| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/00912/И |
| Дугаар | 102/ШШ2020/00893 |
| Огноо | 2020-03-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2020/00893
| 2020 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2020/00893 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Т.З овогт А-ийн Г /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух, Б овогт Д-ийн О /РД: 00000000/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие А.Г нь хүү О.Т эцэг болох Д.О-тай танилцаад 2005 онд жирэмсэн болсон. Хүүхдээ нууж явсаар байгаад том болсон тул аргагүйн эрхэнд хүүгээ төрүүлсэн. Тухайн үед би хайр сэтгэлийн улмаас гэр бүл болоогүй. Хүүхдийнхээ эрх ашгийн төлөө Д.О-тай хамт амьдрах болсон ба 2006 онд бид хоёр гэрлэлтээ батлуулсан. 3 жилийн хугацаанд хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд Д.О найз нөхдийн хамт архи ууж, архидан согтуурдаг байсан. Д.О нь гэр бүлээс гадуурх харилцаатай болж, бэлгийн замын халдварт өвчин авсны улмаас гэр бүлээ цуцлуулсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Д.О хүүхэддээ 2,000 төгрөг нэг удаа өгсөн байдаг. Тиймээс Д.О-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Хүүг 5 нас хүртэл нь Д.О-ын эцэг, эх асарч байсан гэж байна. Хүүхдийг 3 настай байхад нь бид хоёр тусдаа амьдарч 4 настай байхад нь гэрлэлтээ цуцлуулсан. Хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан гэж байгаа хэрнээ 18 дугаар сургуульд багшлаж байгаа. Хүүхдээ тэжээн тэгэх үүрэгтэй мөртлөө яагаад үүрэг хариуцлагаас зугтааж байгаа юм, түрээсийн байранд амьдардаг гэж байна. Түрээсийн байранд амьдардаг гэх нотлох баримт байгаа юу, салаад 10 жил болж байна энэ хугацаанд би нэг ч төгрөг нэхэмжлээгүй гэтэл Д.О тэжээн тэтгэх үүргээсээ татгалзаж ийм тайлбар гаргаж байгаад миний бие гомдолтой байна гэв.
Хариуцагч Д.О-ын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүү О.Т 5 нас хүртлээ Д.О-ын эцэг, эхтэй хамт байсан. Д.О 2010 онд осолд орсны улмаас эхнэр нь орхиод явсан тул сэтгэл санааны гутралд орж, сэтгэцийн өвчин тусч, сэтгэцийн эмчийн хяналтад байсан. Нэг хөл нь төмөртэй, 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 50 хувийн хөдөлмөр чадварттай алдалттай гэсэн комиссын шийдвэр бий. Хөдөлмөр чадварын алдалтаар мөн 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтай гэсэн нөхцөл байдалтай байгаа. Өндөр настай ээжийн хамт амьдардаг ба өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд амьдардаг. Түрээсийн байрны хөлс өндөр байдаг тул хүргэн ахынхаа байрыг 500,000 төгрөгөөр түрээслэж амьдардаг. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзаж, хүүхдийн тэтгэлгээс чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Д.О-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.О нь эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөрийн чадвар 50 хувийн алдалттай, эрхэлсэн ажилгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлж өгнө үү гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.Г, хариуцагч Д.О нарын гэрлэлтийг Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1768 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 8 дугаар сарын 19-нд төрсөн хүү О.Т-ийг эх А.Г-гийн асрамжинд үлдээж, эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж хуульчилсан ба гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах үедээ хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгч нэхэмжлээгүй, хариуцагч Д.О нь хүү О.Т-ийг өөрийн хүүхэд болохыг хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, харин ... эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөрийн чадвар 50 хувийн алдалттай, эрхэлсэн ажилгүй гэж нэхэмжлэлийг шаардлагыг татгалзсан тайлбар гаргасан боловч энэ үндэслэлээр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2006 оны 8 дугаар сарын 19-нд төрсөн хүү О.Т-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Д.О-аас гаргуулан олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР