Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01182

 

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01182

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: О.Т

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Ттэй 2016 онд танилцаж гэр бүлийн харьцаатай болсон. Бидний дундаас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр охин Т.С төрсөн. Бид зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд охин Т.Сд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.С миний хүүхэд мөн. Тэтгэлэгийг хуульд зааснаар төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч О.Тт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Ц.Б, О.Т нар 2016 онд танилцаж, 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр охин Т.Сг төрүүлсэн болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Т.Сд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасанг хариуцагч О.Т зөвшөөрсөн, хүүхдийн эцэг О.Т болох нь хариуцагчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон байна.

Иймд Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг О.Төөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч О.Т нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Зохигч хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтойг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Т.Сг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.Төөр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Төөс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА