| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/04010/И |
| Дугаар | 102/ШШ2020/00802 |
| Огноо | 2020-03-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2020/00802
| 2020 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2020/00802 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 байр, 0 тоот хаягт оршин суух Г овогт О-ын А /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Жастын 0 байр, 0 тоот хаягт оршин суух О овогт Ц-ын М /РД: 00000000/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.М-тай 2018 оны 9 дүгээр сард танилцаж, 2018 оны 11 дүгээр сарыг хүртэл дотно харилцаатай байсан. 2018 оны 11 дүгээр сард зургаан долоо хоногтой жирэмсэн гэдгээ мэдсэн. Улмаар 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр охин А.Ц төрсөн. Иймд эцэг Ц.М-аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Ц.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.А-тай 2018 оны 9 дүгээр сард танилцаж, 2018 оны 11 дүгээр сарыг хүртэл холбоотой байсан. 2018 оны 12 дугаар сард жирэмсэн гэдгийг нь мэдсэн. Охин 2019 оны 7 дугаар сард төрсөн. Миний бие хүүхдийн эцэг тогтоолгохоор шинжээч томилуулсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул охин А.Ц-д хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Ц.М-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.А, хариуцагч Ц.М нар 2018 оны 9 дүгээр сард танилцаж, 2018 оны 11 дүгээр сарыг хүртэл дотно харилцаатай байсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр охин А.Ц-г төрүүлсэн, А.Ц-ийн эцэг Ц.М мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 692 тоот дүгнэлтээр тогтоогдож, мөн хариуцагч Ц.М нь охин А.Ц-г өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.5 дахь хэсэгт ...Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж хуульчилжээ.
Хариуцагч Ц.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаж буй нэхэмжлэгч О.А нь хариуцагч Ц.М-аас хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч О.А нь хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй тул охин А.Ц-г эх О.А-гийн асрамжинд үлдээж, эцэг Ц.М-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.Ц /РД: 00000000/-г эх О.А /РД: 00000000/-ийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А.Ц-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Ц.М-аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР