Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 01148

 

 

 

 

 

 

 

2020 оны 4 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2020/01148

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б Ж Т ХХК хүсэлттэй,

 

Дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч “Б Ж Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б Ж Т ХХК /РД:/нь 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, нэг гишүүнтэйгээр /Д.Б 100 хувь/ аялал жуулчлал болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Улмаар харилцаа холбооны зохицуулах хорооноос Олон улсын ярианы үйлчилгээ үзүүлэх 471/Б/VоlР20 дугаартай тусгай зөвшөөрөл авсан ба 2008 онд харьяалах татварын хэлтсийн шаардлагын дагуу Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллагаар бүртгүүлсэн.  “Б Ж Т ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцаа холбооны зохицуулах хорооны 05/73 тоот албан бичгээр танай компани НЭАТ-ын 0 хувьтай үйлчилгээ үзүүлдэг гэж үзсэний дагуу БНСУ-д Монгол Улсруу утсаар ярьдаг карт худалдаалах үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл манай компани нь БНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчууддаа ар гэртэйгээ холбогдоход нь туслаж Олон Улсын ярианы карт борлуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсад үүрэн телефоны буюу Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг компаниудын дугаарлуу Солонгос Улсаас авсан картаараа Солонгос улсын үүрэн холбооны сүлжээг ашиглан дуудлага хийдэг байсан юм. Үндсэндээ манай компанийн гол үйл ажиллагаа бол Солонгос Улсад картаа зарж, тэнд байгаа хүмүүс ашигладаг байсан. Харин Монгол Улсад гаднаас орж ирж байгаа дуудлага бүрээс мөнгө авч түүндээ татвар оногдуулж манай компаниас нэхэмжилдэг байсан. “Б Ж Т ХХК нь 2008 онд 315,016.6 төгрөг, 2009 онд 37,785.2 төгрөг, 2010 онд 342.3 төгрөгийн зардалтай, 342,3 төгрөгийн алдагдалтай ажилласан билээ. Ингээд бид 2018, 2009 онд татварт илүү төлсөн НӨАТ-ын 46,000,000 төгрөгөө буцааж авах гэж хүсэлтээ өгтөл татвараас бусад татварын өр төлбөрөө төлсөн тохиолдолд НӨАТ-ын буцаалт авах эрхтэй гэсэн учир холбогдох зарим татварыг төлсөн бөгөөд 2010 оноос бидний үндсэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Учир нь “Мобиком корпораци” ХХК Солонгос улсад өөрийн интернет утсыг нэвтрүүлснээс болоод манай үйл ажиллагаа шаардлагагүй болсон тул худалдан авалт байхгүй болж орлогогүй болсон. Ийнхүү 2010 оноос үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Бид үйл ажиллагаагаа зогсоосноос хойш дахин татварын албанд илүү төлсөн НӨАТ-ы буцаалтаа авахаар хандахад Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 2012 онд хяналт шалгалт орж аж ахуй нэгжийн орлогын албан татвараар 60,518,739 төгрөг, дотоодын бараа үйлчилгээний НӨАТ болох 25,706,300 төгрөг, нийт 86,225,039 төгрөгийн акт тавиулсан. Баянгол дүүргийн татварын хэлтэст НӨАТ-ийн илүү төлөлт 46,754,100 төгрөгийг 21,047,700 төгрөг болгож бууруулсан. Бид энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ талаар Татварын маргаан таслах комиссд гомдол гаргасан боловч шийдвэр хэвээр үлдсэн. Ингээд Баянгол дүүргийн татварын албанаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн билээ. Ингээд бид шүүхийн шийдвэрт заасан төлбөр болох 86,225,039 төгрөгийг өгөх ямар ч орлогын эх үүсвэргүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан төлүүлэх болж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 11,500,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж, 74,725,039 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2018 онд Баянгол дүүргийн татварын албанд хүсэлт тавьсны дүнд НӨАТ-ын илүү төлөлт 25,151,300 төгрөгийг суутган тооцуулж одоо Баянгол дүүргийн татварын албанд 49,573,739 өртэй байгаа болно. “Б Ж Т ХХК-ийн тамга тэмдгийг 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий Газрын Хуулийн этгээдийн хэлтэст хураалгасан. Компани нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө нэг ч байхгүй.

Бусдаас авах авлага өр төлбөрийн хувьд: Авлагатай байгууллага: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, тээвэрчдийн гудамж, өөрийн байранд, утас: 25-32-68, Авлагын хэмжээ: 21,047,700 төгрөг,

Өглөгтэй байгууллага: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд, утас: 25-32-68, Өглөгийн хэмжээ: 28,526,039 төгрөг, дээрхээс бусдаар авлага, өглөг, өр төлбөр байхгүй. Одоогоор 2010 оноос хойш нэг ч үйл ажиллагаа явуулаагүй, дахин хөрөнгөжих гэж үзсэн боловч амжилтгүй болж байсан тул 2015 онд тамга, тэмдэгээ хураалгасан, компани ганц хувьцаа эзэмшигчийн хувьд хувийн амьдралд хүндхэн жилүүд энэ үед тохиолдсон. Өөрийн төрсөн эцгээ хүнд өвчний учир алдаад удаагүй байна. Мөн 2016 онд төрсөн охин төрөлхийн өвчний учир байнгын эмчийн хяналтад байдаг, гадаад дотоодын олон эмнэлгүүдээр авч явж эмчилгээ хийлгэж байгаа зэрэг асуудлаас болж бизнесийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа болно. Иймд компаний асуудлыг орхигдуулж байгаа бөгөөд компанийн хувьд аль 2010 онд төлбөрийн чадваргүй болсон байдаг. 2010 оноос хойш өдийг хүртэл ганц нэг авлага болон аав, ах дүү нараасаа зээл тавьж “Б Ж Т ХХК-ийн өр төлбөрийн асуудлыг зохицуулж ирсээр өнөөдрийг хүрлээ. Цаашид энэ компанийг авч явж чадахгүй тул хуулийн дагуу дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэжээ.

 

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан “Б Ж Т ХХК нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2007-2010 оны тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 159,584,264.58 төгрөг болж өөрийн хөрөнгийн 25.68 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно.” гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү “Б Ж Т ХХК нь 2010 оноос өөрийн хөрөнгийн 25.62 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

“Б Ж Т ХХК нь үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурсанд тооцуулж, татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Улсын бүртгэлийн 0000 тоот гэрчилгээтэй, хуулийн этгээдийн 0000  тоот регистрийн дугаартай “Б Ж Т ХХК нь анх 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1 гишүүнтэйгээр, аялал зуучлал, гадаад худалдааны  үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан байна.

Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Д.Б болох нь тус компанийн дүрэм болон улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-5-11 тал/.

 

Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар “Б Ж Т ХХК-ийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2019/12998 тоот шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн.

 

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2019/13563 дугаар шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилж, хэрэг гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтэд “Б Ж Т ХХК-ийг 2007-2010 оны жилийн эцсийн байдлаар татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дансаар 159,584,264.58 төгрөгийн өр төлбөртэй ба энэ нь компанийн өөрийн хөрөнгийн 25.62 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй гэжээ.

 

Түр хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлтийг үндэслэн, шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2020/02763 дугаар захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “Б Ж Т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон.

 

Шүүх 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Өнөөдөр” сониноор нийтэд энэ тухай мэдээлсний дагуу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд “Б Ж Т ХХК-иас өр авлагатай иргэн, аж ахуй нэгж байгууллага нэхэмжлэл гаргаагүй бөгөөд, шүүх санаачлагаараа 2020 оны 3 дугаар сарын 20-ний өдөр хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилсны дагуу хэрэг гүйцэтгэгчийн нь тус компанийг татан буулгах тухай санал, дүгнэлт гарган шүүхэд ирүүлжээ.

 

“Б Ж Т ХХК-ийн өмчлөлд 2020 оны 3 дугаар сарын байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, бусдад төлөх төлбөр болон татварын өр төлбөрт нийт 159,584,264.58 төгрөгийн өртэй, Гаалийн байгууллагад татварын өргүй, тус компанийн нэр дээр хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй, арилжааны банкуудад хадгаламж болон харилцах дансанд үлдэгдэлгүй, данс эзэмшдэггүй болох нь дээрх байгууллагуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа бүхий баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр “Б Ж Т ХХК-ийн бусдад төлөх 159,584,264.58 төгрөгийн өр төлбөр нь компанийн өөрийн хөрөнгийн 25.62 хувьтай тэнцэнэ гэж дүгнэсэн, тус компанийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл байхгүй, арилжааны банкуудад эзэмшдэг хадгаламжийн болон харилцах данс байхгүй, дансны үлдэгдэлгүй, 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй зэргийг үндэслэн “Б Ж Т ХХК-ийг энэхүү төлбөрийн үүргийг гүйцэтгэх чадваргүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заажээ.

 

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх боловч хүсэлт гаргагч өөрөө болон хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь дээрх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул “Б Ж Т ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ” гэж зааснаар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаа зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

   

         ТОГТООХ нь:

 

1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хуулийн этгээдийн 0000 регистртэй “Б Ж Т ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

3.Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан “Б Ж Т ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж, гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.

 

4.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан “Б Ж Т ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор бусдад төлөх өр төлбөрийн үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ЭНХЗАЯА