Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Р.Энхтуяа,

иргэдийн төлөөлөгч Ж.Саранбадам,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хосбаяр, түүний өмгөөлөгч М.Цэлмүүн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2171),

шүүгдэгч С.Хүчитбаатар, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0192), Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Сэр-Одын Хүчитбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2324 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Сэр-Одын Хүчитбаатар, Баянхонгор аймгийн Баянлиг суманд 1967 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 27 дугаар гудамжны 32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар МИ67101934.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч С.Хүчитбаатар нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүртэн хүнсний дэлгүүрийн замын хойд талд байрлах контейнерийн дэргэд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн талийгаач С.Баярсайханд хүч хэрэглэн нүүрэн тус газар нь цохиж биемахбодид гавал тархины битүү гэмтэл учруулан нийгмийн хэв журам зөрчин танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч С.Хүчитбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 02-нд Зүүнсалаанаас Орбит руу явж байгаад Санжаа, Баярсайхан нартай Орбитын автобусны буудал дээр таарсан. Тэгээд нэг шил архи аваад Гүртэн дэлгүүрийн хажууд хувааж уусан гэх мэдүүлэг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хосбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 23-ны үдээс хойш эмнэлэг дээр очсон. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа шүүгдэгч Хүчитбаатарын эхнэр нь ирээд уулзаад явсан. Би 9 дүгээр сарын 27-нд дуудлага өгсөн гэх Нарангэрэл гэж хүний Гүртэн дэлгүүр дээр очсон...хэрэг болсон гэх газрын хойд талын дугуйн засварын хүнтэй уулзахад тухайн үед дугуйгаа засуулж байсан жолооч хүмүүс хоорондоо маргалдаад байхыг хараад цагдаад дуудлага өгсөн гэж надад хэлсэн. ...Гомдолтой байгаа. Оршуулгын зардал төлөөгүй байгаа. Хуулийн дагуу шийдэж өгөөч гэж хүсч байна гэх мэдүүлэг.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн орой 20 цагийн орчим эмээ Долгорсүрэн над руу утсаар яриад аав чинь гэмтлийн эмнэлэгт очсон байна гэхээр нь тэр даруй гэмтлийн эмнэлэг дээр очиход аав Баярсайхан Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн сэхээний тасагт ухаангүй байдалтай, хагалгаанд орсон хэвтэж байсан. Ингээд би хагалгаа хийсэн эмч Түмэн-Өлзийтэй уулзахад 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүргэгдэж ирсэн, тархиндаа маш хүнд гэмтэлтэй, тархинд нь 2 удаа хагалгаа хийсэн, биеийн байдал нь хүнд байгаа шүү гэдгийг хэлсэн. Намайг эмнэлэг дээр аавыгаа сахиж байхад аавыг маань зодсон Хүчитбаатар гэдэг хүний эхнэр нь...хоол, цай авчирч өгөх үед нь танай нөхөр хаана байгаа юм, ямар хэрэг болсон юм бэ гэж асуухад нөхөр маань цагдаа дээр шалгагдаж байгаа, манай нөхөр, танай аав нар архи уугаад хоорондоо маргалдаад ийм юм болчихсон байна гэснээс өөр юм хэлээгүй. ...Би 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дуудлага өгсөн гэх Нарангэрэл гэх эмэгтэйтэй уулзахаар Гүртэн дэлгүүр дээр очиход тэр эмэгтэй надад би болсон хэргийн талаар хараагүй болохоор мэдээгүй, манай дэлгүүрээс архи худалдаж авцгаагаад замын хойд талын контейнерийн хажууд ууцгаагаад байсан. Дараа нь Хүчээ гэх хүн нь орж ирээд дуудлага дуудаад өгөөч гэхээр нь би дуудлага дуудаж өгсөн гэхээс өөр юм хэлээгүй. Контейнерийн хойд талын дугуй засварын газрын Энхдаваа гэдэг хүнтэй уулзаж асуухад тэр өдөр дугуй засвартаа байхад контейнерийн хажууд хүмүүс архи уугаад...муудалцаад, тэр үед дугуйгаа засуулж байсан хүн цагдаа руу яриад дуудлага өгсөн гэж хэлсэн. Би аавыгаа эмнэлэг дээр сахиж байхад 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр аав маань нас барсан. ...би сэтгэл санааны маш их гомдолтой байна. Яллагдагч Хүчитбаатарын ар гэрээс нь нэг ч удаа холбогдоогүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж нотлох баримтаар гаргасан 9.277.625 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

2. Гэрч Д.Батсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг явахаар 16-17 цагийн орчим...хотоос гарах замдаа Сонгинохайрхан дүүргийн Тахилт чиглэлийн замын хойд талд байрлах дугуй засварын газарт зогсоод запас дугуйгаа засуулахаар өгчихөөд хүлээж байхад дугуй засварын урд байрлах контейнерийн урд буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь 3 хүн газарт явган суучихсан архи ууж байгаа бололтой харагдсан. ...намайг харж байхад юунаас болсоныг мэдэхгүй урд талд нь сууж байсан хүн нь гэнэт босож ирсэнээ голд сууж байсан хүнийхээ нүүр рүү цохих шиг болоход эхний цохьсон хүн нь газраас чулуу ч юм уу мэдэхгүй нэг юм шүүрч аваад босч ирээд цохих шиг болоход эхний цохьсон хүн нь зөрүүлээд дух орчимд нь цохиход арагшаа саваад унасан. ...Цохиж унагаасан хүн нь цохиулаад унасан хүнээ татаад контейнерийн хаалга түшүүлж суулгаад судсыг нь барьж үзээд цээжин дээр нь чихээ тавьж чагнаад хэсэг байж байснаа урагшаа дэлгүүр рүү гүйгээд буцаж гүйж ирээд байж байтал түргэний машинтай эмч ирээд нөгөө газарт унасан байсан хүнийг үзээд машинд оруулаад аваад явахад нь цохьсон хүн нь хамт суугаад явсан. Би тэр үед өөрийн 88873865 дугаарын утаснаас 102 руу залгаж цагдаад дуудлага өгчихөөд дугуйгаа засуулж аваад явсан  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

2.1. Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэлийн хуулбар (хавтаст хэргийн 4 дэх тал),

3. Гэрч Л.Санжаадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 15-16 цагийн орчим гэртээ ганцаараа байхдаа гэрт байсан тал шил архийг ганцаараа уучихаад гэрийнхээ хойд талын автобусны буудал дээр зогсож байхад талийгаач шүд Баяраа гэх хүн таарсан. Тэр үед...Хүчитбаатар мөн ирээд нэг юм ууя гээд Гүртэн дэлгүүрээс нэг юм аваад шүд Баяраа, Хүчитбаатар бид 3 замын хойд талын контейнерийн хажууд сууж байгаад хувааж уусан. Архи дуусахад Хүчитбаатар дахиад нэг шил архи авчраад гурвуулаа уугаад байж байхад Гүртэн дэлгүүрийн хажуу талын байшингийн 2 давхарт амьдардаг Цогтоо гэх залуу хүрч ирээд жаахан сууж байгаад явсан. ...түүнээс хойш юу болсон, өөр хүн ирсэн эсэхийг мэдэхгүй байна, нэг мэдэхэд л гэртээ байж байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

4. Гэрч Ц.Цогттөрийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Гүртэн дэлгүүрийн зүүн талд байдаг нийтийн байрны 2 дугаар давхарт амьдардаг. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн орчим би гэрээсээ гараад Гүртэн дэлгүүрийн гадаа зогсож байтал Хүчитбаатар, Баярсайхан, Санжаа нар Гүртэн дэлгүүрийн замын хойд талын контейнерийн зүүн талд сууж байхаар нь явж очиход 1 шил архи хуваагаад ууж байснаа надад хийж өгөхөд нь би 1-2 хундага татчихаад яваад өгсөн. Би гэр рүүгээ орчихоод жаахан байж байгаад гарч ирэхэд Баярсайхан, Хүчитбаатар хоёр юунаас болсныг мэдэхгүй бие биенээ хөөж туугаад маргалдаад зогсож байснаа Хүчитбаатар Баярсайханы нүүр рүү алгаараа мангастаад түлхэтэл Баярсайхан арагшаа контейнер руу саваад унасан. Тэгээд 2 хөлөө жийгээд босож ирэхгүй байхаар нь Хүчитбаатар босгох гээд байгаа бололтой татаад байхаар нь би согтуу хүмүүс өөрсдөө учраа олно биз гэж бодоод гэр рүүгээ ороод цонхоор хартал Баярсайхан унасан газраа тэр хэвээрээ хэвтэж байхаар нь буцаж гараад Гүртэн дэлгүүр рүү ороод дэлгүүрийн охинд түргэн дуудаад өгчих гэж хэлээд түргэн дуудуулсан. Баярсайхан, Хүчитбаатар хоёрыг маргалдаж байхад Санжаа жаахан зайтай гуйваад зогсож байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

5. Гэрч Б.Энхдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манай ах Баттулга намайг...Гүртэн дэлгүүрийн замын хойд талд байрлах дугуй засвар дээрээ байж байгаарай гээд явсан. ...Намайг дугуй засварын газраа байхад засварын газраас урагш холгүй байрладаг контейнерийн зүүн талд 2-3 хүн архи уугаад сууж байгаа харагдсан. ...удалгүй том хүнд даацын Ховво маркийн машин ирээд дугуйгаа засуулаад байж байхад машины жолооч Батсүрэн гэх хүн хүмүүс зодолдоод байна гээд утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би гараад хартал контейнерын зүүн талд архи ууж байсан хүмүүсийн нэг нь газарт уначихсан хэвтэж байсан. Нэг нь цаанаас нь гүйж ирж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

6. Гэрч М.Нарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 22-15 тоотод байрлах Гүртэн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад 14 цагийн орчимд Хүчитбаатар гэх хүн ганцаараа орж ирээд нэг ширхэг Шим нэртэй 0.75 литрийн архийг 5.500 төгрөгөөр авч гарсан. Дараа нь 15 цагийн орчим ганцаараа дахин орж ирээд 0.75 литрийн Шим архинаас дахин 1 шилийг аваад явсан. Ингээд 16 цаг өнгөрч байх үед Далай гэх хүний хамтаар дахин орж ирээд 1 шил архи авъя гэснээ 1.500 төгрөг дутчихлаа, гар утсаа барьцаанд тавиад үлдээчихье гэхээр нь үгүй гэтэл гараад явсан. Ингээд 19 цагийн орчим Хүчитбаатар гэх хүн ганцаараа орж ирээд түргэн дуудаад өгөөч гэхээр нь та үнэн дуудлага өгөх гээд байна уу, худлаа дуудлага өгөх гээд байна уу, худлаа дуудлага өгвөл би дараа нь хариуцлага хүлээнэ ш дээ гэхэд гараад явснаа удалгүй Цогоо гэх хүний хамт орж ирээд түргэн дуудаад өгөөч, хүний зүрх зогсчих гээд байна гэхээр нь...103 дугаар руу залгаж дуудлага өгөхөд...гараад явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

7. Гэрч С.Далайхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн орчим би гэрээсээ гараад Гүртэн дэлгүүр орж тамхи авчихаад явж байтал Хүчитбаатар ах замын хойд талын контейнерийн хажууд таараад тамхи асуухаар нь нэг тамхи өгчихөөд хажууд нь очиж 30 орчим минут сууж байгаад гэртээ харьсан. Тэнд Хүчитбаатар ах Баярсайхан, Санжаа нартай архи уусан бололтой бүгдээрээ нилээд согтуу байдалтай, нэг нь төрсөн өдөр болж байгаа гар утсаа зарна гэж яриад байсан. Намайг очиход архи байгаагүй, өмнө нь уусан бололтой байсан. Би өмнө нь гэрээсээ гарахдаа ганцаараа архи жаахан уусан боловч согтоогүй байсан. Хүчитбаатар ах миний том ах, хүнтэй наргианч нөхөрсөг, зөөлөн сэтгэлтэй, ажилсаг хүн байгаа юм. Харин сүүлийн үед архи согтууруулах ундаа нилээд хэрэглэдэг болсон бөгөөд архи уухаар хөл нь хөнгөрөөд наашаа гэсэн хүн дагаж гүйдэг болсон. Согтчихвол ганцаараа орилж хэвтэж байгаад унтдаг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1800 дугаар актад:

...Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн 24788 дугаар өвчний түүхэнд: Өвчний түүх нээсэн 2016.09.22-ны 22 цаг 10 минут,  нас барсан 2016.09.29-ний 15 цаг 10 минут...

Гадна үзлэг: ...Зүүн зулай, чамархайд тах хэлбэрийн оёдол тавигдсан мэс заслын шархтай. Баруун хөмсөгний доор /баруун дээд зовхинд/ хөндлөн байрлалтай 1.5Ч0.5 см хүрэн өнгийн тав бүхий шархтай, духны зүүн доод хэсэгт 1Ч1 см, 0.3Ч0.2 см  хэмжээтэй тав нь хуурсан зулгаралттай. Цээжний баруун талд 4Ч3 см, 3Ч2.5 см, зүүн талд 3Ч2 см хэмжээтэй 2 ширхэг, зүүн бугалганы урд дээд хэсэгт 5Ч3 см захаасаа шимэгдэж буй хөх цус хуралтуудтай.

Дотор эрхтэний шинжилгээ: Толгойн хуйхны дотор гадаргуу, зүүн зулай, чамархайн хуйханд тархмал улаан хүрэн өнгийн цус хуралттай. ...Зүүн зулайд 6Ч6 см хэмжээтэй цооног гаргасан нүхтэй. Тархины хатуу хальсыг хуулж үзэхэд: зүүн дух, зулай, чамархай хэсгээр хатуу хальсан доор нимгэн бүлэгнэсэн цусан хураатай. Хатуу хальстай наалдсан...Зүүн дух, чамархай, дагз хэсгийн тархи дарагдаж хонхойсон. Зүүн чамархай, дагз хэсгийн аалзан бүрхүүл доор нимгэн цус харвалттай. Зүүн духны дэлбэнд 6Ч4Ч2 см хэмжээтэй тархины эдийн няцралтай...

ДҮГНЭЛТ:

1. Гавал тархины битүү гэмтэл: Зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх тархмал цусан хурааг авах мэс ажилбарын дараах байдал/2016.09.23/, баруун тал бөмбөлөгийн чамархай дагз хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн духны тархины эдийн няцрал, баруун дээд зовхинд шарх, дух, баруун тохойд зулгаралт, цээж зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар хүчээр үүссэнийг тогтоох боломжгүй.

3. Гэмтэл авсан зай, чиглэлийг тогтоох боломжгүй.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байжээ гэх шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 46-49 дэх тал),

8.1. Шинжээч эмч Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...С.Баярсайханы цогцост хийсэн шинжилгээгээр шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд тогтоогдсон ба эдгээр нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт  ир, үзүүр, ирмэггүй бусад бүх зүйлийг хамааруулж ойлгоно. Мохоо зүйлийн олон удаагийн гэдэгт ир, үзүүр, ирмэггүй зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлийг ойлгоно. Хохирогчийн баруун дээд зовхинд цохих үед савж унасан тохиолдолд уг гэмтэл үүсэж болох ба хохирогч зүүн тал хэсгээр савж унаснаас зүүн тал бөмбөлгийн орой хатуу хальсан доорх тархмал цусан хурааг авах мэс ажилбарын дараах байдал /2016.09.23/, баруун тал бөмбөлөгийн чамархай дагз хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн духны тархины эдийн няцрал гэмтлүүд нь үүсч болох юм. Баруун зовхин дахь шарх гэмтэлд шинээр оёдол тавьсан гэмтэл байсан учраас тухайн үед цохиулсанаас үүссэн байх боломжтой. Харин бусад дух, цээж, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүдийг хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй  бөгөөд өмнө нь үүссэн байж болох гэмтлүүд гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

 

9. Шүүгдэгч С.Хүчитбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 он 9 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн үед би Зүүн салаагаас гэрээсээ гараад 12 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудал дээр буугаад Хилчиний 27-32 тоотод аавындаа очих санаатай баруун тийшээ алхаж явтал замын урд талын автобусны буудлын хажууд миний өмнө зүс таних Баярсайхан, Санжаа 2 нилээн согтуу байдалтай таараад шар тайлаад өгчих, төрсөн өдрийн ганц юм ууя, ганц шил архи аваад өгчих гэхээр нь надад тухайн үед 20.000 төгрөг байсан боловч тэр хоёрт надад 3.000 төгрөг л байна, өөрсдөө нэмээд авчих гэхэд мөнгө хэрэггүй, ганц юм аваад өгчих гэхээр нь тэгвэл чадахгүй гэж хэлээд яваад өгсөн юм. Аавынд очиж байж байгаад гэртээ харих санаатай 15 цагийн орчим гараад...автобусны буудал руу явж байтал Гүртэн дэлгүүрийн замын хойд талын блокон хашааны хажууд Дамба ах таараад ах нь шартчихаад явж байна, ганц шил юм аваад өгчих гэж гуйхаар нь Гүртэн дэлгүүрээс 5.000 төгрөгөөр Шим нэртэй нэг шил архи, нэг удаагийн хуванцар аяга аваад замын хойд талын блокон хашааны хажууд очиж суугаад хоёулаа хуваагаад ууж байхад тэр хавиар явж байсан 2-3 хүн харчихаад хүрч ирэхээр нь нэг нэг хийж өгөөд явуулсан. Үлдсэн архиа ууж дуусаад Гүртэн дэлгүүрээс дахин нэг шил 0.75 граммын Шим нэртэй архи авч бид хоёр хувааж уугаад Дамба ах гэр рүүгээ явсан. ...автобусны буудал дээр ирэхэд Баярсайхан, Санжаа 2 дахин таараад нэг шил архи аваад өгчих гээд байхаар нь би архи уучихсан байсан болохоор ганц юм хуваагаад уучихъя гэж бодоод Гүртэн дэлгүүрээс нэг шил 0.75 граммын Шим нэртэй архи аваад зам хөндлөн хойшоо гараад замын хойд талд буюу блокон хашааны урд талд байрлах цэнхэр өнгийн контейнерийн зүүн талд гурвуулаа очиж суугаад ууж байтал Цогоо гэх хүн ирэхээр нь ууж байсан архинаасаа хийж өгөхөд 2-3 татчихаад яваад өгөхөөр нь Баярсайхан, Санжаа бид 3 үлдсэн архиа хувааж уугаад дуусах дөхөж байхад Баярсайхан надад нэг хийгээд өгчих гэхээр нь би түүнд чиний хэмжээ болсон одоо болно гэхэд Баярсайхан уурлаад гарынхаа алганд жижиг чулуу атгасан гараараа зүүн шанаа руу цохьсоноо дахин уруул руу цохихоор нь миний уур хүрээд босч ирээд Баярсайханыг зүүн гараараа татаад баруун гараараа зүүн шанаа орчимд гарын алгаар хүчтэй түлхэлттэй цохитол арагшаа контейнерийн хаалга руу ар талаараа саваад уначихсан. Баярсайханы нүд нь эргэлдээд, царай нь сонин болоод нэг л хачин амьсгалаад эхлэхээр нь би сандраад зүрхэн дээр нь гараа тавьж үзэхэд зүрх нь цохилж байгаа нь мэдрэгдэхээр нь Гүртэн дэлгүүр орж дэлгүүрийн худалдагч охиноор түргэн дуудуулсан. Буцаж очоод контейнер налуулж суулгаад гар хурууг нь базаад байж байтал түргэний эмч, цагдаа ирээд эмнэлэг аваад явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81, 171-172 дахь тал),

10. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1110 дугаар дүгнэлт:

Болсон хэргийн талаар, өөрийн үгээр: 2016 оны 9 дүгээр сарын 22-нд Зүүн салаагаас Орбит орохоор яваад Сүхбат дээр очоод автобусны буудал дээр буугаад автобусны эсрэг буудал дээр зүс таних талийгаач Баярсайхан, Санжаа нар сууж байсан. Тэгээд би аав, ээжийндээ очоод буцах замд нөгөө 2 сууж байсан. Эхэлж уулзахад нь би архи авч өгөөгүй байсан. Тэгээд уулзаад би Шим гэдэг 0.75 грамм архийг аваад тэр хоёртой хувааж ууж байсан. Маргаан болохын өмнө архи дундаа орсон байсан. Тэгээд би хундгалж байсан. Тэгсэн Баярсайхан нь наад хар усаа ахиухан хийгээд өг авч өгсөн юм бол гэсэн. Тэгээд байж байсан чинь Баярсайхан хажууд байсан чулуугаар миний зүүн шанаад цохисон. Тэгээд босоход намайг дээд талын уруулд цохиод хамраас цус гарсан. Тэгэхээр нь би чи намайг яагаад цохиж байгаан гэж хэлсэн. Тэгээд би дахиад цохичих юм болов уу гээд баруун гараараа мөр рүү нь түлхсэн. Тэгсэн толгойгоороо арагшаа унасан. Тэгээд нүд нь сонин болоод унахаар нь чи яачихав гэж би хэлсэн. Би хамарт нь гар хүрч, судасыг нь барьж байсан. Тэгээд би эмнэлэг, цагдаад дэлгүүр рүү орж дуудсан...

...ДҮГНЭЛТ:

1. С.Хүчитбаатар нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна.

2. С.Хүчитбаатар нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.

3. С.Хүчитбаатар нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Хүчитбаатар нь хэрэг хариуцах чадвартай байна.

4. С.Хүчитбаатарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

5. С.Хүчитбаатар нь болсон хэргийн талаар тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-65 дахь тал),

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13444 дугаар дүгнэлтэд:

...Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулд 0.5Ч0.2 см, зүүн шанаанд 0.6Ч0.3 см, 0.2Ч0.3 см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. ДҮГНЭЛТ:

1. С.Хүчитбаатарын биед уруул, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60 дахь тал),

11.1. Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...С.Хүчитбаатарын биед тогтоогдсон уруул, зүүн шанаанд учирсан зулгаралт гэмтэл нь 0.5*0.2см, 0.6*0.3см, 0.2*0.3см хүрэн улаан өнгийн зулгаралт байсан болохоор энэ нь гараар цохих үед үүсэх боломжтой гэмтэл, гэмтлийн хэмжээнээс харахад чулуугаар цохисоноос үүсэх боломжгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал),

 

12. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3), хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 87-92), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14), хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 15-16), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 9),

-Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон жолоочийн үнэмлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбарууд (хавтаст хэргийн 95-99), Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтсэн өвчний түүх (хавтаст хэргийн 142-159), хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримт (хавтаст хэргийн 93, 94) хохирлын тооцоо (хавтаст хэргийн 132-141),

-Шүүгдэгчийн   иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 103), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 104-107) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч С.Хүчитбаатар нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орбитоос Тахилт явах замд байх Гүртэн хүнсний дэлгүүрийн харалдаа замынхаа хойд талд байрлах чингэлэгийн дэргэд, согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан иргэн С.Баярсайханд хүч хэрэглэн түүний нүүрэн тус газар цохиж биемахбодид нь гавал тархины битүү гэмтэл учруулан нийгмийн хэв журам зөрчин танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэрч Д.Батсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...дугуй засварын урд байрлах контейнерийн урд буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь 3 хүн газарт явган суучихсан архи ууж байгаа бололтой харагдсан. ...намайг харж байхад юунаас болсоныг мэдэхгүй урд талд нь сууж байсан хүн нь гэнэт босож ирсэнээ голд сууж байсан хүнийхээ нүүр рүү цохих шиг болоход эхний цохьсон хүн нь газраас чулуу ч юм уу мэдэхгүй нэг юм шүүрч аваад босч ирээд цохих шиг болоход эхний цохисон хүн нь зөрүүлээд дух орчимд нь цохиход арагшаа саваад унасан. ...Цохиж унагаасан хүн нь цохиулаад унасан хүнээ татаад контейнерийн хаалга түшүүлж суулгаад судсыг нь барьж үзээд цээжин дээр нь чихээ тавьж чагнаад хэсэг байж байснаа урагшаа дэлгүүр рүү гүйгээд буцаж гүйж ирээд байж байтал түргэний машинтай эмч ирээд нөгөө газарт унасан байсан хүнийг үзээд машинд оруулаад аваад явахад нь цохьсон хүн нь хамт суугаад явсан...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

- Гэрч Ц.Цогттөрийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Гүртэн дэлгүүрийн гадаа зогсож байтал Хүчитбаатар, Баярсайхан, Санжаа нар Гүртэн дэлгүүрийн замын хойд талын контейнерийн зүүн талд сууж байхаар нь явж очиход 1 шил архи хуваагаад ууж байсан. ...Би гэр рүүгээ орчихоод жаахан байж байгаад гарч ирэхэд Баярсайхан, Хүчитбаатар хоёр юунаас болсныг мэдэхгүй бие биенээ хөөж туугаад маргалдаад зогсож байснаа Хүчитбаатар Баярсайханы нүүр рүү алгаараа мангастаад түлхэтэл Баярсайхан арагшаа контейнер руу саваад унасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1800 дугаар акт, дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Хүчитбаатарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх С.Хүчитбаатарын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд:

- шүүгдэгч С.Хүчитбаатараас ...би санаатай алах үйлдэл хийгээгүй гэж,

- түүний өмгөөлөгч нараас ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл тохироогүй, шүүгдэгч нь амь хохирогчийг одоо архи ууж болно дахин уугаад хэрэггүй гэж хэлэхэд амь хохирогч наад хар усаа ахиухан хийгээд өг гэж хэлэн тэдний дунд хувийн таарамжгүй харьцаа үүссэн. Дээрх хувийн таарамжгүй харьцааны улмаас амь хохирогч нь шүүгдэгчийг түрүүлж цохисон, дараа нь шүүгдэгч амь хохирогчоос бие хамгаалахаар түлхэж холдуулсаны улмаас чингэлэг мөргөж амь насаа алдсан гэж маргах боловч хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэвэл:

Шүүгдэгч С.Хүчитбаатар нь амь хохирогч Баярсайхан, гэрч Л.Санжаадорж нартай тухайн хэрэг учрал болох өдөр архи уусан болох нь тогтоогдсон. Архийг Хүчитбаатар Гүртэн дэлгүүр орж 2 удаа худалдан авалт хийсэн. Ийнхүү 2 дахь архи ууж дууссаны дараа гэрч С.Далайхүү ирэхэд архи дууссан, дахин архи авахаар Гүртэн дэлгүүр ороход түүний мөнгө хүрээгүйн улмаас гарч явсан үйл баримт гэрч Л.Санжаадорж, С.Далайхүү, М.Нарангэрэл нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнээс дүгнэхэд амь хохирогч Баярсайхан болон шүүгдэгч С.Хүчитбаатар нар архиа ууж дууссан байх бөгөөд амь хохирогч наад архинаас дахиад хийгээд өг гэж маргасан гэх үйл баримтгүй, өөрөөр хэлбэл тэдний хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн, хувийн сэдэлттэй гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Түүнчлэн гэрч С.Батсүрэн мөрдөн байцаалтад С.Хүчитбаатар эхэлж цохисон, дараа нь амь хохирогч түүнийг цохисон талаар харж энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн болох нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч С.Хүчитбаатар нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээг үл ойшоож нийтийн гудамж талбайд архидан согтуурч улмаар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж, үл ялих зүйлээр шалтаглан хамт архи ууж байсан С.Баярсайханы нүүрэн тус газар цохиж биемахбодид гавал тархины битүү гэмтэл учруулсан  нь танхайн гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан хувийн таарамжгүй харилцаанаас маргасан гэж зүйлчлэл өөрчлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүгдэгч С.Хүчитбаатар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. (хавтаст хэргийн 101)

Шүүхээс шүүгдэгч С.Хүчитбаатарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүгдэгч С.Хүчитбаатар нь энэ хэргийн улмаас 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс (хавтаст хэргийн 73) 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 118 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул түүний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 9.277.625 төгрөг зарцуулсан (хавтаст хэргийн 132-141) гэж шүүгдэгчээс нэхэмжилсэн, уг нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт цугларсан баримтууд нь хууль ёсны шаардлагыг хангасан байх тул шүүгдэгч С.Хүчитбаатараас дээрх төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогчийн бор ногоон өнгийн куртик, хөндлөн судалтай цагаан цэнхэр өнгийн подволк, дөрвөнжин судалтай богино өмд, хар өнгийн даавуун өмд, хүрэн өнгийн сандаал, бор саарал өнгийн малгайг тус тус буцаан авах хүсэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасаныг үндэслэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сэр-Одын Хүчитбаатарыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар С.Хүчитбаатарыг 15 (арван тав) жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Хүчитбаатарт оногдуулсан 15 (арван тав) жил 01 (нэг) сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар С.Хүчитбаатарын цагдан хоригдсон 118 (нэг зуун арван найм) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Хүчитбаатараас 9.277.625 (есөн сая хоёр зуун далан долоон мянга зургаан зуун хорин тав) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хосбаярт олгосугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн бор ногоон өнгийн куртик, хөндлөн судалтай цагаан цэнхэр өнгийн подволк, дөрвөлжин судалтай богино өмд, хар өнгийн даавуун өмд, хүрэн өнгийн сандаал, бор саарал өнгийн малгайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тус тус буцаан олгосугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Хүчитбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Хүчитбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ

 

                        ШҮҮГЧИД                                                       Т.АЛТАНТУЯА

 

                                                                                                Л.БААТАР