зөвлөлийн 2020.04.15-ны өдрийн тогтоол хэрэгт авагдсан боловч түүнд ямар дугаар бүхий газар олгосон нь тодорхой бус, уг газрыг өөр бусдад олгосон гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь Д.Ганболдод Д-19 дугаар газрыг олгосон, уг газарт н.Рэгжээбуугийнх байшин барьсан, энэ газрын үнийг тус байгууллага аваагүй гэж тайлбарласан боловч энэ байдал тогтоогдоогүй.

10.2. Хэргийн 34-р талд 2020.08.28-ны өдрийн Д/10 гэсэн дугаар бүхий Хаус хороолол төслийн нэгж болон М.Н нарын хооронд байгуулагдсан “амины орон сууцны хороолол барих төсөлд хамтран ажиллах гэрээ” авагдсан, уг гэрээнд М.Нт Д-10 гэсэн дугаар бүхий газрыг олгох, үүний үнэд 9,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, тухайн гэрээ байгуулагдсанаас хойш нэг хоногийн дараа хариуцагч 2,000,000 төгрөгийг Д.Ганболдын дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Уг гэрээнд заагдсан Д-10 дугаар газрыг хариуцагчид өгөх боломжгүй болсон гэх үндэслэл тодорхой бус байна.

10.3. 2021.07.02-ны өдөр Хаус хороолол төслийн нэгжийн удирдах зөвлөлийн хурлаар М.Нт газар шинээр олгохоор шийдвэрлэхдээ “...менежер байсан Д.Ганболд түүнээс газрын үнэ авсан” болохыг дурдаад газар аваагүй хохирсон тул шинээр газар олгох гэж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг үндэслэн Өвөрхангай аймгийн Засаг дарга 2021.07.05-ны өдөр А/339 тоот захирамж гарган газар олгохдоо өмнө нь гарсан аймгийн Засаг даргын 2020 оны А/393 дугаар захирамжийн М.Нтай холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг захирамж хэрэгт авагдаагүй, энэ нь маргааны үндэслэлийн талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байж болохоор байна.

11. Иймд дээрх дурдсанаар хэргийн зарим нөхцөл байдал тодорхойгүй байгааг тодруулж, улмаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохихыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 145/ШШ2021/00470 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 204/МА2022/00005 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Нын 2022.03.22-ны өдөр 142,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН