Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Б.Он-Ой,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Н.Бадамцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 465),

шүүгдэгч Д.Гантогтох, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1954),

гэрч Ш.Сайнбуян нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овгийн Дашжамцын Гантогтоход холбогдох эрүүгийн 2015 1001 0105 дугаартай 5 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Урианхай овогт Дашжамцын Гантогтох, Дархан Уул аймагт 1982 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 0-11 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 8-12 тоотод оршин суудаг, хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар Төмөр замын зам засварын машинт станцын их засварын цувааны шалгалтын бригадын даргаар ажиллаж байсан, ажил эрхлэлтийг 2015 оны 6 дугаар сард түдгэлзүүлсэн гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТК82091479.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

Шүүгдэгч Д.Гантогтох нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01.00 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Соёмбо хөшөө цогцолборын дэргэд иргэн О.Бат-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, гавал тархины далд хүнд гэмтэл учруулсаны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан буюу танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Гантогтох шүүх хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр миний хүү ажил дуусаад ирлээ, 2 өдөр амарна гээд гэртээ ирсэн. Маргааш өглөө нь би хүүгээ сэрээгээгүй ажилдаа явсан. 10 цагийн үед ажил дээрээ байхад миний хүү ажилтай болчихлоо, Замын-Үүд руу явах боллоо гэж надтай утсаар ярьсан. ...Би хүүдээ амарна гэж байсан, яасан юм бэ гэхэд ажлаас дуудаад байна, 26-нд яваад 2 хоноод ирнэ гээд явсан. 27-ны орой би хүүтэйгээ ярихад ээж би ажилтай байна, ажлаа дуусаад тантай ярина гээд...28-нд залгахад утас нь холбогдохгүй байсан. Би 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэрт гарна гээд найзтайгаа Дархан руу явж...31-нд буцаад Улаанбаатар хот руу ирж байхад охины утаснаас залгаад ээж та яаралтай ирэхгүй бол болохгүй байна, ах аваарт орсон юм шиг байна гэхээр нь би шууд Дарханаас гэртээ ирээд эрэгтэй дүүтэйгээ Замын-Үүд рүү явсан. 31-01-нд шилжих шөнө 01 цагийн үед Замын-Үүдэд очиход эмч нь таныг ирнэ гээд танай хүүхдэд эм тариа хийгээгүй байгаа, таны хүүхдийн бие тааруу байгаа. Эхлээд ирэхдээ ухаангүй ирсэн, одоо зүрхний цохилт нь орж ирээд байж байна гэж хэлсэн. Би хүү дээрээ ороод ээж нь ирлээ гэхэд баруун гар, зүүн хөлөө хөдөлгөөд байсан. Нөгөө тал нь мэдээгүй болсон байсан. Би хүүдээ ээж нь ирсэн, миний хүү битгий санаа зовоорой гэж хэлсэн. Эмч нь танай хүүхэд маш хүнд байгаа гэж...хүүд эм тариа хийгээд унтчихсан. ...манай эгчийн хүүхэд Энхцэцэгийг очиход Гантогтох байсан шиг байгаа юм. Би хүүгийнхээ толгойг харахад миний хүүгийн зүүн тал руу төмөр гурвалжин үзүүртэй юмаар цохьсон хуруу дарам хонхорхой, хөхрөлтэй, нүднийхээ дээр шалбарсан. эрхий хурааг нь хойшоо мушигаад дарсан, хөл гар нь энд тэндээ шалбарчихсан байсан. Зүүн талын бөөрний хэсэгт төмрөөр цохьсон юм уу гэж харахаар нилээн урт хөхрөлттэй байсан. Өглөө үүрээр 7 цагийн үед ухаан ороод юм ууя гэж хэлээд жаахан юм уугаад хахаж цацаад байсан. Би тэр үед би миний хүүг хэн ийм болгосон бэ гэхэд манай ажлын газрын 3 хүн ийм болгосон гэж хэлж байсан. Тэр үед надтай хамт ирсэн жолооч, Алтанцэцэг нар дэргэд байсан. Сайнбуян утсаа цэнэглэчихээд ороод ирэхээр нь би Сайнбуянг чи миний хүүхдийг ийм болгосон байна гээд уурандаа 2 удаа цохьсон. Эмч нар цуглахаар нь би хүүгээ аваад ойрхон цаашаа хил гаръя гэхэд хил хаачихсан байсан. ...Би эмнэлгийн байгууллагад 35 жил ажиллаад тэтгэвэрт гарч байна, та нар миний хүүг хөл дээр нь босгоод өгөөрэй, бусад нь надад хамаагүй гэж хэлсэн. ...Миний хүү надад хань болж байсан ганц хүн. Надад үнэндээ маш их хэцүү байна. Би Гантогтох, Сайнбуян, Дүүрэнбаяр нарт гомдолтой. Гэхдээ би Гантогтохын 2 хүүхэд, эхнэрийг нь өрөвдөөд байна. Хэрэгт өгсөн хүсэлт миний гаргасан хүсэлт мөн. Гэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 19-ний 23 цаг өнгөрч байхад надад 5.000.000 төгрөг авчирч өгсөн. Би сэтгэл санаа үймрээд байна, та нар ингээд биччих ээ гэж хэлэхэд доор нь би гомдолгүй гээд биччихсэн байсан. Одоо яахав дээ. Дүүрэнбаяр, Сайнбуян, Гантогтох нар бол миний хүүхдийг санаатайгаар алсан. Учир нь эмнэлэг маш ойрхон байсан. Цагдаа ирээд миний хүүг наад хүн чинь яасан юм бэ гэж асуухад хэлэхгүй байсанд их гомдолтой байгаа. Энэ хэргийн гол эзэн бол Сайнбуян...миний хүүхдийг унтаж байхад нь утсаар дуудсаар байгаад авч яваад алсан. ...түүнд холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон. Гантогтох...хэлэхгүй нуугаад байгаа. ...Хохиролд оршуулгын зардал 10.178.800 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 10.000.000 төгрөг авсан, үлдсэн 178.800 төгрөгийг нэхэмжлэхгүй. Оршуулгын зардал төлөгдсөн гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид (амь хохирогчийн эх)-ийн мөрдөн байцаалтад 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ...2015 оны 5 дугаар сарын...31-ний өдөр намайг Төв аймгийн Борнуурын ойролцоо явж байхад охин Пунсалмаа 8 цагийн үед залгаад Бат-Эрдэнэ Замын-Үүдэд эмнэлэгт байна гэж байна, яаралтай ир гэхээр нь Замын-Үүдэд байдаг Энхцэцэг эгчтэйгээ холбогдож ямар байгааг нь асуу, хариуцаж байгаа эмчтэй нь мөн холбогдож биеийн байдлыг нь асуу, ээж нь хот руу явж байна гэж хэлсэн.

Тэгээд хот руу явж байхад Энхцэцэг над руу залгаад Бат-Эрдэнийн бие маш муу байна, та нар хурдан ир гээд уйлаад байсан. Талийгаачийг нэг ухаан ороход нь Энхцэцэг та сандралгүй тайван яваад ир гэсэн. Тэгээд 17 цагийн үед Улаанбаатараас жолооч Бат-Очир, дүү Цагаанцоож, найз Алтанцэцэг нарын хамт Замын-Үүд рүү явсан. 2015 оны 6 дугаар сарын 01-нд 01 цагийн үед Замын-Үүд суманд очиход манай хүү сэхээнд унтаа байдалтай байсан. Манай хүүг сахиад Энхцэцэг, Сайнбуян нар байсан. Өрөөнд нь орж үзэхэд түүний зүүн талын хөл, гар нь мэдээгүй хөдөлгөөнгүй, толгойн зүүн талын хэсэгт...бандайж хавдсан, баруун талын чихний дээд талд гурвалжин хэлбэртэй юмаар цохисон юм шиг дотогш цөмөрсөн, цус гарсан байдалтай, гар, хөл нь шалбарсан, нурууны ар тал бүсэлхий орчимд...төө гаран урттай, 4 хуруу орчим өргөн няцарч хөхөрсөн бэртэл үүссэн байсан. Хөл, гарт нь нилээд хөхрөлт үүссэн байсан. Мөн баруун гарын тохой шалбарч цус гарсан байхаар нь би цусыг нь арчиж цэвэрлэж юмаар боож өгсөн. Зүүн талын мөр суганы орчим хөхрөлттэй, зүүн талын духны ойролцоо хөхөрч нүднийхээ урд тал руу орсон байдалтай, баруун талын эрхий хурууг нь хойш нь дарж гэмтээсэн байдалтай хөхрөлт үүссэн байсан. Тэгээд би хүүгээ үзчихээд жижүүрийн эмчтэй уулзахад танай хүү их хүнд ирсэн, одоо арай гайгүй болж зүрхнийх нь цохилт тогтворжиж байна. Гэхдээ ер нь муу, тааруухан байгаа шүү гэж хэлсэн. ...ухаан орж жоохон шөл уухдаа буюу 7-8 цагийн үед нэг сэрэхэд нь хүүгээсээ миний хүүг хэн ийм болгочихов гэж асуухад би ажлынхаа хүмүүстэй явж байсан, намайг манай 3 найз ийм болгосон гэж хэлсэн. Тэгээд эмч нар 2-3 удаа зөвлөлдөж байгаад тархинд нь хагалгаа хийх шаардлагатай...аймгийн төв рүү өвчтөнг хүргэнэ гэсэн шийдвэр гарч хоёр эмчийн хамт аймгийн нэгдсэн эмнэлэг рүү 18 цагийн үед хүргэсэн. Тэгээд 20 цагийн үед амь насны заалтаар зайлшгүй тархинд нь хагалгаа хийх шаардлагатай болж 2 цаг орчим хагалгаа хийгээд ерөнхий эмч нь стаканд 150 гр нөжирч бүлэгнэсэн хүрэн өнгийн цус авч ирээд танай хүүгийн тархинд хуралдсан цусыг авсан, толгойны дотогш цөмөрсөн ясыг нь бас авсан гэж надад хэлсэн. Дараа нь дүү Цагаанцоож, найз Алтанцэцэг нартай эмчтэй уулзахад гадны нөлөөтэй, тархиндаа цохилт авсан байна гэж хэлсэн. 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр эмч нар тархийг нь компьютерээр хараад тархинаас нь дахиж цус алдсан байна, хагалгаанд дахиж орохгүй бол болохгүй гэж хэлээд 13 цагийн үед хагалгаанд дахин орсон. Хагалгаанаас гарч ирээд эмч нар хүү чинь их тааруухан байна шүү, хүн амьтнаас асуусан уу, ном уншуулсан уу гэхээр нь Сайншанд суманд байдаг үздэг хүн дээр очих гээд 14 цагийн үед явж байтал танай хүүхдийн бие муудлаа гэж эмнэлгээс дуудсан. Би эмнэлэг рүү буцаж очиход зүрх нь зогсож хиймэл амьсгаа хийж, зүрхний хэм алдагдаж...даралт нь унаад байсан. Тэгээд бие нь муу байж байгаад 17 цагийн үед манай хүү О.Бат-Эрдэнэ нас барсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70 дахь тал),

1.1. Гэрч Д.Энхцэцэг (амь хохирогчийн нагац эгч Замын-Үүд сумын Хөвсгөл ресторанд тогооч)-ийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: …2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10 цаг 30 минутын орчим Бат-Эрдэнийн дүү Пунсалмаа утсаар яриад Бат-Эрдэнэ Замын-Үүдийн эмнэлэгт ухаангүй байдалтай байна гэнэ, та очоодох гэхээр нь очиход...Бат-Эрдэнэ эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байдалтай хэвтсэн байсан. Намайг эмчээс нь асуухад өчигдөр орой 20 цаг өнгөрч байхад түргэнээр хүргэгдэж ирсэн, одоогоор ухаангүй, тархиндаа гэмтэлтэй, тархиндаа саажилт өгсөнөөс зүүн гар, хөл нь мэдээгүй байдалтай...гэж хэлсэн. Эмнэлэг дээр намайг байхад 11 цагийн орчим Дүүрэнбаяр гэх залуу орж ирээд би Бат-Эрдэнийг таньдаг юм, урьд шөнө би сахиж хоносон гэхээр нь

- Дүүрэнбаяраас юу болсон талаар асуухад тэрээр Гантогтох, Сайнбуян, бид гурав...ялгуун караокед сууцгааж, орой 00 цагт баар хаахад гарч явсан. ...Тэгээд дэлгүүрээс 1 шил архи аваад Соёмботой хөшөөн дээр очоод архиа задлаад уухад амттай байхаар нь би уугаагүй гэр рүүгээ явсан. Бат-Эрдэнэ, Сайнбуян, Гантогтох гурав үлдсэн. Намайг гэртээ унтаж байтал шөнө 03 цагийн үед Сайнбуян над руу яриад бид гуравыг согтуу болохоор такси авахгүй байна, чи машин олоод хүрч ирээд ав гэхээр нь би дүүгийнхээ машиныг аваад Соёмбо-той хөшөөн дээр очиход Сайнбуян, Гантогтох суучихсан, Бат-Эрдэнэ хажууд нь газар хэвтэж байсан. Би Бат-Эрдэнийг босгох гээд хувцаснаас нь татахад босохгүй байхаар нь толгойноос нь өргөтөл толгойноос нь цус гарч байхаар нь Гантогтох, Сайнбуян хоёроос энэ яасан юм бэ гэхэд юм хэлээгүй, Бат-Эрдэнийг машин руу өргөж суулгасан гэж хэлсэн...

- Сайнбуянгаас юу болсон талаар асуухад...Дүүрэнбаяр, Гантогтох, Бат-Эрдэнэ бид нар караоке бааранд орж уугаад, тэндээс гараад 1 шил архи аваад Соёмботой хөшөөн дээр очиж дахин уусан. Тэгээд бид 4 согтоод би Дүүрэнбаяртай урд явж байсан чинь Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр ар талд явж байхдаа зодолдоод Гантогтох толгой руу нь төмрөөр цохичихсон, тэгээд танай дүү тэндээ уначихсан гэж хэлсэн...

2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр намайг Бат­-Эрдэнийг сахиж байх хугацаанд Бат-Эрдэнэ 16 цагийн орчим ухаан ороод байхад нь би хэн чамайг ийм болгочихсон юм бэ гэж асуухад Гантогтох, Сайнбуян хоёр ийм болгочихсон, би Сайнаа ахыг ийм хүн гэж бодоогүй гэж хэлсэн. Энэ үгийг хэлж байхад надаас өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 208-211 дэх тал),

1.2. Гэрч Д.Цагаандорж (амь хохирогчийн нагац ах, Замын-Үүд сум руу хамт явсан)-ийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Бат-Эрдэнийн дүү залгаад Замын-Үүд суманд ах гэмтсэн юм шиг байна, эмнэлэгт хэвтэж байгаа гэнээ гэж хэлсэн. ...2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 01 цагийн үед Замын-Үүдийн эмнэлэг дээр ирэхэд эмч нь хүнд зодуулсан, хүнд гэмтэлтэй гэж хэлж байсан. ...сахих хугацаанд 5-10 минутын зайнд ухаан орж ус ууя гэж хэлж байсан. Талийгаачийн зүүн талын хөл, гар нь хөдөлгөөнгүй, баруун хөл, гар нь савлаад их өвдөлттэй зовиуртай байсан. ...сахиж байх үед талийгаач нэг ухаан орж ээж болон бид нартай хэсэг хугацаанд юм ярилцсан бөгөөд талийгаачаас ээж нь юу болов хэн ийм болгочихов гэж асуухад би ажлын газрын 3 хүнтэй хамт байсан. Манай 3 найз цохисон ш дээ, санаа зоволтгүй би гайгүй гэж хэлж байсан. Тэгээд харвалттай хүнээс янз бүрийн юм асуугаад байх хэрэггүй гэж эмч нар хэлсэн учраас ямар нэг юм нэмж асуугаагүй. Талийгаачийн хэлсэн зүйлийг сонсчихоод би гарч Сайнбуянгаас юу болсон талаар асуухад бид нар Соёмбо хөшөөн дээр маргалдсан юм. Тэгээд Соёмботой хөшөөн дээр гараад би мөргөөд уйлж байснаа санаж байна гэж хэлсэн...Бид нар Соёмбо дээр байхдаа би Дүүрэнбаярыг дуудахад Дүүрэнбаяр ирсэн. Тэр үед талийгаач цохиулсан байдалтай, баруун шанааны дээд талаас цус гарсан байдалтай хэвтэж байсан. Дүүрэнбаяр ирээд талийгаачийг босгоход баруун шанаанаас нь цус гарчихсан, Дүүрэнбаярын гар нь цус болчихсон надаас энэ яасан юм бэ гэж асуухад нь би түүнд Гантогтох талийгаачийг цохисон гэж хэлж байсан талаар ярьсан. Тэгээд талийгаачийг машинд өргөж суулгаад Гантогтох замдаа бууж, төмөр замын ажилчдын байрлаж байсан вагоны гадаа талийгаач бид 2 бууж үлдээд Дүүрэнбаяр надаас чи авч орж чадах юм уу гэхээр нь би авч орж чадна гэж хэлээд үлдсэн. Тэгээд өөрөө дотор орж унтаад талийгаачийг гадаа үлдээсэн тухай хэлсэн. Тэгэхээр нь би Сайнбуянд чи найзыгаа гадаа үлдээдэг нь яаж байгаа юм бэ, эмнэлэгт хүргээд, цагдаад мэдэгдэхгүй яасан юм бэ гэхэд харин би тэгээгүй гэж хэлсэн. Сайнбуян надад маргааш нь намайг сэрэхэд манай ажлын 2 хүн Бат-Эрдэнийг гадаа унтаж байна гэж хэлээд миний өрөө рүү оруулж ирсэн. Цуг архи уучихаад яагаад нэгнийгээ гадаа орхиж байгаа юм гээд ууртай байсан. Тэр үед талийгаачийн толгойноос нь цус гарсан, бие нь чичирч их муу байх шиг байсан. Тэгэхээр нь би талийгаачийг орон дээр өргөж тавиад хөнжлөөрөө хучиж орхиод ажил руугаа явсан талаар хэлж байсан. Тэгээд орой ажлаасаа ирэхэд яг өглөө орхисон байдлаараа манай өрөөнд хэвтэж байсан. Тэгэхээр нь талийгаачийг сэрээх гэж нүүр рүү нь 2-3 удаа алгадаад сэрэхгүй байхаар нь талийгаачийг хувцаслаад түүнийг үүрээд вагонд суух гээд авч явсан, вагон руу орж суух замынхаа тал хүртэл явахад талийгаач юм ярихгүй, ямар ч мэдрэлгүй байхаар нь эргүүлээд өөрийн байрандаа аваачиж түргэн дуудаж эмнэлэгт 19 цагийн үед хүргэж өгсөн гэж Сайнбуян надад ярьсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал),

1.3. Гэрч С.Алтанцэцэгийн (амь хохирогчийн эх Д.Цэрэндэжидийн найз Зам-Үүд сум руу хамт явсан) 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...Замын-Үүд суманд ирэхэд Бат-Эрдэнийн хажууд Сайнбуян, Цэрэндэжидийн хамаатан Энхцэцэг, сувилагч нар байсан. ...ухаан орох үед нь Цэрэндэжид Бат-Эрдэнээс миний хүүг яагаад ийм болгочихов, хэн ийм болгов гэж асуухад Бат-Эрдэнэ ээждээ манай ажлын газрын гурван найзаа, гайгүй байх гэж хэлсэн. Эмнэлэг дээр Сайнбуянгаас юу болсон талаар асуухад би тухайн үед тасарчихсан юу болсон талаар мэдэхгүй байна гэж хэлж байгаад бид нар бааранд орж 1 шил архи уусан гэхээр нь нас биед хүрсэн 4 залуу 1 шил архинд согтдог юм уу гэхэд бид нар 1 пиво нэмж уусан. Тэгээд Соёмбо руу явахдаа замаасаа 1 шил архи авч явсан гэж хэлэхээр нь чи Соёмбо дээр юу болсон талаар санаж байгаа зүйл байна уу гэхэд бид нар хоорондоо маргалдаад байх шиг байсан санагдаж байна, мөн Соёмбо тойроод мөргөөд байсан, тэгээд яаснаа санахгүй байна гэж байсан. Би согтсон байж байгаад Дүүрэнбаяр руу залгаад намайг ирж ав, такси зогсохгүй байна гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд Дүүрэнбаяр бид дөрвийг ирж аваад Гантогтохыг замдаа буулгаж, талийгаач бид хоёрыг буулгасан гэж Сайнбуян хэлсэн. ...Сайншандад очоод томографийн шинжилгээнд орсон. Түүнээс гарч ирэхэд Бат-Эрдэнэ ухаан орчихсон, нойрсуулах эм нь гарсан байсан. Тэгээд сэргээд байж байхдаа надтай их зүйл ярьсан юм. Надтай ярихдаа миний ам ангаад байна, Алтаа эгчээ надад ус өгөөч, би таны үгэнд орохгүй бол өөр хэний үгэнд орхов дээ гэсэн. Тэгээд би Бат-Эрдэнээс миний хүүгийн юу нь өвдөж байна, хэн ингэчихэв дээ гэхэд Гантогтох, Сайнбуян нар гэж их тод хэлсэн. Тэгээд хоёр удаа хагалгаанд ороод 02-ны өдөр нас барсан...Туул гэх хүнтэй ярьж талийгаачийн хувцас хунарын талаар асуухад одоо хувцас нь байхгүй, өмдөндөө бие зассан учир сольж хог руу хаясан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хог руу очоод одоо нэг үзээд өгөөч гэхэд за би үзчихээд таньд хариу хэлье гэж хэлээд нэг их удалгүй над руу залгаад хувцас нь алга байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дэх тал),

 

2. С.Дүүрэнбаяр (амь хохирогчтой тухайн өдөр цуг явсан)-ын мөрдөн байцаалтад

- Гэрчээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: ...2015 оны 5 дугаар сарын 29-ний 21 цагийн үед Сайнбуянгийн байрлаж байсан Замын-Үүдийн баз оклотик руу 0,75 литрийн 1 шил Болор архи, 3 лааз Сoca cola ундаа авч очсон. Тэгээд архиа нэг, нэг татчихаад байж байтал Сайнбуянтай хамт ажиллаж байгаа Тогтохоо (Гантогтох) гэх залуу ирсэн. Тэгээд миний авч очсон архийг уучихаад бид 3 архи авахаар дахин дэлгүүр рүү очиход дэлгүүр хаасан байсан... Тэгэхээр нь хажуу талд байх караокед орох гэтэл мөнгө хүрэхгүй...болохоор нь Гантогтох, Сайнбуян хоёрыг...дэлгүүрийн үүдэнд үлдээчихээд хамт ажилладаг хүнээс 50.000 төгрөг авахаар болоод гэр рүү нь очоод мөнгө аваад ирэхэд тэр хоёр дээр Бат-Эрдэнэ гэх залуу нэмэгдэж ирсэн байсан. Тэгээд бид дөрөв Булан плазагийн өөдөөс харсан нийтийн караоке орж 0.75 литрийн Экс архи, 3 лааз пиво, 1 цэвэр ус аваад хувааж ууцгаасан. Тэндээс гараад дахиад 1 архи уучихаад таръя гэж ярилцаад такси бариад Соёмбо цогцолборт хүргүүлсэн. Таксинаас буугаад 1 шил архиа уугаад арай дуусаагүй байх үед харьцгаах болоод бүгдээрээ баз оклотик руу алхацгаасан. Алхаж байхад Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр их удаан алхаад хойно хоцроод байсан...тэгээд нэг эргээд харсан чинь ...Гантогтох, Бат-Эрдэнэ, Сайнбуян нар прокурорын үүдэнд юм яриад суусан. Би тэдэнд ядраад байна, харьж унтлаа гэж хэлээд түрүүлээд явсан. ...01-02 цагийн үед Сайнбуян залгаад хөгшөөн такси бариад хүрээд ир гэхээр нь за гээд...такси бариад очиход Бат-Эрдэнэ дээшээ хараад газар хэвтсэн байсан. ...таксины жолооч согтуу хүн авч явахгүй гээд намайг буу гээд буулгасан. Би тэдэн дээр очоод Бат-Эрдэнэ яасан юм бэ, та 3 яагаад яваагүй юм бэ гэж асуугаад Бат-Эрдэнийн цамцнаас татахад ямар ч ухаангүй, сэрэхгүй байхаар нь тасраад уначихаж гэж бодсон. Тэгээд би Бат-Эрдэнийг авч явах гээд толгойн хэсгээс нь өргөтөл түүний толгойноос цус гарч миний гар цус болсон. Тэгэхээр нь би Сайнбуян, Баттогтох хоёроос Та гурав чинь зодолдсон юм уу гэхэд Баттогтох би Бат-Эрдэнийг мөргөчихсөн юм гэж хэлсэн. Тэгээд би хүргэнээ (Б.Лувсанням) дуудаад Баттогтохыг төмөр замын орон сууцанд аваачаад Сайнбуян, Бат-Эрдэнэ хоёрыг баз оклотик дээр буулгачихаад харьсан. Намайг гэртээ очиход 03 цаг өнгөрч байсан. ...Гантогтох төмөр замын 60 айлын гадаа...бууж үлдэхээсээ өмнө би Бат-Эрдэнийг аваад энд хоноё, орж цустай толгой, хүзүүг нь угааж амраая гэж хэлээд 66 айлын орц руу ороод гарч ирээгүй. ...Бид нар хоорондоо маргаж муудаагүй, намайг очих үед маргаж муудсан зүйл байгаагүй, намайг байхгүйд маргаж муудсаныг би мэдэхгүй байна... ...намайг очиход Гантогтох би Бат-Эрдэнийг мөргөж унагаасан л гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

- Сэжигтнээр 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...Сайнбуян залгаад хаана байна, уулзая гэсэн. Санжаажавын хамт Сайнбуяны байсан газарт очсон. Гантогтох вагоноосоо гарч ирсэн. Миний авч явсан архийг Гантогтох, Сайнбуян бид нар хувааж уусан. ...Санжаажавыг явахад түүний машинтай бид талбай дээр ирсэн. Караоке орох болоод мөнгө хүрэхгүй байсан тул өөрийн танил Оюунчимэгээс мөнгө авахаар яваад Гантогтох, Сайнбуян хоёрыг үлдээсэн. Намайг мөнгө аваад ирэхэд тэр хоёр дээр хамт ажилладаг Бат-Эрдэнэ гэх залуу нэмэгдээд ирсэн байсан. ...Бид 4 Ялгуун караоке руу ороод 1 шил 075 гр архи, 3 лааз пиво, нэг цэвэр ус аваад суусан. 30 орчим минут болсоны дараа караоке хаалаа гэхээр нь тэндээс гарсан. Караокенаас 00 цагт гарсан байх. Тэгтэл Бат-Эрдэнэ би ах нартаа 1 шил архи авч өгнө гээд такси аваад Норжин дэлгүүрийн үүдэнд хүргэж өгсөн. Дэлгүүрээс 1 шил Болор, 2 литр ундаа авч гарч ирсэн. Тэгээд таксигаар Соёмбо руу хүргүүлсэн. Соёмбо дээр очоод зүүн тийшээ харсан доод шатан дээр нь суугаад караокенаас дуусгаагүй авч гарсан архиа хувааж уусан. Уг архиа дуусаад талийгаач Бат-Эрдэнийн авсан архийг задлаад уусан. ....Тэгээд бид дөрөв гэртээ харихаар болоод такси барих гэтэл олдохгүй байсан тул явган хүний замаар хойд зүг рүү алхсан. Сайнбуян бид хоёр урд талд гараад алхаж байсан. Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр прокурорын урд талд явган хүний зам дээр суучихсан явахгүй байхаар нь Сайнбуян тэр хоёрыг дуудсан боловч ирээгүй. Тэр 2 дээр очсон чинь хоорондоо маргалдаж байсан. Юуны талаар гэдгийг анзаарч сонсоогүй. Сайнбуян тэр хоёрыг маргалдаад байхаар нь загнаад та 2 одоо найз ирээд намайг дайлж байхад хоорондоо маргалдаад байж болохгүй шүү дээ гээд за явъя гэтэл Бат-Эрдэнэ байж бай гэхээр нь Сайнбуян одоо явъя гэсэн чинь Бат-Эрдэнэ Сайнаа ахаа байж бай, архиа ууж дуусгая гээд хэлсэн. Тэгээд Сайнбуян тэр хоёртой архиа уухаар болчихоор нь би гэр рүүгээ явлаа гэж хэлээд тэр гурвыг орхиод явсан. ...Намайг такси бариад нөгөө газраа очиход байхгүй байхаар нь Соёмбо дээр дуу гарах шиг болохоор нь очиход нэг нь хэвтчихсэн, нөгөө хоёр нь хоёр талд нь сууж байсан. ...Бат-Эрдэнэ Соёмбоны хойд талын зүүн талын цементэн талбай дээр соёмбоны доод хүрээний хажууд ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигтэй толгойгоо харуулсан, хөл нь баруун хойд зүгт чиглэлд харсан биеэрээ дээшээ хараад хэвтэж байсан. Бат-Эрдэнийг татахад сэрэхгүй байсан. Энэ Бат-Эрдэнэ яачихсан юм бэ гэж Сайнбуян, Гантогтох нараас асуугаад түүний толгойноос өргөөд босгох гэтэл миний гар цус болчихсон. Би та нар хоорондоо муудсан юм уу, толгой нь хагарчихсан юм биш үү гэж хэлтэл Гантогтох би 1 мөргөчихсөн юм гэж хэлсэн. Би Гантогтохтой Бат-Эрдэний хоёр талаас суганаас нь дэмжээд босгох гэтэл Бат-Эрдэнэ алхаж чадахгүй байсан. Бат-Эрдэнэ хараал хэлээд зүүн талынхаа хөлөөр бүрэн гишгэхгүй байсан. ...Унаа олдохгүй болохоор нь хүргэн Лувсаннямыг дуудаад...66 айлын гадаа Гантогтохыг буулгаад Сайнбуян, Бат-Эрдэнэ хоёрыг вагоны харалдаа буулгаад гэр рүүгээ явсан. Прокурорын урд байхад Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр маргалдаад байх шиг байсан. ...Эргээд ирэхэд ямар ч байсан толгой хэсгээс нь цус гарсан, айхтар ихээр гараагүй байх, биед нь ил харагдахаар гэмтэл шарх анзаарагдаагүй. Хувцас нь урагдсан зүйл байхгүй байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117 дахь тал),

- Яллагдагчаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: ...Бат-Эрдэнэ цементэн талбай дээр хэвтэж байхаар нь босгох санаатай цамцнаас нь бариад толгой доогуур нь гараа оруулаад дээш өргөтөл гар нойтон оргиод цус болчихоор нь та нар зодолдсон юм уу, энэ яагаад толгойноос нь цус гарч байгаа юм гэхэд Гантогтох би цохиод унагаачихсан юм, чи тэгээд яах юм гээд надтай муудах шинжтэй болохоор нь би чамтай муудахгүй, энийг аваад явъя гэснээ эмнэлэг явах юм уу гэхэд Гантогтох үгүй, эмнэлэг дээр очихоор эмнэлэг, цагдаа сэргийлэх рүү хэлчихнэ, тэгснээс чи зүгээр унаа олоод ир гэсэн... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал),

- Яллагдагчаар дахин 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: ...Та нар зодоон хийсэн юм уу гэхэд Гантогтох би нэг цохисон юм, чи хурдан унаа олоод ир гэхээр нь унаа олдохгүй байх, зам руу гаръя гэсэн. ...Гантогтохын эхнэр Навчаа нь Ш.Сайнбуянтай зогсож байхаар нь яваад очсон. Тэгсэн Навчаа Сайнбуян бид хоёроос Скайтелийн дугаар асуугаад  ... Гантогтох хэргээ өөрөө хүлээнэ, та хоёр зөөллөөд мэдүүлэг өгөөрэй гэж гуйсан. Навчаа гуйх маягаар ярьж байсан учраас Гантогтохын надад О.Бат-Эрдэнийг цохисон гэж хэлсэн үгийг нь мөргөсөн гэж зөөлрүүлэн хэлсэн юм. Гантогтох тухайн үед надад цохисон гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 225 дахь тал),

2.1. Гэрч Э.Туулын (Голомт банкны Замын-Үүд дэх салбарын ажилтан) 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: ...Голомт банкны...дансны эзэмшигч О.Бат-Эрдэнэ нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 2 удаа АТМ машинд картаар гүйлгээ хийж нэг гүйлгээндээ 17 цаг 32 минутад 300.000 төгрөг картнаас зарлага авч, 2 дахь гүйлгээндээ ямар нэг мөнгө аваагүй байсан. Харин дараа нь буюу 2015 оны 5 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагт Норжин дэлгүүр дээр худалдан авалт хийж, картаа пост машинаар уншуулсан байсан... гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 202 дахь тал),

2.2. Гэрч Б.Лувсанням (Дүүрэнбаярын хүргэн Соёмбо цогцолбороос машинтай авч явсан)-ын мэдүүлсэн: ...Дүүрэнбаяр Замын-Үүд суманд ирэхдээ манайд байдаг юм. 2015 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 00 цагийн үед хаалга тогшоод байхаар нь онгойлгоход Дүүрэнбаяр байсан. Гэрт оруулаад унтсан. Намайг унтаж байтал 02 цаг өнгөрч байхад утас дуугарахаар нь авсан чинь Дүүрэнбаяр байсан. Надтай хамт явж байсан хүмүүс согтчихоод явах гэсэн такси олдохгүй байна, та соёмбо руу хүрээд ирээч гэсэн. Би очиход Дүүрэнбаяртай нийлээд дөрвөн залуу байсан. Тэгээд миний машинд ирж суусан. ...Тасарчихсан байсан залуугаа гарыг нь мөрөн дээрээ тавиад сугадаад буусан. Дүүрэнбаяр би хамт оруулах уу гэсэн чинь нөгөө залуу яах юм бэ, би өөрөө оруулъя, яв яв гэж хэлсэн. Тэгээд Дүүрэнбаяртай хамт гэр рүүгээ очиж амарсан. Нэг залуу нь тасарчихсан байсан. Намайг очиход хоорондоо муудалцсан зүйл харагдаагүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал),

 

3. Гэрч В.Санжаажавын (Төмөр замын инженер Гантогтохыг ажилд нь хүргэж өгсөн ажилтан) 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...2015 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад байрны гадаа Гантогтохтой орцны үүдэнд тааралдсан. Гантогтох намайг ажил руу хүргээд өгөөч, би ажлаасаа хоцорчихлоо гэж надаас гуйхаар нь ажил руу нь хүргэж өгөхөөр явсан. Явж байх замд Гантогтох өчигдөр орой нэг бацаантай муудалцаад байсан, нөгөө залуу уначихаад босохгүй байсан, яасан юм болоо гэж надад ярьж байсан. Ингээд тухайн өдрийнхөө орой нь гэртээ байж байтал Гантогтох над руу өөрийнхөө гар утсаар залгаад миний өчигдөр муудалцсан бацаан гэр рүүгээ явж чадаагүй наана чинь үлдсэн юм шиг байна, намайг цагдаа дуудаад байна, би одоо Замын-Үүд руу буцахаас гэж хэлсэн... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал),

- 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: ...Гантогтохыг ажил руу нь хүргэж өгөх явцад ...бид хэд үргэлжлүүлж Соёмботой хөшөөн дээр хүртэл очсон. Тэнд Сайнбуянгийн дуудсан бацаантай муудалцаад, тэгсэн тэр бацаан уначихаад босохгүй байсан. Тэр яасан болдоо... гэж ярьж байсан. Тэр бацаан гэж хэнийг хэлж байгаан гэхэд ПРП машин дээр туслахаар ажиллаж байсан бацаан гэсэн. Би тэр хүүхдийг өмнө нь харж байсан болохоор ерөнхийдөө талийгаач Бат-Эрдэнийг хэлж байна гэж мэдэж байсан ч нэрийг нь мэддэггүй байсан юм. Би Гантогтохыг Сайнбуянгийн дуудсан бацаантай муудалцаад уначихаад босохгүй байсан гэхээр нь тэд нар хоорондоо муудалцсан юм байна даа гэж бодож байсан. Яагаад муудалцсан талаараа тодорхой хэлээгүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дэх тал),

 

4. Гэрч Г.Ганхүү (Төмөр замын инженер хэрэг болсон өдөр Гантогтохын орж унтсан айл)-гийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...Тухайн үед би Замын-Үүд сумын 1 дүгээр баг 66 айлын 30 тоот 2 өрөө байрыг сарын 300.000 төгрөгөөр түрээслэж байсан юм. Д.Гантогтох тухайн үед ажлаар Замын-Үүд суманд байсан. Уг өдрийн...орой 21 цагийн үед бид хоёр гэрээсээ гарч Тунбааш зоогийн газарт орж хоол идээд, би тэндээсээ ажил руугаа, Д.Гантогтох ах Сайнбуянтай уулзана гээд үлдсэн. Би ажлаа дуусгаад Д.Гантогтох ахаас гэрийнхээ түлхүүрийг авах гээд 00 цагийн үед түүн рүү залгахад Соёмбо-той хөшөөн дээр байна гэхээр нь очиж түлхүүрээ авсан. ...02-03 цагийн үед...Д.Гантогтох ах нэлээд согтуу орж ирээд  том өрөө рүү орсон. ...2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа яваад...12 цагийн үед гэртээ ирэхэд Д.Гантогтох ах шартсан байдалтай, ажилдаа яваад ирсэн гээд байж байхаар нь хот явах уу гэсэн чинь тэгье гэсэн. Тэгээд бид хоёр гарч Петровис-ийн шатахуун түгээх станцаас...орж ирсэн Toyota Prius-20 машинд сууж хотод ирсэн. ...машинд Д.Гантогтох ах Сайнбуянтай утсаар ярьж дууссаныхаа дараа надад ах нь өчигдөр архи ууж байгаад Бат-Эрдэнэтэй муудалцсан, сая Сайнбуян яриад Бат-Эрдэнэ вагон дотор унтаж байна, юм ярихгүй байна, зүгээр үү гэхэд нь толгойгоо дохиод байна. гэж хэлсэн. ...Гантогтох ах Сайнбуянтай утсаар ярьсаныхаа дараа сандралын байдалд орсон. Сандал дээрээ тогтож сууж чадахгүй, байн байн хоёр тийшээ болж суугаад хөрвөөгөөд байсан. Тэгээд миний утсаар Сайнбуянтай яриад яваад байсан. ...Д.Гантогтох ах утсаар ярьж дуусаад надад Бат-Эрдэнэ эмнэлэгт хүргэгдсэн байна, харвасан байна гэж хэлээд сандралын байдал нь улам нэмэгдээд байж суух газраа олохгүй, янз бүр болоод байсан. ...Д.Гантогтох ах хэлэхдээ Бат-Эрдэнэ жаахан томроод байхаар нь муудалцсан л гэж хэлсэн. ...Сүүлд талийгаач Бат-Эрдэнийг нас барсаны дараа Санжаа ах надад Д.Гантогтох талийгаачийг мөргөсөн юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгээд л би Д.Гантогтох ахыг Бат-Эрдэнэтэй зодолдсон юм байна, тухайн үед маргалдсан гэж хэлж байсны учрыг нь ойлгосон юм ... гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 250 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал),

 

5. Ш.Сайнбуянгийн мөрдөн байцаалтад

- Гэрчээр 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дүүрэнбаяртай тааралдсан. Тэгээд дараа нь Дүүрэнбаяр залгаад очиход Дүүрэнбаяр, Санжаа, Энхбаатар нар нэг архи авчихсан байсан. Дүүрэнбаяр бид хоёр архийг хувааж ууж байтал Санжаа руу Гантогтох яриад ирсэн. Санжаа ажил гарсан гээд явсан. Дүүрэнбаяр, Гантогтох, Энхбаатар бид дөрөв бууж үлдээд явсан. Тэр үед Бат-Эрдэнэ над руу залгаад та хаана байна гээд ярьсан. Дүүрэнбаяр, Энхбаатар, Гантогтох бид дөрөв таксидаад Замын-Үүдийн вокзалын талбай дээр ирээд Энхбаатар ажил гарлаа, гэр рүүгээ харилаа гээд би хамт явж Энхбаатарыг гэрт нь буулгачихаад буцах замдаа Бат-Эрдэнийг аваад талбай руу буцаж ирсэн. Тэгээд нийтийн караокед орсон. 22 цаг болж байсан байх. Бид дөрөв 0.75 граммын архи, 3 лааз пиво авсан. 00 цагийн үед гарсан. Нилээд согтсон байсан. Хаанаас ямар мөнгөөр архи авснаа мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Соёмбо цогцолбор дээр архи уугаад сууж байсан. Яаж гэр рүүгээ харьсан, хэнтэй харьснаа санахгүй байна. Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр тэврэлдчихсэн юм яриад байсан, хоорондоо муудалцсан зүйл байхгүй. Маргааш өглөө нь төмөр замд ажилладаг хоёр  жолооч Бат-Эрдэнийг гадаа унтаж байна гэж хэлээд вагон дотор оруулж унтуулсан. Тэгээд өглөө ажилдаа яваад ирэхэд Бат-Эрдэнэ өмдөндөө баачихсан, хөнжил нь цус болсон байхаар нь түүний биеийг Алтантуул продниктой хамт цэвэрлэчихээд Бат-Эрдэнийг сэрээх гэж чийгтэй алчуураар нуруу хүзүүг нь арчиж байсан. Бат-Эрдэнэ ус ууя гэж хэлээд байсан. Тэгээд эмнэлэг дуудаж үзүүлсэн. Толгойны хэсэг нь шалбархай байсан. Толгойноос нь цус гарсан байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал),

- Сэжигтнээр 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...Дүүрэнбаяртай уулзаж би тасраад зарим юмнуудаа санахгүй байгаа талаар ярьж асуухад...би та гурав дээр очоод Бат-Эрдэнийг яачихсан юм бэ гэж асуухад Гантогтох би нэг цохичихсон юм аа гэж байсан. Чи тэгэхэд уначихсан, уначихсан гэж хэлж байсан. ...гэж хэлж байсан. ...Талийгаач Бат-Эрдэнийг нас барснаас хойш хэд хоногийн дараа Навчаа миний байрлаж байсан вагончикт ирээд байхдаа за за Гантогтох ер нь хийчихсэн юм байна, бүх юм ойлгомжтой, гэхдээ чи гайгүй зөөлөлсөн мэдүүлэг өгөх юм байгаа биз дээ гэсэн утгатай юм яриад байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал),

6. Гэрч Д.Лхагвасүрэн (Төмөр замын ажилтан амь хохирогчийн хэвтэж байсанг анх харсан ажилтан)-гийн  2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: ...2015 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 06 цаг 30 минутын үед бие засах гээд өөрийн байрлаж байсан вагоноос гараад ертөнцийн зүгээр баруун зүгт явсан чинь нэг согтуу залуу төмөр замын зурвасын торны гадна талд толгойгоо зүүн тал руу харуулж гараа дэрлэсэн байдалтай хэвтэж байсан. Нөгөө хүнийг ойртож очоод харахад надтай хамт ажилладаг О.Бат-Эрдэнэ байсан. Ингээд вагон руу буцаж очоод Нямсүхэд хэлээд Амгаланбаатар, Бат-Энх нар Бат-Эрдэнийг дотогш вагончик руу нь оруулахаар өргөөд явсан. Бат-­Эрдэнийн нүүр хэсэгт нь ямар нэг шарх цус болсон зүйл харагдаагүй, толгойн орой хэсэг хагарсан, цус болж хатсан байдалтай харагдаж байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал),

 

7. Гэрч Н.Нямсүх (Төмөр замын ажилтан)-ийн 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: ...Бат-Эрдэнэ төмөр замын хязгаарлах торны гадна хөл нүцгэн согтуу унтаж байсан. Тэгээд Лхагвасүрэн Бат-Эрдэнийг вагон руу оруулахгүй бол муухай юм даа, гадаа унтуулаад гэхээр нь хөгшин чинь нуруу муутай өргөж чадахгүй, харин залуу хүүхдүүд дуудаж өргүүлж оруулъя гэж хэлээд Анхбаяр, Зоригтбаатар нарт хэлсэн. Тэгээд ажилдаа гарах гэж байхад Дайчинбат, Анхбаяр, Зоригоо гурав Бат-Эрдэнийг дамжлаад оруулах гээд явж байсан. Хувцсыг нь анзаараагүй, хөл нүцгэн байхаар нь машинаас буугаад буусан газартаа унтаж байсан гэж бодоод ажилдаа явсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал),

 

8. Гэрч Б.Дайчинбат (Төмөр замын ажилтан)-ын 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: ...2015 оны 5 дугаар сарын 30-ны өглөө босоод өөрийн байрлаж байсан 949-р вагоноос гарсан чинь Бат-Эрдэнийг манай ажилчид өргөчихсөн, Сайнбуянгийн өрөөг нь онгойлгоорой, Бат-Эрдэнийг оруулъя гэж хэлсэн. Би эргэж гүйгээд хаалгыг нь нүдэж онгойлгож өгчихөөд, өргөж оруулчихаад гарцгаасан. Бат-Эрдэнэ архи уугаад унтчихсан хүн шиг л байсан. Хувцас нь урагдсан зүйлгүй, харин бага зэрэг шороо болсон байсан. Нүүр, ам, хамар нь шархгүй байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал),

 

9. Гэрч Д.Алтантуул (Төмөр замын ажилтан)-ын 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: ...2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 949-р вагоны дотор өөрийн байрлаж байгаа өрөөндөө байж байтал өглөө 06 цаг нилээд өнгөрөөгөөд манай өрөөнд Лхагвасүрэн орж ирээд Бат-Эрдэнэ төмөр замын торны гадна ухаангүй согтуу хэвтэж байна гэхээр нь оруулахгүй яасан юм бэ гэж хэлсэн. ...Тэгээд 949 руу Сайнбуянгийн хаалгыг татаж үзэхэд түгжээтэй байсан. Тэгээд вагоны цэвэрлэгээ хийж байгаад Сайнбуянгийн өрөө рүү очтол Сайнбуян босчихсон, Бат-Эрдэнэ орон дээр нь унтаж байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ өмдөндөө бие засчихсан бололтой өмхий үнэртээд байхаар нь Сайнбуянд наад хүнийхээ өмд хувцсыг солиоч гэж хэлсэн. Сайнбуян энэ тасарсан унтаж байх шиг байна, архи нь гараад ажилдаа явна биз гэж хэлсэн. Би Сайнбуянд хоёулаа хурдхан Бат-Эрдэнийн хувцсыг цэвэрлэе гээд Сайнбуянтай хамт цэвэрлэсэн. Бат-Эрдэнийн анх өмсөж байсан хувцсыг уутанд хийгээд тамбарт тавьсан. Тэгээд өмхий үнэртээд байхаар нь бохирлогдсон хувцсыг нь хог руу хаясан. Тэгээд Сайнбуян ажилдаа явж ирээд Бат-Эрдэнэ дахиад шээчихсэн байна гээд сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Дахиад хувцсыг нь сольсон. Тухайн үед Бат-Эрдэнийг согтуу тасраад уначихсан байна л гэж бодоод байсан. Хувцас нь урагдсан зүйл байгаагүй. Толгойн хэсгээс нь цус гарч хатсан байх шиг байсан. Хөл гар нь жижиг жижиг хөхөрч шаралсан байсан. Согтуу хүн шиг, ер нь бол унтаа байдалтай байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал),

 

10. Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь шинжилгээний хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт:

...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явц: Гадна үзлэг:

Талийгаачийн...баруун чамархай хэсэгт тах хэлбэрийн зүслэг бүхий хагалгааны оёдолтой, үүний урд талд 1Ч0.2 см 1 оёдол бүхий шархтай, баруун чамархай хэсэгт 1.5Ч1.5 см-ийн дугуй хүрэн өнгийн зулгаралт бүхий 1.5Ч1.5 см-ийн 1 оёдол бүхий шархтай, зүүн хөмсөг дээр 1Ч1 см хүрэн өнгийн зулгаралт, баруун бугалганд 0.5Ч0.5 см-ийн бүдэг хөх өнгийн цус хуралт, зүүн эгэм дээр 1Ч1 см-ийн 2 ширхэг , 2Ч1 см-ийн хөхөлбөр өнгийн цус хуралт, зүүн бугалганы урд дээд талд 2Ч1 см, 2Ч2 см, зүүн бугалганы дотор дунд талд 2Ч2 см хөх өнгийн цус хуралт, зүүн тохойд 1Ч0.8 см-ийн бор зузаан тавтай, аюулхайн зүүн талд Г хэлбэрийн 7Ч4 см хүрэн тав бүхий зулгаралт, 1.6Ч0.8 см-ийн цус хуралт, цээжний зүүн хойд талд бөөрний проец-д 10Ч5 см цус хуралт, зүүн гуяны урд дунд талд 2Ч1.5 см, 1Ч0.5 см-ийн цус хуралт, баруун өвдөгний гадна талд 2Ч2 см-ийн 2 ширхэг, 2Ч3 см зулгаралт, баруун шилбэний урд дунд талд 1Ч0.5 см, баруун шагайнд 2Ч2 см-ийн хүрэн өнгийн зулгаралттай, зүүн хөлний 1 дүгээр хурууны 2 дугаар үен дээр 1.5Ч1.5 см, 0.8Ч0.5 см-ийн, зүүн шагайд 5Ч2см-ийн талбайд жижиг жижиг зулгаралтуудтай байв.

Дотор эрхтнүүдийн шинжилгээ:

...баруун чамархай хэсэгт 3Ч2 см яс цооног үүсгэж авсан, уг цооногноос баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман 11 см урт хугаралтай. Уг хугарал дагуу хатуу хальсан дээр 10Ч12 см хэмжээтэй, зузаан нь 0.5 см зуйван дугуй хэлбэрийн цус хуралттай, тархийг авахад зүүн дагз хэсгээр хатуу хальсан дор цус хурсан байв. ...тархи нэлэнхүйдээ хавагнасан...зүүн чамархайн орчимд тархины эд дотор 1Ч1 см-ийн цус хуралттай, баруун дух зулай болон бага тархины гадаргуугаар зөөлөн бүрхүүл дор цус хурсан байв...

Нэмэлт шинжилгээнд авсан материал

1. Шүүх биологийн шинжилгээнд: Цусны бүлэг тогтоолгохоор 5 мл цус цогцосноос авав.

2. Шүүх гистологийн шинжилгээнд: эд эрхтэнээс авлаа.

Нэмэлт шинжилгээний хариу

...1. О.Бат-Эрдэнийн гэх цус нь АВО системийн 0/1/ бүлгийн харъяалалтай байна. ... •Цусан бүлэн: Нейтрофиль эс нэвчсэн, утаслаг фибрин үүссэн. Дүгнэлт: 6-12 цаг болсон цусан бүлэн...

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Гавал тархины далд гэмтэл: баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хуралттай, зүүн дагз хэсгээр хатуу хальсан дорх цус хуралт, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл дорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван.

2. Баруун чамархай хэсэгт зулгаралт, шарх, зүүн хөмсөг дээр зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн эгэм дээр цус хуралт, зүүн бугалганы урд дээд талд болон зүүн бугалганы дотор дунд талд цус хуралт, зүүн тохой, аюулхайн зүүн талд зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний гадна талд зулгаралт, баруун шилбэний урд дунд талд, баруун шагайнд зулгаралттай, зүүн хөлний 1 дүгээр хуруу, зүүн шагайн зулгаралт ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

1. О.Бат-Эрдэнийн гавал тархины далд гэмтэл: Баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хуралттай, зүүн дагз хэсгээр хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хэсэгт зулгаралт, шарх, зүүн хөмсөг дээр зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн эгэм дээр цус хуралт, зүүн бугалганы урд дээд талд, зүүн бугалганы дотор дунд талд цус хуралт, зүүн тохойд, аюулхайн зүүн талд зулгаралт, цус хуралт, цээжний зүүн доод ар талд цус хуралт, зүүн гуяны урд дунд талд цус хуралт, баруун өвдөгний гадна талд зулгаралт, баруун шилбэний урд дунд талд, баруун шагайнд зулгаралттай, зүүн хөлний 1 дүгээр хуруу, шагайн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүдийн тархины далд гэмтэл: Баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хуралттай, зүүн дагз хэсгээр хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын дагуу гэмтлийн хүнд зэрэг, баруун чамархай хэсэгт зулгаралт, шарх, зүүн хөмсөг дээр зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн эгэм дээр цус хуралт, зүүн бугалганы урд дээд талд зүүн бугалганы дотор дунд талд цус хуралт, зүүн тохойд, аюулхайн зүүн талд зулгаралт, цус хуралт, цээжний зүүн доод ар талд цус хуралт, зүүн гуяны урд дунд талд цус хуралт, баруун өвдөгний гадна талд зулгаралт, баруун шилбэний урд дунд талд, баруун шагайд зулгаралттай, зүүн хөлний 1 дүгээр хуруу, шагайн зулгаралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын дагуу хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд буюу 72-96 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна.

5. Талийгаач О.Бат-Эрдэний эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн үеийн өвчний түүх ирээгүй учир /эмчилгээ зохих ёсоор хийгдсэн эсэхэд/ тухайн асуултанд хариулах боломжгүй.

6. Талийгаач нь гавал тархины далд гэмтэл: Баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хуралттай, зүүн дагз хэсгээр хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван гэсэн гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

7. О.Бат-Эрдэнийн гэх цус нь АВО системээр О/1/ бүлгийн харъяалалтай байна... /шинжээч эмч, ахлах дэслэгч П.Гаваасүрэн/ гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст  хэргийн 95-98 дахь тал),

10.1. Шинжээч П.Гаваасүрэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...Талийгаачийн гавал тархины далд гэмтэл буюу баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр цус хуралттай, зүүн дагз хэсгээр хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хэсэгт зулгаралт, шарх гэсэн гэмтлүүд нь баруун талаас хүчтэй цохих үед үүсэх бүрэн боломжтой, нүцгэн гараар цохих үед уг гэмтэл үүсэх боломжгүй. Жишээ нь гартаа мод чулуу барьсан, архины шил зэрэг зүйлийг барьж цохих үед үүсэх боломжтой. Зүүн хөмсөг дээр зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн эгэм дээр цус хуралт, зүүн бугалганы урд дээд талд, зүүн бугалганы дотор дунд талд цус хуралт, зүүн тохойд, аюулхайн зүүн талд зулгаралт, цус хуралт, цээжний зүүн доод ар талд цус хуралт, зүүн гуяны урд дунд талд цус хуралт зэрэг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих нидрэгдэх, унах зэрэг үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 243 дахь тал),

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан, давтан магадлан шинжилгээ хийсэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1158 тоот дүгнэлтийн:

...1.О.Бат-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт, зүүн хөмсөг дээрх зулгаралт, баруун бугалга, зүүн эгэм, зүүн бугалганы урд дээд гадаргуу болон зүүн бугалганы дотор, дунд гадаргуун цус хуралт, зүүн тохойд, аюулхайн зулгаралт, цус хуралт, цээжний зүүн доод ар тал, зүүн гуяны урд дунд гадаргуун цус хуралт, баруун өвдөг, шилбэний урд дунд гадаргуу, баруун шагай, зүүн хөлний 1 дүгээр хуруу, зүүн шагайн зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна.

3. Бат-Эрдэнийн гавал тархинд учирсан баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт бүхий гэмтэл нь толгойн баруун талаас хүч үйлчилсэн үед үүсгэгдэнэ. Гэмтэл ямар зайнаас учирсаныг тогтоох боломжгүй.

4, 7. Баруун чамархайн хуйхны няцарсан шарх гэмтэл нь хатуу мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн хүчтэй цохих, цохигдох, ирмэгтэй зүйл мөргөж савж унах үйлчлэлийн аль алинаар үүсгэгдэх боломжтой.

5. Дээрх гэмтлүүд нь хэвтээ болон босоо байрлалд ухамсарт ухаантай болон ухамсарт ухаан алдагдсан ямар ч байдалд үүсгэгдэх боломжтой.

6, 12. Талийгаач О.Бат-Эрдэнэ нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

8. Талийгаач нь гавал тархины гэмтэл авснаас хойш идэвхитэй үйлдэл хөдөлгөөнийг хэдий хугацаанд хийх, ямар хугацаанд амьд байх боломжтой эсэх нь тухайн хүний бие физиологийн онцлог болон гэмтсэн судасны диаметр, гарч буй цусны хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ зэргээс хамаардаг тул нарийвчлан тогтоох боломжгүй юм. Гавал тархины гэмтэл авсан тохиолдолд эмнэл зүйн илрэлээс шалтгаалж /гэмтлийн явцаас/ ухамсарт ухаан харилцан адилгүй алдагдана.

9. Шинжээчийн 07 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

...11. Эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих журмын дагуу хийгдсэн байна... /шинжээч эмч Г.Энхбаатар, Т.Чимэд-Очир, Н.Энхцолмон/ гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 248-250 дахь тал),

11.1. Шинжээч Н.Энхцолмонгийн

- 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...Задлан шинжилгээгээр тогтоогдсон О.Бат-Эрдэнийн биед учирсан гавал тархины битүү гэмтлийн үед хүний ухамсарт ухаан алдагдаж хүн өөрийн ухаангүй болж байрлал идэвхгүй, хурхирах, хөлөөр алхах гишгэх боломжгүй байдалтай байна. Бат-Эрдэнийг үхэлд хүргэсэн гэмтэл нь гавал тархины битүү гэмтэл юм. Гавал тархины битүү гэмтэл учирсан үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиодолд тухайн хүний бие физиологийн онцлогоос хамаарч эдгэрэх, эмчилгээ авах байдал нь харилцан адилгүй байдаг боловч дээрх гавал тархины гэмтлийг авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дахь тал),

- 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: ...Талийгаачийн биед учирсан олон тооны гэмтлүүд нь тус бүртээ нэг удаагийн хүчний үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэх учраас олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж үзсэн. О.Бат-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамирхай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цусан хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх гэмтлүүд юм. О.Бат-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамирхай хуйхны няцарсан шарх, зулгаралт гэмтлүүдээс харахад баруун чамархайн хэсэгт хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Баруун чамархайн хэсэгт хязгаарлагдмал бус гадаргуутай буюу том гадаргуутай зүйлээр нэг удаагийн хүч үйлчилсэнээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл авсан хүнд илрэх шинж тэмдэг нь тухайн гэмтлийн хүнд хөнгөн, гэмтсэн судасны диаметр онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байна. Өөрөөр хэлбэл эмнэл зүйн илрэх шинж тэмдгүүд нь дээрх зүйлүүдээс хамаарч эрт хожуу бүдэг балархай гэх мэтчилэн янз бүрээр илэрч болно. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчний цохих, цохигдох, нидрэх, нидрэгдэх, базах гэх мэт үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. ...Гавал тархины хүнд гэмтэлтэй, ухаангүй байгаа хүн бол ярих, хэлэх боломжгүй юм... гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 237 дахь тал),

11.2. Шинжээч Г.Энхбаатарын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шинжээчийн 1158 тоот дүгнэлтийг гаргасан. Талийгаачийн биеийн толгой, гар хөл мөчдийн хэсэгт буюу биеийн өөр өөр хэсгүүдэд хөхрөлт, зулгаралт, тархины гэмтэл зэрэг олон тооны гэмтлүүд үүссэн байсан. Эдгээр нь нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсэх боломжгүй боловч тодорхой нэг цаг хугацаанд хэд хэдэн удаагийн хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэдэг нь хөхрөлт няцралт, зулгаралтуудын үүссэн цаг хугацаа нь бүгд шинэ байсан учраас нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд гэж үзсэн. Өөрөөр хэлбэл зарим гэмтэл нь хэд хоногийн өмнө үүссэн, зарим нь дөнгөж саяхан үүссэн гэмтэл биш юм. Харин нэг цаг хугацаанд хэд хэдэн удаагийн хатуу мохоо хүчний үйлчлэл үзүүлснээр биеийн хэд хэдэн хэсэгт гэмтэл үүснэ гэсэн үг. Биеийн зүүн хөмсөг дээрх зулгаралт, баруун бугалга, зүүн эгэм, зүүн бугалганы урд дээд гадаргуу болон зүүн бугалганы дотор, дунд гадаргуун цус хуралт, зүүн тохой, аюулхайн зулгаралт, цус хуралт, цээжний зүүн доод ар тал, зүүн гуяны урд дунд гадаргуун цус хуралт, баруун өвдөг, шилбэний урд дунд гадаргуу, баруун шагай, зүүн хөлний 1 дүгээр хуруу, зүүн шагайн зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин уг гэмтлүүд нь бүгдээрээ нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Харин гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цусан хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаач нь тархинд учирсан хүнд гэмтлийн улмаас амь нас хохирсон. Биеийн мөчдөд үүссэн гэмтлийн улмаас хохирогчийн амь насанд хохирол учрахгүй.

Хэргийн материалд авагдсан Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 07 тоот актаас үзэхэд талийгаачийн баруун чамархай яснаас доошоо гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал гэмтэлтэй. Уг хугарлын дагуу хатуу хальсан дээр цус хурсан, зүүн дагзны хатуу хальсан доор цус хурсан, зүүн чамархайн тархины эдэд цус хуралттай, баруун дух зулай, бага тархины зөөлөн бүрхүүл дор цус хурсан зэрэг гэмтлүүд учирсан байна. Эдгээр гэмтлүүд нь толгойн баруун чамархай хэсэгт гадны ямар нэгэн хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүч үйлчилсэнээс үүссэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл баруун чамархайд нэг удаагийн хатуу мохоо зүйлийн хүч үйлчилсэний улмаас гавал ясны шугаман хугарал үүснэ, уг хугаралтайгаа холбоотойгоор тархины хатуу хальсан дээр цус хуралт үүссэн, баруун талаас хүч үйлчилсэн учраас хүчний эсрэг тал буюу зүүн чамархайн хэсэгт тархины эдийн цус хуралт үүссэн, зүүн дагзны хатуу хальсан дор цус хуралт үүссэн байна. Хүний тархи нь гавлын ясан дотор тархины хатуу бүрхүүлээр хучигдсан байдалтай, тодорхой хэмжээний эзэлхүүн эзлэн чөлөөтэй байдалд байдаг. Баруун талаас хүч үйлчилсэн учраас зүүн талдаа тархинд гэмтэл учрах механизм юм. Хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлээр цохисон тохиолдолд тухайн цохисон зүйлийнхээ гадаргууг хадгалсан цөмөрсөн эсхүл хэлбэрийг үүсгэсэн гэмтэл үүсдэг. Хүний нүцгэн /зангидсан/ гараар насанд хүрсэн хүний толгойн хуйхыг яз цохих боломжгүй. Хүний хамгийн зузаан арьс бол хуйх байдаг тул нүцгэн гараар ямар ч тохиолдолд язралт үүсгэхгүй. Харин нүцгэн гараар хүчтэй цохисон тохиолдолд хавдаж болно. Хязгаарлагдмал бус /тэгш өргөн талбайтай/ хатуу мохой гадаргуутай зүйл дээр унаж ойчсон, мөргөсөн, эсхүл тийм том гадаргуутай зүйлээр цохисон тохиолдолд гавал тархинд шугаман цуурал үүсэх боломжтой байдаг. Тэгш өргөн талбайтай хатуу мохоо гадаргуу гэдэгт аспалтан зам, плитан шал, цементэн гадаргуутай талбай гэх мэт байж болно. Тархинд үүсэж байгаа цус хуралтын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй хугацаанд идэвхитэй үйлдэл хийнэ. Учир нь хүний тархинд гэмтэл авснаар тархины судсууд хагарч тархинд цус хуралдаж эхлэх ба уг цус хуралт нь аажмаар нэмэгдэж цус бүлэгнэн тархийг дарах хүртэл хугацаанд идэвхитэй үйлдэл хийж болно. Идэвхитэй үйлдэл хийх цаг хугацаа харилцан адилгүй байгаа шалтгаан нь тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал, бие организмийн онцлог, цусны бүлэгнэл, хагарсан судасны хэмжээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал гэх мэт олон хүчин зүйлийн улмаас цусны шүүрэл харилцан адилгүй явагдана гэсэн үг. Гэмтэл авсан даруйдаа толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, огих бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний хувьд согтолтын хэмжээнээс хамаарч хэлж чадахгүй байх, эсхүл энэхүү зовиураа мэдрэх мэдрэмж сул байж болно. Тархины цус хуралт нэмэгдэж тархи дарагдаж эхэлснээр хүний мэдрэлийн системд өөрчлөлт өгч эхлэх бөгөөд гар хөл саажих зэрэг шинж тэмдэг илэрч болно. Гэхдээ ихэвчилэн гар хөлөнд саажилт үүсэхдээ тархины гэмтэл авсан талын эсрэг талын гар хөлд саажилт өгдөг. Яваандаа ухаан алдана. Хэрэгт авагдсан талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг харуулсан гэрэл зургууд, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтэнд дурдагдсан зэргээс үзэхэд уг гэмтлүүд нь талийгаачийн мөчдийн хэсгээр үүссэн гэмтлүүд байна. Харин зүүн хөмсөг дээрх зулгаралт гэмтэл нь шүргэгдэх, нидрэгдэх, чирэгдэх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл цохих, хатгах үед зулгаралт гэмтэл үүсэх боломжгүй юм. Мөчдийн гэмтлүүдийг харахад гэмтэл тус бүр нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр цохих, цохигдох, базах, унах ойчих, атгах зэрэг мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой гэмтлүүд юм. Шинжээчийн зүгээс уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн гэж хэлж болохоос биш яг атгахад, цохиход, цохигдоход үүссэн юмаа гэдгийг нарийвчлан хэлэх боломжгүй. ...Тархинд үүссэн цус хуралтыг цаг алдалгүй мэс заслын аргаар авч, хагалгаа хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байхыг үгүйсгэхгүй. Зарим хүн ийм гэмтлийн улмаас хагалгаа хийлгээд амь нас нь аврагдсан тохиолдол байхад зарим нь нас барах тохиолдол байдаг. Энэ нь тухайн хүний бие физологийн онцлог, өвчний эдгэрлийн байдал гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Гол нь гавлын ясны хугарлаас шалтгаалахгүй, харин тархинд үүссэн цус хуралт, няцралийн байдлаас шалтгаална. Энэ талийгаачийн хувьд баруун чамархайд үүссэн цус хуралтыг мэс заслын аргаар яаралтай авсан ч зүүн дагзны хатуу бүрхүүл дор цус хуралттай, зүүн чамархайд тархины эд цус харвалттай, баруун дух зулай болон бага тархины гадаргуугийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт зэрэг гэмтлүүд байгаа учраас хагалгаа хийсэн ч амь насыг аврах боломж муутай байж болох юм. ...Хэрэгт авагдсан өвчтөний сторын хуулбараас үзэхэд Замын-Үүдийн эмнэлэгт талийгаач ухаангүй байдалтай хүргэгдэж очсон, ухаангүй байдалтай байсан талаар эмч нар өвчтөний түүхэнд бичсэн байна. Замын-Үүдийн сумын нэгдсэн эмнэлгийн 876 тоот өвчтөний түүхээс үзэхэд 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагт үзлэг хийхэд зовиур хэлэх боломжгүй, ухаангүй байдалтай байсан байна. 2015 оны 6 дугаар 01-ний өдрийн 17:15 цагт Дорноговь аймгийн 4014 тоот яаралтай тусламжийн хуудсаас үзэхэд ‘ухаангүй байдалтай гэсэн байна. Харин Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2918 дугаартай өвчтөний түүхэнд 2015 оны 6 дугаар сарын 01-ний 18:30 цагт орчиндоо харьцаа муутай, асуултанд хариулахгүй, биеийн байдал хүнд гэсэн байна. Эхний хагалгаа 2015 оны 6 дугаар сарын 01-ний 19:45 минутад ороод 1.15 минут үргэлжилсэн байна. Хагалгааны дараа биеийн байдал хүнд хэвээрээ, хагалгааны дараах байдалтай байсан байх ба 21:30 цагт унтуулгын бодис гүйцэт гараагүй байна гэжээ. 2015 оны 6 дугаар сарын 02-нд өвчтөн биеийн байдал хүнд, өвчтөн унтаа байдалтай гэсэн байна. 2015 оны 6 дугаар сарын 02-ны 11:58 цагт эрчимт эмчилгээний тасгийн эмчийн үзлэгээр өвчтөний биеийн байдал маш хүнд, унтаа байдалтай, дуудахад сэрэхгүй, өвдөлт өгөхөд хариулахгүй байв гэжээ. Улмаар 2015 оны 6 дугаар сарын 02-ны 13:00 цагт хоёр дахь хагалгаанд орж, хагалгаа 1.10 минут үргэлжилсэн байна. Уг хагалгааны дараагаас биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай байсаар байгаад 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16:54 минутад зүрхний үйл ажиллагаа сэргэхгүй байсаар нас барав гэсэн байна. Иймд дээрх өвчтөний түүхийн байдлаас үзэхэд талийгаач нь эмнэлэгт хүргэгдэх үедээ ухаангүй байдалтай байсаар 2 удаа хагалгаанд орсон, хагалгааны дараа биеийн байдал хүнд, ухаангүй байсаар нас барсан байна... гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 230-234 дэх тал),

11.3. Шинжээч Т.Чимэд-Очирын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: ...Би шинжээчийн 1158 тоот дүгнэлтийг гаргасан. Биеийн өөр хэсгүүдэд буюу толгой, гар хөл гэх мэт өөр хэсгүүдэд буюу биеийн гадаргууд цус хуралт, зулгаралт шарх, тархины гэмтэл зэрэг олон тооны гэмтэл учирсан байна, Эдгээр гэмтлүүд нь тус бүртээ нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх учраас олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж үзсэн. О.Бат-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамирхай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамирхайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх гэмтлүүд юм. О.Бат-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цусан хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт гэмтлүүдээс харахад баруун чамархайн хэсэгт хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Дээрх тохиолдолд баруун чамархайн хэсэгт хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлийн хүч үйлчилсэн байх боломжтой байна. Хязгаарлагдмал бус гадаргуутай зүйл гэдэгт жишээлбэл тухайн хүний толгойн диаметрээс том гадаргуутай хатуу мохоо зүйлийг хамруулж ойлгоно. ...Хэргийн материалд авагдсан талийгаачийн өвчний түүхээс харахад эмчийн үзлэгт талийгаачийг ухаангүй байдалтай ирсэн, эмчилгээний явцад ухаан орсон талаар тэмдэглэгдээгүй байна... гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 235-236 дахь тал),

 

12. Гэрч О.Баяржавхлан (Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч)-гийн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: ...2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байхад О.Бат-Эрдэнэ гэх өвчтөн хүлээн авах тасагт ирсэн байсан. ...өвчтөн Бат-Эрдэнэ нь асуултанд хариу өгөх боломжгүй, өөрийн гэсэн ухаангүй байсан. ...шархны байдал, шинж тэмдгээр оношилж тархинд цус харвалт өгсөн байх магадлалтай байсан тул цус тогтоох, тархины хаван хөөх, судасны хана бэхжүүлэх, бодисын солилцоог дэмжих, өвдөлт намдаах зэрэг эмчилгээнүүдийг хийж, өвчний түүх нээж эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. ... Бат-Эрдэнэд эмчилгээ хийж байх үед толгой дахь шархыг нь хуруугаар дарахад өвчнийг мэдэрч, өвдөж байна уу гэж асуухад толгой дохиж байсан, мөн ус уух уу гэж дахин давтан асуухад ууя гэж амаар хариулт өгч байсан. Учирсан гэмтлийн талаар юм ярьж хэлээгүй. Ээж нь надад хэлэхдээ Бат-Эрдэнэ ухаан орохдоо өөрт нь юм ярьж хэлсэн гэж хэлж байсан. Бат-Эрдэнэ нь өвдөлт мэдэрч, ус ууя гэж хэлж хариулт өгч байсан боловч миний зүгээс бүрэн ухаан орж хариулт өгч байсныг гаднаас харж дүгнэж үзэх боломжгүй. О.Бат-Эрдэнийн амнаас архи үнэртэж байсан боловч согтолтын зэргийг тодорхойлж хэлж мэдэхгүй. Хүний биеийн онцлог байдлаас болж 6-12 цагийн хугацаанд архи гадагшилж орчныг мэдрэх байдалд сэргэнэ...  гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 230-233 дахь тал),

 

13. Гэрч Б.Тунгалаг (Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч)-ийн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү Бат-Эрдэнийг хүргэхээр тээвэрлэж явах хугацаанд ухаан ороогүй болохоор ямар нэг зүйл ярьж хэлээгүй. Замдаа ухаангүй байдалтай байсаар эмнэлэгт очсон. Өвчтөний эх хамт явсан. Замдаа ухаан ороогүй, унтаа байдалтай байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 234-235 дахь тал),

14. Д.Гантогтохын

-2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: ...Дүүрэнбаяр бид хоёрыг юм яриад зогсож байхад Сайнбуян талийгаач Бат-Эрдэнийг дагуулж ирсэн. Бид дөрөв талбай дээр зогсож байгаад талбайн хажуугийн нийтийн караокед орж, 0.75 литрийн архи, 3 лааз пиво, 1 цэвэр ус аваад хамтдаа хувааж уусан. 23 цаг 45 минутын үед караокенаас гарч, талбай дээрээс такси бариад нэг дэлгүүрийн гадаа очиж Сайнбуян, Бат-Эрдэнэ нар архи аваад гарч ирсэн. Бид дөрөв Соёмбо-той хөшөө рүү очиж уусан. Дүүрэнбаяр утсаар ярьж байгаад гэр рүүгээ явсан. Сайнбуян Дүүрэнбаяр руу утсаар яриад бид нарыг ирээд авчих гэсэн, Дүүрэнбаяр ирсэн. Тэгээд алхаж байхад Сайнбуян, Дүүрэнбаяр хоёр бага зэрэг өмнө түрүүлж алхсан. Бат-Эрдэнэ бид хоёр хойно нь алхаж байгаад үлдсэн архиа уугаад дуусгачих уу гэж ярилцаад архиа уухаар болж засмал замаас гарч явган хүний зам дээр суусан. Тэгсэн чинь Сайнбуян яасан бэ, хурдлаач гэж хэлчихээд Бат-Эрдэнэ бид хоёр руу Дүүрэнбаяртай буцаад ирсэн. Бид хэд цаашаа Соёмботой хөшөө рүү очоод сууя гээд хамтдаа явахаар болсон. Талийгаач Бат-Эрдэнэ босохдоо гишгэгдэл алдаад миний цамцнаас зуураад татсан. Би татсан хүчинд зүүн гар зүүн хөлөөрөө газар тулаад буцаж босоод Бат-Эрдэнийг газраас татаж босгосон. Соёмботой хөшөөн дээр бид дөрөв очсон. Дүүрэнбаяр хүнтэй яриад машин дуудаад байх шиг байсан. Тэгээд нэг машин ирсэн. Машиныг ирэхээс өмнө Бат-Эрдэнэ цементэн талбай дээр сууж байгаад хойшоо хажуу талаараа налаад хэвтсэн байсан. Машин ирээд тэгээд явсан. Хоорондоо муудалцаж маргасан зүйл байхгүй. Тухайн үед гэмтэл байгаагүй. Дүүрэнбаяр энэ юун цус вэ гэж байсан. Тэгэхээр нь би мэдэхгүй ээ гэсэн чинь за за зүгээр юм байна гэж хэлж байсан. Дүүрэнбаярт эмнэлэг рүү явах уу гэхэд өө зүгээр зүгээр юм байна гэж байсан.  Бат-Эрдэнэ сууж байгаад босохдоо гишгэгдэл алдаад миний гараас татаж хойшоо бөгсөөрөө унасан. Үүнийг л би надтай мөргөлдчихсөн гэж Дүүрэнбаярт хэлсэн... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 138-142 дахь тал),

            - 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ял өөрчлөн сонсгосны дараа түүнийг яллагдагчаар дахин байцаасан мэдүүлэгт: ...Би Ганхүүгийн гэр рүү явж байх замдаа Санжаажав руу утсаар ярьж, та хаана байна гэсэн чинь танай байрлаж байгаа вагоны чинь хажуу талд байна гэхээр нь юу хийж байгаа юм бэ гэтэл хүмүүстэй уулзаад байж байна гэхээр нь би очиж болох юм уу гэсэн чинь өөрөө л мэдэхгүй юу гэхээр нь такси бариад яваад очсон. Намайг очиход Санжаажавын машин дотор Дүүрэнбаяр, Энхбаатар, Сайнбуян нар 0.75 литрийн Болор архи уугаад сууж байсан. Архи нь талаасаа дээгүүр байсан. Архинаас Санжаажав машин барьж яваа гээд уугаагүй, Энхбаатар бие муу гээд уугаагүй. Дүүрэнбаяр, Сайнбуян бид 3 архийг хувааж уусан. Архи дуусах үед Энхбаатар ах нь 1 шил архи авч өгье гээд Санжаажавын машинтай дэлгүүр рүү хөдөлсөн. Бид нарыг вокзалын ар талын дэлгүүрийн үүдэнд буулгасан. Санжаажав ажилтай гээд машинтайгаа явсан. Дүүрэнбаяртай тамхи татаад байж байсан чинь Сайнбуян талийгаач Бат-Эрдэнэтэй хамт ирсэн. Бид нар тухайн үед яах уу гэж ярилцаад нийтийн караокед орохоор болсон. Талийгаач Бат-Эрдэнэ архи үнэртүүлсэн халамцуу ирсэн. Караокед 22 цаг 50 минутын орчимд орсон. Ороод нэг шил 0.75 гр Экс архи, 3 пиво, 1 цэвэр ус авсан. Дуу дуулах гэтэл хаах цаг болсон гээд дуулуулаагүй. Архиныхаа талаас доош хүртэл нь уугаад, хаах цаг болсон гээд хөөгдөөд гарсан. Тэндээсээ гараад дэлгүүрээс 0.75 гр Болор архи, ундаа, цэвэр ус аваад такситайгаа хамт Соёмбо-той хөшөөн дээр очсон. Хөшөөн дээр очоод юм ярьж архиа уусан. Энэ үед Дүүрэнбаяр утсаар ярьж явж байгаад гэнэт алга болсон. Тэгээд бид гурвыг сууж байхад Сайнбуян, Дүүрэнбаяр руу залгаж дуудсан. Дүүрэнбаяр удаагүй ирсэн. Тэгээд харих гээд алхаж байхад Сайнбуян, Дүүрэнбаяр хоёр урд, би талийгаач Бат-Эрдэнийн хамт хойд талд нь явж байсан. Тэгсэн талийгаач Бат-Эрдэнэ хоёулаа архиа дуусгая гэхээр нь зөвшөөрч бид хоёр газар суусан. Тэгээд нөгөө хоёрыг дуудтал хүрээд ирсэн. Тэгээд бид 4 хэсэг суусан. Тэгтэл Дүүрэнбаяр би явлаа гээд явсан. Бид 3 хэсэг сууж байгаад буцаад хөшөөн дээрээ очсон. Хөшөө рүү явах гээд сууж байсан газраасаа босохдоо талийгаач Бат-Эрдэнэ тэнцвэр алдаад зүүн гарнаас татсан. Би давхар унахгүйн тулд зүүн гараараа тулсан. Энэ үед талийгаач Бат-Эрдэнэ хойшоо саваад унасан. Унахаар нь татаад босгосон. Тэгэхэд өө та 2 гээд Сайнбуян хараад зогсож байсан. Хөшөөн дээр очоод архиа уух гэтэл их муухай амттай байсан. Архи ууж байх явцад Сайнбуян утсаар Дүүрэнбаярыг дуудсан. Дүүрэнбаяр нилээн удаж байгаад ирсэн. Дүүрэнбаярыг ирэхээс өмнө талийгаач Бат-Эрдэнэ сууж байсан газраа хойшоо налаад хэвтсэн. Би тухайн үед талийгаачийг архиндаа согтоод унтсан гэж бодсон. Талийгаач хойшоо налж хэвтсэнээсээ хойш босоогүй. Ингээд байж байхад Дүүрэнбаяр ирээд талийгаачийг яасан юм гэж асуухаар нь би болон Сайнбуян бид хоёр тасраад унасан, мөн би ...мөргөлдсөн юм аа гэж бас хэлсэн. Тэгээд Дүүрэнбаяр машин дуудаад машины хойд талын суудал дээрээс талийгаач Бат-Эрдэнийг надаас авсан. Би талийгаачийг ганцаараа 2 суганаас нь өргөөд толгой хэсгээр нь өгсөн. Дүүрэнбаяр талийгаачийг машинд суулгах гэж надаас татаж авахдаа талийгаачийн толгойг цус болсон байна, энэ яасан юм гэж надаас асуухаар нь би яасан байна гэсэн чинь Дүүрэнбаяр зүгээр, зүгээр гэж хэлэхээр нь эмнэлэг явах уу гэсэн чинь яах юм гэж хэлсэн. Машин хөдлөөд Ганхүүгийн байрны гадаа очсон. Би тухайн үед талийгаач Бат-Эрдэнийг авч орно шүү гэж Ганхүүг дагуулаад ирье гээд орсон. Ганхүүгийнд орох үед шөнийн 03 цаг болж байсан... гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 214-217 дахь тал),

 

15. Шүүх сэтгэц гэм судлалын 14 дугаартай дүгнэлтийн:

1. Д.Гантогтох нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.

2. Д.Гантогтох нь одоо сэтгэцийн өвчин үгүй байна.

3. Д.Гантогтох нь удамшлын өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна.

4.Д.Гантогтох нь хэрэг хариуцах чадвартай байна. /комиисын дарга Л.Алтанзул, мэдрэлийн эмч Д.Болормаа, илтгэгч эмч Б.Гэрэлмаа/ ... гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дахь тал),

            -Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, бэхжүүлсэн зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 3-10), хэрэг учралын газарт нөхөн үзлгийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 44-47), хэрэг учралын газарт нөхөн үзлэгийг 2016 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг (3 дугаар хавтаст хэргийн 198-201), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 112-113, 122-125, 143-145), цусны толбо бүхий хөнжил, орны бүтээлэг, Си Ди бичлэг зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, хавсаргасан тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 31, 199), талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл  зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 100-104), талийгаачийн гар утсанд ирсэн дуудлага, ярианы бүртгэл (1 дүгээр хавтаст хэргийн 33), гэрч С.Алтанцэцэгийн утсаар ярьсан гэх ярианы бичлэгийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 201-207),

- Амь хохирогч О.Бат-Эрдэнийн эмчлүүлсэн талаархи өвчний түүхийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 48-76) , нас барсан тухайн эмнэлгийн болон нас барсаны бүртгэлийн гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 154, 2 дугаар хавтаст хэргийн 31), оршуулгын зардлыг нэхэмжилсэн баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 40-66), эд зүйлийн үнэлгээ (3 дугаар хавтаст хэргийн 190-191),

 -Шүүгдэгч Д.Гантогтохын ажлын тодорхойлолт, хувийн байдлын талаарх материалууд (1 дүгээр хавтаст хэргийн 158-165), түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 156) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүх 2015 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр (1 дүгээр хавтаст хэргийн 3-10) тус хэрэгт гэрчээр тогтоогдсон Б.Дайчинбат, А.Анхбаяр, сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан Д.Алтантуул нарыг оролцуулсан байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх зарчимтай зөрчилдсөн, түүнчлэн эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн гэрч С.Алтанцэцэгийн утсаар ярьсан гэх бичлэгийг буулгасан Си Ди бичлэг (1 дүгээр хавтаст хэргийн 201-207)-ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан журмыг дагуу олж авсан баримт, мэдээлэл гэж үзэх боломжгүй  байх тул нотлох баримтаар тус тус үнэлээгүй болно.

Дээрх нотлох баримтуудаас бусад шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Гантогтох нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны шөнө 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Соёмбо хөшөө цогцолборын дэргэд иргэн О.Бат-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтаглан нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх ёс журмыг зөрчсөн санаатай үйлдэл хийж түүнийг цохисоноос гавал тархины далд хүнд гэмтэл учруулан танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            -Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...2015 оны 6 дугаар сарын 01-нд 01 цагийн үед Замын-Үүд суманд очиход манай хүү сэхээнд унтаа байдалтай байсан. ...Өрөөнд нь орж үзэхэд түүний зүүн талын хөл гар нь мэдээгүй, хөдөлгөөнгүй, толгойн зүүн талын хэсэгт юмаар цохисон юм шиг бандайж хавдсан, баруун талын чихний дээд талд гурвалжин хэлбэртэй юмаар цохисон юм шиг дотогш цөмөрсөн, цус гарсан байдалтай, гар хөл нь шалбарсан, нурууны ар тал бүсэлхий орчимд юмаар цохисон юм шиг төө гаран урттай, 4 хуруу орчим өргөн няцарч хөхөрсөн бэртэл үүссэн байсан. Хөл гар дээр нь нилээд хөхрөлт үүссэн байсан. Баруун гарын тохой шалбарч цус гарсан, ...зүүн талын мөр суганы орчим хөхрөлттэй, зүүн талын духны ойролцоо хөхөрч нүднийхээ урд тал руу орсон байдалтай, баруун талын эрхий хурууг нь хойш нь дарж гэмтээсэн байдалтай хөхрөлт үүссэн байсан. ...20 цагийн үед амь насны заалтаар зайлшгүй тархинд нь хагалгаа хийх шаардлагатай болж 2 цаг орчим хагалгаа хийсэн. ...2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр эмч нар тархийг нь компьютерээр хараад тархинаас нь дахиж цус алдсан байна, хагалгаанд дахиж орохгүй бол болохгүй гэж хэлээд 13 цагийн үед хагалгаанд дахин орсон.  ...Тэгээд бие нь муу байж байгаад 17 цагийн үед манай хүү О.Бат-Эрдэнэ нас барсан... гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал),

-Мөрдөн байцаалтад С.Дүүрэнбаярын гэрчээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: ...би Бат-Эрдэнийг авч явах гээд толгойн хэсгээс нь өргөтөл түүний толгойноос цус гарч миний гар цус болчихсон байсан... гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал),

-2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: ... Бат-Эрдэнэ цементэн талбай дээр хэвтэж байхаар нь босгох санаатай цамцнаас нь бариад толгой доогуур нь гараа оруулаад дээш өргөтөл гар нойтон оргиод цус болчихоор нь та нар зодолдсон юм уу, энэ яагаад толгойноос нь цус гарч байгаа юм гэхэд Гантогтох би цохиод унагаачихсан юм, чи тэгээд яах юм гээд надтай муудах шинжтэй болсон. ... гэсэн мэдүүлэг, мөн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн ... Та нар зодоон хийсэн юм уу гэхэд Гантогтох би нэг цохисон юм, чи хурдан унаа олоод ир гэсэн. ....Гантогтохын эхнэр Навчаа нь ...та хоёр зөөллөөд мэдүүлэг өгөөрэй гэж гуйсан. Навчаа гуйх маягаар ярьж байсан учраас Гантогтохын надад О.Бат-Эрдэнийг цохисон гэж хэлсэн үгийг нь мөргөсөн гэж зөөлрүүлэн хэлсэн юм. Гантогтох тухайн үед надад цохисон гэж хэлж байсан. ... гэсэн мэдүүлэг  (3 дугаар хавтаст хэргийн 225 дахь тал),

-мөрдөн байцаалтад Ш.Сайнбуянгийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: ...Дүүрэнбаяртай уулзаж би тасраад зарим юмнуудаа санахгүй байгаа талаар ярьж асуухад ...би та гурав дээр очоод Бат-Эрдэнийг яачихсан юм бэ гэж асуухад Гантогтох би нэг цохичихсон юм аа гэж байсан. Чи тэгэхэд уначихсан, уначихсан гэж хэлж байсан. ...гэж хэлсэн. ...Талийгаач Бат-Эрдэнийг нас барснаас хойш хэд хоногийн дараа Навчаа миний байрлаж байсан вагончикт ирээд байхдаа за за Гантогтох ер нь хийчихсэн юм байна, бүх юм ойлгомжтой, гэхдээ чи гайгүй зөөлөлсөн мэдүүлэг өгөх юм байгаа биз дээ гэсэн утгатай юм яриад байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал),

- мөрдөн байцаалтад гэрч В.Санжаажавын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...2015 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад...Гантогтох намайг ажил руу хүргээд өгөөч, би ажлаасаа хоцорчихлоо гэж надаас гуйхаар нь ажил руу нь хүргэж өгөхөөр явж байх замд Гантогтох өчигдөр орой нэг бацаантай муудалцаад байсан, нөгөө залуу уначихаад босохгүй байсан, яасан юм болоо гэж надад ярьж байсан... гэсэн  мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар тал, мөн түүний 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дэх тал),

- Мөрдөн байцаалтад гэрч Г.Ганхүүгийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...Гантогтох ах Сайнбуянтай утсаар ярьсаныхаа дараа сандралын байдалд орсон. Сандал дээрээ тогтож сууж чадахгүй, байн байн хоёр тийшээ болж суугаад хөрвөөгөөд байсан. ...Д.Гантогтох ах утсаар ярьж дуусаад надад Бат-Эрдэнэ эмнэлэгт хүргэгдсэн байна, харвасан байна гэж хэлээд сандралын байдал нь улам нэмэгдээд байж суух газраа олохгүй, янз бүр болоод байсан.... гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 250, 4 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал),

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт, дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 95-98 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан, давтан магадлан шинжилгээ хийсэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1158 тоот акт, дүгнэлт, шинжээч П.Гаваасүрэн, Н.Энхцолмон, Г.Энхбаатар, Т.Чимэд-Очир нарын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 243, 3 дугаар хавтаст хэргийн 230-237 дахь тал), талийгаачийн цогцост шинжилгээ хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 100-104 дэх тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд (1 дүгээр хавтаст хэргийн 112-113, 122-125, 143-145 дахь тал), 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 198-201 дэх тал), амь хохирогч О.Бат-Эрдэнийн өвчний түүхийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 48-76 дахь тал), цусны толбо бүхий хөнжил, орны бүтээлэг бүхий эд мөрийн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

- Шүүгдэгч Д.Гантогтох нь хохирогч О.Бат-Эрдэнэ өөрөө гишгэгдэл алдаж хойшоо савж унасан. Унахаар нь татаж босгосноо мөргөлдсөн гэж мэдүүлж байсан, би түүнийг цохиж, зодоогүй, амь насыг нь хохироогоогүй гэж гэм буруугийн талаар маргасан хэдий ч дээрх мэдүүлэг нь шинжээчдийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч О.Бат-Эрдэнэ нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан, түүний баруун чамархайн хуйхны няцарсан шарх гэмтэл нь хатуу мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн хүчтэй цохих, цохигдох, ирмэгтэй зүйл мөргөж савж унах үйлчлэлийн аль алинаас үүсгэгдэх боломжтой, баруун талаас хүч үйлчилсэн үед үүсгэгдэнэ гэсэн байх ба мөрдөн байцаалтад шинжээч Н.Энхцолмон, Г.Энхбаатар, Т.Чимэд-Очир нараас мэдүүлэхдээ ...гавал тархины битүү гэмтэл нь толгойн баруун чамархай хэсэгт гадны ямар нэгэн хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүч үйлчилснээс үүссэн байх боломжтой, хүний нүцгэн /зангидсан/ гараар насанд хүрсэн хүний толгойн хуйхыг яз цохих боломжгүй, хязгаарлагдмал бус /тэгш өргөн талбайтай/ хатуу мохоо гадаргуутай зүйл дээр унаж ойчсон, мөргөсөн, эсхүл тийм том гадаргуутай зүйлээр цохисон тохиолдолд гавал тархинд шугаман хугарал, цуурал үүсэх боломжтой. Тэгш өргөн талбайтай хатуу мохоо гадаргуу гэдэгт аспалтан зам, плитан шал, цементэн гадаргуутай талбай гэх мэт байж болно... гэж, шинжээч П.Гаваасүрэнгээс мэдүүлэхдээ ...гавал тархины гэмтэл нь нүцгэн гараар цохих үед үүсэх боломжгүй... гэж тус тус мэдүүлсэн.

Мөн шүүгдэгч Д.Гантогтохын мэдүүлсэн хохирогч О.Бат-Эрдэнэ өөрөө гишгэгдэл алдаад хойшоо савж унасан гэх мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтаар эх сурвалж нь тогтоогдоогүй тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс гэмт хэргийн сэдэлтийг бүрэн шалгаагүй. Гэрч Ш.Сайнбуянгийн тогтворгүй, зөрүүтэй, эргэлзээтэй өгсөн мэдүүлгийг үндэслэж танхайн сэдэлттэй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Амь хохирогч ээжтэйгээ уулзах үедээ манай ажлын 3 хүн гэж хэлсэнийг болон амь хохирогчийн биед учирсан олон тооны гэмтлийг хэн хэзээ учруулсан гэдгийг шалгах шаардлагатай. Хэргийн үйл баримтаас харвал амь хохирогч Гантогтохыг татаад өөрөө унасанаас болоод тархины гэмтэл авсан уу, аль эсхүл вагонд хүргэх замд Сайнбуянтай зодолдож гэмтэл авсан уу гэдэг нь тодорхойгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар мэтгэлцсэн.

Хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ...талийгаач эмнэлэгт байхдаа ухаан орж, түүнээс хэн ийм болгосон талаар асуухад манай гурван найз ийм болгосон /С.Дүүрэнбаяр, Ш.Сайнбуян, Д.Гантогтох/ гэж хэлсэн гэж тус тус мэдүүлсэнийг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс мэтгэлцэх боловч

-талийгаачийг эмчилж байсан эмч О.Баяржавхлан гэрчээр мэдүүлэхдээ ...өвчтөн О.Бат-Эрдэнэ нь асуултанд хариу өгөх боломжгүй, өөрийн гэсэн ухаангүй байсан. ...учирсан гэмтлийн талаар юм ярьж хэлээгүй... гэж (1 дүгээр хавтаст хэргийн 230-233 дахь тал),

-гэрч Б.Тунгалагаас ...Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү Бат-Эрдэнийг хүргэхээр тээвэрлэж явах хугацаанд ухаан ороогүй болохоор ямар нэг зүйл ярьж хэлээгүй. Замдаа ухаангүй байдалтай байсаар эмнэлэгт очсон... гэж (1 дүгээр хавтаст хэргийн 234-235 дахь тал) тус тус мэдүүлсэн,

-мөн хохирогч О.Бат-Эрдэнийн өвчний түүхийг үзвэл О.Бат-Эрдэнэ нь ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн, асуултанд хариулахгүй, унтаа байдалтай, дуудахад сэрэхгүй, ухаангүй байдалтай байсаар байгаад нас барав гэж тэмдэглэгдсэн байх ба шинжээч эмч нараас мэдүүлэхдээ ...талийгаачийн өвчний түүхээс үзэхэд ухаангүй байдалтай ирж, эмчилгээний явцад ухаан орсон талаар тэмдэглэгдээгүй байсан... гэж, шинжээч Н.Энхцолмонгоос ...Гавал тархины хүнд гэмтэлтэй, ухаангүй байгаа хүн бол ярих, хэлэх боломжгүй юм... гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр баримтуудаас дүгнэвэл хохирогч О.Бат-Эрдэнэ нь хэргийн үйл баримтын талаар хэлсэн, ярьсан гэсэн нь нотлогдоогүй, дээр дурдсан баримтуудаар няцаагдаж байна.

 

Түүнчлэн шинжээчдийн дүгнэлт, мэдүүлгээр талийгаачийн гар хөл, мөчдийн хэсэгт буюу биеийн өөр өөр хэсгүүдэд хөхрөлт, зулгаралт зэрэг олон тооны үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн, эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр цохих, цохигдох, базах, унах, ойчих, атгах, нидрэх, нидрэгдэх зэрэг байдлаас үүсэх боломжтой, энэхүү гэмтлүүдээс хохирогчийн амь насанд хохирол учрахгүй, энэ талаар шинжээч нар мэдүүлсэн бөгөөд хэрэгт цугларсан гэрч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгээс үзвэл амь хохирогч О.Бат-Эрдэнийг Соёмбо-той хөшөөн дээрээс авч явахдаа, мөн вагончикний гадна талд хэвтэж байхад нь, мөн түүнийг Улаанбаатар хот руу авч явахаар авч явах зэрэгтээ түүнийг чирэх, өргөх, үүрэх зэрэг үйлдлийг хийсэн байх тул эдгээр үед дээрх гэмтэл нь үүссэн байх боломжтой, амь хохирогч О.Бат-Эрдэнийн биед учирсан мөчдийн олон тооны зулгаралт, цус хуралт бүхий гэмтлийг хэн учруулсан хэний үйлдлээс болсоныг мөрдөн байцаалтаар тогтоох боломжгүй.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс вагонд хүргэх замд амь хохирогч нь Сайнбуянтай зодолдох, маргалдах зэргээр гэмтэл авсан эсэхийг тогтоох шаардлагатай гэж мэтгэлцэж байгаа боловч хэргийн газар буюу Соёмбо цогцолбороос амь хохирогчийг авч явах гэхэд босохгүй, ярихгүй байснаас түүнийг өргөж автомашинд суулгасан талаар С.Дүүрэнбаяр, Д.Гантогтох, Ш.Сайнбуян нар нь мэдүүлдэг, мөн гэрч Ж.Санжаажавын мэдүүлгээр ...амь хохирогчийг Сайнбуян үүрээд бааз оклотикийн гадаа үлдсэн... гэж мэдүүлдэг. Эдгээрээс дүгнэвэл амь хохирогч нь цохиулсаны дараа бусадтай маргах, хэлэх ярих зэрэг боломжгүй нөхцөлтэй байсан байна.

Нөгөө талаас амь хохирогч, шүүгдэгч Д.Гантогтох нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн шүүгдэгч Д.Гантогтоход холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах тухай саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гантогтоход яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч Д.Гантогтохыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар.

1. Шүүгдэгч Д.Гантогтохын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид оршуулгын зардалд 10.178.800 төгрөгийг, амь хохирогч О.Бат-Эрдэнийн цалингийн зээлийн үлдэгдэл 6.880.724 төгрөг, тэжээгчээ алдсан тэтгэмж 50.000.000 төгрөг зэргийг нэхэмжилж байсан байна.

Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Гантогтохын ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидэд оршуулгын зардалд 10.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч, мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтыг талууд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардлын үлдэгдэл 178.800 төгрөг болон тэжээгчээ алдсаны тэтгэмж, бусад зардалд нэхэмжилсэн 56.880.724 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 10.000.000 төгрөгийг шүүгдэгчийн талаас 2017 оны 4 дүгээр сард 5.000.000 төгрөг, 6 дугаар сард 5.000.000 төгрөг нэмж төлж барагдуулахаар тохиролцсон, түүнчлэн энэ талаар тогтоолд тусгуулахаар хүсэлт гаргасаныг хүлээн авах үндэсгүй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Д.Гантогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаагаар Цагдаагийн Ерөнхий Газрын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Д.Гантогтоход ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 10.000.000 төгрөгийг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

 

Шүүгдэгч Д.Гантогтох нь 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 569 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цусны толбо бүхий хөнжил, орны бүтээлгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гар утасны ярианы бичлэг бүхий Си Ди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овгийн Дашжамцын Гантогтохыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Гантогтохыг 15 (арван тав)  жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантогтоход оногдуулсан 15 жил 01 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантогтохын 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 569 (таван зуун жаран ес) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цусны толбо бүхий хөнжил, орны бүтээлэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисс-т даалгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн гар утасны ярианы бичлэг бүхий Си Ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Гантогтохын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Гантогтохоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидэд оршуулгын зардалд 10.000.000 (арван сая) төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Гантогтоход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,  түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Гантогтоход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ

                       

                       ШҮҮГЧИД                                                       Л.БААТАР     

 

                                                                                                И.ГАНБАТ