Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 182/2017/03232/и |
Дугаар | 1071 |
Огноо | 2018-05-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 1071
Б.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00553 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Э” ХК-д холбогдох
2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 15 689 778 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардалд төлсөн 375 000 төгрөг гаргуулах, “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц,
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б/283 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 873 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон. Иймд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цалин хөлс, олговорт нийт 104 875 076 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, Э ХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 375 000 төгрөгийг гаргуулах, Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот Б.Гантулгыг ажилд томилох тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг зөрчсөн тул хүчингүй болгуулж, Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 дугаар тогтоолын дагуу шүүхийн шийдвэрийг Э ХК биелүүлсэн. Б.Гантулга нь гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/50 дугаар ажилтнуудын харьяалагдах нэгж болон албан тушаалын нэршилд өөрчлөлт оруулах тухай тушаалын хавсралтад Уурхайн үйлдвэрлэл хариуцсан захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот тогтоол, гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/252 дугаар ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаалаар Уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга орон тоог баталж, Б.Г-г 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажилд эгүүлэн томилсон. Б.Г-ай 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус тус уулзаж, ажил санал болгосон боловч ажил олгогчийн саналыг үл тоомсорлон ажилд томилсон тушаалыг хүлээн зөвшөөрөлгүй, Э ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогддог Тэргүүн дэд захирлын албан тушаалд томилуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй явдал нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийг Э ХК-ийн зүгээс сайн дураар биелүүлэх боломжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь олголгүйгээр Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 17300786/01 тоот тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр компанийн харилцагч банкуудад хүргүүлсэн байсан бөгөөд уг тогтоолыг өнөөдрийг хүртэл компанийн удирдлагуудад танилцуулаагүй. Түүнчлэн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/28424 тоот мэдэгдэх хуудсыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр компанид ирүүлсэн. Мэдэгдлийг албан ёсоор бичгээр ирүүлээгүй байхдаа шийдвэр гүйцэтгэлийн журмаар өөр төлбөр авагч болох М.Азжаргалын төлбөрт Б.Г-д олгох нөхөн төлбөрийг нэмж хамтад нь тус компанийн дансыг хаах замаар хууль бусаар 53 303 430 төгрөгийг шилжүүлэн авсан нь Э ХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжгүй байсан мэт харагдуулж, хууль бус үйл ажиллагаа явуулсан 119 дүгээр шийдвэр гүйцэтгэгчийн үйлдлийг шалгуулахаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдол гаргаж байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/149 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэгчид анхааруулах арга хэмжээ авсан тухай хариу мэдэгдсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын төлбөр болох 375 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 100 333 242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 916 834 төгрөгт холбогдох хэсгийг, Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Э ХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680 261 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 4 253 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Э ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 659 616 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож,
Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нотлох баримтыг тал бүрээс үнэлээгүй. Шүүхээс ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажилд томилсон гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй гэж үзэж байна. Хариуцагч “Э” ХК-ийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/22 тоот тушалаар ажилд эгүүлэн тогтоосон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ажилд эгүүлэн тогтоохдоо компанийн бүтцэд байхгүй, албан тушаал, цалин хөлсийг бууруулан тогтоосон. Иймд ямар ажлын байранд, хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийг хэрхэн санал болгож буй талаар 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Э” ХК-ийн хуульчидтай уулзаж, санал болгосон ажлын байрны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсийг танилцуулахыг шаардсанаар мэйл хаягаар хөдөлмөрийн гэрээний төслийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр явуулсан. Дээрх төслийг аваад 2018 оны өдрийн 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, тус ажилд эгүүлэн тогтоосон үйл баримт хууль зөрчсөн тул хүлээн зөвшөөрөхгүй хүсэл зоригоо илэрхийлсэн болно. Гэтэл шүүхээс талууд харилцан тохиролцож ажилд эгүүлэн тогтоосон гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байгаа болно. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 21.1.3, 21 дүгээр зүйлийн 21.3, 21.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй, харилцан тохиролцож ажилд эгүүлэн тогтоосон гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.
Албан тушаал цалин хөлс бууруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр нь “Э” ХК-ийн бүтцэд өөрчлөлт оруулсан нь шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоолын 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн цалин хөлс болон албан тушаал бууруулан тогтоосон болно. Шүүхээс уурхайн бүтцийг гүйцэтгэх захирал болон үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захиралтай байхаар бүтцийн өөрчлөлт хийгдсэн бөгөөд үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал нь албан тушаалын нэршил өөрчлөгдсөн эсэх, ойролцоо албан тушаал мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй болно. Үйлдвэрлэл эрхэлсэн захирал буюу төлөөлөн удирдах зөвлөлөөр томилогддог албан тушаалтныг дарга буюу үйлдвэрлэл эрхэлсэн захирлаас даруй 2 шатлал доогуур албан тушаалд томилсныг дүгнээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3.11-д заасныг хэрэглээгүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00553 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 873 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 тоот топоолоор “Эрдэнэс таван толгой” ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал албан тушаал эрхэлж байсан нь тогтоогдсон. Дээрх гурван шатны шүүхээс үйлдвэрлэл хариуцсан захирал албан тушаалд эгүүлэн томилохыг даалгасан атал Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3.11-д зааснаар шийдвэрлэх нь төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх байтал, төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр ажилд эгүүлэн томилж тушаал гаргасан талаар шүүхээс компанийн дүрмийг хэрэглээгүй 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тушаал хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/252 тоот тушаалаар уурхайн бүтцийн өорчлөлтийг хийсэн бөгөөд “Э” ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3.3-т "Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, удирдлагын зардлын дээд хязгаарыг батлах" нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарч байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлөөс бүтцийн өөрчлөлт хийгээгүй, тэдгээр эрх хэмжээг олгоогүй атал гүйцэтгэх захирал дур мэдэн тушаал гаргасан үйл баримт нь компанийн дүрэмд харшилсан, бодитой бий болгосон ажлын байр, албан тушаал буюу байнгын ажлын байр эсэхэд шүүхээс дүгнэлт өгөөгүй байна.
Шүүхийн тогтоолын биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн 182/ШТ2018/00075 тоот тогтоолын тогтоох хэсгийн 3-д бичигдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн мөртлөө тогтоолын биелэлт өнөөдрийг хүртэл хангагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, зохигчийн нотлох баримт гаргуулах эрхийг хангасан атал шүүхийн тогтоолын биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг хүчингүй болгуулах, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 89 185 298 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 15 689 778 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардалд төлсөн 375 000 төгрөг гаргуулах, “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 дугаар тогтоолоор Б.Г-г “Э” ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 53 263 433 төгрөгийг хариуцагч “Э” ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож, хариуцагч “Э” ХК нь нэхэмжлэгч Б.Г-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-8-18 дугаар тал/
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар Б.Г-г уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажилд эгүүлэн тогтоожээ. /хх44 дүгээр тал/
Дээрх Б/22 тоот тушаал гарснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа шинээр үүссэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан асуудлаар шүүх дүгнэлт хийхийн тулд нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт, дараа нь бүтцийн өөрчлөлтөөр шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг харьцуулах шаардлагатай.
Гэтэл нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн эсэх, нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчжээ.
Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г-н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ