Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 22/МА2025/0771

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л о ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Х.О Б.Л

Нэхэмжлэгч Л о ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: “Л о ХХК-ийн 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 92 гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн газрын тосны завсарын бүтээгдэхүүний Онцгой албан татвар ногдуулсан нэхэмжлэхийн дагуу төлсөн 25,832,210,841.00 төгрөгийг суутган тооцоогүй Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л о ХХК-иас төлсөн 25,835,210,841.00 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3-т заасны дагуу Л о ХХК-ийн дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгах тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 641 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0480/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л о ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “Л о ХХК-ийн 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 92 гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн газрын тосны завсарын бүтээгдэхүүний Онцгой албан татвар ногдуулсан нэхэмжлэхийн дагуу төлсөн 25,832,210,841.00 төгрөгийг суутган тооцоогүй Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л о ХХК-иас төлсөн 25,835,210,841.00 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3-т заасны дагуу Л о ХХК-ийн дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгах тухай” шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 641 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 22 дугаар 22.2, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус үндэслэн Л о ХХК-ийн 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 92 гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн газрын тосны завсарын бүтээгдэхүүний Онцгой албан татвар ногдуулсан нэхэмжлэхийн дагуу төлсөн 25,832,210,841.00 төгрөгийг суутган тооцоогүй Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л о ХХК-иас төлсөн 25,835,210,841.00 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3-т заасны дагуу Л о ХХК-ийн дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Захиргааны ерөнхий хууль бол нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд зүйн дүгнэлт өгдөг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 10 дахь хэсэгт "...хариуцагчийн хувьд нэхэмжлэх ёсгүй байсан татвар, нэхэмжлэгчийн хувьд төлөх ёсгүй байсан татвар байх ба нэгэнт төлөх ёсгүй татварыг төлсний хувьд нэхэмжлэгчийн тухайд "итгэл хамгаагал зарчим" хэрэглэгдэх үндэслэлтэй гэж дүгнэв"; 11 дэх хэсэгт "... нэхэмжлэгч ба хариуцагч нарын хороонд үүссэн гаалийн албан татварын, тэр дундаа онцгой албан татварын харилцаа дуусаагүй цаашид үргэлжлэхээр байгаа, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн, тухайн үр дагавар нь хуулийн дагуу үүсээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эдгээр нөхцөл байдалд итгэл зайлшгүй хамрагдахаар байна" гэж тус тус дүгнэсэн өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримлах "зарчим"-ыг үндэслэл болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Энэ бол захиргааны акт, захиргааны хэм хэмээ тогтоосон акт, захиргааны гэрээ биш энэ бол тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг л хэрэгжүүлсэн үйлдэл юм.

Нэгэнт хүчин төгөлдөр Онцгой албан татварын тухай хуулийн хүрээнд нэхэмжлэгч "Л о ХХК татвар төлсөн байхад Захиргааны ерөнхий хуульд заасан "зарчим" гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад үл нийцнэ.

3. 2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 12 дахь хэсэгт "...шүүх тухайн харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхий зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ" гэж дүгнэсэн атлаа Монгол Улсын Үндсэн хуулийн чухам ямар санаанд нийцүүлэн хэргийг шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт огт дүгнээгүй.

3.3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйл "Үндсэн хуульд нийцээгүй тухай шийдвэр гаргасны үр дагавар", мөн зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд нийцээгүй хууль, ... Цэц хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно" гэж заасан. Энэ нь Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болохоос бус хууль Монгол Улсын Үндсэн хуультай нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэцээс үзсэн тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилж байсан үеийн асуудал дахин яригдахгүй "хор хохирол болон бусад үр дагавар" үүсээгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс үзэж байна.

3.4. Шүүхийн шийдвэр шийдвэрийг Тогтоох нь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг тус тус баримталсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг шүүх шүүхийн шийдвэрийнхээ Тогтоох нь хэсэгт баримтлахгүй, тагцхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэц л дүгнэлтийнхээ тогтоох хэсэгт баримталдаг, Захиргааны ерөнхий хуулийн зарчмын зохицуулалтыг энэ хэрэгт огт хамааралгүй, Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3.5. Онцгой албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Энэ хуульд заасан онцгой албан татвар ногдох бараа импортолсон болон дотоодод үйлдвэрлэж борлуулсан хувь хүн, хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байна" гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л о ХХК нь Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дагаж мөрдөж эхэлсэн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны Об дугаар сарын 16-ны өдөр хүртэл Онцгой албан татвар төлөгч байна. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Энэ хуульд заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг төрийн сангийн дансанд шилжүүлнэ" гэж заасан байхад Гаалийн байгууллага энэ хэргийн хариуцагч биш гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Хууль гэдэг нь тодорхой улс оронд нийтийн болон төрийн дэг журмыг зохицуулж, нийгмийн харилцааг хамгаалж, удирдан зохион байгуулах зорилготой тогтоосон нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам юм. Хууль нь тухайн нийгмийн бүхий л гишүүдэд зориулан гаргасан, Засгийн газар болон эрх бүхий байгууллагаас баталж хэрэгжүүлдэг албан ёсны журам бөгөөд бүх иргэн дагаж мөрдөх үүрэгтэй гэж тодорхойлсон байдаг.

 Иймээс энэ бүгдэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Л о ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Л о ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “Л о ХХК-ийн 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 92 гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн газрын тосны завсарын бүтээгдэхүүний Онцгой албан татвар ногдуулсан нэхэмжлэхийн дагуу төлсөн 25,832,210,841.00 төгрөгийг суутган тооцоогүй Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л о ХХК-иас төлсөн 25,835,210,841.00 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3-т заасны дагуу Л о ХХК-ийн дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4. Хэргийн үйл баримтын тухайд:

4.1. Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар онцгой албан татвар ногдуулах бараанд газрын тосны үйлдвэрлэлийн зарим дайвар бүтээгдэхүүн болох хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилат болон керосиныг хамааруулж, 1 тонн тутамд 285,000.00 төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар өөрчлөлт оруулж, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлжээ.

4.2. Уг хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 2 жил орчмын хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Л о ХХК нь дээр дурдсан татварт нийт 25,835,210,841.00 төгрөг төлсөн байна.

4.3. Нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаар дүгнэлтээр Онцгой албан татварын хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон бөгөөд энэ өдрөөс эхлэн хуулийн үйлчлэлийг түдгэлзүүлж, Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн  04 дүгээр дүгнэлтийг хүлээн авснаар холбогдох хуулийн заалт хүчингүй болсон.

5. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Хууль, ... нь Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаантай асуудлыг дахин хянан үзэж Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, ... бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно” гэж заасан байх тул маргаан бүхий цаг хугацаанд Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзэхээр байна.

6. Тодруулбал, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин.”-д онцгой албан татвар ногдуулахаар заасан заалт нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан.

7.Үүнээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгчээс онцгой албан татварт 25,835,210,841.00 төгрөгийг төлсөн нь эрх зүйн зөрчилгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэгжүүлсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

8. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр, түүнчлэн өмнөх шийдвэрээ Цэц хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно” гэж зааснаас үзвэл Үндсэн хуульд нийцээгүй хэмээн хүчингүй болсон хууль гагцхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлагыг хөнгөрүүлэх тохиолдолд анх батлагдсан цагаасаа үйлчлэлгүй болох үр дагавартай байна.

9. Иймд Л о ХХК нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу үүссэн онцгой албан татвар төлөх үүргээ хэрэгжүүлсэн нь дээрх зохицуулалтад хамааралгүй.

10. Дээрхээс дүгнэвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан “Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болохоос бус хууль Монгол Улсын Үндсэн хуультай нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэцээс үзсэн тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилж байсан үеийн асуудал дахин яригдахгүй “хор хохирол болон бусад үр дагавар” үүсээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

11. Анхан шатны шүүхээс “...Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж зааснаар Үндсэн хууль зөрчсөн Онцгой албан татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгчид ногдуулсан 23,486,555,310.00 төгрөгийг онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын 2,835,210,841.00 төгрөг, нийт 25,835,210,841.00 төгрөг нь хариуцагчийн хувьд нэхэмжлэх ёсгүй байсан татвар, нэхэмжлэгчийн хувьд төлөх ёсгүй татвар байх ба нэгэнт төлөх ёсгүй татварыг төлсний хувьд нэхэмжлэгчийн тухайд “итгэл хамгаалах зарчим” хэрэглэгдэх үндэслэлтэй...” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

12. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 ”илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах”, 49 дүгээр зүйлийн 49.1. ”Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ:” 49.1.3. ”татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох.” зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн дараагийн хугацаанд төлөх онцгой албан татварт суутган тооцох боломжтой талаар дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу төлсөн татварыг “илүү төлсөн татвар”-т тооцох хууль зүйн боломжгүй.

13. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 641 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л о ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Л о ХХК-ийн 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 92 гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн газрын тосны завсарын бүтээгдэхүүний Онцгой албан татвар ногдуулсан нэхэмжлэхийн дагуу төлсөн 25,832,210,841.00 төгрөгийг суутган тооцоогүй Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л о ХХК-иас төлсөн 25,835,210,841.00 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3-т заасны дагуу Л о ХХК-ийн дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                 А.САРАНГЭРЭЛ

 

                               ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА

 

                               ШҮҮГЧ                                                 Б.АДЪЯАСҮРЭН